Энэ удаагийн дугаартаа "Цэвэрхэн саруулхан газар", "Харь гаригийн өгүүллэгүүд", Эдогава Рампогийн "Хүн сандал", "Сүүдэрт гэтэх албин" зэрэг өрнө дорнын шилмэл тууж, өгүүллэгийн түүвэр эмхэтгэн орчуулсан, Монголын зохиолчдын эвлэлийн "Алтан өд" шагналт орчуулагч, зохиолч Д.Дашмөнхийг урилаа. Адал явдалт зохиолын орчуулгаараа уншигчдын талархлыг хүлээсэн тэрээр саяхан Рэй Брэдберигийн "Фаренхайтын 451 хэм" романыг хөрвүүлэн гаргасан билээ.  

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ? 

Тухайлсан зүйл байхгүй. Би уран зохиол, баримтат болон намтар номууд, гүн ухааны болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номууд их уншдаг. Яруу найраг тун бага уншдаг болсон. Харин хувь хэрхэн хөгжих тухай заавар зөвлөгөөтэй номуудыг огт уншдаггүй, чаддаггүй. Одоо бол Б.Наминчимэдийн "Хөх илдний очис" гэдэг зохиолыг уншихаар завдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Монголд сууж байсан КГБ-ын төлөөлөгч Всеволод Радченко гэдэг хүний "Гол мэргэжил тагнуулч" гэдэг дурсамжийн номыг уншлаа. Ц.Гомбосүрэн гуайн тун сайн орчуулга байв.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Өсвөр насандаа уншсан номууд юм болов уу гэж санаж байна. Тухайлан нэрлэх ном алга. Бичиг үсэг сураад анхлан уншсан үлгэрийн ном маань Б.Ринчен гуайн монгол хэлнээ буулгасан "Синдбад далайчны үлгэр" байв. Найман настай хүүд их л хүсэл мөрөөдөл ургуулсан санагдана. Ингээд нэг хэсэг үлгэр түүж уншдаг байв. Түүнээсээ ахиад уран сэтгэмжийн зохиолууд хайж уншдаг болов. Лав 1990 оноос өмнө монгол хэлээр хэвлэгдсэн бүх уран сэтгэмжийн (манайхан уран зөгнөлт гээд байдаг, би түүнтэй санал нийлдэггүй) номуудыг монгол, гадаадгүй түүж уншсан. Дагаад детектив, түүхэн гээд өргөжсөн. Одоо ч мөн ялгаагүй, уран гоё адармаатай сэтгэлгээтэй зохиол хайж уншдаг. Тэр адал явдал, уран сэтгэмж унших хүсэл маань намайг орос хэл сурахад асар нөлөөлж, олон ч ном уншуулж, өөрөө ч цаас цоохорлоход түлхсэн.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ? 

Хүмүүсийн чиг хандлагыг ажиж сонирхол нэгтэй найзуудынхаа ярианаас баримжаа авдаг, интернэт, номын тоймуудаас санаа авдаг гэх үү дээ. Адал явдалтай зохиолуудын сайхан нь хийсвэрлэн бодох эрх чөлөө олгохын зэрэгцээ, оюун бодолд маш бага дарамт учруулдаг, сэтгэлийг хөгжөөдөг санагддаг. Бодит амьдралд дарамт дүүрэн байхад реалист зохиолууд их уншиж тархиа улам дарамтлах хэрэггүй гэж өөрийгөө өмөөрдөг. Хүмүүс оюун бодлын шаналанд дуртай ч юм шиг. Би реалист зохиолд дургүй биш ч бүр дурлаж сүйд болж чаддаггүй юм. Жишээлбэл "Анна Каренина"-ийн сүүдэрт дарагдахуйц зохиолуудыг унших хүсэл төрдөггүй гэх үү дээ. "Анна Каренина", "Бовари хатагтай", "Цахилж яваа гөрөөс" гурвыг уншсан маань надад эмэгтэй хүний хайрын сэтгэлзүйн талаар бичигдсэн зохиолуудын хувьд хангалттай. Дахиад тийм сэдэв унших сонирхол байхгүй. Нэмээд хэлчихэд, сүүлийн үед Монголд ч, дэлхий дахинд ч эмэгтэй зохиолч эмэгтэй уншигчдадаа зориулж бичээд байгаа зохиолууд санаад оромгүй их болсон. Тийм зохиол унших дургүй.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ? 

Уншмаар санагдсан үедээ суугаад л уншдаг. Залуу байхад завсарлаж чадахгүй нэг амьсгаагаар уншаад дуусгачих гээд байдаг байлаа. Одоо ахуй амьдралын шаардлагаар уншлага маань тасалдаад зарим номыг хагас жил уншиж барсан тохиолдол ч байна. Курт Воннегутын "Slaughterhouse Five" гэдэг номыг яг тэгж уншсан шүү.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Энэ ёстой хэцүү асуулт байна. Тухайлсан нэг ном нэрлэх өөрт минь ч хэцүү. Хүн хүссэнээ л унших эрхтэй гэж боддог. Минийхээр Монтэний эсээнүүд бол зайлшгүй унших хэрэгтэй ном. Харин хэн нэгэн түүнийг хэчнээн уншаад ч наалдахгүй, түүнд Барбара Картлэндийн зохиолууд л таалагдаад байвал яах билээ. Тэгвэл "Ойлгохгүй байгаа нь чиний тархины хэмжээ юм даа" гэж Монголын лут мэдэмхийрэгчид шиг даапаалж болох ч уран зохиол өөрөө хэзээ ч хүнийг ялгавар үздэггүй, үзэх ч учиргүй, асар хүмүүнлэг урлаг гэдгийг уландаа гишгэсэн хэрэг болно шүү дээ. Би саяхан Рэй Брэдберигийн "Фарэнхайтын 451 хэм" туужийг орчуулсан юм. Тэр номд хүн уншихаа чөлөөтэй сонгох эрхтэй, харин бичсэнийг засварлаад байгаа нөхдүүдийг л анхаарах хэрэгтэй гэсэн санаа байдаг.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Богино өгүүллэгүүд бичдэг. Тэр л миний бүтээл болох байх. Санаанд багтсанаа бичдэг болохоор яг энэ төрөл, ийм тийм гэж гэж хэлэх юм алга.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ? 

Түрүүний хариултуудтайгаа жаахан зөрчилдөхүйц хариулт өгөх нь байна. Хүний тархи хогийн сав биш, сургаар, хүний үгээр ном унших дэмий, бэстсэллер уншихгүй, зөвхөн Достоевский уншдаг гээд балайраад байх дэмий. Өөрөө шүүн тунгааж байгаад сонгож уншвал, ялангуяа хөл толгойгүй үймж байгаа өнөөгийн Монголд хэрэгтэй болов уу гэж боддогоо л хэлье. Шуудхан хэлэхэд, харамсахааргүйг сонгож уншвал л зөв байх. Ном хамгийн түрүүнд хүнд шүүмжлэлт сэтгэлгээ суулгадаг байх шүү.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА? 

Өөрийн анд, зохиолч П.Батхуягийг яривал зүгээр юм болов уу гэж бодлоо.