Ном бүтээгсэд, номын хорхойтнуудыг урьж оролцуулдаг "Номтой яриа"-гийн ээлжит дугаартаа бид Японд байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид ахлах мэргэжилтнээр ажилладаг Б.Болорчимэгтэй ярилцлаа. Хоккайдогийн их сургуульд байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, заримдаа англи хэлээр шүлэг тэрлэдэг түүнийг өнөөдөр бид сайн уншигчийн хувиар танилцуулж, номын тухай яриа өрнүүлсэн нь энэ.

Зочны сошиал хуудсууд: Инстаграм, Фэйсбүүк


ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ? 

Юуны өмнө энэ сонирхолтой буландаа намайг сайн уншигч хэмээн "тоож" оролцуулж буйд талархаж байгаагаа хэлье. Өөрийн олж мэдсэн багахан зүйлсээс хуваалцъя гэж бодож байна.

Ер нь уран зохиолын ном түлхүү уншдаг. Баримтат ном мэдээж уншина, гэхдээ өндөр шалгууртайгаар сонгож уншдаг. Яг одоо уншиж байгаа номууд гэвэл Льюс Хайдын “The Gift: Creativity and the Artist in the Modern World”, саяхан өөд болсон сэтгүүлч, зохиолч Жоан Дидионы 1960-аад оны үед бичсэн эсээний цуглуулга болох “Slouching Towards Bethlehem”. Льюс Хайдын энэ ном хүн болгонд таалагдах байх гэж бодож байна. Тэрээр МакАртурын шагналт, бичгийн хэв маягийн хувьд үнэхээр түмэнд бишрэгдсэн нэгэн юм билээ. Жоан Дидион мөн адил маш чадварлаг эсээч. Иймэрхүү төрлийн ном унших нь уншигчийн түвшинг богино хугацаанд ахиулдаг гэж боддог. Сүүлд Монгол явж ирэхдээ Дарма Батбаяр гуайн хэдэн номыг авсан. Мөн Говийн догшин ноён хутагт Данзанравжаа харсан зүг болгонд гарч ирээд байгаа болохоор, энэ агаа хүний талаар илүү ихийг судалж мэдэхийг хүсэж байгаа.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Надад хамгийн ихээр нөлөөлсөн ном бол Жулиа Камероны “The Artist’s Way”. Энэ номын ачаар тууштай тэмдэглэл (journaling) хөтөлж сурсан. Хааяа дахин сэргээж уншдаг.

Бас нэгэн зохиолчийг дурдахгүй өнгөрч болохгүй. Жон Стейнбэкийн “Уур хилэнгийн үр жимс” роман болон уг номыг бичих явцдаа хөтөлж байсан “Working Days: Journals of the Grapes of Wrath” номыг байнга дэргэдээ байлгадаг.

Тэрээр анх уг зохиолд гардаг үйл явдлыг сурвалжлахаар явахдаа “L’affair Lettuceberg” хэмээх нэртэй номыг бичиж дуусгасан хэдий ч сэтгэлд нь хүрээгүй тул хэвлэхээс татгалзаж, бүгдийг шинээр бичсэн байдаг. Би докторынхоо гуравдугаар курст уг тэмдэглэлээс маш их эрч хүч, урам зоригийг авч байсан. Жон Стейнбэк энэ тэмдэглэлдээ номоо бичих үйл явцдаа мэдэрч байсан бүхий л зүйлсээ буюу ажлаа хойш нь тавих, өөртөө эргэлзэх, айх эмээх зэрэг бодол, мэдрэмжүүдээ чин үнэнээр нь бичсэн байдаг. Энэ тэмдэглэлийг өөртөө олж нээсэндээ одоог хүртэл их олзуурхаж явдаг.

Нөлөөг нь их хүртсэн гэхээс илүүтэйгээр тун амтархаж уншиж байсан номуудын маань нэг бол Жак Кюрүакийн “On the Road”. Түүний бичгийн хэв маяг (poetic prose) надад маш их таалагддаг. Номыг нь уншчихаад киног нь үзэж байсан. Сэтгэл дундуур үлдэх байх гэсэн хүлээлттэй байсан ч кино нь зохиолоосоо ангид урлагийн бүтээл болсон шиг санагдсан.

Мөн хамгийн хайртай номуудын маань нэг бол Антуан Де Сент-Экзюперигийн “Бяцхан хунтайж”. Бага байхдаа байнга уншдаг байсан ч том болоод бүр ч нандигнан хайрладаг болсон.

 НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Цаг хамгийн хязгаарлагдмал нөөц болохоор номоо маш хянуур сонгож уншдаг. Тиймдээ ч уншсан номуудынхаа дийлэнхэд сэтгэл хангалуун байдаг. Хамгийн буруудахгүй арга гэвэл дуртай зохиолчдынхоо санал болгосон ном, зохиолчдыг судалж сонгох. Мөн хүмүүсийн юу уншиж байгааг байнга сонирхдог. Заримдаа гэнэтийн санаанд оромгүй тохиолдлоор олж мэдсэн ном зохиолыг уншихад хамгийн амттай байдаг. Мөн “The Marginalian” блогоос санаа их авдаг.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ? 

