"Номтой яриа" булангийн энэ удаагийн дугаарт "Unlimited Media Group"-ийн ерөнхий редактор, нийтлэлч, уран зохиол судлаач У.Бямбанямыг урилаа. Тэрээр их зохиолч Д.Нацагдоржийн Өрнө дахинд суралцсан түүхээр дамжуулан амьдрал, уран бүтээлийн замналыг нь хүүрнэн өгүүлсэн "Найрагчийн мөрөөр" медиа төслийг санаачлан хэрэгжүүлж цуврал нийтлэлээ хүргэсэн бол баримтат кино нь Монголын телевизийн томоохон сувгуудаар гарсаар буй. У.Бямбанямын "Цаг хугацаа хэлнэ" уран зохиолын эсээ ном нь залуу уншигчдад дэлхийн болоод Монголын орчин үеийн уран зохиолын талаар цэгцтэй ойлголт өгсөн, ширээний ном болохуйц бүтээл билээ. 

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Уран зохиол, бас баримтат бүтээлүүд. Уран зохиолыг оюутан байхдаа баруун солгойгүй уншдаг байлаа. Одоо бол хаанаас, ямрыг нь уншихаа мэдэх болсон хойно багасгасан. Харин сайн бичсэн, уйтгартай нуршуу биш, хэлбэрийн хувьд сонирхолтой баримтат номнуудаас татгалзахгүй. Дээр нь архивын баримтууд сонирхож байгаа. Хамгийн сүүлд номын яармагаас Мигель де Сервентасын “Кихот ноён”-ыг авсан. Бүр хуучин хэвлэлийг нь 10 мянгаар авсан шүү, азтай. Өөрийнхийгөө хулгайд алдаад халаглаж хэдэн жил явсан юм. Милан Кундера “Роман туурвихуйн урлаг” гэдэг номдоо романы тухай яриаг “Кихот ноён”-оос эхлүүлэх хэрэгтэй хэмээсэн байдаг. Бас “Найрагчийн мөрөөр” төслийнхөө дагуу Мэргэн гүн Гомбожавын намтрыг уншиж байна. Монголын толгой сэхээтний нэг байсан энэ хүний амьдрал маш гунигтай төгссөн.

Нэмээд Хятад гаралтай Америкийн зохиолч Ха Жины нэг романыг уншиж байгаа. Ер нь зэрэг уншдаг дадал суучихсан учраас тэрийг уншчихаад тэрийг гэдэггүй юм даа.

Танд ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Оюутан байхдаа хоёр удаа номноос маш хүчтэй мэдрэмжийг авсан юм байна. Яруу найргаас бол Т.Содномнамжилын “Огторгуйн очир” түүвэр надад хүмүүсийг ойлгох ууч, уужим байхуйн тухай ойлголтыг суулгаж өгсөн гэж боддог. Одоо хааяа авч сөхдөг. Дорнын сонгодог хэлээр бичсэн тэр шүлгүүд амьдралыг маш энэрэнгүйгээр учирлан ойлгуулдаг шүү. Нөгөө нь орчуулагч Д.Дашмөнхийн орчуулсан “Үхлийн тууриуд” өгүүллэгийн түүвэр. Уншсаныхаа дараа орчуулагч руу нь имэйл хүртэл бичиж байлаа. Бараг л амьд яваад хэрэггүй гэж бодтол гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Учир нь, тэр номд багтсан бүх өгүүллэг үхлийн тухай. Ийм эрс тэрс хоёр ном санаанд орж байна. Сүүлд “Тагтаа”-гаас “Хугацаан доторх хугацаа” гэдэг ном гаргасан. Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүрдсэн энэ номыг ширээнээсээ салгадаггүй. Бүтээлч байдал, сэтгэлийн хат, амьдралын эгэл төрхийг байнга сануулдаг болохоор тэр.

Номоо хэрхэн сонгодог вэ?

