Уншигч танаас нэг зүйл асууя. Ажил дээр таагүйхэн өдөр өнгөрч, амраг хайрттайгаа үл ойлголцох асуудал гарч, аль юм бүхэн уурыг тань хүргэсэн үед та хамгийн түрүүнд хэнтэй ярилцахыг хүсдэг вэ? Эсрэгээрээ магнай тэнийм баярт явдал тохиосон үед хэнд энэхүү баярт мэдээгээ хуваалцахыг хүсдэг вэ? Бид бүгдийн санаанд хэн нэгэн хүн харван орж ирж байгаа нь лавтай. Гагцхүү тэр нь аав ээж, ах эгч, үеэл, найз, хөршийн хэн нь ч байсан гуниг зовлон хийгээд баяр хөөрийг тань хуваалцаж чаддаг нэгэн байж таарна.
Тэгвэл дахин нэг асуулт. Яагаад тэр хүн танд ярилцахад амар санагддаг вэ? Энэ номд хариулт нь бий.
НОМЫН ТУХАЙ
Гурван жилийн турш The New York Times-ийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн “The Power of Habit” буюу "Дадлын хүч" номын зохиогч Чарльз Духигг бол бидний өнөөдрийн онцолж буй “Supercommunicators” бүтээлийн эзэн. Тэрээр Йелийн их сургууль, Харвардын бизнесийн сургуулийг төгссөн бөгөөд 2006-2017 онд The New York Times сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад өдгөө The New York Magazine-д бичээч хийж буй. Чарльз сонинд ажиллаж байх үедээ сурвалжлагчдын багийг удирдаж, Apple болон бусад технологийн компанийн бизнесийн үйл ажиллагааны талаар олон арван цуврал нийтлэл бичсэн төдийгүй түүгээрээ 2013 онд "Тайлбарласан сурвалжлага" төрөлд Пулитцерийн шагнал хүртэж байсныг онцлууштай. Товчхондоо тэр бол нийгмийн чухал сэдвүүдийг хурцаар шүүмжлэн бичдэг, томоохон хэмжээний нийтлэлүүдээрээ алдартай эрэн сурвалжлагч сэтгүүлч юм.

“Supercommunicators” бол түүний гурав дахь ном бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард уншигчдын хүртээл болжээ. Netflix, Тангарагтны танхим, Их тэсрэлтийн онол, НАСА, Тагнуулын ерөнхий газар зэрэг өргөн цар хүрээг хамрахын сацуу олон тооны судалгаа, бодит амьдралын жишээгээр баяжуулсан уг ном танд долоон бүлгийн туршид хэрхэн сайн харилцан яриа өрнүүлэгч байх жорыг хуваалцах болно. Чухамхүү нийтлэлийн эхэнд дурдсанчлан хэзээд ярилцахад таатай мэдрэмж төрүүлдэг тэр нэгний нууц чухам юу болохыг, яагаад зарим харилцан яриа хайлсан цөцгий шиг амархан, зарим нь яагаад хатсан талх шиг хэцүү байдгийг тайлбарлах аж.