Мэдээж яг номоо барьж мэдэрч унших нь хамгийн таатай. Гэхдээ электрон хувилбараар буюу Kindle-ээр ихэнх номоо уншдаг болчихсон. Kindle-ээр уншихад тэмдэглэл хийх, тэмдэглэлээ хайх маш хялбар. Ер нь гадаад хэлээр уншихад их хэрэг болдог.

Метро, галт тэргээр зорчиж явах үедээ байнга ном уншдаг. Ажилд орсон анхны жилдээ Японы Йокохама хотоос Токио хүртэл цаг гаруй галт тэргээр зорчдог байх үедээ энэ дадлыг суулгахыг хичээсэн. Замдаа их ядардаг байсан ч өдөрт хоёр цаг ном унших боломж гарч байна хэмээн номоо уншсаар "Дайн ба энх"-ийг нэг мэдэхэд л дуусгасан байсан. Аудио хэлбэрээр заримдаа сонсдог. Гэхдээ аудио ном уншиж байгаа хүнээс их шалтгаалдаг. Тухайлбал хоолой, уншиж байгаа байдал нь таарахгүй тохиолдол цөөнгүй гардаг. Аудио ном гэснээс, багадаа эгчээрээ "Синдбад далайчны адал явдал"-ыг уншуулдаг байсан минь ой тогтоолд тод томруун үлдсэн байдаг. Одоо ээжээрээ (хол байгаа учраас) Анна Каренинаг утсаар уншуулж байгаа (номыг бэлэглэсэн Саруул эгчдээ баярлалаа).

Ном уншиж байхдаа тухайн зохиолчийнхоо талаар нэвтрүүлэг, ярилцлагуудыг үзэх дуртай. Энэ нь номондоо илүү гүн ороход, номоо илүү шимтэн уншихад нөлөөлдөг шүү.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Бичих дуртай хүмүүст санал болгох хэдэн ном бий: Анне Ламоттын “Bird by Bird: Some Instructions on Writing and Life”. Тэрээр "creative writing" буюу бүтээлчээр бичихүйн хичээл заадаг. Маш шооч хүн болохоор энэ номыг уншиж байх үед заримдаа стандап комеди үзэж байгаа юм шиг инээсээр байгаад л таарсан. Анн Патчеттын “This is the Story of a Happy Marriage” ном, тэр дундаа “The Getaway Car: A Practical Memoir about Writing and Life” нэртэй эсээг бичих дуртай хүн болгонд санал болгоё. Анн Патчетт гар утас, зурагт болон стриминг, сошиал медиа зэрэг орчин цагийн хүн болгоны байнга хэрэглэдэг зүйлсийг ер хэрэглэдэггүй. Ихэнх цагаа бичиж туурвих, уншихад зориулдаг нь бичиж байгаа зүйлээс нь илт харагддаг. Тиймээс ч уншихад маш урамтай.

Ажил мэргэжилд минь ойр нэгэн номыг заавал дурдахыг хүслээ. Энэ бол өнөө цагийн байгаль орчны хөдөлгөөнийг эхлүүлсэн Рэйчил Карсоны “Silent Spring”. “Brain Pickings” нэрээр хүмүүст алдаршсан “The Marginalian” блогийг хөтлөгч Мариа Поповагийн “Figuring” номын гол дүрүүдийн нэг нь Рэйчил Карсон байсан нь энэ номыг бүр ч их хайрлах шалтгаан. “Figuring” бол үнэхээр нэвтэрхий толь шиг л бичигдсэн ном. Нэг нүүрийг уншихад л тоолж барамгүй олон эш, сурвалж (reference) агуулагдсан байдаг.

Рэй Брадбуригийн “Fahrenheit 451”, Курт Воннегатын “Mother Night”, Г.Г.Маркезын “Зуун жилийн ганцаардал”, А.С.Пушкины “Евгений Онегин”, М.А.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, Сандра Сиснеросын “The House on Mango Street”, Халед Хоссейнигийн “A Thousand Splendid Suns” зэрэг зохиолыг хүн болгонд санал болгомоор байна. Элизабет Гилбертын “City of Girls”-ийг бас дурдъя. Эмэгтэйчүүдийн хоорондын харилцааг сэтгэлд сэрхийтэл дүрсэлж чадсан зохиол шиг санагддаг.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Хэзээ нэгэн цагт зориг хүрвэл шүлгийнхээ түүврийг гаргаж магадгүй юм. Мөн хүүрнэл зохиолоо ч гаргахыг хэн мэдэхэв.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Хэдий хүмүүсийг уншиж байгаа номоор нь дүгнэдэггүй ч гэсэн (хүн хүссэн зүйлээ л хийх ёстой), сайн бичигдсэн ном сонгож уншдаг байгаасай гэж хүсдэг. Ялангуяа жинхэнэ арт болон арилжааны арт хоёрыг ялгаж салгаж унших хэрэгтэй гэж боддог. Бүх номыг уншигч та таалах албагүй ч гэсэн, энэ хоёрын үнэ цэнийн ялгааг мэддэг байхад илүүдэхгүй. Тиймээс Льюс Хайдын дээр дурдсан номыг дахин онцолмоор байна.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

Миний мэдэх хүмүүсээс хамгийн их ном уншдаг найз минь болох Светаг хариулаасай гэж хүсэж байна.