Энэ сард хэвлэлийн редакцууд арвин олон ном өлгийдөн авчээ. Уншигчдын дунд олон жил хүлээлт үүсгээд байсан түүхэн боть номоос эхлээд орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухааны бүтээл, сансар огторгуйн зөгнөлт зохиолууд гээд төрөл бүрийн ном уншигчдын гар дээр очжээ.  

Ингээд гуравдугаар сард шинээр хэвлэгдсэн номуудыг багцлан танилцуулъя. 

Холбогдох нийтлэлүүд:

2026/2: 2-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд
2026/1: 1-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

1. Үүрийн голын чулуу 


Монголын орчин үеийн утга зохиолын сор бүтээлүүдийн нэг, уншигчдын дунд борлуулалтаараа тогтмол тэргүүлдэг “Ногоон нүдэн лам” романы гуравдугаар дэвтэр болох “Үүрийн голын чулуу” энэ сард уншигчдын хүртээл болжээ.

Зохиолч Ц.Оюунгэрэл өмнөх дэвтрүүддээ 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үе, лам хуврагуудыг олноор нь цаазалж, сүм хийдийг нураан, ард иргэдийн өмч хөрөнгийг хүчээр хурааж байсан тэрхүү гашуун түүхийг дүрсэлсэн байдаг. Харин энэхүү шинэ дэвтэрт үйл явдал 1959 онд өрнөнө. Төрөөс явуулж буй социализмын чанга хатуу үеийг даван гарч, амьдралаа бүтэн авч үлдэх гэсэн Баасан, Сэндмаа нарын ээдрээт түүхийг эл зохиолоос шимтэн уншаарай.

2. Хугархай эрүүний “шөл” 


Ардчилсан хөдөлгөөн өрнөж, залуус өлсгөлөн зарлан, нэг намын тогтолцоо нуран унасан 1990-ээд он. Энэ бол шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн цаг хугацаа төдийгүй томчууд байтугай хүүхдүүдийн хувьд ч нийгмийн шилжилтийн хүнд сорилттой байсан жилүүд ажээ.

Тэгвэл тухайн үеийн амьдралыг яг л тэр мөчид нь очоод мэдэрч буй мэт тод томруунаар дүрсэлсэн нэгэн шинэ бүтээлийг сэтгүүлч, продюсер Ч.Лодойсамбуу туурвисан байна. Уг бүтээл нь нийгмийн янз бүрийн давхаргын амьдралыг сурвалжилсан тэмдэглэл мэт бичигдсэн бөгөөд шилжилтийн үеийн бодит дүр төрхийг олон өнцгөөс харуулахыг зорьсон байна.

Хэрэв та 90-ээд оныг ганзагын наймаа, талхны дарааллаас өөрөөр, хүний дотоод сэтгэлгээний хувьсал талаас харахыг хүсвэл энэ номыг уншаарай.

Холбоотой нийтлэл: Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл" номын тухай

3. Бодит чадварууд ба эерэг сэтгэл засал 


Та “Анхдагч” болон “Хоёрдогч” бодит чадваруудын тухай өмнө нь сонсож байсан уу? Магадгүй бидний дийлэнх нь энэ нэр томьёотой анх удаа нүүр тулж буй ч, үнэндээ энэ бол бидний мэдрэмж, дотоод ертөнцийг илэрхийлэх, хүн бүрийн заавал мэдэх ёстой ойлголт гэнэ. Эцэг эх, ойр дотныхонтойгоо өнгөрүүлсэн бага насны дурсамж бүхэн бидний зан төлөв, хувь хүний мөн чанарыг хэрхэн нөлөөлдөг болохыг Анагаах ухааны доктор, сэтгэл засалч эмч Максим Гончаров уг бүтээлдээ тайлбарласан байна.

Мөн өнөө цагт түгээмэл тулгарч буй сэтгэцийн хямрал, эмгэгүүд хэрхэн бий болдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тун ойлгомжтойгоор хүүрнэжээ. Хэрэв та өөрийнхөө дотоод “Би”-г илүү сайн таньж, бусадтай харилцахад үүсдэг асуудлуудынхаа зангилааг тайлахыг хүсвэл энэ ном таны хамгийн сайн хөтөч байх болно.