ЯАГААД УНШИХ ВЭ?
Чарьлз Духиггт хэдэн жилийн өмнө нэгэн төсөлд менежерээр ажиллах санал иржээ. Гэвч түүнд энэ чиглэлд ажилласан ямар ч туршлага байсангүй. Олон удирдлагын нүүр үзэж, Харвардын Бизнесийн сургуульд магистр хамгаалсан ч баг удирдана гэдэг түүний хувьд чамгүй даваа байлаа. Тиймдээ ч харилцахдаа гаргасан алдаа нь энэ номыг эхлүүлэх шалтгаан болсон гэнэ.
Нэгэн ажилтан түүнд бидний санал бодлыг үл тоож, хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байгаа талаар цухалдангуй хэлжээ. Хариуд нь тэрээр шийдэл санал болгосон ба энэ асуудлаар хурал зохион байгуулах эсвэл хүн бүрийн зохих үүргийг тодорхойлсон албан ёсны бичиг баримт гаргах уу гэв. Гэтэл өнөөх ажилтан түүний яриаг тасалж, “Та биднийг сонсохгүй байна” гэлээ. Үнэндээ тэдэнд бие биетэйгээ хүндэтгэлтэй, хүлээцтэй харилцах нь чухал байсан бөгөөд Чарльз ч үүнийг ойлгож, шинжлэх ухаанчид, харилцааны талын мэргэжилтнүүд рүү холбогдон өөртөө ч тэр, өрөөлд ч тэр хэрэг болох зөвлөгөө бүхий номоо эхлүүлсэн нь.
Танд ч бас түүнтэй ижил асуудал тулгарч байсан нь лавтай. Магад олон үл ойлголцол, жижиг хэрүүл “Чи намайг сонсохгүй байна” гэсэн шалтгаанаар эхэлсэн байж мэдэх юм. Тэгвэл хэрхэн сайн сонсогч байж, яаж аль аль талдаа сэтгэл хангалуун харилцан яриа өрнүүлэх ёстой гэж?

Одоо тус бүр жишээгээр авч үзье.
Нэг дэх төрлийн харилцаа: Энэ яг юун тухай вэ?
Зарим хүнтэй яагаад яриа нийлдэг, заримтай нь яагаад үр дүнгүй харилцан яриа өрнүүлдэг вэ гэдэг нь ижил зорилготой ярилцаж байгаа эсэхээс шууд хамаардаг аж. Жишээлбэл, нэг найз тань найз залуутайгаа маргалдаад сэтгэл санаагаа уудлан хоёр дахь төрлийн харилцаа үүсгэхийг хүсэж л дээ. Харин та түүний өөдөөс ямар шийдэл байж болох талаар ярьж, нэг дэх төрлийн харилцан яриа өрнүүлэх гэвэл хэн хэнийх нь хувьд хэрэгцээгүй яриа болох нь ойлгомжтой.
Тэгэхээр хэн нэгэнтэй ярилцах гэж байгаа бол дээрх гурван төрлийн ярианы алийг нь нөгөө хүн хүсэж байгааг мэдэрч, нэг ёсондоо “долгионоо тааруулах” хэрэгтэй. Ингэхийн тулд хэрэгжүүлж болох нэг арга хуваалцъя. Аливаа харилцан яриа эхлүүлэхийн өмнө нөгөө хүнээсээ тусламж, тэврэлт аль эсвэл зүгээр л сонсохыг хүсэж байгаа эсэхийг нь тодруулаарай. Дээрх жишээ шиг хоёр өөр төрлийн яриа үүсэхээс зайлсхийж байгаа нь энэ.

Хоёр дахь төрлийн харилцаа: Бид юу мэдэрч байна вэ?
1995 онд нэгэн эхнэр нөхөр судлаач бие биенээ огт мэдэхгүй 300 гаруй хүнийг туршилтад оруулжээ. Тэд хүмүүсийг хоёр хоёроор нь нэг өрөөнд 60 минутын турш ярилцахыг хүссэн ба асуулт нь хүний итгэл үнэмшил, хүсэл зорилго, үнэт зүйл зэрэг гүнзгий агуулгатай байв. Нэг цаг өнгөрсний дараа тэдний 57 хувь нь цаашид холбоотой байхаар хувийн мэдээллүүдээ солилцсон төдийгүй хожим нь тэнд учирсан хоёр хүн гэрлэсэн тохиолдол хүртэл гарчээ.
Судлаачид уг туршилтын үр дүнд гүнзгий яриа өрнүүлэх нь бусдыг анхааралтай сонсох нөхцөл болдгийн зэрэгцээ бие биенээсээ бодууштай асуулт асуух нь тухайн харилцааг тэнцвэртэй болгоход тусалдаг аж. Өөрөөр хэлбэл, та асууж нөгөө хүн хариулан, нөгөө хүн асууж та хариулах замаар харилцан өгөө аваатай байх нь илүү үр дүнтэй яриаг бий болгодог.

