Шинэ коронавирусийн дэгдэлтээс үүдэн дэлхий даяараа бүгсээр 2020 оныг үдэж байна. Гэрээсээ ажиллаж, ихэнх цагийг гаралгүй өнгөрүүлэх болсон хүмүүс энгийн үеийнхээ илүү хугацааг уншихад зориулах болов. Энэ жил олон гайхалтай бүтээлүүд уншигчдад хүрсэн. Бид номын хорхойтнуудыг урьж, тэр дундаас өөрсдийн үнэлэмжээр шилдэг гэж үзсэнээ нэрлэхийг хүссэн билээ. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Болгооно уу. 

Ex libris + Trust

Бичсэн: Г.Түвшинзаяа (Колумбын их сургуулийн төгсөгч)

Mичико Какутани - Ex Libris

Коллежид байхдаа зундаа кафед ажилладаг байлаа. Өглөө 7:30-аас эхлээд улаан нүдэлсэн хүмүүс кофе нэхэж орж ирнэ. Харин тухайн өдрийн зарах хэвлэлийг яг 7:00-д хүргэж өгнө. Энэ хагас цагийн зайд зарах хэвлэлүүдээ гарчиглаж амждаг байв. Хамгийн сэтгэл догдлон хүлээж уншдаг байсан нь “The New York Times” дээрх Мичико Какутанигийн номын шүүмжүүд. Сайн бүтээлийг яагаад сайн болохыг тултал нь тайлбарлана. Харин муу номыг бестселлэрийн жагсаалт дээр гарч ирэхгүй болтол нь бут ниргэнэ. Лав би өөрийн боловсролын нэлээд хэсгийг Какутанигийн шүүмжүүдээс олж авсан байх.

Олон жилийн турш Какутани гэж зураг нь ч интернэт дээрээс олддоггүй нууцлаг нэгэн байв. 2017 онд харин NYTimes дахь ажлаа хүлээлгэж өгснөөс хойш олон ярилцлага өгч эхэлснээс гадна бүр инстаграм хуудастай хүртэл болох нь тэр. Энэ хооронд тэрээр хоёр ч ном гаргасны сүүлийнх нь энэ жил миний уншсан номуудаас хамгийн таалагдсан нь байлаа. Ex-Libris: 100+ Books to Read and Re-read номдоо Какутани өөрийн санал болгож буй унших ёстой номуудын жагсаалтыг гаргаад тухай бүрд нь яагаад гэдэг богино тайлбарыг өгчээ.

Монголд заавал унших ёстой номууд гээд чамгүй олон жагсаалтууд гарсан. Харамсалтай нь Баабар, С.Молор-Эрдэнэ хоёрын жагсаалтаас бусад нь ямар ч системгүй, жагсаалт хөтөлсөн хүмүүс нь ч өөрсдөө тэдгээр бүтээлүүдээ гүйцэд уншсан эсэх нь эргэлзээтэй. Дэлхий дахинд хэлэлцэгдэж буй олон асуудалд Монголчууд бид дан ганц “язгуурын монгол ухаан”-аараа оролцох боломжгүй. Бид юун түрүүнд дэлхий даяар юу уншиж, яаж сэтгэж байгааг мэдэх шаардлагатай. Какутанигийнх шиг шилдэг бүтээлүүдийг харьцуулж шилсэн хөтчөөр л замчлуулах хэрэг.


Пийт Бүттижэж - Trust

Афганы Кабулын ойролцоо дотроо бараг хот шахам Баграмын агаарын бааз бий. Өмнө Зөвлөлтийн зэвсэгт хүчин ашиглаж байсан, “9-р рот” кино дээр хүртэл гардаг. АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдсөн Пийт Бүттижэж 2014 онд бэлтгэл офицер байхдаа тэнд үүрэг гүйцэтгэсэн. Боловсролтой, дундаж давхаргынхан цэргийн албанаас зугтдаг, ийм байж болохгүй гэж Бүттижэж хэлсэн нь надад их гүн сэтгэгдэл үлдээж билээ. Эцэг Бушээс хойш дайнд оролцсон Америкийн нэг ч ерөнхийлөгч байгаагүй тул Бүттижэж хэлсэн ярьснаараа төдийгүй, хийж бүтээснээрээ гойд ялгарч байлаа.

