"Номтой яриа"-гийн ээлжит зочноо бид "дотроосоо" сонголоо. Unread-ийн үүсгэн байгуулагчдын нэг, саяхан "Нугачаа" хэмээх номыг орчуулан гаргаад буй  Б.Батзаяа буюу Закийгаа урьж номтой холбоотой асуултуудад хариулт авсан юм. Зак өмнө нь Эли Визелийн "Шөнө" бүтээлийг дангаар, "Санаа авахаас бүү ай" номыг хамтран орчуулж байсан бөгөөд олон номд хувь нэмрээ оруулж явдаг билээ. 

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ? 

Яг ийм төрлийн гэж дагнан шимтдэг зүйл байхгүй. Баримтат, намтар, уран зохиолын номнуудыг арай түлхүү уншдаг гэж болох юм. Сүүлийн үед баримтат номноос аль болох зайлсхийж уран зохиолын, тэр дундаа шинжлэх ухааны уран зөгнөлт номнууд барьж авахыг хичээж байгаа. Байнга л баримтат “ингэ, тэг, хэрхэн, яаж, юуг” гэсэн номнууд уншаад байхаар ерөнхий агуулга санаанууд нь ч хоорондоо ойролцоо, давхцаад эхэлдгээс гадна тархи толгой ч задарч тэлэхгүй, номоосоо таашаал авч шинэ санаа, оч үсрэхгүй нэг хэвэнд орчихсон юм шиг мэдрэмж төрөөд байсан учраас нэлээд багасгасан. Одоо уншиж буй гэвэл, шинэ ажилтайгаа холбоотойгоор "Уолт Дисней" компанийн гүйцэтгэх захирал асан Роберт Айгерын намтар, Синтиа Монтгомеригийн “Стратегич”, тэгээд Франк Хербертийн “Манхан” (Dune), Айзек Азимовийн “Хөмрөг” (Foundation), МУГТ Б.Гангаамаагийн “Амола: Үзэгч үгүй үнэн” зэрэг номыг эхлүүлчихсэн явж байна. Аудиогоор явуулж буй хэдэн ном бас бий.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Эмээгийн зуслан дээр хүчээр уншуулдаг байсан, шар үнгэгдсэн хавтастай хуучин монгол үлгэрийн ном. Нэлээн хуучны ном учраас нэрийг нь ч санахгүй байна. Эмээ маань бага ангийн багш хүн байсан учраас давтуулж байсан нь л тэр байх. Уйлаад л чангаар дуудаж уншдаг байснаа санаж байна. Тухайн үедээ ёстой дургүй байсан ч тэр ном байгаагүй бол өдийд магадгүй ном уншина, орчуулна гээд явж байхгүй байсан болов уу. Бас Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” яагаад ч юм маш их таалагддаг. Унших болгонд л өөр болж уншигдаад байдаг юм.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ? 

Зохиогч, орчуулагч болон эрхлэн гаргасан паблишинг компанийг нь заавал харна. Заримдаа зүгээр л санаандгүй нэг ном халти эхлүүлтэл таалагдаад урсаад явчих нь ч байна. Мөн миний үнэлж, хүндэтгэдэг, дагадаг, гадна дотнын хүмүүсийн санал болгосноос гадна шүүмж (review), уншигчдын сэтгэгдлүүдийг нэлээн харж, уншиж байж сонгодог. Бас мэргэжлийн онцлог байж магадгүй, хавтас, үзэмж, формат, хэвлэлт, өрөлт зэргийг нь хардаг. Тэр тал дээрээ дутагдалтай номнуудыг уншлаа ч хадгалж үлдэх дургүй. Дээр нь амьдралдаа нэг ч удаа амнаасаа "Аав аа" гэдэг үгийг унагаж үзээгүй мөртлөө өөрөө аав хүн болохоор аавын сэдэвтэй номнуудад бас татагдаад байдаг юм шиг. Орчуулга хийх, юм бичихээр бол үг хэлээ жаахан зүгшрүүлэх гэж С.Эрдэнэ гуайн номнуудаас уншдаг юм байна.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ? 

