Уншиж дууссаны хойно хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл бол уг номын цул бүхэллэг чанар юм. Эсээ бол бичгийн ертөнцийн хамгийн сонгодог төрөл. Харин төрж өссөн газар орчин, мэргэжил, хийж буй ажил, гарал угсаа нь хүртэл тэс өөр хүмүүсийн эсээг нэгтгэхдээ гол агуулга, үзэл санааных нь хувьд бүлэг болгон ангилж цул бүхэллэг чанарыг бий болгожээ.
Энэ ном бол “Харвардад тэнцүүлсэн шилдэг 50 эсээ” хэмээх бүтээл. Эсээ бүрд “Харвард Кримсон” хэвлэлийн газрын редакторууд шүүмж бичиж, мэргэжлийн түвшний үнэлгээ өгсөн нь номын агуулгын улам ч гүнзгийрүүлсэн байна.

БҮТЭЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Ном зургаан бүлэгтэй. Хамгийн эхний бүлэг таны зорилго, унших хүсэл тэмүүллийг өдөөх нь гарцаагүй. Харвард Кримсон хэвлэлийн газрын 143 дугаар Гвардын Ерөнхийлөгч Мариел А.Клиен тус номыг зүгээр ч нэг эмхэтгэсэнгүй. Харин өөрийн гэсэн онцлог, гүн гүнзгий агуулгатай болгохоор зорьсон нь уншиж эхлэхэд л мэдрэгдэнэ.
Мөн дээр нь тэр бүр зузаан боть, Монтений сонгомолуудыг бариад суух зав хомсхон олдох иргэншлийн зуунд уг ном чухал үүргийг гүйцэтгэнэ. Тэр нь мэдээж бусдад туслах, хүсэл тэмүүллийг нь өдөөх юм.
Харвардад тэнцсэн эсээнүүд боловч таныг заавал тус сургуульд суралц, үүний тулд эдгээр эсээнүүдийг унш хэмээн номд зөвлөсөнгүй. Зүгээр өөрийн хийх дуртай зүйлийг хэрхэн тодорхойлох, бүтээлчээр ажиллах, мэдлэг боловсролыг дээдлэх, уйгагүй хичээл зүтгэл, бусдад хэзээ ч төрөхгүй этгээд санаа бодол, өөртөө итгэх байдал, ганцаардлаа хуваалцах зэрэг бүхий л мэдрэмжийг тань хөглөж өгөхийг зорьсон нь илт.
Эсээ тус бүрээс дүрслэлийн содон илэрхийлэл, шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан хүсэл сонирхлоо бүрэн гүйцэд гаргах, олж авсан сэдэв, өөрийн дурсамжийг хэрхэн чадварлагаар цөөн өгүүлбэрт багтааж, үнэхээр “стиль” болгон бичиж буйг харах болно.
ДҮРСЛЭХ ЧАДВАР

Мэдээж хувь хүн болгонд санахын төдийд дэргэдээс нь шуудхан ургачихдаг түүхүүд бий. Эдгээр нь дурсамж төдийхөн бусаар хувь хүний дотоод сэтгэл, мэдрэмж, цаашдын амьдралд нөлөө үзүүлсэн байдаг. Харин түүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь туйлийн чухал.
Номын эхний бүлэгт л гэхэд Битлз хамтлагийн дуунд дуртай нэгэн залуу сонирхолтой хөгжмийн төрөл олж нээхээс гадна амьтантай ярьж болно гэдэгт бүрэн итгэж, сарьсан багваахайн дуу авиаг ч нарийн сайтар судалсан ази эмэгтэй, “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг уншсанаар урлаг, уран зохиол амьдралд ямархан байр суурь эзлэх болсон зэргийг эсээнийхээ гол түүх болгож үүгээрээ дамжуулан үгийн уран, нарийн чимхлүүр дүрслэлээр санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадсан жишээнүүд олон.
Үүнээс гадна сонирхлоороо дамжуулан өөрийн хийж явсан ажил, ажлын туршлага, амжилт ололтыг ганц өгүүлбэрт багтааж чадах нь ч бий.
“Жинхэнэ сонирхлоо нээснээр би олон зүйлийг сурсан. Битлзтэй учраагүй сэн бол би гэж хүн ямар байхыг төсөөлж ч чадахгүй нь. Сонирхлынхоо дагуу долоо хоног бүр Дорчистер руу давхиж, хүүхдүүдэд гитарын хичээл заадаг сайн дурын ажлаараа би маш их бахархдаг.”
Жое Кервин
Ийнхүү Жое Кервин эсээнийхээ сүүлийн ганц өгүүлбэрт өөрийн сонирхол хийж явсан ажил, хүмүүнлэгийн үйлсийн ажилтан байсан талаарх олон баримтыг нэг дор, тун ойлгомжтой тодорхойлсон нь маш зөв тактик болж өгсөн байна. Иймэрхүү жишээ тус номд багтсан олон эсээнээс харагдах болно.
СОНИРХОЛТОЙ ХЭЛ

