Улиран одож буй оноо дүгнэх, ололт амжилтуудыг багцлах, үнэ цэнтэй агуулгуудыг нэгтгэх Unread Wrapped цуврал маань үргэлжилж байна. Уламжлал ёсоороо бид кино урлагийн салбарт хөдөлмөрлөн үнэ цэнийг бүтээж буй уран бүтээлчдэд болон үзэгч, шүүмжлэгчдэд санал тавин өнгөрөн одож буй онд дэлхийн болон дотоодын ямар кино уран бүтээлийг онцлохыг хүсэж буйг нь асуусан юм.
Кино урлагийг бүтээгчдийн хувьд энэ жилийн хамгийн онцлох кино юу байсан бол?

Пол Томас Андерсон бол орчин цагийн хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг билээ. Түүний ээлжит бүтээл “One Battle After Another” нь нээлтээ хийсэн даруйдаа бараг л “бүх цаг үеийн хамгийн шилдэг кино” гэх нь холгүй өндөр үнэлгээ, магтаалыг хүртсэн. Гэхдээ Пол Томас Андерсон, Леонардо ДиКаприо, Шон Пенн, Бенисио дел Торо, Жонни Грийнвүд (Radiohead) гээд том, сүрдэм нэрсийг хасаад, уг киноны агуулга, сэдэв, кино хэлийн тухайд ухаж эргэцүүлбэл бид хэтийдсэн магтаалаас илүү чухал зүйлсийг харж болохоор байлаа. Цагаачлал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт зэрэг Америкийн нийгмийн хамгийн эмзэг асуудлууд, гажуудалтай ардчилал, зүүний үзлийн хямрал, хэт даврагч хувьсгалч бүлэглэлүүд, хэт барууны неофашизм гээд адармаатай, том сэдвүүдийг “нэгэн бүхэл” болгож хөнджээ. Эдгээр нь тус тусад нь л авч үзмээр замбараагүй том асуудал, том судлагдахуунууд боловч хоорондоо холилдож байж л нэг улсын нийгмийн өнгийг тодорхойлж буйтай адил ийнхүү нэг киногоор л нэгтгэн хөндөж байж л “бид бодит асуудлыг өөрсдийн үзэл санаагаар тайлбарлаж, шийдэхээс илүүтэй үзэл санааныхаа хийсвэр утопиор хуваагдан, эцэс төгсгөлгүй тэмцэж байгаагаа” харж болохоор байв.
2. It’s Never Over, Jeff Buckley
1990-ээд оны хөгжмийн ертөнцийг тодорхойлолцож явсан Жефф Бакли тун залуугаараа насан эцэслэсэн. Түүний хөгжмийн карьер наймхан жил үргэлжилсэн ч үлдээсэн ул мөр, нөлөө нь үнэхээр тод. “Хүн тодорхой нэг үйлд бүрэн, гүн төвлөрснөөр тухайн мөчид түр ч гэсэн гэгээрэлд хүрэх боломжтой” гэж үздэг. Чухам Жефф Бакли л гитараа тоглон дуулахдаа дээрх үгийн мөн чанарыг таниулдаг гэлтэй. Эми Бергийн “It’s Never Over, Jeff Buckley” баримтат кино Жефф Баклигийн амьдрал, урлагт болон дотнын хүмүүстээ үзүүлсэн нөлөө, өвийг маш амьд мэдрэг үзүүлж чаджээ. Мөн кинонд ашигласан ховор нандин материалууд нь түүний ертөнцийг харах үзэл, алдар нэрд хандах хандлага, бүтээлч оюун бодлыг нь ч тодорхой хэмжээнд харуулж чадсан байв. Уран сайхны кинонд найруулагч бурхан байдаг бол, баримтат кинонд бурхан найруулагч нь байдаг гэдэг дээ. Энэ удаа бурхан нь Жефф Бакли байлаа.
Палестин-америк найруулагч Шерин Дабисын “All That’s Left of You” кино нь Балфурын тунхаглалаас хойш хэдэн арваны турш хурцдан хурцадсаар өнөөдрийг хүртэл үргэлжилж буй Израил-Палестинийн зөрчил дундах нэгэн палестин гэр бүлийн амьдралыг харуулах юм. Энэ онд үзсэн хамгийн сэтгэл өвдөм боловч хамгийн гүн гүнзгий асуултуудыг өөрөөсөө асуухад хүргэсэн кино байлаа. “All That’s Left of You” кино нь улс төрийн хямрал, зөрчил мөргөлдөөн, дайн дажныг энгийн, гэмгүй ардад хэрхэн нөлөөлдгийг ахуйн түвшинд бус, харин хүний мөн чанар, философийн түвшинд хөндөж чадсан байв. Шударга бус, харгис хэрцгий зүйлс даамжрах тусам түүнээс үүдэлт сэтгэлийн шаналал зовуурь, гомдол цөхрөл, өс хонзон нь яг л хүний зүрхний тав дахь хавхалга болж нэмэгддэг мэт тэрхүү нарийн, адармаат мэдрэмжийг энэ киноноос мэдэрч болохоор, бас энэ бүхнийг үл харгалзан итгэл найдвар, амьдрах хүслийг тээсээр л байдаг ид шид мэт тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг ч харж болохоор байлаа.

