“Номтой яриа” буландаа бид Тагтаа паблишингийн ерөнхий редактор, яруу найрагч, зохиолч Цагаанчулуугийн Дэлгэрмааг урилаа. Яруу найргийн “А тэмдэглэл” тэргүүт хэд хэдэн түүвэр гаргасан зочин маань сүүлийн жилүүдэд редакторын ажилдаа түлхүү анхааран, уран бүтээлээсээ хэсэг хөндийрөөд байв. Харин энэ онд хүүхдийн “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” ном, яруу найргийн “Зүрхэнд агч намур” бүтээлээ туурвиж, уншигчдадаа бэлэг барьжээ. Ингээд гуч дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын тайзан дээр түүнтэй номын тухай яриа өрнүүлснээ хүргэе.

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Редактор хүн учраас зорьж ном унших маань багассан ч ажлынхаа шаардлагаар бол өдөр бүр уншдаг. Ном унших нь өөрөө миний ажил шүү дээ. Мөн аливаа бүтээл хэвлэгдэж гарахаас өмнө буюу анхны уншигч нь болдог нь азтай ч гэмээр. Хэд дахин давтан унших болдог нь миний бичих дадалд нөлөөлж байх шиг санагддаг.

Би ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Түүн дотор яруу найраг бас нэлээд жин дарах байх. Сүүлийн үед Д.Галсансүх ахын шинээр хэвлүүлсэн хоёр номыг уншиж байгаа. Харин хааяа сэтгэл ээдрэхээр “Агнистын гэгээ”-г, тэр тусмаа Мялын намтрыг унших дуртай.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ ГЭВЭЛ?

Одоо бодоод байхад, уран зохиолын час хийсэн амтыг бүр бага байхдаа л мэдэрч байж. Манай гэрт байсан хавтасгүй номон доторх нэг өгүүллэг жаахан охины сэтгэлд гүн хүрч байлаа. Тэр ном нь Гүр.Нямдоржийн “Авга гүний эрчүүд” (1993) гэсэн ном байсан ба "Цочоод сэрсэн заяа" гэдэг өгүүллэг нь надад анх уран зохиолын төсөөллийг өгч байсан шиг санагддаг.

Хожим мэдэхнээ Гүр.Нямдорж зохиолчтой би нэг нутгийнх, бүр нэг сумынх байж таарсанд их бэлгэшээдэг. Бусад номнуудын талаар хуваалцвал, би өөрөө нийгмийн шилжилтийн үеийн хүн учраас багаасаа социалист үеийн бүх л том романуудыг уншиж өссөн. Хамгийн их нөлөөлсөн ном гэвэл романуудаас яах аргагүй "Гэм зэм", "Хар судар" хоёрыг нэрлэж таарах байх. Мөн Г.Аюурзана зохиолчийн арван хар хэмээгддэг цуврал лав миний үеийнхэнд уран зохиолын ойлголтоо тэлэхэд нь асар их нөлөө үзүүлсэн байдаг.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Ер нь ном сонгох тал дээр тухайн номын утга, үйл явдлаас илүү хэл найруулга, онцлог шинжийг нь харж уншдаг. Жишээ нь, Харүки Мүракамигийн номнуудыг сүүлийн үед уншиж байгаа. Түүний номнууд залуучуудтай холбогддог учрыг ойлгомоор байгаа гэх юм уу даа. Хэл найруулга сайтай номд их татагддаг гэсэн болохоор Орхан Памукийн зохиолуудыг бас унших дуртай. Ялангуяа, Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан ямар ч номыг бол бариад л сууна даа. Дээр дурдсан “Хар судар”-ыг тун ч гайхалтайгаар эх хэлнээ хөрвүүлсэн.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Уран зохиолын хүн учраас номыг уламжлалт буюу хэвлэмэл хэлбэрээр нь уншихыг илүүд үздэг. Ажлын онцлогоос болоод тэр үү, ер нь их хурдан уншдаг шүү. Дуртай номоо хэд ч уншсан уйддаггүй.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Сүүлийн үед манайд орчуулгын уран зохиол голлож, бид ч дэлхийн уран зохиолоос хангалттай хүртэж буй болов уу. Орхан Памукийг ч манайхан хэдийн мэдэх биз. Миний хамгийн дуртай зохиолчдын нэг. Түүний зохиолд олонтоо давтагддаг хүнийслийн тухай болоод өөрийнхөөрөө байх тухай ойлголт, хүний дотор өрнөдөг мөнхийн эрэл хайгуулын сэдэв нь таалагддаг юм. Бас нэмээд Израйлын Амос Оз, уугуул америк зохиолч Шерман Алекси зэрэг цөөнх үндэстний юм уу, эсвэл дэлхийн тавцанд байр суурь нь эргэлзээтэй буй, зарим талаараа бидэнтэй ойр асуудлууд ч тулгарч байж мэдэх орны зохиолчдыг уншиж, өөрсдийнхөө оршихуйг тунгаахад зүйтэй юм уу гэж санах болсон.