Тус номоос онцлох нэгэн эсээ бол Рэчил Мёон Мүүний амьтдын хэлний тухай сонирхол татахуйц бүтээл юм. Тэрээр биологийн нэгдлийн мэргэжилтэй бөгөөд Кангвон их сургуулийн Зэрлэг амьтдын экологи, Байгаль хамгааллын Геномик лабораторид судалгаа хийж байжээ. Мёон Мүүн эсээгээ ийн эхлүүлсэн юм.
“Ганц л хүмүүс хэл яриагаар харилцдаг юм биш. Амьтад ч ярьдаг. Өнгөрсөн хэдэн жилийн турш би гадаад хэлний оюутнуудын ч ойлгож чадахгүй хоёр гайхалтай, сонирхолтой хэлийг судаллаа. Амьтны хэл судлах нь Солонгос, Хятад эсвэл Испани хэл сурахаас арай өөр”. /Рэчил Мёон Мүүн/
Тэрээр ийнхүү өгүүлжээ. Яалт ч үгүй сонирхол татахуйц эхлэл. Гол нь тэр зүгээр л ямар ч элдэв хачиргүй, нуршиж явгалалгүйгээр “Амьтад ч ярьдаг” хэмээн тун итгэлтэйгээр хэлснээрээ эсээндээ уншигчийг шууд л татаад оруулчихаж байна. Харин үүний дараагаар өгүүлэх зүйлсийнхээ эхний жишээнүүдийг хөндсөний хойно эсээнд оруулж ирэх гол баримт өгүүлэгдэнэ.
“Сарьсан багваахайнууд нисэж байхдаа бисонар авиа гарган эргэн тойрны орчноо мэдрэхийн тулд хад, хавцалд ойж буй цуурайг сонсдог. Дуу чимээгээр орчноо баримжаалдаг нь үнэхээр гайхалтай санагдсан тул би зэрлэг амьтдыг хамгаалах лабораторид сарьсан багваахай суперсоник цуурайн байршлыг судалсан юм. Сарьсан багваахай чөлөөт нислэгийн үеэр миллисекунд тутамд үл үзэгдэх тор хаяж орчноо туршдаг бөгөөд тэдний харилцан яриа хувиргалтгүй, бас дүрэмгүй байдгийг олж мэдсэн”. /Рэчил Мёон Мүүн/
Үүгээрээ Мёон Мүүн амьтад бусад төрлүүдтэй болон байгальтай өөрсдийн хэлээр харьцдаг болох санаагаа лавшруулсан юм. Мөн Колумб шинэ тив нээх аялалд зориглон хөдөлсөн шигээр энэхүү солонгос эмэгтэй хүний төрлөөс өөр зүйлсийн хэлийг судлах зоримог шийдвэр гаргаснаа онцолж, өөрийн сонирхол, хүсэл зорилгоо тун ч гаргуун байдлаар бусдад танилцуулж чадсан хэрэг.
Эцэстээ бид байгальтай илүү ойртож, тэдний хэлийг хүртэл ойлгож чадвал илүү баялаг, хүнлэг нийгэм бий болно гэдгийг л ойлгуулах гэсэндээ тэр билээ. Тэгээд ч амьтдын хэлийг ойлгож чадвал олон тайлагдашгүй нууцыг хулдсан манан алгуурхан замхарч мэднэ. Хүн төрөлхтөн ахин нэг амьтдын хэлээр ярьж чаддаг доктор ДоЛиттлтой ч болох юм билүү гэсэн итгэл найдварыг туршлага, баримт хослуулсан сониуч байдал, уран дүрслэлийн ухаалаг үгсээр сүлжсэн Мёон Мүүний эсээ бусдад төрүүлсэн билээ.
“Хүн төрөлхтөн байгальтайгаа холбогдож, нэгдэх аваас илүү хүнлэг болох ганц боломж бий”
Рэчил Мёон Мүүн
ТУУЧИЖ ГАРСАН ТҮҮХ