Нэг компанийн захирал (Emma Stone)-ийг дэлхийг устгах даалгавартай харь гарагийн хүн гэж үнэмшсэн хүмүүс (Jesse Plemons) хулгайлна…
Сэдэвлэж хийсэн Солонгос кино "Save the Green Planet! (2003)"-ийнхээ илүү сайн “чанасан” хувилбар шиг санагдсан. Дэлхий доройтсоор байхад улам хөрөнгөжсөөр байгаа “муу” CEO-нууд, Монгол доройтож байхад мөн л эсрэгээрээ гялалзаад байдаг улс төрчид, нөлөөтэй хүмүүсийг нээрээ л биднийг сөнөөх даалгавартай дайсагнагч гарагийн хүн юм болов уу гэж гайхмаар санагддаг мэдрэмжийн эмгэнэлтэй бас хошин илэрхийлэл.
Захиргаадалт дарангуйллын нийгэмд яагаад “мөрөөрөө амьдрах” боломжгүй, энгийн хүмүүс яаж ноцтой тэмцэгч болдог, бурангуй нийгмээс ашиг хүртэж байгаа хүмүүс ч сүүлдээ яаж байгуулсан тогтолцоондоо залгиулдаг талаар нийгмийн төрөл бүрийн бүлэг давхаргын хүмүүсийн адал явдал...
Star Wars гэж огт сонирхдоггүй, мэддэггүй байсан ч бүрэн таашаал авахуйц. Game of Thrones-ийн эхний дөрвөн бүлгийн үнэмшилтэй драм, HBO Chernobyl-ийн ул суурьтай нийгмийн шүүмжлэл, ер нь Монголд ч зарим хүрээлэлд анзаарагдаж яригдах нь нэмэгдэж байгаа асуудлуудыг маш даацтай, насанд хүрэгчдийн ээдрээтэй, саарал байдлаар бүтээсэн чансаатай бүтээл. 2025 онд хоёрдугаар бүлэг нь гараад өндөрлөсөн, алт шиг хорин дөрөвхөн ангитай.
“Зөв” биш солгой гартай хүн чөтгөрийн зарц болдог гэх өвөөгийнхөө номлолд ертөнц нь хөмрөх арваад настай жаал, амьдралын ээдрээд үеийнхнээсээ гээгдэж шөнийн ажилд гацсан залуу бүсгүй, энэ хоёр охиноо өсгөж, талийгч нөхрийнхөө өрийг барагдуулахаар лангууны түрээстэйгээ уралдах ээж гэх гурван эмэгтэй…
2025 онд Оскарын “Шилдэг Кино” хүртсэн Anora-ийн найруулагч Sean Baker болон Тайванийн найруулагч Shih-Ching Tsou нарын бүтээл. Дээр нь Тайванийг төлөөлж Оскарын “Шилдэг ОУ кино”-д дэвшээд, shortlist-д багтаад байгаа. Лондонд тусгай үзвэрээр найруулагч, гол дүрийн жаал охин хоёртой товч ярилцах боломж гарсан. Зураг авалтаа тэр чигт нь iPhone-оор, ер нь “гарын доорх өгөгдөл”-үүдээр киногоо болгосныг нь гайхаж биширсэн. Монгол киноны шинэ үе болсон залуус маань өөрсдийн нийгэм, амьдрал, соёл уламжлалаа шинжлэн тунгааж, бодож мэдэрч байгаа “өөрийн үнэн”-ээ ингээд л нэрэлхэж санаа зоволгүй бүтээж илэрхийлээсэй гэсэн урам авсан.

Өмнөх ангиараа нийгмээрээ нэгэн төрөл зүйлийн амьтдыг ялгаварлан гадуурхаж буйг шүүмжилсэн бол энэ ангиараа эрх мэдэл, авлига, ашгийн төлөөх тогтолцоо нийгмийг хэрхэн удирдаж буйг шүүмжилжээ. Яг л одоогийн бидний нийгэмд байсаар байгаа том асуудлууд.