Түүний энэ оны аравдугаар сард гаргасан Trust (Итгэлцэл) бүтээл нь үнэхээр цагаа олсон гэмээр. Ковид-19-ийн үеэр Монголд гэлтгүй дэлхий даяар төр засгийн гаргасан шийдвэрүүдийг зөв гэдэгт ард иргэд итгэхгүй байх, нөгөө талаасаа ард иргэддээ итгээгүй төр хөл хорионы үеэр пиво зарахыг хүртэл хориглох шийдвэр гаргасан. Төр засаг, ард иргэдийн хооронд итгэлцэл байхгүй болсны уршиг нь энэ. Энэ итгэлцлийг бий болгохгүйгээр нийгмээрээ нэг зүгт харна гэдэг бүтэшгүй зүйл байх.

Бүттижэж Америкийн жишээн дээр итгэлцлийг хэрхэн бий болгох талаар өөрийн хэд хэдэн саналаа номондоо өгүүлжээ. Тэдгээр дундаас надад гойд таалагдсан нь залуусыг нийтийн албанд алба хаалгах санаа. Төрийн байгууллага хэрхэн ажилладаг (бас ажилладаггүй) талаар дотор нь ажиллаж үзээгүй залуус тун буруу ойлголттой байдаг. Нөгөөтээгүүр төрд хэтэрхий удаан ажилласан хүмүүс зэврэх нь бий. Хэрэв залуус ганц жил ч болтугай төрийн байгууллагад орж ажиллаж үзвэл төрдөө итгэх итгэл нь нэмэгдэнэ, төр нь ч залуусын шинэ санаа, санаачилгыг өөртөө шингээж авах юм.

гашуун амт, амтлаг үнэр + сэрсэн монгол + монголыг сэрээсэн ардчиллын салхи

Бичсэн: Я.Баяраа ("Үндэсний тойм" сэтгүүлийн тоймч, "boobooks" паблишингийг үүсгэн байгуулагч)

Х.Нямхишиг - "Гашуун амт, амтлаг үнэр"

Уран зохиолын ирээдүйд итгэл төрүүлсэн бүтээл

Гашуун үнэнийг хэлэхэд, орчуулгын уран зохиолын тэсрэлтийг эс тооцвол (ийм тэсрэлт буддист ном судрын орчуулгыг эс тооцвол манайд өмнө нь болж байсангүй) манай үндэстний уран зохиол өнөөдөр асар унтаа, зогсонги цаг үедээ байна. Энэ нь мөхөл үү, эсвэл их тэсрэлтийн өмнөх нам гүм үү гэж асуухад хүрвэл өөдрөг хариулт өгөхийг хүсэж байна. Уран зохиолын одоо цаг унтаа ч, ирээдүй нь гэрэлтэй байгаа. Ингэж хариулахын нэг шалтгаан нь энэ удаа онцолж буй ном.

Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Хар малгайт овогт Хандхүүгийн Нямхишиг хэмээх хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер залууд энэ хорвоод хийж үзээгүй ажил тун ховор. Тэр ажлуудын дотроос зохиол бичих нь түүний хувь заяаны сонголт гэдгийг “Гашуун амт, амтлаг үнэр" ном батална. Номонд зохиолчийн Турк улсад амьдарч байсан үеэсээ сэдэвлэж, эсвэл сэрж мэдэрсэн уур амьсгал зонхилно. Номоо нэрлэсэн тууж нь реалист бичлэгтэй агаад дүрийн боловсруулалт, өгүүлэмжийн ур нь тун сонирхол татахуйц. Харь холын ислам шашинтны тосгонд аж төрөх бүсгүйн түүх гэх атлаа ажин түжин, ирээдүй нь тодорхой бус монгол суурингуудад залуу нас, гоо үзэсгэлэн нь гундаж буй бүсгүйчүүдийн хувь тавиланг шимширтэл санагдуулах бүтээл. Х.Нямхишиг нь яруу найраг болон яруу найргийн тухай эсээний таван ч түүвэр хэвлүүлсэн, турк хэлнээс яруу найраг орчуулдаг уран бүтээлч. Ирэх онд түүний орчуулсан Туркийн суут яруу найрагчдын шоронд бичсэн шүлгийн цоморлогийг “boobooks” хэвлэлийн газраас эрхлэн гаргахаар бэлтгээд байна.

