Жил бүр уншигч, бичээч нарыг холбох гүүр болдог “Номын баяр” энэ сарын 13-15-ний өдрүүдэд тохиох гэж байна. Уг баярыг тохиолдуулан "Unread"-ийн зүгээс уншигчдадаа шинээр хэвлэгдэж буй номуудыг багцлан хүргэхээр бэлдлээ.
Уран зохиол
1. "Харанхуйн дундах инээд"
Зохиолч: Владимир Набоков
Хэвлэлийн газар: МОНСУДАР
Goodreads үнэлгээ: 4.0
Үндсэн үнэ: 29’900
Номын Баярын хямдралтай үнэ: 24’000
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асраас
Дунд эргэм насны урлаг судлаач, шүүмжлэгч Альбинусын амьдрал хөндлөнгөөс харсан хэнбугайд ч эхнэр охин хоёртойгоо аз жаргалтай амьдарч буйгаар зохиол эхэлдэг. Альбинус хөрөнгө чинээтэй, нийгэмд нэр хүндтэй хүний хувиар дүрслэгдсэн ч түүний амьдралд жинхэнэ хүсэл тачаал, догдлол дутагдаж байлаа. Энэхүү эгэл жирийн амьдрал нь түүнийг залуухан Марго бүсгүйд гүн гүнзгий автахад ихээр нөлөөлнө. Дүр хүслийнхээ төлөө хүн аль хүртэл явж чадах вэ? Түүнийгээ дагаж амьдарлаа гэхэд бүх зүйл хэрхэн төгсөх вэ? Уг бүтээл өдгөө Набоковын алдартай бүтээлүүдийн нэг хэмээн үнэлэгддэг. Догдлол, түгшүүрийн аль алиныг төрүүлж, эмгэнэлийг элэглэлтэй төгс хоршуулж чадсан нь энэхүү романыг мөнхийн шилдэг бүтээл болгосон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
2. “Эр хар сур"
Зохиолч: Ч.Галсан
Хэвлэлийн газар: Nojo publishing
Үнэ: 25'000
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
"Үхэж биш амьдарч алдарших
Үйлийн заяа намайг хөтөллөө.
Арван наймтайдаа галд өргөсөн
Авдар шүлэгтээ харамсах боллоо..."
“Nojo publishing”- аас Чинагийн Галсан гуайн бүтээлүүдийг хэвлэн гаргаж буйг уншигчид хэдийнээ мэдэх биз ээ. “Номын Баяр”-ыг угтан түүний “Эр хар сур” шүлгийн түүврийг шинээр дахин хэвлэж байгаа ажээ. Уг түүвэр нь Галсан гуайн эгэл, даруу бүтээлүүдийн нэг бөгөөд эл бүтээлийн ачаар “эрэх, харах, сурах”-ын их хүсэлд хөтлөгдөх буй заа.
3. "Салхи нална”
Зохиолч: Б.Жамбалдорж
Хэвлэлийн газар: AUM Publishing
Үнэ: 13'000
Аль асраас авах вэ? "Утга зохиолын залуучуудын хөгжлийн зөвлөл" асар
Уг бүтээл нь гунигийг ил цагаахнаар, эмзэглэлийг өөдрөг хэмнэлээр дүрсэлсэн онцлогтой. Бүтээлийн “Салхи нална” хэмээх нэр нь хоосон чанарыг тэмтэрнэ гэх утгатай гэжээ. Үүнээс гадна номын шүлгүүд бүхэлдээ ахуйлаг шинжтэй, зүйрлэлүүд нь яруу найрагчийн нарийн ажиглалт, асар өргөн өгүүлэмжээр баялаг. Эргэн санах, санагалзах өнгө аяс шүлгүүдээс нэвт мэдрэгдэх болой. Эх орныг бид өргөн их гол мөрөн, өндөр хөх уулсын сүрээр нь хэдэн аравны турш бичсээр ирсэн билээ. Харин зохиолчийн хувьд дурсамжийн алсад суугаа хүмүүсийн дүр, ээжийгээ алсаас үгүйлсэн хүүгийн зүрх, хувь заяаны эрхээр эх нутгаасаа холдсон хүн бүрийн гансрал, гуниг байлаа.
4. "Үр хөврөл"
Зохиолч: Тодко Самсон
Үнэ: 35’000
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
“Чамд хэн итгэх юм бэ?” цувралын сүүлчийн дэвтэр болох “Үр хөврөл” роман нь өмнөх дэвтрүүдээсээ хэд хэдэн онцлогтой аж. Өмнөх цувралууд нь шинжлэх ухааны баримтат, сэтгэхүйн триллер, хайр сэтгэлийн романс, түүхэн романс, шидэт реализм гээд өөр өөрийн өнгө хэмнэлтэй байсан бол энэ дэвтэр нь харилцан яриа байдлаар бичигдсэн. Нэг талаараа шинжлэх ухааны зөгнөлт роман гэж хэлж болно. Өнгөрсөн түүх, өнөөгийн бодит төрх, ирээдүйн боломж ба эрсдэлийн тухай энд өгүүлжээ. Бидний анзаардаггүй, заримдаа үл ойшоодог зүйлс ямар их үнэ цэнээр бүтсэн болох таниулах гэж хичээн бичсэн ажээ.