Одоо бол юуг, яаж сонгох нь тов тодорхой. Юу уншихаа мэддэг болсон гэсэн үг. Тэгэхээр одоо л уншигч болж байгаа юм уу даа. Уншихыг хүссэн, эсвэл судалгаанд хэрэгтэй номнуудаа тэмдэглэж байгаад цуглуулдаг. “Цаг хугацаа хэлнэ” ном маань дууссан. Тиймээс нэмж, засварлаад дахин хэвлэх үү, эсвэл зүгээр орхих уу гэдгээ мэдэхгүй байна. Ямартай ч энэ номд ороогүй атлаа уншигчдад хүрвэл хэрэгтэй гэж бодсон нэрсээ жагсааж байгаа. Монголын уран зохиолоос бас хэдэн хүн нэмж оруулах санаатай.

Номыг ямар байдлаар, яаж уншдаг вэ? 

Хүмүүст үнэмшилтэй сонсогдохгүй ч таксинд хамгийн сайн төвлөрдөг. Олон удаа түгжрэл дунд таксинд уншиж үзсэн. Улаанбаатарт энэ тийм ч хэцүү ажил биш. Миний бичих гэж оролдсон нэг өгүүллэгийн дүр өдөр бүр хот дотуур автобусаар дэмий сэлгүүцэн ном уншдаг тухай гардаг. Даанч надаас өөр хүн уншаагүй эд л дээ.

Цагийн хувьд өглөөгүүр, эсвэл гэрт хэн ч байхгүй үед, орой ганцаараа үедээ ихэвчлэн уншдаг.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Англи хэлт уран зохиолыг, Оросын утга зохиолыг бид чамгүй мэддэг боллоо. Одоо Дорно руугаа эргэж хараасай гэж хүсдэг. Бид Өрнө, Дорнын зааг дээр шахуу байж Дорнын соёлыг, Дорнын хүмүүсийг бага мэддэг болсон санагддаг шүү. Энэтхэг, Япон, Солонгос, Хятадын орчин үеийн уран зохиолоос уншмаар байна. Мэдээж бас үндэсний утга зохиолоо номын дэлгүүрийн борлуулалтын лангуунаас давж хармаар санагддаг. Цөөн ч унших юм бий. Барууны зохиолчдын нэр сүрэнд бүдрээд баймгүй санагдана. Энэтхэгээс Викрам Сэт, Арундати Рой, Салман Рушди, Хятадаас Ха Жин, Ян Лианкэ гээд олон зохиолч байна.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Улс төрийн роман. Гэхдээ буруугаар ойлгох вий. Дисутопи, 1984 шиг биш шүү. Монголын туулж ирсэн замналыг орчин цагийн асуудлуудтай сүлсэн улс төрийн егөө роман баймаар санагдаж байна. Манайд улс төрийн роман байхгүй. Харин төрийн түүхийг бичсэн роман бол бий. Тиймээс энэ төрлийг сонирхох байх. Магад Ж.М.Күтсигийн “Ичгүүр” шиг ч юм уу, арай зөөлөн амтагддаг гэвэл “Цас” шиг байж болно.

Номтой холбоотой хэлмээр санагддаг зүйл? 

Номын тухай нийтлэг ойлголтоос арай өөр зүйл хэлмээр санагдлаа. Уншигч гэдэг үсэг бичиг мэддэг бүхнийг хэлэхгүй байх. Уншигчийн боловсрол гэж тусдаа ойлголт хүртэл бий. Би юу уншихыг хүсэж байна, юу ойлгохыг хүсэж байна гэдгээ ядаж мэддэг байх хэрэгтэй. Тэгээд тэндээс юу олж авахаа бас мэддэг. Харин зугаацах гэж, цаг нөхцөөх гэж, бусдыг дуурайж унших бол өөр асуудал. Тиймэрхүү уншигчид номын утгыг 30 хувьтай ойлгосон байдаг гэсэн нийтлэл уншиж байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй. Тиймээс одоо уншигчийн тухай ярьж эхлэх хэрэгтэй байх. Хэдийгээр юу унших нь хувь хүний хэрэг ч хэвлэлийн газар, зохиолчид, хэвлэн нийтлэгчдийн хувьд уншигчаа бэлдэх нь нэг талын үүрэг.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

“Орчин цагийн хятад яруу найраг” номын орчуулагч Нац.Энхбаяр, яруу найрагч Г.Лхагвадулам нараас номын дуу сонсмоор байна.