Олон ном зэрэг эхлүүлээд тухайн өдрийнхөө байдлаас шалтгаалаад ээлжилж барьж аваад бага багаар явуулаад байдаг гэх юм уу даа. Жаахан ядарсан эсвэл сэтгэл санаа тавгүй үед хөнгөн ном барьж авах юм уу, аудио байдлаар сонсоод, харин тархи толгой сэргэг байвал баримтат болон толгой жаахан ажиллуулах ном уншдаг. Өдөр бүр бага багаар тогтмол явуулаад байх нь л хамгийн тохиромжтой санагддаг. Гэхдээ би өөрийгөө байнга уншдаг хүн гэж хэлж чадахгүй ээ. Зарим сонирхолтой номыг бол гялс дуусгаад, зарим нь хэзээ ч дуусахгүй хаягдах нь зөндөө. Намтар номыг сонсох хэлбэрээр "унших" нь илүү тохиромжтой санагддаг. Уран зохиолын номуудыг бол дотроо төсөөлж амилуулдаг учраас уншсан нь дээр. Хэвлэмэл номыг илүүд үздэг ч сүүлийн нэг жил бол Kindle дээр уншиж дадаад байна.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Мэдээж бие даан орчуулж гаргасан хоёр номыг маань хүмүүс аваасай, уншаасай, мэдээсэй гэсэн аминчхан хүсэл бий. Нобелийн шагналтан Эли Визелийн “Шөнө”, энэ сард худалдаанд гарсан Сет Годины “Нугачаа” хоёр бол миний хувьд бас л нэлээд утга учиртай номууд учраас л орчуулж гаргахаар зориглосон.

Бусдаар бол шууд энэ гээд нэрлэхэд тун хэцүү юм. Хүн хүний сонирхол, мэргэжил, мэргэшил, онцлогоос шалтгаалаад өөр өөр шүү дээ. Миний санал болгох номыг уншаагүй байлаа гээд цаад хүн маань муу болчихно гэсэн үг биш. Мэдээж Монголынхоо эртний бөгөөд орчин үеийн сонгодог уран зохиолуудаас тодорхой хэмжээнд заавал унших ёстой гэж бодож байна. “Монголын нууц товчоо”, “Тунгалаг тамир”, “Зүрхний хилэн” гээд л тоочих нь илүүц биз ээ. Саяхан би Пол Хардингийн “Дархад” (Tinkers) гэх 2010 оны Пулицерийн шагналт зохиолыг уншсан юм. Орон дотроо минут тоолон үхлээ хүлээж буй эрийн өнгөрсөн амьдрал, аавын тухай дурсамж нь одоотойгоо холилдон, нэг ёсондоо дэмийрч буй тухай. Богинохон, юу болоод байна аа гэмээр ойлгомжгүй юм шиг атлаа асар ихийг бодогдуулсан ном байсан шүү.

"Нугачаа: Орхиод явах уу, үргэлжлүүлэн зүтгэх үү?" номын тухай

Эли Визелийн "Шөнө" номын тухай + Орчуулагчийн үг

Unread

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Дурсамж эсээнүүдтэй ном бичих бодол байгаа. Би ер нь өөрийнхөө тухай олон юм яриад байх дуртай хүн биш. Хөдөө төрөөгүй ч эмээтэйгээ тугал хариулаад, мод чирээд явж байсныг минь ч мэдэх хүн цөөн. Цээжинд үе үе хуралдаад байдаг бараан, гэгээлэг зарим зүйлсийг заавал бичиж буулгаж, цэлийтэл нь асгаж, үерлүүлж байж л сэтгэлээ амарлиулах болов уу. Гэхдээ зөвхөн өөртөө л бичиж магад юм. Мөн гэрэл зургуудаараа ном гаргах алсын зорилго бий.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ? 

Номыг нэг их ухаантай царайлах гээд хүчлээд зовоод байлгүй, хоцрохгүйн тулд хүмүүсийн уншиж байгааг дагаж намиралгүй, эсвэл бүр олноос ялгарч мундаг хүн болох гээд гүн гүнзгий философидолгүй зүгээр л өөрт таалагдсан, оюунд тань таашаал авчирдаг зүйлийг сонгож, жаргаж уншаарай л гэмээр санагддаг. Уншмааргүй байвал битгий унш. Албагүй. Танд таалагдах ном нь олдож л таарна. Тархи хогийн сав биш. Цаг зав хомс. Тэгээд хүн бүр адил байх албагүй. Бас огт уншдаггүй мөртлөө худлаа мэдэрхийрдэг хүмүүс байна. Ер нь номоор хэлбэрдэх нь жаахан их болсон юм шиг. Миний л бодол шүү. Авах гээхийн ухаанаар хандаарай.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА? 

Миний нагац, хоёр Айви лиг буюу Корнелл, Пенсильванийн их сургуулийн төгсөгч, профессор Б.Болдгив ах маань бас л номын “хэнээтэй”, сонирхолтой хариултууд өгөх хүмүүсийн нэг шүү.

Б.Батзаяаг дагах: Фэйсбүүк / Твиттер / Инстаграм

Нугачаа номыг захиж авах: Интерном | Ardshop