5. "Хөх тэнгэр сонсож бай"
Зохиолч: Ч.Галсан
Хэвлэлийн газар: Nojo publishing
Үнэ: 24’900
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Эл роман нь зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. “Reddit” цахим хуудас дэлхийн утга зохиолын карт гаргасан нь нэлээд шуугиан тарьж байсан. Уг картад улс болгоныг нэг номоор төлөөлүүлсэн юм. Хятадыг Цао Сюэциний “Улаан асрын зүүд”, Киргизстаныг Чингиз Айтматовын “Зуунаас ч урт өдөр”, Оросыг Л.Н.Толстойн “Дайн ба Энх”, Японыг Харүки Мүракамигийн “The Wind-Up Bird Chronicle” төлөөлсөн бол Монголоос Чинагийн Галсангийн “The Blue Sky” роман төлөөлжээ. “Арван сарын тэнгэр дор” туужаа герман хэлнээс монгол руу орчуулсан цагаас хойш 36 жилийн дараа “Хөх тэнгэр сонсож бай” романаараа монгол уншигчидтайгаа учран золгож байгаа юм.
6. “Ноомой”
Зохиолч: Ф.М.Достоевский
Хэвлэлийн газар: CHIMEE publishing
Орчуулагч: Б.Минжбадамгарав
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Достоевскийн уг тууж нь хүний дотоод сэтгэлийн зөрчил, нийгмийн дарамт, золиосын тухай нэлээд гүн гүнзгий философийн бүтээл. Гол дүрийн эмэгтэйн тэвчээргүй байдал, зовлон шаналал дундах амьдралынх нь түүхийг өгүүлдэг. Достоевский энэ бүтээлээрээ хүн чанар, эрх чөлөө, итгэл найдвар гэж чухам юу болох тухай уншигчдыг асуултад унагааж орхидог.
7. "Токиогийн жигтэй агаар"
Зохиолч: Хироми Каваками
Хэвлэлийн газар: Sayan publishing
Goodreads үнэлгээ: 3.7
Аль асраас авах вэ? Sayan publishing асар
Хироми Каваками нь Японы шинэ үеийн хамгийн нэртэй зохиолчдын нэг бөгөөд “Токиогийн жигтэй агаар” роман нь “Man Asian” шагнал болон Гадаадын шилдэг баримтат бус зохиолын шагналд тус тус нэр дэвшиж байсны дээр 13 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн алдартай бүтээл нь юм. Номын гол дүр Цүко 30 настай ганц бие эмэгтэй ба багштайгаа санамсаргүй уулзаж яриа өрнүүлснээр бие биеийнхээ шаналал, ганцаардлыг хуваалцана. Тэд олон уулзах тусам улам л гүн гүнзгий холбогдож эхэлнэ. Номын нэр Токио хотын янз бүрийн улирлын зураглалтай холбоотой бөгөөд нэг ёсондоо хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг цаг агаартай холбон дүрсэлсэн аж. Кавакамигийн зохиол сэтгэл догдлуулам үйл явдлуудаар дүүрэн бөгөөд энгийн, өдөр тутмын үйлд гүн утга өгч, хайр, ганцаардал, харилцааны чухлыг үргэлж сануулдаг.
8. "Эс элгэн садан"
Зохиолч: Лодонгийн Түдэв
Хэвлэлийн газар: Sayan publishing
Үндсэн үнэ: 20'000
Номын баярын хямдралтай үнэ: 14'000
Аль асраас авах вэ? Лодонгийн Түдэв "Sayan publishing" асар
Нарийвчлан судалж эхэлбэл түүхийн сүүлийн мянган жилийн хэрэг явдалд Монгол хүн хэрхэн хутгалдаж заримдаа бүр хэрхэн түүхийг чиглүүлж байсныг уг бүтээлээс ойлгож магад. Өвөг дээдсийн нэрээр хөөрцөглөж хоосон бардамнах утгагүй санагдаж хорвоогийн түмэн явдал, мянган хэргийг өндийн харж буй мэт тод харж, ойлгох болов уу. Зөвхөн хот суурин газрын өнөө байгаа нэрийг хөөгөөд үзэхэд л өвөг дээдэс маань хаана сууж, хаагуур явж байсныгаа хойч үедээ ойлгогдож мэдрэгдэхээр тодхон гэрч үлдээсэн ажээ. Гол мөрөн, уул даваа зам харгуйн нэрсийг хөөвөл маш олон Монгол үг үлдсэн нь бараг л газарзүйн бүхэл бүтэн толь гэмээр бөгөөд томоохон боть ном болохуйц эх хэлний баялаг, үүх түүхийн чухлыг ойлгож, сануулах бүтээл энэ байх нь гарцаагүй.