Аливаа хүндрэл бэрхшээл, зовлон гэж оноон нэрлэж болохуйц асуудалтай нүүр тулгарч, цэх зогсоод туучиж гарсны дараа хүн өмнөхөөсөө илүү хүчирхэг болсон санагддаг. Номын дөрөвдүгээр бүлэгт чухам саад бэрхшээлийг давж, ахлах сургуулийн хүүхдүүдэд ч байдаг их бага хэмжээний асуудлыг сөрж энэ тухайгаа бичээд зогсохгүй, түүний нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдсөн талаараа өгүүлнэ. Энэ нь мэдээж “Саад бэрхшээлийг даван туулахуй” нэрийн дор зангидагдсан тус эсээнүүдийн хамгийн чухал элемент юм.
Элсэгч бүр, эсээг бичигч болгон асуудалтайгаа нүүр тулж, өөрт нь ирсэн бэрхшээл, хэцүү цаг үеийг сэтгэлийн хүчээрээ даван гарч, илүү хүчирхэг нэгэн болсноо уран чадварлагаар хүүрнэн өгүүлжээ. Хамгийн гол нь тэд зөвхөн Харвардад зориулж бус өөртөө болон бусад хүмүүст зориулж эсээ бичсэн шиг санагдана. Тиймдээ ч үнэн бөгөөд амттай, уншсан хүний сэтгэлд хүрч чадаж байгаа хэрэг.
Бэрхшээлтэй, бүр цаана нь гарч хүчрэхээргүй асуудал, хэн нэгнийгээ манант хорвоогоос буцсаныг сонсох гашуудалдай мэдээ хүлээж авахаас өгсүүлээд бидний амьдралд түм буман өнгө ээлжилдэг. Танд ч бас ямарваа нэгэн бичихэд хүртэл халгамаар тийм түүх байдаг болов уу. Гэхдээ та уг номын дөрөвдүгээр бүлгийн эсээнүүдийг уншаад түүнийгээ хуваалцаж, өөрийн дотор бугшсан зүйлийг уудалж, сэтгэлээ цэлмээхийг хүсэж магадгүй юм шүү.
ЗАНГИДАХ ҮГ
Монтэний “Сонгомол эсээнүүд”, До.Цэнджавын “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ”, Г.Аюурзаны “Тэнгэрийн судар”, Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” зэрэг номуудаас хойш ийм уран дүрслэл, олон өнгийн солонго хуудас бүрдээ татуулсан эсээний ном уншилгүй уджээ.
Бид эсээг дурсамж, эсвээс найруулал, тэмдэглэлтэй хольж ойлгох нь бий. Харин эсээнд хамгийн чухал нь сэдэв юм уу амьдралд тань гол нөлөө үзүүлж байсан бяцхан түүх хэрэгтэй. Түүнийгээ дүрслэл, баримтаар баяжуулан илэрхийлж уран нарийн аргаар, өөр хэний ч бичээгүй тийм өнцөгөөр дүрслэх нь чухал билээ.
“...хүн бүр оюуны хөгжлийг дээдэлж, өнгөрснөө бахдан дурсаж, Латин хэл мөхсөн эсэх талаар маргадаггүй шинэ хот, шинэ эрин үеийг зорин алхаж байна”.
Бэт Яан
Тиймээ, бид өдөр бүр өөрийн доторх шинэ эрин, шинэ хотыг зорин алхаж буй.

Сэтгэгдэл бичих