Ирья Халаш - "Сэрсэн Монгол", Кудо Миёоко "Монголыг сэрээсэн ардчиллын салхи"

Өөрчлөлтийг өрөөлийн нүдээр харахуй

Энэ жил уг нь Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиосон юм. Ардчилсан хувьсгалын гол үр дүн болох эрх чөлөөт, Үндсэн хуульт нийгэмд бид амьдарч буй. 30 жилийн алдаа оноогоо шүүмжлэн хэлэлцэх завгүй улс даяараа сонгуульдсаар өнгөрөөсөн 2020 онд ардчилсан хувьсгалын тухай харь орны бүсгүйчүүдийн бүтээсэн хоёр ч ном Монголд мэндэллээ.

1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын талаар мэдээлэл, гэрэл зургуудыг "Ройтерс" агентлагаар дамжуулан дэлхий нийтэд анх түгээсэн хатагтай Ирьяа Халаш “Сэрсэн Монгол” төслөө өнгөрсөн онд эхлүүлэв. Уг төслийн хүрээнд гэрэл зургийг үзэсгэлэн болон цомог хэвлэгдсэн. Би 80 насалмаар байна. Гэхдээ маргааш ч амьд байх үгүйгээ мэдэхгүй учраас өнөөдөр энэ ардчилал хэрхэн өрнөж байсныг гэрэл зургуудаа дамжуулан хүргэхийг зорилоохэмээн ярьсан Ирьяа Халашийн цомгоос нийгмийн их өөрчлөлтийн өмнөх социалист Монголын дүр төрх, эрх чөлөөний төлөө улс орон даяараа тайван замаар хэрхэн тэмцсэнийг хойч үе нь харж болно.

Оны төгсгөлөөр Япон улсад элчин сайдаар сууж байсан, ардчилсан хувьсгалын партизануудын нэг Ч.Куланда японы сэтгүүлч Кудо Миёокогийн Ардчилсан хувьсгалын эхэнд бичсэн “Улаанбаатар зочид буудал” номыг монгол хэлнээ орчуулж “Монголыг сэрээсэн ардчиллын салхи” нэрээр хэвлүүлэв. Уг номоос ардчилсан өөрчлөлтийн өмнөх Монгол орны ахуй амьдрал, хүмүүсийн хандлага, ертөнцөөс таслагдсан байдлыг баримтат сэтгүүлчийн нүдээр гярхай ажиглан бичсэнийг уншиж болно. Социалист нийгмийн үед бүх зүйл диваажин байсан, ардчилсан өөрчлөлт хэн нэгний түлхээс найруулгаар хийдсэн жүжиг мэтээр ярьж, түүнд нь итгэж суусан мөчрөө хөрөөдөж суудаг хүмүүс энэ номыг уншихад гэмгүй.

The alchemists: three central bankers and a world on fire

Бичсэн Б.Дашням (Бизнесийн шинжээч, орчуулагч)

Нил Ирвин - "The Alchemists: Three Central Bankers and a World on Fire"

2020 он хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг өөрчлөхүйц онцлог жил болж өнгөрлөө. Оны эхэнд Ковид 19-ийг цар тахал хэмээн зарласнаар бид их хямралтай нүүр тулах нь гарцаагүй болсон. Тиймээс ч с “Алхимичид: Төв банкны гурван тэргүүн ба түймэрт автсан дэлхий” номыг эргэн уншихаар шийдсэн. "Washington Post" сонины эдийн засгийн тоймч Hил Ирвин 2009 оны санхүүгийн хямралын үеэр Европ, Англи, АНУ-ын төв банкны удирдлагууд хэрхэн хамтран ажиллаж, эдийн засаг бүрэн сөхрөхөөс аварсныг маш энгийнээр тайлбарлан бичжээ. Ингэхдээ тухайн үед ажиллаж байсан банк, хүнд байдалд орсон санхүүгийн байгууллагын удирдлагатай хэдэн зуун удаагийн ярилцлага хийж, шийдвэр гаргалтыг яг дэргэдээс нь харж суусан хүмүүсийн нүдээр харах боломж олгосон нь таалагдлаа.