9. "Хүлцэнгүй арван дүр"
Зохиолч: Г.Барсболд
Хэвлэлийн газар: AUM publishing
Үнэ: 15'000
Аль асраас авах вэ? "Утга зохиолын залуучуудын хөгжлийн зөвлөл" асар
Хүүрнэл зохиолд дүр босгох хамгийн хэцүү ажээ. Уг өгүүллэгийн түүвэрт дүрүүд нь өөрсдийн гэсэн эмзэглэл, зовуурь, дотооддоо болон нийгэм, түүн доторх хүмүүстэй хэрхэн зөрчилдөж буй нь илэрхий мэдэгдэнэ. Номын нэрээс тус өгүүллэгийн түүврийн цул шинжийг ерөнхийд нь тодорхойлж болох ганц зүйл бий. Хүлцэнгүй дүр гэхээр юу билээ? Ноомой, зожиг, ганцаардмал зэргээр яаж ч тодорхойлж болно. Гэвч эцсийн эцэст хүлцэнэ гэдэг уучлахын, тэвчихийн нэр харин уучилж, тэвчинэ гэдэг угтаа хайрлахын нэр билээ. Хүний дотоод сэтгэл, зан төрх, үзэгдэх байдал, бодол дундах зөрчилдөөн зэргийн нийлэмжээр чимээгүй атлаа уншигчийг соронздон татах дүрүүдийг зохиогч өгүүллэг бүртээ “босгожээ”. Зохиолын дүрүүд хоорондоо ганцхан зүйлээр ижилсэх нь хүлцэнгүй, чимээгүй байдал болой.
10. "Элчин"
Зохиолч: Иоко Тавада
Хэвлэлийн газар: Sayan publishing
Goodreads үнэлгээ: 3.4
Үндсэн үнэ: 25'000
Номын баярын хямдралтай үнэ: 17'500
Аль асраас авах вэ? Sayan publishing асар
Байгаль орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрч Япон орон гадаад ертөнцөөс тусгаарлагдсан этгээд, хачин гэмээр ертөнцийг уг бүтээл дүрсэлжээ. Зээнцэр хүүгээ харж хандах зуу хол давсан өвөө Иоширо энэ ертөнцөд хамгийн ажилсаг нэгэн бөгөөд өвчинд өртөмтгий, сульдаа хүүгээ эдгэрнэ гэх найдлагаар өглөө бүр гүйж, өдөржин гадуур явна. Японд тохиолдох энэ гамшгаас Элчингүүдийн нийгэмлэг гэх нууц байгууллага аварч чадах уу? Үүнд Иоширогийн зээнцэр туслах болов уу?
11. "Улаан басган"
Зохиолч: И.Гэрэлчулуун
Үнэ: 18’000
Аль асраас авах вэ? Интерномын асрын баримтат бүтээл хэсгээс
Номоор дамжуулан Бразил (Рио хот), АНЭУ (Дубай хот), Тайланд, ХБНГУ, Итали, Франц, БНХАУ, Израйл, Канад, ИБУИНХУ (Лондон, Свонзи) гээд олон орноор зохиолчийн үзэж харснаар аялах мэт. Тавин зургаан өөр бичвэрээр харилцан адилгүй хүмүүс, тэдгээрийн өгсөн тэс ондоо мэдрэмжүүдийг илэн далангүй хуваалцсан бүтээл ажээ. Зохиолч бүх үйл явдал,газар байршлыг зохиож биш бодит туршлагаасаа буулган бичжээ. Бичгийн хэлбэр ч мөн уран цэцэн үгсээс илүүтэй энгийн хэр нь нандин мэдрэмжүүдийг тусгасан болой. Утга санаа хүн хүндээ зориулах сэтгэл ямар агуу болохыг мөн сэтгэлийн өвдөлт биеийн өвдөлт хэрхэн болж болдгийг уг бүтээлээс ойлгох болов уу.
12. "Тэнгис, бороо, тэгами"
Зохиолч: Д.Төмөрсүх
Үнэ: 15'000
Аль асраас авах вэ? Альфабүүк асрын чанх урд
Зохиолч нь 2018-2020 оны хооронд 42,000 км гаруй замыг туулахдаа 10 гаруй орны 40 шахам хотоор аялан 210 музей, галерей үзэж үүргэвчтэй аялсан нэгэн юм. Гэхдээ уг бүтээл нь аяллын тэмдэглэл гэхээс илүүтэй юмс өнгөрсний дараа удаан үргэлжилсэн мөчүүдийг дүрслэн үлдээх гэсэн “түүхий” мэдрэмж, туршлагын тухай бясалгал аж.
Түүний аяллууд нь харж, мэдрэхийн хүчийг өгүүлж, хотод тохиолдсон учрал бүхэн хором мөчийн хугацааг сунгаж тэдгээр нь түүхийн жимд бидний хувь тавилан хэрхэн огтлолцож, хувь нэмэр оруулдаг тухай өгүүлнэ. Хот бүр ажиглагчийн дотоод ландшафтын тусгал гэдгийг ч магад энэ зохиолоос олж харах болов уу?
13. "Шазууртай уянгын шүлгүүд"
Зохиолч: О.Элбэгтөгс
Үнэ: 15'000
Аль асраас авах вэ? "Утга зохиолын залуучуудын хөгжлийн төв" асар
Уг бүтээл нь зохиолч Элбэгтөгсийн "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр", "Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал" зэрэг номонд орсон 500 гаруй шүлгээсээ "дөнгүүр", "сайн" хэмээн үздэг 95 шүлгийг өөрөө сонгож хэвлүүлсэн ном ажээ.