4. Скандар ба хөлөглөгчийн сүнс


Ганц эвэрт (unicorn) бол хүүхэд гэлтгүй хүн бүрийн төсөөллийн ертөнцийн хамгийн танил дүрүүдийн нэг билээ. Гэвч энэхүү номд гардаг ганц эвэртүүд бидний төсөөлдөг шиг солонгын өнгөтэй, эелдэг амьтад биш гэнэ. Харин ч эсрэгээрээ маш догшин, аюултай, цусанд дуртай “махчин” амьтад ажээ. Тэд зөвхөн өөрийн хөлөглөгч хүнтэйгээ холбогдсон үедээ л номхорч, ер бусын хүчээ ашигладаг байна.

Уг номыг дан ганц хүүхдийн бүтээл гэхээсээ илүүтэй адал явдалд дуртай, сонирхолтой фэнтези эрэлхийлж буй хэн бүхэнд тохирно. Хэрэв та “Харри Поттер”, “Перси Жексон”-ы ертөнцөд дуртай бол Скандарын адал явдал таны сонирхлыг татах нь гарцаагүй.

Сонирхуулахад, уг бүтээлийг дэлгэцийн бүтээл болгохоор “Sony Pictures” албан ёсны эрхийг нь хэдийнээ худалдан авсан бөгөөд тун удахгүй ганц эвэрт хүлэгт баатруудын гайхамшигт ертөнц кино болон амилах нь ээ.

5. Борхүү 


Одоогоос хэдэн жилийн өмнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл нэгэн зэрлэг бугыг хоёр жил гаруй тэжээж буй бичлэг цахим орчинд тархаж, олны хайрыг татсан билээ. Тэрхүү буга хэдий тайгын зэрлэг амьтан ч гэлээ, тус айлынхантай яг л гэр бүлийн гишүүн шиг нь ижилсэн дассан байв. Тэд түүнийг “Борхүү” хэмээн нэрлэж, өөрийн хүү, дүү шигээ хайрлан өсгөсөн ч 2023 онд байгалийн жамаар нь ижил сүрэгт нь буцаан тавьсан юм.

Тэгвэл энэхүү түүхээс сэдэвлэн зохиолч Б.Минжбадамгарав шинэ бүтээл туурвих хүсэлдээ хөтлөгдөн, Борхүүгийн эздийг зорьж байжээ. Зохиолч таван жилийн турш судалгаа хийсний эцэст уг түүхээр ном бүтээсэн бөгөөд ингэснээр хайртай "хүү"-гээ санагалзах малчин гэр бүл Борхүүтэйгээ энэ номын хуудаснаа дахин уулзах боломжтой болсон байна.

6. Нарны аймгийг судалъя


Бид сурах бичиг, хичээлийн ном, зурагт эсвэл утсаараа сансар огторгуйн тухай зөндөө л харж, сонсдог шүү дээ. Гэхдээ тэрхүү хязгааргүй уудам ертөнцийн жинхэнэ гайхамшгийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл энэхүү ном таныг аварга том гаргуудаас эхлээд алс холын сүүлт одод, жижигхэн эрхэс хүртэлх сансрын хамгийн сонирхолтой цэгүүдээр аялуулах болно.

Хуудас бүр нь сөхөгддөг төдийгүй дэлгэн харуулахад зориулсан загвартай тул Олон улсын сансрын станцтай танилцан, сансрын нисэгчид яаж амьдардгийг ч бодит мэт харах боломжтой.

7. Номой эрийн мөрөөр


Монголын уран зохиолын ертөнцөд нэгэн жарны турш гайхалтай бүтээлүүдийг туурвиж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Чинагийн Галсан гуайн ээлжит шинэ ном энэ сард хэвлэгджээ. Түүний зохиолууд хүний сэтгэлийн нандин чанар, амьдралын үнэ цэнийг хөнддөгөөрөө онцлогтой. Тэрээр энэ удаад ч жил ирэх тусам биднээс алсран одож буй хүний мөс чанар, сайхан сэтгэл болон “тус” гэдэг ойлголтын үнэ цэнийг өгүүлсэн байна.

Зохиолын агуулгад хараагаа алдсан хэдий ч хэвлий дэх үрээ хамгаалж үлдэх гэсэн эх хүний чин сэтгэл, түүнийг тойрон хүрээлэх хүмүүсийн харилцааг маш энгийнээр дүрсэлсэн байх аж. Тэрээр уг бүтээлээрээ хүн хүнээ сэтгэлийн хар ангал руу унагах биш, харин гэрэл гэгээ өөд хөтөлж яваасай гэх чин хүслээ илэрхийлсэн бөгөөд хэн бүхэнд амьдралын мөн чанарыг эргэн сануулах биз ээ.

