Үл мэдэгдэх гамшгийн дараа дэлхийгээс өөрсдийгөө тусгаарласан Япон улсад ахмад үеийнхэн урт насалж, харин залуу үе бие махбодын хувьд туйлын сул дорой төрөх болов. Дэлхий сөнөх үү? Хүн төрөлхтөн тэс өөр бодгаль болж хувирах уу? Цаашид дэлхий дээр хүүхэд төрөх болов уу? гээд бидний айж, хулгасаар ирсэн шинэ цагийн асуудлыг уг бүтээл хөнджээ. Гэхдээ сануулга, сэрэмжлүүлэг бус зохиолчийн бичгийн хэлбэр, өнгө аяс, найруулга нэлээд тайван, тогтуун хэр нь сэтгэлд нэг л зүйлийг эргэлт буцалтгүй үлдээгээд одох мэт хүчтэй нөлөөлөхүйц бичигдсэн нь уг номын онцлог. Төсөөлөлд ч багтамгүй үйл явдлыг, содон өрнөлөөр найруулсан уг бүтээлийг чухам ямар зохиолч, хэрхэн бичиж, ямар санаа түгээх гэснийг уг нийтлэлээр бичье.
Зохиолчийн тухай
Ёко Тавадагийн уран зохиолын ертөнцөд хөл тавьсан түүх 19 настайгаас нь эхлэлтэй. Транс-Сибирийн төмөр замаар Герман руу аялсан нь түүний аж амьдрал, уран бүтээлийн чигийг нь эрс өөрчилсөн алхам болсон юм. Оросын уран зохиолоор бакалаврын зэргээ хамгаалсан Тавада Германд очиж орчин үеийн германы уран зохиолоор магистр, докторын зэрэг хамгаалсан нь түүний зөвхөн бүтээлээ туурвих хэлийг нь өөрчлөөд зогсохгүй сэтгэхүйн орон зайг нь хүртэл улам илүү тэлсэн гэж хэлж болно. Тэрээр Япон болон Герман хэлээр зэрэг бичдэг бөгөөд эхэндээ өөрийн бичвэрийг орчуулагчтай хамтран хоёр хэлээр гаргадаг байсан бол хожим “үргэлжилсэн орчуулга” гэх өвөрмөц арга барилаар, өөрийн зохиолыг хоёр хэлээр зэрэг бичдэг болсон нь сонирхолтой.
Түүний анхны амжилт олсон бүтээл бол “Inu muko iri” хэмээх тууж юм. Энэхүү бүтээл нь 1993 онд Японы нэр хүндтэй Акутагавагийн шагналыг хүртсэнээр Тавадаг уран зохиолын “гол тоглогчдын” нэг болгож танилцуулсан юм. 2012 онд англи хэлнээ “The Bridegroom Was a Dog” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн энэ бүтээл нь соёлын болон хэлний зааг, хүний хэм хэмжээнээс гажих ертөнцүүдийг хошигнол, реализмын хослолоор бичсэнээрээ уншигчдын анхаарлыг татаад зогсохгүй салбартаа ч тэр “шинэ салхийг үлээсэн” гэхэд хилсдэхгүй.
Тавадагийн бичгийн хэв маяг хэлний ялгаа, бодит ба бодит бусын заагийг тасралтгүй сөргөлдүүлдэг онцлогтой. Түүний бүтээлүүдэд аливаа зүйлсийн зааг, ялгааны тухай олон дурдагддаг. Хүн ба амьтны, мөрөөдөл ба бодит байдал, үндэстэн ба гаднын гэх зэрэг олон түвшний хил хязгаарыг давж бичдэг нь сэтгэлгээний шинэ орон зайг уншигчдад нээж өгдөг. Ингэж тэрээр Франц Кафка, Паул Целан (зохиол бүтээлдээ өөрөө олон дурддаг) нарын нэгэн адил уншигчийн дотоод ертөнцийг донсолгож чадахуйц даацтай бүтээл бүхий зохиолч болжээ.
Номын тухай
Токио хотын сүүлчийн хүүхдүүд хэмээн англи хэлнээ орчуулагдсан уг романд Ёко Тавада дэлхийн сүйрлийг бөмбөг дэлбэрэх мэтийн гэнэтийн үйл явдлаар бус хүн төрөлхтөн аажмаар мөхөж буйгаар дүрслэн бичжээ. Бусад улсаас тусгаарлагдаж, мөхлийн хэмжээнд бохирдсон ирээдүйн Япон улсад өндөр настай Ёширо хэмээх өвөө болон түүний эцэнхий ач хүү Мүмэй нар аж төрнө. Энэ төсөөллийн ертөнцөд хөгшид нь улам бүр тэнхээжиж, ой санамж, бие махбод нь цаг хугацаанд үл захирагдан тэсэж байхад, хүүхдүүд нь ид байгаль орчны бохирдлын үед төрсөн тул бие муутай төрж өвөө, эмээгээрээ асруулж, тойглуулна. Дэлхий ертөнцийн жам ёс ч ч эсрэгээрээ эргэж, нас ахих нь орчлонгоос халих дохио бус, эсрэгээрээ залуу байх нь “гаслант” зовлон болжээ.