Хүүхдийн номууд
1. "Гэм зэм" хүүхдийн хялбаршуулсан сонгодог зохиол
Зохиолч: Ф.Достоевский
Хэвлэлийн газар: Нахиа хүүхдийн номын редакц
Үнэ: 15'000
Аль асраас авах вэ? "Нахиа редакц" асар
Дэлхийн сонгодог сэтгэлгээний гайхамшиг, сор болсон зохиолуудыг хүүхэдтэйгээ хамт унших боломжтой гэвэл ямар вэ? Алдарт “Гэм зэм” зохиол нь гэмт үйлдээ харамсах гэмшил болон гэмт хэргийн ял шийтгэл хоёрын аль нь илүү хүнд вэ? хэмээх гол санааг хүүхдэд эвтэйхэн тайлж ойлгуулах аж. Уг бүтээл нь долоогоос дээш насныханд зориулж хялбаршуулан зургаар баяжуулсан бөгөөд энэ сарын 13-нд худалдаанд гарсан шинэхэн ном юм.
2. "Цэг"
Зохиолч: Петер Х.Рейнолдс
Хэвлэлийн газар: Нахиа хүүхдийн номын редакц
Goodreads үнэлгээ: 4.2
Үнэ: 15’000
Аль асраас авах вэ? "Нахиа редакц" асар
Уран зургийн хичээл дууссан ч Вашти суудлаасаа боссонгүй. Түүний өмнө дэлгээтэй цаас хоосон байгаагаас болж охин өөрийгөө зурж чаддаггүй юм байна хэмээн гонсойно. Харин багш нь түүнээс зүгээр л оролдоод үзэхийг хүсэхэд бяцхан охин цаасны голд нэг цэг тавиад багшдаа өгсөн нь түүний өөрийгөө нээх, илэрхийлэх бяцхан ололт болжээ. Уг түүхээр зохиолч хүн бүрийн дотор бүтээлч сүнс оршдог гэдгийг хүүхдэд ойр, энгийн түүхээр дамжуулан ойлгуулсан ажээ.
3. "Хаулын нүүдэг цайз"
Зохиолч: Диана Уинн Жонс
Хэвлэлийн газар: Нахиа хүүхдийн номын редакц
Goodreads үнэлгээ: 4.2
Үнэ: 23’000
Аль асраас авах вэ? "Нахиа редакц" асар
Бүтээл наймаас дээш насныханд зориулсан бөгөөд ид шид, адал явдал, хайр дурлалын сэдвүүдийг сүлэн найруулжээ. Бодит амьдралаас хэтийдсэн юм шиг хэр нь тийм ч хол биш уран зөгнөлөөрөө алдаршсан Жиблигийн дэлгэцийн бүтээлээр зарим нь хэдийнээ эл бүтээлтэй танилцсан байх. Тэгвэл зохиолыг одоо хүүхэдтэйгээ хамтдаа уншиж, төсөөлөх чадвар, бүтээлч байдлыг нь нэмж чанартай цагийг хамтдаа өнгөрөөгөөрэй.
4. "Сүүлчийн лекц"
Зохиолч: Рэнди Пош
Хэвлэлийн газар: Эрдэмт паблишн
Goodreads үнэлгээ: 4.2
Үнэ: 25’000
Аль асраас авах вэ? Эрдэмт паблишн асар
Танд амьд явах тоотой хэдхэн өдөр үлдсэнийг мэдвэл та юу хийх вэ? Уг номын зохиолч Карнеги Меллоны их сургууль олон жилийн турш “Сүүлчийн лекц” цуврал илтгэлийг зохион байгуулжээ. Хэрвээ таны сүүлчийн боломж гэдгийг мэдэж байх аваас хүн төрөлхтөнд ямар эрдэм ухаанаа хуваалцах вэ? Хэрвээ танд маргааш гэж үгүй бол хойч үедээ юуг өвлүүлэн үлдээхээ төсөөлөхийг илтгэгч профессоруудаас хүсдэг байв.Эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдсон профессор Рэнди Пошийн хувьд үүнийг төсөөлөх шаардлагагүй байлаа.Түүний сүүлчийн лекц хошин мэдрэмж, урам зориг, мэргэн ухаанаар дүүрэн байж олон хүний амьдралыг өөрчлөх хүчтэй бүтээл болсон ажээ.