8. Тэнгэр мэдэг ажиллагаа 


Энди Уирийн “The Martian” зохиол дэлхий даяар бестселлер болж, дэлгэцийн бүтээл болон сая сая хүнийг байлдан дагуулж байсан бол түүний 2021 онд гарсан “Project Hail Mary” нь уншигчдаас бүр өндөр үнэлгээ авч, шинжлэх ухааны зөгнөлт зохиолын орчин үеийн сор бүтээлээр нэрлэгдээд байсан билээ. Уг зохиолоос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино нээлтээ хийж байгаатай холбогдуулан “Монсудар” хэвлэлийн газраас уг номыг “Тэнгэр мэдэг ажиллагаа” нэрээр шинэчлэн орчуулж, гаргасан байна.

Хамгийн сонирхолтой нь, энэ зохиолд хүн төрөлхтнийг аврах ажилд хувь нэмэр оруулж буй хоёр монгол инженерийн тухай гардаг явдал юм. Хэрэв та шинжлэх ухааны нарийн үндэслэл, сансар огторгуйн нууцлаг ертөнц болон адал явдалд дуртай бол энэ ном таныг огтхон ч уйдаахгүй.

9. Төлөвлөгөөтэй эмэгтэй 


Дэлхийн тэргүүн баян, “Tesla”-г үүсгэн байгуулагч Элон Маскийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүнийг өнөөдрийн оргилд хүрэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүн бол түүний ээж Мэй Маск юм. Энэхүү номд Мэй Маск өөрийн амьдралын бэрхшээл бүрийг хэрхэн шаргуу хөдөлмөрөөр даван туулж, өөдрөгөөр амжилтад хүрсэн тухайгаа өгүүлнэ.

Амьдралд юу ч тохиолдож болно, харин тэр бүрд гарах гарц буюу “төлөвлөгөө” заавал байх ёстойг тэрээр энэхүү бүтээлээрээ илэрхийлэхийг зорьжээ. Хүнд хэцүү бүхнийг ухаалгаар давж, өөрийнхөө хамгийн хүчирхэг хувилбарыг бүтээхийг хүсвэл тус номыг сонирхоорой.

10. Цагаандариум Энхжаргал


Энэхүү номыг Монголын дүрслэх урлагийн түүхэн дэх эрхэм хүмүүсийн нэг, нэрт зураач асан Ц.Энхжаргалын гэгээн дурсгалд зориулан бүтээжээ. Тэрээр 1978 оноос хойш хагас зуун жилийн турш амьдралаа урлагтай холбож, уран бүтээлийнхээ нөр их хөдөлмөрөөр монгол түмнийхээ мэлмийг мялаасан нэгэн юм.

Тэрээр “Сохор хөгжимчин”, “Улааныхан ба харынхан”, “Шинэ өглөө”, “Бүүвэйн дуу” зэрэг 3000 гаруй уран зураг, 5000 орчим судалбар зургийг туурвижээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, 2013 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2026 онд Ардын зураач хэмээх эрхэм дээд цолыг хүртээсэн билээ.

Зүүд зэрэглээ, зөн совин сүлэлдсэн өвөрмөц арга барилаар бүтээлээ туурвидаг түүний амьдрал, уран бүтээлийн тухай энэхүү номоос дэлгэрүүлэн уншаарай.

11. Хэцүү хүмүүсийг хэрхэн удирдах вэ? 


Хэцүү хүн гэж яг хэнийг хэлэх вэ? Магадгүй хэтэрхий ууртай, зөрүүд, эсвэл бусдын үгэнд ордоггүй нэгэн үү? Бид амьдралынхаа туршид дандаа өөртэйгөө ижил үзэл бодолтой, аядуу зөөлөн хүмүүстэй таарна гэвэл өрөөсгөл ойлголт юм. Хүн бүр л хэзээ нэгэн цагт харилцахад төвөгтэй, “хэцүү” нэгэнтэй нүүр тулдаг нь амьдралын бичигдээгүй хууль билээ.

Энэхүү ном нь хэцүү хүмүүстэй хэрхэн хэл амаа ололцох арга техникүүдийг зөвлөх юм. Номыг уншсанаар та асуудалтай хүний зан араншинг зөв таньж, тэдэнтэй яаж ойлголцох, хэрхэн өөрийнхөөрөө шийдвэр гаргахад суралцана.