Мөн монгол зохиолчдоосоо дурдмаар байна. Тухайлбал сая бидний "Tagtaa Review" сэтгүүлдээ онцолсон наяад оны маш хүчтэй хүүрнэлч Доржзовдын Энхболд гэж, одоо ч ид томоохон бүтээлүүд дээрээ ажиллаж буй сайхан монгол зохиолч байна. Амьдралынхаа богино жилүүдэд чамлахааргүй өв үлдээсэн Гүржавын Нямдорж гэж гайхам туурвилч мөн байлаа. Тэдний бүтээлүүдийг уншиж авах, шингээх учиртайгаа аваад цаашаа хараа сунгах нь зүйтэй болов уу. Эдгээр зохиолчийг дурдахдаа, бид өөрсдөд байгаа уран зохиолын өвөө илүү анзаарч, нээх ёстой гэсэн үүднээс нь хэлж буй юм шүү.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Би уран бүтээлч хүний хувиар сүүлийн 6, 7 жил их нам гүм байлаа. Харин сүүлийн хоёр жил зөвхөн уран зохиолынхоо орчинд ажиллаж, өөрийгөө уран бүтээлчээр илүү зорилготой төлөвшүүлж эхэлсэн. Тагтаа паблишингийн ажлын орчин маань яг л уран бүтээлчийн урлан шиг байдаг. Тиймээс ч энэ жил хүүхдийн, яруу найргийн хоёр бүтээлээ гаргаж амжсан.

Хүн юм үзэхийн хэрээр буюу нас тогтож боловсрохоороо харах өнцөг, амьдралын утга учир их өөрчлөгддөг юм байна. Энэ маань ч сүүлийн шүлгийн түүврээс тодорхой харагдах байх аа. Мөн цаашид хүүрнэл зохиол бичих төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдийн зохиолоосоо гадна залуусын хайрын тууж бичиж эхлээд явж байна.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Ном гэдэг бидэнтэй хүүхэд ахуйгаас минь холбогдсон “хүн” гэж ойлгодог. Ном дотроо бас олон хүнтэй. Хэдий бид нэг уншаад учиргүй бүхнийг мэддэг болохгүй ч өөрөө өөртөө оршиж, аливаа бүхнийг эргэцүүлэх боломжийг ном үргэлж өгч байдаг. Номын танин мэдэхүйн хүрээ хязгаарын талаар бол хэлэхэд илүүц ойлгомжтой зүйл шүү дээ.
Одоогийн нийгэмд амжилт, дижиталчлал, улмаар “өөрийгөө олж нээх” гээд сэтгэл зүйн асуудлууд ихээр хөндөгдөх болсон. Ном харин энэ бүхний хариулт болж чадна гэдэгт итгэлтэй байна.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА? 

АНУ-д ажиллаж, амьдарч, үе үе орчуулгын бүтээлээрээ бидэнд бэлэг барьж байдаг орчуулагч Д.Дашмөнх ахыг онцолмоор байна. Удахгүй түүний орчуулгаар манай хэвлэлийн газраас Умберто Экогийн алдарт "Сарнайн нэр" роман гарах юм. Мөн АНУ-д мэргэжлийн зохиолчоор сурч байгаа Э.Бүжинлхамыг оруулбал бас сонирхолтой байх болов уу.

Ц.Дэлгэрмааг дагах: Фэйсбүүк

Э.Бүжинлхамыг дагах: Фэйсбүүк

Орчуулагч Д.Дашмөнхийг дагах: Фэйсбүүк