Малкольм Гладвэлл - "Talking to Strangers"

Нэмж дурдах сонирхол татсан ном бол "Blink", "Outliers" зэрэг номоороо танигдсан Малкoльм Гладвэллийн "Танихгүй хүмүүстэй ярилцах нь" ном байлаа. Гитлертай уулзаад аядуу зөөлөн хүн байна гэж эндүүрч дүгнэсэн хүнээс эхлээд Фидель Кастрогийн хэрхэн тагнуулын төв товчооноос хэдэн арван жил бултсан түүх хүртэл сонирхолтой жишээгээр анхны сэтгэгдэл хэчнээн буруу байдгийг, яаж хүнийг танихыг сонирхолтойгоор тайлбарлан бичсэн байна. Хөр хорионоос гарч нийгмийн амьдралдаа эргэн орохын өмнө заавал уншаарай.

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал + неолиберал бодлогыг бүтээхүй + Миний л харгуй 

Бичсэн: Ч.Бат-Уянга ("Улбар" паблишингийг үүсгэн байгуулагч, эрх зүйч)

Урадын Э.Булаг - “Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал”

Ястан, угсаатан, үндэстэн, үндэсний зэрэг нэр томьёоны агуулга юу юм? Цаана нь буй агуулгад зөвшилцөж нэгдэж, ангиллыг эрх зүйн хувьд маш тодорхой болгох нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд нэмэртэй байж болох талаарх зохиогчийн байр суурь, түүнийг хэлэлцсэн монгол судлаач, эрдэмтдийн хэлэлцүүлгийг эмхэтгэсэн бүтээл. Зохиогчийн дээрх нэр томьёонуудыг тодорхойлж буй өнцөгтэй санал нийлэх, эс нийлэх нь тусдаа хэрэг. Халх нь халхаараа, буриад нь буриадаараа байх ч түүнийг ястан, угсаатан эсхүл үндэстэн гэж ангилснаар ямар эерэг, сөрөг үр дүнд хүргэж болохыг бодчиход гэмгүй.

Д.Бум-Очир - “Неолиберал бодлогыг бүтээхүй: Монгол дахь төр, олон нийтийн хөдөлгөөн хийгээд алтны уурхай"

Хүн өөрийн мэдлэг, туршлага, нийгмийн хүрээлэл зэрэг олон нөхцөлөөс хамаарч туулах зүйлсээ туулах боловч амьдран буй нийгмээ бүрэн ойлгож чаддаггүй. Ойлгоё гээд уншвал нийгмийн салбарын судлаачдын судалгаа маш нэмэртэй. "1990 оноос хойш Монголд юу болов?" гэх асуултад маш өргөн хүрээнд хариулт авч болохуйц бүтээлийн нэг нь Д.Бум-Очирын энэ ном. Яг юун тухай ном болох талаар агуулгыг цөөн үгэнд тайлбарламгүй. Агуулгаас гадна судлаачийн арга барил, бичлэг, номын бүтэц зэрэг хэлбэр нь залуус бидэнд сурах бичиг шиг байв. Мөн либерализм, неолиберализм, Монгол төр, Монгол дахь олон нийтийн хөдөлгөөн, алтны уурхайн талаарх агуулгыг сүүл үеийн, шинэчлэгдсэн байдлаар нэг дороос уншиж буй нь давуу тал.