5. "Гайхамшигт түүхүүд"
Зохиолч: Роалд Дал
Хэвлэлийн газар: Nepko Publishing
Goodreads үнэлгээ: 4.3
Үнэ: 12’000-15’000
Аль асраас авах вэ? Nepko publishing асар
Роалд Далийн гайхамшигт түүхүүд нь хүүхдийн төсөөлөл, сониуч зан, авхаалж самбааг хөгжүүлэх гайхалтай зохиолуудыг багтаасан цуврал ном юм. "Матилда" зохиол нь уншиж, бичиж, сурах хүсэлтэй ч адармаатай гэр бүлийн орчинд өссөн охин хэрхэн ухаалгаар уншиж сурч, өөрийнхөө хувьд амжилт бүтээж буй тухай өгүүлнэ. "Жэймс ба Аварга Тоор" нь авга эгчийнхээ хатуу, хэцүү харьцаа, ааш авираас зугтахыг хүссэн хүүгийн адал явдалын тухай. Харин "Аварга Матар" нь шүдний эмч болохыг мөрөөддөг аварга матрын түүхийн тухай өгүүлэх ажээ. Эл түүхүүд нь хүүхдүүдийн төсөөллийн ертөнцийг нээж, шинийг сурах эрмэлзлийг бадраадаг. Түүнчлэн, зохиолын дүрүүдийн ухаалгаар бэрхшээлийг даван туулж байгаа нь хүүхдүүдэд асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
6. "Давшигч Титан 3"
Зохиолч: Исаяама Хажимэ
Орчуулагч: Б.Амарбаясгалан
Хэвлэлийн газар: Цэнхэр гүзээлзгэнэ паблишн
Goodreads үнэлгээ: 4.4
Үндсэн үнэ: 19’900
Хямдарсан үнэ: 18’000
Аль асраас авах вэ? Цэнхэр гүзээлзгэнэ паблишн асар
Зохиогч Хажимэ Исаяама зохиолыг нь бичиж, өөрөө зурж бүтээсэн 34 цуврал бүхий энэхүү мангаг уншигчдын гарт хүргэсэн нь эрхлэн гаргасан хэвлэлийн газрынхаа 18 жилийн ажлын замналыг огцом орлоготой “золгуулсан” гэдэг. Дийлдэшгүй хүчний өмнө хүчгүй дорой тал хэрхэн цөхөрч буй явдлыг өгүүлэх энэ манга ганц Японд ч биш дэлхий дахинаа шуугиан дэгдээж, олон хэлээр орчуулагдан гарах болсон юм.
Дэлхийг бүхэлд нь титанууд эрхшээх болжээ. Тэдний идэш болж буй хүн төрөлхтөн амьд мэнд үлдэхийн тулд хана хэрэм босгоцгооно. Энэ үед Үлэмж титан гарч ирснээр хэрэм сүйдэж, тоолохын аргагүй олон титан түрэн орж ирлээ. Микаса титануудыг толгой дараалан устгаж явсан ч Ирэн идүүлснийг дуулаад цочирдсондоо бууж өгөх ажээ. Гэтэл бусад руугаа дайран үгүй хийдэг үл мэдэх нэгэн титан гэнэт гарч ирэн Микасаг үхлээс аварна.
7. "Хаанд илгээсэн захидал"
Зохиолч: Тонке Драгт
Орчуулагч: Б.Халиунаа
Хэвлэлийн газар: Жангар
Goodreads үнэлгээ: 4.1
Үнэ: 29'900
Аль асраас авах вэ? Интерномын асар
Тиури хүү хүлэг баатарт өргөмжлөгдөхийнхөө өмнөх шөнө хэнтэй ч ярих ёсгүй гэх дүрмийг зөрчжээ. Түүний байгаа сүмийн хаалгыг нууцлаг хэн нэгэн тогших агаад тэр хүн Тиуригээс нэгэн хэцүү гуйлтыг гуйж, энэ нь цаашид тун аюултай даалгавар болж хувирдаг. Тиуриг хорон санаат улаан морьтнууд хөнөөхөөр зэхэх боловч тэр маш чухал захидлыг Унаувен хаанд хүргэхээр зорьж байлаа. Цагаан бамбайтай хар хүлэг баатар зүгээр ч нэг амиа өгөөгүй ажээ… Энэхүү ном нь дундад зууны үеийн уур амьсгал, дүр дүрслэлийг уран зөгнөлтэй хослуулжээ. Тиймээс унших төдийд л зохиолын үйл явдал руу татагдан орох буй заа.
8. "Муу залуус 9: Том муухай чоно"
Зохиолч: Аарон Блэйби
Хэвлэлийн газар: Цэнхэр гүзээлзгэнэ паблишн
Goodreads үнэлгээ: 4.3
Үндсэн үнэ: 14’900
Номын баярын хямдралтай үнэ: 11’000
Аль асраас авах вэ? Цэнхэр гүзээлзгэнэ паблишн асар
Адал явдлаар дүүрэн Муу залуус цувралын шинэ ном нь бүх "муу" амьтад нэг баг болж, хамгийн том эсрэг дүр болох Том чоныг зогсоох хөгжилтэй даалгавар биелүүлдэг. Хурдан өрнөлтэй, сонирхолтой зураглалтай, инээдтэй, хоржоонтой мөчүүдээр дүүрэн уг ном нь бага насны уншигчдын төсөөллийг хөгжүүлэхүйц. 7-10 насны хүүхдүүдэд тохиромжтой энэ ном нь зугаатай уншлага байхаас гадна, багийн ажиллагаа, нөхөрлөлийн тухай эерэг бодол, сэтгэлгээг заадаг.
9. "Сансрын хүү"
Зохиолч: Дэвид Воллиамс
Орчуулагч: Ц.Оюумаа
Хэвлэлийн газар: Жангар
Goodreads үнэлгээ: 4.1
Үндсэн үнэ: 24'500
Номын баярын хямдралтай үнэ: 22'000
Аль асраас авах вэ? "Аз Хур" асар
Зохиолын үйл явдал Америкийн 1960-аад оныг дүрсэлнэ. Гол дүр Рут охины хамгийн дуртай зүйл нь сансар огторгуй. Хуучин ферм дээр хорон санаат авга эгчтэйгээ хамт амьдардаг Рут шөнө бүр дурангаараа оддыг харж, илүү сонирхолтой амьдралыг мөрөөддөг билээ. Нэг шөнө Рут тэнгэрт ямар нэгэн зүйл дүрэлзэж байхыг олж харлаа. Яг л нисдэг таваг шиг харагдах зүйл!