Хүүхдийн кино хэр нь томчууд ч заримдаа ойлгож чаддаггүй нийгмийн том асуудлуудыг хүүхэлдэйн дүрүүдээр төлөөлөн харуулсан байна. Ийм сайн зохиолтой анимешн үзэж өсөх хүүхдүүд ирээдүйд илүү энэ асуудлуудын талаар мэдрэмж, мэдлэгтэй том хүн болж өсөж торних болов уу.
2. Kimetsu no yaiba: Infinity Castle
Өөрөө анимешн бүтээх гэж оролддог болсноосоо хойш ямар ч анимешныг зүгээр үзэж чаддаггүй болчихсон. “Ийм ийм дарааллаар зурсан бололтой, тийм эффект оруулсан бололтой, ёоооо үүнийг би бүтэн жил ч хийгээд амжихгүй дээ” гээд л киноны турш “анализ” хийгээстэй. Өмнөх ангиудаасаа ялгаатай нь энэ удаа илүү их 3D, илүү олон перспектив багтаасан байсан тул “Яаж ингэж хийсэн юм бол оо” гэж гайхсаар үзэж дуусгасан. Арын фоны барилгуудыг л гэхэд гурван жил гаран бүтээсэн гэхээр ийм сайн анимешн төрөх нь аргагүй биз ээ.

Миний хувьд энэ оны “сюрприз үзвэр”, мэдрэмж нь тод үлдсэн кинонуудын нэг энэ байлаа. Тайландын кино театрт “Ready or Not”-ийн гол дүрд тоглосон Самара Уивинг (алдарт Хюго Уивингийн зээ охин дүү)-ийн тоглосон “аймшгийн” кино гарч байхаар нь юу ч мэдэхгүй ороод үзсэн.
Хүн төрөлхтний нийгэм сүйрчихсэн юм шиг ертөнцөд киноны үйл явдал өрнөнө. Ой модонд хэлгүй бүсгүй, залуу хоёр учир битүүлэг хүмүүсээс зугтааж эхэлнэ. Тэднийг хөөж, мөшгөж буй хүмүүс шашны ч юм уу бүлгэм гэж харагдахуйц. Мөн үзэгчид бидэнд уг ертөнцийн талаар, зугтаах хоёр дүр болон мөшгөж буй хүмүүсийн талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй. Бид яг гол дүртэй хамт л шууд сандарч, айж, учраа ойлгохгүй үйл явдалд нь татагдан орно.
Түүнчлэн уг кино нь ямар нэг хөгжимгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд тэр чигээрээ ой модны дуу, хөлд торох хатсан навчсын чимээ л сонсогдоно. Түүнээс гадна гол дүрүүдийн аахилж, сандарч буй нь давж сонсогдох “Sound Design”-ий сонголтоороо кино шууд өөрийн гэсэн уур амьсгалдаа оруулчхаж байгаа юм.
Нарийн үйл явдлыг үзэгчид өөрсдөө мэдэрвэл гоё болов уу гэж бодож байна. Ямартай ч миний хувьд том сюрприз болсон кино байлаа.
Би Райан Куглерыг хувьдаа супер найруулагч гэж боддог. Анх “Fruitvale Station (2013)”-ийг үзээд л үнэхээр үнэлж байсан. Ер нь Райан Куглер, жүжигчин Майкл Б. Жордан, хөгжмийн зохиолч Людвиг Горанссон гурав хамтарсан л бол сайн бүтээл гардаг гэхэд буруудахгүй. “Sinners” бол энэ гурвын хамтарч бүтээсэн хамгийн онцгой, гайхалтай бүтээл нь байлаа.
“Sinners” дээр ажилласан бүх уран бүтээлчид ид авьяас чадварынхаа оргилд байгаа нь мэдэгддэг. Гол дүрүүдэд Майкл Б. Жордан жүжиглэх, дүрүүдэд хувирах чадвараа бараг л гайхуулж буй мэт санагдсан. Туслах дүрүүдэд Вунми Мосаку, Хайли Стейнфельд, Делрой Линдо, Жек О'Коннелл гээд жүжигчид үнэхээр сайн тоглосон. Гол туслах дүр гэхэд хилсдэхгүй Сэммигийн дүрийг Майлс Катон гэх шинэ жүжигчин, дуучин залуу мөн л чадварлагаар бүтээж, киноны гол амин сүнс нь байсан гэж хэлж болно. Ташрамд дурдахад, гоё хоолойтой, сайн дуулдаг залуу байна билээ. Түүнийгээ ч “Sinners” дээр гайхуулсан.