Н.Жанцанноров - “Миний л харгуй”

Юун түрүүнд Нацагийн Жанцанноров гэж хүний намтраас хүлээлт өндөр байв. Хүлээлт, төсөөлөлд хараахан хүрээгүй ч нэгэнт 1990 оноос өмнөх, дараах нийгмийн томоохон төлөөлөл болсон хүн, хүн хүндээ урлагийн нэгний туулсан амьдрал учраас сонирхолтой. Социализмын болоод одоогийн энэ цаг үед үндэсний өв соёл, уламжлалаа амин шинжээр нь авч үлдэхийн төлөө урлагийнхан юу хийсэн бэ, юу хийж байна гэх асуултад одоо цагт төдийгүй ирээдүй цагт энэ ном эх сурвалж болох биз ээ.

Л.Нямдорж - “Миний муухай ногоон хамар

Энэ онд шинээр гарсан хүүхдийн олон номоос надад болоод хүүхдүүдэд минь хамгийн таалагдсан ном. Насны ангиллын хувьд 3-10 нас болов уу. Үл ялгаварлах, бусдыг, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах, тэгш эрхийн агуулгыг хүүхдэд хүргэх амаргүй. “Миний муухай ногоон хамар” ном энгийн амьдралаас хол, түг таг хийсэн үг хэллэг огт ашиглалгүй агуулгаа хөнгөхөн хүргэчихсэн учраас хүүхдэд таалагдсан байх. Зураач, зохиолч нь нэг хүн гэдгээрээ энэ бүтээл онцлог. Монгол хүүхдийн зохиолд өөрөө бичиж, өөрөө зурдаг хүн нэмэгдсэнд баяртай байна.

Young mongols + this is how you lose the time war 

Бичсэн: Б.Наранцогт (Америкийн Монгол судлалын төвийн олон нийтийн харилцааны зохицуулагч)

Обри Мэнард - Young Mongols: Forging Democracy in the Wild, Wild East

Монгол Улсад байгалийн баялгийн хараал, Улаанбаатарт хот төлөвлөлтийн асуудал нүүрлээд буйг бид мэддэг, дор бүрнээ санаа зовнидог билээ. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө хэн бүхнээс илүү ажиллаж, шийдэл гаргаж, хэрэгжүүлэхээр явж буй залуучуудаа бид хэр ойшоодог билээ? Энэ асуултад америк зохиолч Обри Менард эл баримтат бүтээлээрээ хариулжээ. Монголын тухай гаднын зохиолч бичсэнийг уншихдаа өнгөц дүгнэсэн, өөрийн үзэл бодлыг монгол соёл мэтээр бичсэн, наад зах нь монгол үгийг зөв хөрвүүлээгүй зэрэгт уншигч авхай надтай адил цухалддаг байх. Тэгвэл энэ номонд Обри Менард нямбай судлаач, сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж маш олон монгол залуусыг яриулан, гаднынханд монгол соёл, заншлыг "ба бэ"-гүй тэмдэглэж тайлбарласан, бас гаргасан санаа болгондоо олон эх баримтаар зүүлт хийж нэгтгэн бичсэн нь үнэхээр сайшаалтай. Энэ ташрамд миний бие эл номын зохиолчтой хамтран монгол залуусын дунд англи монгол хэлээр богино өгүүллэгийн тэмцээн зохион байгуулж, шалгарсан өгүүллэгийн түүврийг орчуулан гаргаж байгаагаа дурдъя. Дэлхий Монгол Улсыг Чингис хаан, эрт үеийн нүүдэлчдээс өөрөөр харах хэрэгтэй болсныг “Залуу монголчууд” болон удахгүй гарах “Орчин цагийн Монголоос илгээв” өгүүлэгийн түүвэр харуулах буй за гэж найднам.

Амар Эль-Мохтар, Макс Глэдстоун - "This is How You Lose the Time War"

Хүн төрөлхтний хамгийн хөдлөшгүй хууль болох учир шалтгаан-үр дагаврын хэлхээг зөрчих боломжийг цаг хугацааны аялал амладаг. Уг зохиолд хоёр том гүрэн түүхээ өөрчлөх гэж дайчдаа өнгөрсөн рүү илгээж цаг хугацааны дайн хийнэ. Энэ дайнд Цэнхэр, Улаан гэх хоёр дайсан бие биенийхээ тавьсан урхинаас мултарснаа мэдүүлсэн зурвас хоёр биедээ үлдээнэ. Гэхдээ эдгээр нь жирийн зурвас биш. 9,000 гаруй хэсэг болж салаалсан цаг хугацааны аялал дунд маш сонирхолтой үйл явдал өрнөх болно. Улаан Их Монгол гүрний үед ч очиж даалгавар гүйцэтгэх бөгөөд Цэнхэр Тэмүүжинтэй багын найз гэж хэлэх нь ч бий.