10. "Парисын дарь эхийн сүмийн бөгтөр"
Зохиолч: Виктор Хюго
Хэвлэлийн газар: Болор судар
Үндсэн үнэ: 35'000
Номын баярын хямдралтай үнэ: 24'500
Аль асраас авах вэ? "Аз Хур" асар
Францын зохиолч Виктор Хюго 1831 онд хүнийг гаднах төрх байдлаар нь ялгаж гадуурхахгүй байхыг уриалж уг бүтээлээ туурвисан гэдэг. Зохиолч бээр мөн Парисын дарь эхийн сүмийн гайхалтай хийц урыг хүмүүст зохиолоороо дамжуулан хүргэхийг зорьжээ. Квазимодо, Эсмеральда хоёрын түүхийг өгүүлэх эл бүтээлийг багачууддаа зориулж хялбаршуулан ийнхүү уншигч олондоо толилуулж байгаа ажээ. Сонирхолтой нь 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхдэд уйдахгүй зугаатай уншлага байх нь гарцаагүй.
11. "Шүд инээдэг гэж үү?"
Хэвлэлийн газар: modernmomss
Үндсэн үнэ: 23'000
Номын баярын хямдралтай үнэ: 20'700
Аль асраас авах вэ? "Busy Kids" асар
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шүдээ зөв угааж арчлах дадлыг хялбар бөгөөд ойлгомжтой байдлаар эзэмшүүлэх зорилгоор уг номыг хэвлүүлжээ. Энэ номыг инстаграмын "modernmoms" хуудаснаас захиалан авах боломжтой юм байна.
намтар
1. "Элон Маск"
Зохиолч: Волтэр Айзэксон
Орчуулагч: Т.Ариунсанаа
Хэвлэлийн газар: Nepko publishing
Goodreads үнэлгээ: 4.4
Үндсэн үнэ: 124'000
Номын баярын хямдралтай үнэ: 99'000
Аль асраас авах вэ? "Nepko publishing" асар
"Nepko" хэвлэлийн зүгээс энэ жилийн хаврын номын баяраар Бэнжамин Франклин, Леонардо да Винчи нарын намтрыг уншигчиддаа орчуулан хүргэж байсан бол энэ удаагийн намрын номын баяраар сүүлийн 30 жил намтар дагнан бичсэн Волтэр Айзэксоны энэ цагийн түүхийг бүтээгч Элон Маск-н намтар номыг барьж байгаа юм. Өнөө цагийн хамгийн маргаантай, шинэлэг сэтгэгчдийн нэгний амьдралыг сонирхолтойгоор харуулсан уг ном нь уншигчдад Элон Маскийн зан чанар, хичээл зүтгэл, агуу төсөөллүүдийнх нь тухай өгүүлнэ. Айзексон Элон Масктай хувийн холбоотойгийн хувьд түүний суут ухаанаас гадна алдаа дутагдлыг илэн далангүй бичсэнээрээ уг бүтээл онцлог.
2. "Бостоны Их сургуульд суралцсан түүх"
Зохиолч: О.Ариунзаяа
Үнэ: 29'900
Аль асраас авах вэ? Чингисийн хөшөөний урд, ертөнцийн зүгээр зүүн талаас зургаа дахь асар
Ариун Оюун академийн үүсгэн байгуулагч Ариунзаяа өөрийн Бостоны Их сургуульд суралцсан тэмдэглэлээ 5 жилийн хугацаанд бичиж ийнхүү ном болгожээ. Уг номоороо тэрээр өөрийгөө олж, хайрлаж, бүтээсэн он жилүүдээ хуваалцсан бөгөөд өөрийн түүхээ бүтээж буй мянга мянган залууст урам зориг өгөхийг хүсэх хүслээр номоо бичсэн хэмээн дурдсан байна.
3. "Хутга: Халдлагын дараах эргэцүүлэл"
Зохиолч: Салман Рушди
Хэвлэлийн газар: Болор судар
Goodreads үнэлгээ: 4.1
Үндсэн үнэ: 25’000
Номын баярын хямдралтай үнэ: 17’500
Аль асраас авах вэ? "Аз хур" асар
Уг ном нь ямар нэг гэмт хэргийн тухай биш. Харин зохиогчийн 2022 оны 8 сарын 12-ны өдрийн бага үдэд Нью-Йорк мужийн Шатокуагийн үзвэрийн ордонд тохиолдсон түүхийг өгүүлэх бүтээл юм. Эл бүтээл нь халдлагын дараах сэтгэл зүйн болон оюун санааны сорилт, мэдрэмжийг харуулдаг. Халдлага, ослын дараа хүний амьдрал хэрхэн өөрчлөгддөгийг, айдас болон эр зоригийг хэрхэн тэнцвэржүүлж болохыг маш бодитой дүрслэн харуулснаараа онцлог бүтээл ажээ.
