"Орчин үеийн хятад яруу найраг" орчуулгын түүврээрээ Монголын зохиолчдын эвлэлээс оны шилдэг бүтээлүүдэд олгодог "Алтан өд" шагналыг утга зохиолын орчуулгын төрөлд хүртсэн орчуулагч Нац.Энхбаярыг энэ удаагийн дугаартаа урилаа. Өнгөрсөн зуун жилд бичигдсэн, 80 орчим яруу найрагчийн 250 гаруй шүлэг багтсан эл түүвэр бол үгийн урлагт шимтэгсдийн хувьд үнэт эрдэнэ болсон, яруу сайхан бүтээл билээ. 

Та ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном? 

Уран зохиол. Хааяа уран зохиолоо дагаж гүн ухаан, шашин, түүхийн номууд уншина. Энэ хөл хориог далимдуулж “Тагтаа”-гаас уншиж амжаагүй явсан номуудаа нухаж байна. “Хайрын дөчин дүрэм”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Сайн уу, гуниг минь” гэх зэрэг. Олон сар уншиж буй номууд гэвэл “Ариун библи”, МНТ-ны хэд хэдэн хувилбар ширээн дээр байна. Мөн яруу найргийн орчуулгын цуврал дэвтрүүд гаргах бодолтой, Барууны нэгэн яруу найрагчийн 30 орчим түүврийг дижитал хэлбэрээр татаж аваад судалгаа маягаар уншиж байгаа.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Г.Аюурзанын “2х2=6 буюу суут 60 сэтгэгч” тэргүүт хар цувралыг анх уншаад амьдралыг арай өөр нүдээр харж эхэлсэн санагддаг. Яруу найргийн хувьд Д.Нямсүрэн, Л.Өлзийтөгс нарын шүлгийг уншаад маш их таашаал авч байсан.

Номоо хэрхэн сонгодог вэ? 

Дэлхийд шинээр гарч буй номууд, бестселлер, “Goodreads”-ийн үнэлгээ гэх мэтийг анхаарч үздэггүй. Монголд хэвлэгдэж буй номууд ерөнхийдөө тов тодорхой байдаг учир өөрийнхөө үнэлэмжээр л сонгодог. Уран зохиолыг зах зухаас нь гадарлаж эхлээд байгаа болохоор сонголт дээр нэг их юм боддоггүй юм байна.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ? 

Зэрэг хэд хэдэн ном уншдаг. Унтлагын өрөөнд роман, 00-ийн өрөөнд шүлэг, машиндаа богино өгүүллэгүүд гэх маягаар уншихад арай боломжтой орчноор нь ялгачихдаг. Хажууд хүүхдүүд шуугилдаж байсан ч, хөгжим хангинаж байсан ч уншиж болоод л байдаг. Харин шүлгийг нам гүм орчинд унших сайхан.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Залуу дүү нар Будда, Христ, Исламын гэх гурван гол шашны философийн талаар ядаж дундаж ойлголттой байгаасай гэж боддог. Жишээ нь: Өрнөдийн сэтгэлгээг ойлгохын тулд эхлээд библи л унших ёстой юм байна гэдгийг би маш хожуу ойлгосон. Би ч өөрөө сайн мэдэхгүй л дээ, уншиж л байна.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Өөрийнхөө туулж буй амьдралын тухай, аав ээжийнхээ тухай сюрреалист маягийн зохиол бичиж байна гэж хааяа мөрөөддөг. Гэхдээ хэзээ ч бүтэхгүй л дээ.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ? 

Хүн бүр өөрийнхөө дуртай номыг л уншиг. Нэг найз маань гэхэд байнга л хувь хүний хөгжлийн ном уншиж явдаг, миний хувьд бол тэрэн шиг хэрэггүй юм байхгүй. Гэтэл тэр найзад маань хэрэг болоод, хөгжөөд байгаа юм шиг санагддаг. Хүүхдүүд маань ч гэсэн сайн муу элдэв зохиол уншиж байгаад сүүлийн үед арай зөв номоо барьж аваад байгаа нь анзаарагдсан. Заавал унших ном, залуу насандаа амжиж унших зохиолууд гэх мэт зөвлөмжүүдэд дургүй.

Эдгээр асуултад хэнийг хариулаасай гэж хүсэж байна? 

Яруу найрагч Б.Батзаяа, орчуулагч П.Номинбилэг хоёрын номын тухай бодлыг сонсмоор байна.