Цагаан цайз + We have no idea: A guide to unknown universe  

Бичсэн: Б.Болор-Эрдэнэ (Trends.mn-ийг үүсгэн байгуулагч)

Орхан Памук - “Цагаан цайз

“Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын хүн ард бүгд өөр хоорондоо адилхан гэдгийг ойлгохын тулд хүн заавал падишах болох ёстой юм уу?"

“Хүн сонгосон амьдралаа хожим хүлээн зөвшөөрөхийн тулд чин сэтгэлээсээ хайрлах учиртай гэдэг дээ, би ч түүний энэ амьдралыг тэгж л хайрлаж байв.” Хүн бусдын амьдралыг өөрийнх шигээ хайрлаж чадах уу, тийм боломжтой юу? Эсвэл хоёр хүн бүх амьдралаа, сүнсээ, нэрээ, нүүр царайгаа нэгмөр солилцох боломжтой юу? Хоёр соёл ба хоёр газар, эсвэл ер нь ямар ч хоёр хүний дунд хэзээ ч арилахгүй ялгаа оршин байдаг уу? Эсвэл оршин байдаг гэж боддог нь бидний төөрөгдөл үү? Декартын дахин дахин асуусан "Би зүүдэлж байгаа юм биш биз?" хэмээх мөнхийн асуулт. Хоёр хүн хээвнэг солигдож болох мэт, хоёр хүн, хоёр орон гэдэг үнэндээ нэг мэт. Эго, би, эх орон, ялгамжит чанар зэрэг мөнхийн сэдвүүдийг түүхэн агуулгад буулгасан хэр нь түүхэн бус, төсөөллийн мэт яруу сайхан бичигдсэн Памукийн энэ зохиол миний 2020 оны уншлагын ноён оргил байлаа. Гайхалтай сайхан!

Хорхе Чам, Даниэл Уайтсон - “We Have No Idea: A Guide To Unknown Universe

Цар тахлын нөлөөгөөр 2021 оноос хойш дэлхий дахины улс төр, эдийн засаг төдийгүй хувь хүний амьдрах хэв маяг үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай боллоо. Тэр утгаараа аливааг эргэж харах, бүр уг сууриас нь ухах хэрэг гарч, 10 жил, их сургуулиас хойш сөхөж хараагүй физик рүү хүртэл буцлаа. Ертөнц гэдэг гайхамшиг. Тэр утгаараа ертөнцийн хуулийг судалдаг физикийн шинжлэх ухаан бас гайхамшиг юм. Гэхдээ мэргэжлийн бус хүн бол "аймаар" шинжлэх ухаан. Яг тэр “аймаар”-ыг хялбаршуулж, бас их хөнгөн хөгжилтэй хэлбэрээр Хорхе Чам, Даниэл Уайтсон нарын бичсэн “We Have No Idea: A Guide To Unknown Universe” номыг онцолмоор байна. Ганцхан жишээ татахад, бидний мэдэх бүх бөөмс, энерги нийлээд ертөнцийн ердөө таван хувь. Хүмүүн бид бүгд нийлээд нийлээд сав шим ертөнцийн таван хувийг л нээж мэдсэн хэрнээ (тэр нь ч мэдэгдэж танигдаагүй маш олон нууцыг агуулна) ганц биеэр туулж мэдсэнийгээ абсолют үнэн гэж бат итгэдэг тийм төрөл аж. 2021 онд та тийм харанхуй итгэл, төөрөгдлөөс гэтлэхийг хүсвэл ирэх оны эхний уншлагаараа энэ номыг сонгоорой.