4. "Стив Жобс"
Зохиолч: Волтэр Айзэксон
Орчуулагч: Ц.Батсоёмбо
Хэвлэлийн газар: Nepko publishing
Goodrads үнэлгээ: 4.1
Үндсэн үнэ: 124'000
Номын баярын хямдралтай үнэ: 99'000
Аль асраас авах вэ? "Nepko publishing" асар
Номын баярын хямдралтай үнэ: 99'00021-р зууны хамгийн нөлөө бүхий технологийн удирдагчдын нэгний амьдралыг харуулсан уг бүтээл нь Стив Жобсийн Apple, Pixar зэрэг компаниудыг хэрхэн дэлхийн хэмжээний брэнд болгож, технологи болон дизайн хосолсон бүтээгдэхүүнүүдээр хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байсныг өгүүлнэ. Уг ном нь зөвхөн Стив Жобсийн хувийн түүхээс гадна инноваци, бүтээлч байдал, зоримог шийдвэр нийлж дэлхийг хэрхэн өөрчилж болохыг харуулсан урам зориг өгөхүйц бүтээл ажээ.
Танин мэдэхүй
1. "Нухацтай сэтгэлгээ"
Зохиолч: С.Өнөр
Үндсэн үнэ: 60’000
Номын баярын хямдралтай үнэ: 55’000
Аль асраас авах вэ? "Enlighten" асар
Зохиогч номыг бичихээс өмнө "critical thinking" сэдвийг фэйсбүүк дээр хэлэлцэж, хөнддөг байсныг зарим уншигчид мэдэх болов уу. Уг бүтээлийн онцлог нь орчуулгын ном биш бөгөөд яг Монгол дахь нийгэм, улс төрийн жишээгээр баялаг учраас бидний сэтгэлгээ, харах өнцгийг тусгасан бодит нөхцөлд тулгуурлан бичсэн явдал юм. Ном нийт 8 бүлэгтэй, дотроо 40 гаруй шигтгээ, 60 гаруй багцад багтах 400 орчим дасгалтай. "Дэлхийн Эдийн Засгийн Форум"-аас зарладаг чухал ур чадварын топ гуравт critical thinking багтдаг. Тийм ч учраас зохиолч бүх ур чадварын суурь эндээс ундардаг хэмээн үзэж энэ сэдвийг хөндөн бичсэн ажээ.
2. “Хариу үйлдэхгүй дадал”
Зохиолч: Күсанаги Рюшүн
Орчуулагч: ТОМё БОДё
Хэвлэлийн газар: Garuna Publishing
Үндсэн үнэ: 25'000
Номын баярын хямдралтай үнэ: 20'000
Аль асраас авах вэ? "Garuna Publishing" асар
Орчин үед хүмүүс өмнөх үеэсээ ч илүү ихийг уншиж, мэдэж байгаа хэр нь яагаад улам бүр зовлонтой амьдрах болов? Ихэнх хүмүүс сэтгэл дотроо маш зөрчилтэй, зовлонтой амьдралыг сонгосоор буй нь бид бүгдийг шаналгадаг хэдий ч өөрсдийн мэдэлгүй зовлонт амьдралын шийдвэрүүдийг гаргасаар байдаг аж. Үүнийг үндэс сууриар нь ойлгож, шийдэхэд дотоод агуулга хэрэгтэй. Агуулга зовлонг зөвөөр тунгаан шийдэх буюу оюун бодлын тусгаар байдлаар хангадаг хэмээн үздэг.
3. "Энэ цагийн Монголчууд"
Зохиолч: Э.Ичинхорлоо
Аль асраас авах вэ? "Шуурайн Солонго" асар
Уг аялалын цуврал ном нь баруун, зүүн, урд зүгийн долоон аймаг, ӨМӨЗО, арлын Япон, Оросын Чита, Буриад хүртэл хүрч, “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөө хүрээнд олон нэвтрүүлэг, сурвалжлаг бэлтгэсэн сэтгүүлч Ичинхорлоогийн бодит түүх юм. Бүтээлээс баруун аймгийн ажилсаг гүндүүгүй хүмүүстэй учирч, Увс аймгийн Тэс сумын хамгийн урт 325 м гүүрийг харж, арвин ургац авсан Баруунтуруунчуудын ургацын дээжийг үнэрлэж, Хяргас нуурын халгиаг дуулан, цагаан улт гутал өмсөн камераа үүрч явсан тухай Монгол үндэстэн хүмүүстэйгээ танилцах бодит аялалд гарах буй заа. Зохиолчийн учирсан хүмүүс эгэл жирийн бөгөөд эгэлгүй баатрууд гэдгийг зохиолоос мэдэрнэ. 2-р дэвтэр болох Дорнод, Өмнөговь аймаг болон Улаанбаатарын шилдгүүдийг онцолсон ном мөн онцгой бөгөөд өөрсдийн нутаг усны тухай болон амьдарч тэмцэж яваа түүхээ өгүүлсэн нь тэр аймгуудаар аялсан мэт сэтгэгдлийг төрүүлэх ажээ.