Гурав дахь төрлийн харилцаа: Бид хэн бэ?
Та бидний сайн мэдэх Netflix компанийн нэгэн жишээ бий. Тэдний бүтээсэн нэг контентод дауны синдромтой хүүхдийг муухайгаар хэлсэн тохиолдол гарч, компани дотор энэ талаар хэлэлцэх хурал болжээ. Энэ үеэр тус компанийн олон нийтийн албаны дарга “Энэ бол өнгөт арьстнуудыг нигер хэмээн хэлснээс өөрцгүй юм” гэж хэлэх нь тэр. Мэдээж энэ үг олон үндэстэн ажилладаг томоохон компанийн ажилтнуудаас шүүмжлэл авах нь ойлгомжтой. Асуудал улам даамжирсаар тус албаны даргыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авсан ч нөгөө талд Netflix-ийн үг хэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэсэн дүрэм зөрчигдөж байв.
Ингээд компанийн дотоод уур амьсгал тааруухан болж эхэлсэн ба үүнийг анзаарсан компанийн удирдлагууд ажилтнууддаа зориулж сургалт зохион байгуулсан гэдэг. Товчхондоо, хүн бүр гадуурхагдсан мэдрэмж авч байсан талаараа ярилцаж, сэтгэлээ нээжээ. Үр дүнд нь хамт олны уур амьсгал сайжирч, нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Энэ жишээнээс ойлгож авах сургамж нь даяаршсан нийгэмд та бид олон төрлийн хүнтэй харилцаа үүсгэх шаардлагатай болно. Гагцхүү тэдний онцлог, ондоошлыг ойлгож, мэдрэмжтэй байх нь чухал бөгөөд ингэж чадвал суперкоммуникатор болоход дөхөм болох аж.
Зохиогчийн санал болгож буйгаар харилцан яриа эхүүлэхээс өмнө заавал санах дөрвөн дүрэм бий. Өөртөө заавал хэрэгжүүлээрэй.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Энгийн мэт боловч бидний өдөр тутам хэн нэгэнтэй харилцахдаа гаргадаг алдаануудыг хэрхэн засаж, яаж сайжруулж болох талаар дэлгэрэнгүй зөвлөсөн ном байлаа. Тусламж, тэврэлт аль эсвэл зүгээр л сонсохыг хүсэж байгаа эсэхийг нь асуудаг уг аргыг шууд амьдрал дээрээ хэрэгжүүлж үзсэн. Энэ хүн надтай ямар зорилгоор ярьж байна, би юу гэж хариулах билээ гэдэгт цаг үрэлгүй шулуухан асуух нь их амар юм билээ. Уншигч та ч бас туршаад үзээрэй.
Яриа нийлдэг, ярилцахад таатай санагддаг найзын маань нууц жор нь ердөө намайг юу хүсэж байгааг мэддэгт байж. Зүгээр л өөрийг нь сонсоосой гэж хүсэж байна уу эсвэл асуудалд маань шийдэл санал болгоосой хэмээн хүсэж байна уу гэдгийг сайтар ялгаж чаддаг учраас ийнхүү бид хоёр долгион таардаг байж л дээ. Ер нь бид хайр дурлал, гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд аль ч харилцаанаас таатай, тухтай яриа өрнүүлэхийг хүсдэг шүү дээ.
Тэгээд эцэст нь хүн бүр эл номыг уншаасай гэж хүсэж байна. Нийтлэлд дурдаагүй олон зөвлөгөө, судалгаа шинжилгээ, баримт жишээ байсан бөгөөд тус бүрийг нь няхуур уншиж, тэмдэглээд аваарай. Эхлүүлсэн яриа тань өнгөцхөн бөгөөд дууссаны дараа нэг зүйл дутуу юм шиг мэдрэгддэг бол уг бүтээл танд гүнзгий яриа хэрхэн үүсгэх талаар заах болно.

Сэтгэгдэл бичих