Мөн энэ кинонд гарч буй блюз хөгжим, хөгжмийн соёл, түүх, ёс заншил нь өөрөө нэг дүр гэж хэлж болно. Зүгээр нэг гоё сонсогддог хөгжим бус. Харин Людвиг Горанссон энэ киноны сүнсийг бүтээсэн гэвэл илүү зохино. Зохиол, өрнөл, дүрүүдийн туулж буй зүйлс, ард нь өгүүлэгдэж буй шаналал, зовлонгийн түүхийг мэдрүүлж, дүрүүд, тэдний тоглож, мэдэрч буй хөгжмөөр дамжуулсан.
Наанаа вампиртай экшн кино шиг боловч цаанаа маш их түүх, зовлон, Африк гаралтай Америкчуудын 400 жил туулсан шаналал, түүнийг тэвчиж, давж, туулж гарсан замыг тодорхой хэмжээнд харуулсан жинтэй бүтээл. Байж болох хамгийн том дэлгэцээр, хамгийн сайн дуугаралтаараа ямар ч садаагүйгээр үзэх ёстой бүтээл гэж бодож байна. 2025 оны онцлох бүтээлүүд гээд бодоход санаанд хамгийн түрүүнд орох бүтээл “Sinners” байлаа.
Уран бүтээлч, мэргэжлийн тамирчин хүмүүс бидний амьдралд амь, сүнс оруулах гэж, амьдралын утга учрыг сануулж, мэдрүүлэх гэж оршдог юм шиг санагддаг. Тэр нь заримдаа улс үндэстэн, нийгмийн хамгийн хар бараан, бохир, хүнд, нүд халтирмаар бодит байдлыг тольдуулж өгч байдаг.
1936 оны Берлиний Олимпын үеэрх Жесси Оуэнс эсэргүүцлээ алтан медалийн индэр дээрээс илэрхийлдэг нь, 2007 онд Азийн аваргад дайнд нэрвэгдсэн Иракийн шигшээ баг түрүүлсэн нь, “Seven Years in Tibet” кинонд тоглосноос болж Хятадад нэвтрэх эрхээ 20 гаруй жил хориулж асан Брэд Питт, Иран улсын засаглал, улс төрийн үүдэлтэй нийгмийн асуудлуудыг хөндсөн бүтээл хийж, үүнээсээ болж яллагдаж хоригдсон, мөн одоо өгүүлэх гэж буй бүтээлийн найруулагч
Жафар Панахи гээд л дурдаад байвал дуусахгүй.
Кинонд Ираны засгийг шүүмжлэх байтугай энгийн үйлдвэрийн ажилчид эрхийнхээ төлөө тэмцэж, эсэргүүцэл үзүүлсний төлөө тэднийг хорьж, яргалж, бүхий л аргаар хүчирхийлж, хүн биш болгож байсныг туулсан хэсэг бүлэг хүмүүс өөрсдийг нь яргалж байсан цэргүүдийн ахлах гэж бодож буй хүнээ бариад авдаг. Тэд өшөөгөө авмаар байвч бариад авчихсан хүн нь яг тэр ахлагч мөн үгүйг мэдэхгүй, үүнийг олж тодруулахын тулд өрнөж буй адал явдал уг бүтээлд өгүүлэгдэнэ.
Зураг авалтыг байж болох хамгийн цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, нууцаар хийсэн энэ бүтээлийн ард маш их шаналал зовлон байгааг батлах ч энэ онд үзэх дундаа хамгийн ихээр инээсэн кинонуудын маань нэг байсан. Энэ бүхний жинг үзэгчдэд мэдрүүлж байгаа мөртөө хэрхэн хөгжилтэйгөөр, мөнхүү харилцан яриа, дүрүүдийн онцлогоор дамжуулан үзүүлж буйг нь үнэхээр биширсэн.
Төгсгөл дөхөхөд гардаг модны доорх сцен хэзээ ч миний сэтгэлээс гарахгүй байх. “Ямар агуу бүтээл үзэж байна аа” гээд л яг тэр цаг үед бодогдсон. Жүжигчдийн тэр их мэдрэмж, Жафар Панахигийн гайхалтай зохиол, мөн тийм хүнд нөхцөлд бүтсэн ч зураг авалт нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсныг энд дурдууштай. Тийм ч учраас энэ оны Каннын кино наадмын шилдэг кино буюу “Алтан далдуу модны навч” шагнал хүртсэн нь ч аргагүй юм билээ. Ирэх хаврын Оскараар ч мөн дахиад яригдах биз ээ.