4. "Сэтгэл судлал дахь бие хүний онолууд"
Зохиолч: Л.Төрбурам
Хэвлэлийн газар: Psychology publishing
Үндсэн үнэ: 49,000₮
Номын баярын хямдралтай үнэ: 39,000₮
Аль асраас авах вэ? "Psychology publishing" асар
"Psychology publishing" нь сэтгэл судлалтай холбоотой мэргэжлийн болон энгийн, хялбаршуулсан бүтээлүүдийг бичиж уншигч олондоо толилуулдаг билээ. Энэ удаагийн Номын Баяраар хоёр шинэ ном хэвлэлээс гаргаж буй нь сэтгэл судлалын шинжлэх ухааны мэргэжлийн судалгаанд хэрэгцээтэй бүтээлүүдийг гаргаж байгаа ажээ. Сэтгэл судлал дахь бие хүний онолууд ном нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд бие хүнийг тайлбарласан үндсэн онолуудыг дэлгэрүүлэн тайлбарласан. Ингэхдээ онгодог эх зохиолууд дээр үндэслэж, эрдэмтэн, судлаачдын үзэл баримтлалыг шууд тусган харуулсан онцлогтой ажээ.
5. “Ялзрал”
Зохиолч: Брайан Класс
Хэвлэлийн газар: Итгэл марал паблишн
Goodreads үнэлгээ: 4.1
Үндсэн үнэ: 38’500
Номын баярын хямдралтай үнэ: 36’000
Аль асраас авах вэ? "Итгэл марал паблишн" асар
Номын зохиогч Брайан Клаас Оксфордын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд Лондоны Их сургуулийн профессор нэгэн юм. Хэн эрх мэдэлд хэрхэн хүрдэг вэ? Хүмүүс эрх мэдэлд хүрмэгцээ муу хүн болж хувирдаг уу? Муу хүмүүс эрх мэдэлд шунан дурладаг уу, эсвэл эрх мэдэл муу хүмүүсийг өөртөө соронз мэт татдаг уу? Ямар хүмүүс эрх мэдэлд хурдан, төвөггүй хүрч байна? Энэ бүх сонирхолтой, маргаантай ч юм шиг асуултуудад түүх, нийгэм, улс төр, сэтгэл зүйн шинжлэх ухааны талаас нотолгоо, судалгаа, бодит хүмүүсийн түүх, ярилцлагад үндэслэн бичиж, задалсныг уг номоос унших боломжтой.
6. "Монгол тоглоомын аман зохиол: Дүр, бэлгэдэл"
Зохиолч: Г.Нандинбилиг
Хэвлэлийн газар: МУИС Пресс
Аль асраас авах вэ? Ертөнцийн зүгээр талбайн баруун талд, "МУИС" асар
Зохиолч МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Утга зохиол, Урлаг судлалын тэнхимийн профессор юм. Тэрээр МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 2001 онд “Монгол баатарлаг туульс дахь сайхны тухай үзэл” сэдвээр хэл бичгийн ухааны Доктор зэргээ хамгаалжээ. Уг номд бидний мэдэх алаг мэлхий ардын тоглоомоос өгсүүлээд үүчүүр, хорол, эшт шатар зэрэг олон толоомын зан үйл, бэлгэдэл зэргийг нарийн задалж тайлбарлажээ. “Номын Баяр”ын үеэр МУИС Пресс дэлгүүр/NUM Press shop-н асраар авах боломжтой.
7. “Америкийн романтизмын гоо зүй”
Хэвлэлийн газар: Утга зохиолын судлал шинжлэл редакц
Орчуулагч: Ц.Цэнгэл
“Америкийн романтизмын гоо зүй” бүтээлд тухайн үед уран бүтээлээ туурвиж байсан эрдэмтэн судлаачид, онолчид, зохиолч, яруу найрагчдын өгүүлэл, эсээг багцлан нийтэлж байгаа ажээ. Романтикмын үеийн зохиолчид дэлхийн шилдэг роман “Моби Дик”-ийн зохиогч Хеман Мелвилл, Америкийн романтизмын анхны тунхгийг бичсэн Филипп Фреко, анхны мэргэжлийн зохиолч Чарль Браун, утга зохиолын онолч, яруу найрагч Жеймс Рассел Лоуэлл, мөн Френогийн романтик эрэл хайгуулыг үргэлжлүүлсэн яруу найрагч Вильям Брайент нар билээ. Чухам тэдний зохиол бүтээл тэр үеийн агуулга, хэлбэрийг бүрэн илэрхийлэх буй заа. Түүнчлэн өгүүллийн төгсгөлд зохиогч нарын товч танилцуулга, өмнө хэвлэгдсэн болон тайлбар зэргийг бүтээлд хавсаргасаныг онцлууштай.
8. "Үлэг гүрвэл ба балар эртний амьдрал"
Хэвлэлийн газар: Жангар
Үнэ: 45’000
Аль асраас авах вэ? "Жангар редакц" асар
DK хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг амьтан, ургамал, байгаль ертөнцийн талаарх сонирхолтой зурагт эмхэтгэлүүдийн дараагийн бүтээл уншигч олны гар дээр очихдоо бэлэн болжээ. Үлэг гүрвэлүүд хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан ч өдийг хүртэл биднийг гайхшируулсаар байдаг. Асар том хуягт ялтаснууд, чулуужсан үлдэгдлийн нарийвчлалтай гэрэл зураг, сонирхолтой түүх болон балар эртний эдгээр сонирхолтой амьд биетүүдийг уг бүтээл нүдэнд харагдтал дүрслэн үзүүлэх болно.