Зохиолын өгүүлэмж, бичгийн хэлбэр үйл явдалд тулгуурласнаас илүүтэй тунгаан бодож, эргэцүүлсэн шинж чанартайн дээр удаан, тайван амьсгал мэт хэмнэлтэй. Зохиолч Тавада уншигчийг хүчтэй эргэлт, үйл явдлаар татах бус, харин алгуурхан үгсээрээ өөр ертөнцөд аваачна. Японоос гарч орох хөдөлгөөнийг хаасан, гадаадын хот суурины нэрийг чангаар хэлж болохгүй гэх жигтэй хууль мөн орчин цагийн хүүхдүүдийн 90 хувь нь байнга бүлээрэх болсон хачин шинж тэмдгүүд гээд энэ ертөнц тэр чигтээ хачин. Гэлээ гээд бусад дистопик зохиол шиг анхааруулга, айдас төрүүлэм дотор тавгүйтүүлэм биш харин дотроос чимээгүй “чимхэх” мэт аниргүй, хоосон бясалгал мэт өнгө аястай.Уншихад эрхгүй доройтож, сүйрсэн дэлхийг өвлөж авна гэдэг ямар мэдрэмж байдаг бол? гэх асуулт төрнө. Хүн хоорондын харилцаа байхгүй болж хэл устаж үгүй болбол ямар вэ? Зүгээр л хэн нэгнийг асарч, хүлээзнэх нь өөрөө хамгийн чухал үнэ цэн бүхий амьдралын утга учир болж хувирах цагт бид хэнийг хайрлаж, юу үлдээж чадах вэ?
Олон уран зөгнөлт зохиолууд зохиолын өрнөлийг шаталсан байдлаар босгож, төлөвлөдөг бол Тавада өөрийн бүтээсэн уг ертөнцөө будилаантайгаар өрнүүлнэ. Энэ романд оргил цэг гэж үгүй, хариулт, шийдэл ч байхгүй. Харин биднээс аль хэдийн хулжиж эхэлсэн хүн төрөлхтний мөнхийн сэдвүүд болох залуу нас, хүч тэнхээ, хэл ярианы тухай уг бүтээл өгүүлэх болно.
Уншигчийн сэтгэгдэл
Энэ номыг уншсан хэнд ч болов ертөнц гэнэт сүйрэх биш, харин олон арван жилийн хайхрамжгүй, хөнгөн хийсвэр шийдвэрийн дүнд өөрчлөгдөнө гэдгийг ойлгоно. Статистик болон мэдээ баримтууд бодит үнэнийг харуулж болох ч, уран зохиол тэр үнэнийг мэдрүүлдэг шүү дээ. Харин Тавада зохиолчийн хувьд шинжлэх ухааны жижиг тайлбарыг ч тэр уран зохиолын хийсвэрлэлийг ч тэр хооронд нь гарамгай хоршуулж бичсэн нь онцлууштай. Учир нь зарим уран зохиолын номд шинжлэх ухааны үг хэллэг, тайлбарыг хэт хийсвэрлэж, эвгүй, уншихад “сээртэсхийлгэм” өөр бичсэн байдаг нь унших хүслийг дараад байдаг талтай. Үнэндээ уг зохиолд ч тийм л хүлээлт тавьж уншсаныг нуух юун. Гэтэл хэтэрхий гүнзгийрүүлж биш бас хэт хөнгөвчлөлгүй маш тэнцвэртэй бичигдсэн нь онцлог.
Үүн дээр нэмээд зохиолын дүрүүдээр дамжуулан харамсал, айдас, гуниг зовлонгийн мэдрэмжийг “чимээгүй” хэр нь сэтгэлд гүн орж суухуйц илэрхийлсэн нь сонирхолтой:
Энэ өгүүлбэр үйлдлээр дүрсэлбэл сүүрс алдсан өнгө аястай. Залуу насандаа хүн бүр мөнх амьдралын тухай мөрөөдөж, ямар ч асуудал тулгарсан даваад гарна гэж итгэдэг шүү дээ. Гэтэл үхэл гэдэг төгсгөл биш, харин амар амгалан байж болох тухай уг ном ойлгуулах нь хачин. Ер нь уран зохиол л ингэж асуудлыг тэс өөрөөр “харуулж” чаддаг биз ээ.
Уг өгүүлбэрээс л хачин, инээдтэй хэр нь гутармаар өөрчлөлтийг мэдэрч болно. Бид ер нь хэр сайн дасан зохицох чадах вэ? Эцэст нь бид өөрсдийн бүтээсэн бүхнээ мөн өөрсдийгөө танихаа боливол яах вэ? Магадгүй энэ л хамгийн аймшигтай нь байх, мөхөл биш, харин танигдахын аргагүй хувьсан, дасаж буй.
Ёширо өвгөн өөрийн бүх амьдралаараа хадгалж, өсгөж, үр хүүхдүүддээ үлдээх гэсэн мэдлэг, хөрөнгө, өв соёл нь үнэндээ зөвхөн өөрийгөө чухалчилсан бардамнал байсныг ухаарна. Бид ч бас яг тэгж амьдардаг. Өөрийнхөө туулсан, мэдсэн, бүтээсэн бүхнийг ирээдүйд дамжуулах ёстой гэж боддог. Гэвч дэлхий өөрчлөгдөж, хурааж нөөсөн мэдлэг, хөрөнгө тань хуучирч элэгдэхийн цагт “хэрэггүй” болж бас болно.
Өнөөгийн дэлхий ертөнц уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн эмх замбараагүй байдал, сэтгэцийн асуудалтай өсөж буй залуу үеэр дүүрэн. Гэтэл бид яаж ч юм өөр дэлхийг өвлүүлж чадна гэж итгэсэн хэвээр. Харин өнөөгийн асуудалд уг зохиол намуухан боловч асар далайцтай дохио өгч чаджээ.