12. Жүнипер Мэй: Тайкотек хотын хамгаалагч баатар 


Бага насны хүүхдэд бусдыг хайрлах, хариуцлагатай байхын утга учрыг тайлбарлаж өгнө гэдэг амаргүй даваа. Тэгвэл энэхүү зурагт ном тэдгээр чухал үнэт зүйлсийг хүүхдийн төсөөлөлд хамгийн ойрхон, сонирхолтой хэлбэрээр буулгаснаараа онцлог юм.

Бүтээлийн гол дүр Жүнипер Мэй бол домогт баатруудын түүхээр амьсгалдаг, ирээдүйг өөрчлөх хүсэлтэй бяцхан зохион бүтээгч. Тэрээр төрөлх Тайкотек хотод нь нүүрлэсэн аюулын өмнө айдсаа ялан дийлж, өөрийн бүтээлч ухаан, зориг тэвчээрээрээ жинхэнэ “баатар” гэж хэн болохыг харуулдаг. Зохиолын гол зангилаа нь хүүхдийг зөвхөн уншигч байлгахаас гадна аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, бүтээлч шийдэл эрэлхийлэгч болгон төлөвшүүлэхэд тустай.

13. Зое охины амьтан аврах хүрээлэн 


Хэрэв та хүүхдийнхээ номын санг баяжуулж, тэднийг номд шимтэн дурлуулах шинэ бүтээл хайж байгаа бол “Зое охины амьтан аврах хүрээлэн” цуврал номыг сонирхоорой. Тус бүтээлд амьтантай ярьж чаддаг Зое охины тухай өгүүлэх ба хүүхдийг багаас нь амьтдыг хайрлах, байгаль дэлхийгээ хамгаалах нинжин сэтгэлтэй хүн болж төлөвшихөд тустай.

Үг хэллэг нь ойлгомжтой, сонирхолтой зурагтай тул 6-аас дээш насны буюу бие даан ном уншиж эхэлж буй хүүхдүүдэд тохиромжтой. Хүүхдүүд номоо унших явцдаа амьтдын зан авир, онцлогийн тухай маш сонирхолтой баримтуудыг сурах болно.

14. Сэтгэл засалчийн тогтвортой сэтгэл зүй ба аюулгүй орчин 


Сэтгэл засалч хэмээх мэргэжил үүсэж хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн ч хүн төрөлхтөн удаан хугацааны турш энэхүү салбарыг дутуу үнэлж, төдийлөн чухалд тооцдоггүй байв. Харин цаг үе өөрчлөгдөхийн хэрээр сэтгэл зүйн боловсролын үнэ цэнийг илүүтэй ойлгох болж, энэ мэргэжлийг сонгон суралцах оюутнууд болон мэргэжлийн тусламж эрэлхийлэх хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм.

Хэрэв та сэтгэл засалч болохоор зорьж буй оюутан, эсвэл энэ мэргэжлийн мөн чанарыг танин мэдэхийг хүссэн уншигч бол энэхүү бүтээл таны ширээний ном байх болно. Уг номд сэтгэл засалч хүн үйлчлүүлэгчдээ “сэтгэл хөдлөлийн аюулгүй орчин”-ыг бүрдүүлж өгөхийн тулд хамгийн түрүүнд өөрийн сэтгэл зүйн тогтвортой байдал, дотоод тэнцвэрээ хэрхэн хангаж, өөртөө хэрхэн анхаарах ёстойг тайлбарласан байна.

15. Дэлхийн шидэт үдшийн үлгэрүүд 


Та хүүхдэдээ эсвэл дүүдээ үлгэр уншиж өгдөг үү? Хэрвээ үгүй бол одооноос уншиж өгч байхыг зөвлөе. Үлгэр сонсож өссөн хүүхэд сургуульд орохдоо унших, бичих чадвараар үе тэнгийнхнээсээ илүү байхаас гадна үлгэрийн баатруудын адал явдал, дотоод ертөнцөөр дамжуулан бусдыг ойлгох, хайрлах нинжин сэтгэлд багаасаа суралцдаг. Түүнчлэн үгийн сан нь баяжиж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй, итгэлтэй илэрхийлэх чадвартай бие хүн болон төлөвшдөг байна.

Болорсудар хэвлэлийн газраас уншигчдын гарт хүрч буй цоо шинэ бүтээл бол “Дэлхийн шидэт үдшийн үлгэрүүд” юм. Энэхүү номд өмнө нь хаана ч нийтлэгдэж байгаагүй, дэлхийн улс орнуудын хамгийн шинэ, содон үлгэрүүдийг түүвэрлэн багтаажээ.