2018 онд “Маргаашийн манлайлал” арга хэмжээн дээр Оюу Толгой ХХК-ийн инженер залуу өөрийн мэргэжлээ сонгосон түүх болоод чадахгүй зүйлтэйгээ нүүр тулсан тухайгаа хуваалцаж байсныг ахлах ангийн сурагч байхдаа сонсож байлаа. Түүний “Хэрвээ та дуртай зүйлээ хараахан олоогүй байгаа бол чадахгүй зүйлээ эцсийг нь хүртэл оролдоод үзээрэй” гэх энэ үг тухайн үед дуртай зүйлээ олоогүй байсан миний хувьд тун тодоор тусаж байлаа.
Номтой яриа булан хагас жилийн дараа эргэн ирлээ. Уншсан, уншиж буй, уншихаар зэхэж буй ном, бүтээлүүдийнхээ талаар хуваалцаж, номын ач тус, өгөөжийг бусдад уриалдаг уг булангийн шинэхэн дугаарт “Сэхээтэн” подкастын Үүсгэн байгуулагч Б.Тайван оролцож, номын талаар ном уншихуйн талаар ийн ярилцлаа.
ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?
Арван жилийн сурагч байхаасаа л ном унших дуртай хүүхэд байлаа. Ихэвчлэн хувь хүний хөгжлийн номууд шимтэн уншдаг. Харин сүүлийн үед ажилдаа илүү төвлөрч байгаа учраас ном гарчиглах завгүй л явна.
ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?
Маш олон номыг нэрлэж болох ч хамгийн ойр санаанд орж байгаа нь зохиолч Митч Альбомын “Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд”. Олон жилийн өмнө уншиж байсан ч саяхан нэг сөхөөд үзэхэд дахиж уншмаар санагдсан. Хувь хүний хөгжил гэхээс илүүтэйгээр амьдралын утга учрыг тунгаан бодоход хүргэдэг философийн ч гэмээр баялаг агуулгатай бүтээл. Энэхүү номын ачаар аливаад хэтэрхий их яараад байсан мэдрэмж замхарч, уртаар амьсгаа аваад амсхийх завдал олгосон.
унших номоо хэрхэн сонгодог вэ?
Хэн нэгний санал болгосон эсвэл тренд болж буй хэд хэдэн номыг зэрэг уншиж эхэлдэг ч дундаас нь сонирхол буураад хаячихдаг талтай. Харин тухайн үед миний өмнө тулгараад буй асуудлыг шийдэж чадахуйц номыг олсон тохиолдолд хорхойсон байж уншиж дуусгадаг.
номыг ямар байдлаар, яаж уншдаг вэ?
Олон номыг зэрэг эхлүүлдэг төрлийн уншигч. Хүссэн үедээ аль нэг номоо аваад үргэлжлүүлэн уншдаг.
БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?
Доктор Кэрол Дүэкийн монгол хэлнээ “Хандлага” хэмээн орчуулагдсан номыг санал болгомоор байна. Нийгэм гэдэг хүн хоорондын харилцаанаас үүсдэг учраас бидний харилцах арга барил, хандлага гэх зүйл асар чухал. Миний амьдралд тохиолдсон аливаа үйл явдалд үзүүлэх хариу үйлдэл, хандах хандлага нь тухайн өдрийн сэтгэл ханамжийг бүрдүүлэхээс гадна урт хугацаандаа миний амьдралыг илүү дүүргэж өгөх хүчин зүйл юм болов уу.
ӨӨРИЙН ТӨВЛӨРӨН ХИЙДЭГ АЖЛУУДААСАА ТАНИЛЦУУЛБАЛ?
Миний хувьд уул уурхайн салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна. Нэг төслийг дуусгаад дараагийнх руу нь ордог “Төслийн хүн” гэж хэлж болно. Барилгын ажил өвөл хийгддэггүй учраас одоогийн хийж буй төслөө өвлөөс урьтан дуусгахаар цагтай уралдан ажиллаж байна.
НОМТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ДАДАЛ
Хамгийн сүүлд Германы зохиолч, эрдэмтэн Жулиа Эндэрсийн “Гэдэс” гэх номыг уншсан. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг энгийнээр тайлбарладаг уг номыг уншаад хүнс тэжээл болоод ходоод гэдэсний талаар мэдлэгтэй болж, зөв хооллох, хүнсэндээ хэрэглэж буй бүхэндээ анхаарах дадал хэвшлийг өөртөө суулгасан.
ХЭРЭВ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР НОМ БАЙХ ВЭ?
Барилгын инженер мэргэжлийн тухайд надаас олон жил хөгжчихсөн шинжлэх ухаан учраас мэргэжлээрээ ном бичнэ гэвэл миний хувьд балчирдах болов уу. Хэдийгээр ном бичих тухай одоохондоо төлөвлөөгүй байгаа ч хэрвээ бичвэл мэдрэмжиндээ тулгуурласан ном бичсэн нь илүү тохиромжтой.
Тухайлбал, миний хувьд хайр сэтгэлээ үгийн урнаар илэрхийлдэг хүн юм шиг байгаа юм. Дурласан үедээ тэр хүндээ зориулж хэд хэдэн шүлэг бичиж байсан. Түүнээс хойш хааяа дөрвөн мөр холбочихмоор санагддаг болоод байгаа.
НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?
Өөрийгөө болон өрөөл бусдыг анзаарахдаа хэлмээр санагдсан зүйлээ хуваалцъя. Нэгэн цагт мөрөөдөж явсан зүйл өнөөдөр биеллээ олчихвол түүнд баярлах, ханах сэтгэл төрөхөө больчихсон мэт санагдсан. Үргэлж дараагийн зорилгоо л бодож, түүн рүүгээ төвлөрч амьдардаг юм шиг.
Мэдээллийн урсгал дунд хөврөх завгүй амьдралын өдрүүддээ ганцхан минутыг өөртөө гаргаад тухайн өдөр болж өнгөрсөн бүх үйл явдлыг тунгааж, талархалтай амьдраарай гэдгийг хэлмээр байна.