“Sentimental Value” бол өнгөрсөнтэйгөө эвлэрч, гэр бүлийн холбоог дахин сэргээх тухай маш уянгалаг, сэтгэлд үлддэг драм юм. Ээжийнх нь үхлийн дараа олон жил холбоо тасарсан эцэг, охидын гурвал дахин уулзах мөчөөс кино эхэлнэ. Алдартай найруулагч Густав Борг өөрийн амьдралын төгсгөл рүү ойртож явахдаа охидтойгоо харилцаагаа засахыг хүснэ. Харин охид нь өөр өөр амьдралтай ч, хоёулаа эцгийнхээ орхисон өнгөрснийг дотроо тээж явдаг. Эдгээр уулзалтууд нь тэдний дурсамж, шарх, уучлалаар дүүрэн замыг эхлүүлнэ.
Улмаар Густав шинэ кино хийхээр шийдэх бөгөөд тэрхүү кино нь өөрөө болон охидынхоо харилцаанаас шууд санаа авсан гэдгийг охид нь мэдэх үед зөрчил, эргэлзээ, ойлголцол зэрэг олон давхар сэтгэл хөдлөлүүд дэлгэрч эхэлдэг. Норагийн доторх гомдол, Агнесийн уучламтгай зан, эцгийн гэмшил, мөн тэдний хооронд орж ирэх Рэйчел гэх дүр энэ бүхний өнгийг улам баяжуулна. Киноны явцад гэр бүлийн шарх хэрхэн аажим эдгэж, дурсамж өөрөө биднийг холбодог ч заримдаа шархлуулдаг гэдэг санаа маш зөөлөн, гүн утгатайгаар илэрхийлэгддэг.
“Sentimental Value” нь урлаг ба бодит амьдралын хил хязгаарыг давхар харуулж, уучлал хэчнээн хэцүү ч түүнийг сонгох нь амьдралыг гэрэлтүүлдэг гэдгийг сануулсан бүтээл байсан. Элсэн ширхэг шиг жижигхэн дурсамж ч хүний сэтгэлд ямар үнэ цэнтэй болохыг энэ кино гайхалтай мэдрүүлнэ. Каннын кино наадмаас Гран-при хүртсэн нь ч учиртай. Угтаа энэ бол зүрхэнд хүрдэг, гүн утга бүхий, амьдралын үнэнүүдийг уянгалаг байдлаар харуулсан бүтээл.
“No Other Choice” бол хүн амьдралын хамгийн хүнд нөхцөлд орсон ч, сэтгэлийн тэнхээ, шударга үнэний төлөөх тэмцэл ямар агуу байдгийг харуулсан сэтгэл хөдөлгөм, ухаарал төрүүлэм бүтээл гэж хэлж болно. Кино бодит амьдралд тохиолддог айдас, дарамт, шударга бус байдалтай нүүр тулгарах үед хүний дотоод хүч хэрхэн сэргэдгийг, мөн өөрийгөө хамгаалахаас өөр замгүй болох тэр эгзэгтэй мөчийг маш бодит, хурц өнцгөөр дамжуулан үзүүлнэ.
Кинонд өгүүлэгдэх түүхийн төвд жирийн мэт харагддаг ч дотроо асар их дарамт, эрсдэл тээж яваа эмэгтэй бий. Тэрээр амьдралаа хэвийн авч явах гэж хичээх ч түүнийг сорих нөхцөлүүд улам ширүүсэж, эцэст нь өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалахаас өөр гарц үлдэхгүй түвшинд хүрнэ. Киноны туршид түүний айдас, эргэлзээ, тэвчээр, улам өсөн нэмэгдэх зориг зэрэг нь үе шаттайгаар нээгдэж, үзэгчийг түүний талд зогсоход хүргэнэ.
“No Other Choice”-ийн онцлог нь гол дүрийн эмэгтэйг “супер баатар” шиг бус, харин бидний адил жирийн нэгэн хүний байдлаар харуулсан явдал. Тэрээр өөрийн эрхгүй сонголт хийдэггүй, харин нөхцөл байдал түүнийг сонголтгүй болгоход л тэмцэхээс өөр аргагүй болдог. Энэ бүхэн кинонд бодит байдал, амьд мэдрэмж, эмзэг хүчийг бий болгож өгсөн мэт санагдсан. Хүн ямар үед өөрийн доторх зоригийг олдог, ямар үед хамгийн сул мэт харагддаг ч үнэндээ хамгийн хүчтэй байдаг вэ гэдгийг энэ кино маш тод харуулна.
Киноны уур амьсгал, дүрийн сэтгэл зүйн өөрчлөлт, дарамтад орсон хүний бодол, айдас, шийдвэрүүд бүгд нэг урсгалаар илэрч, нийгмийн үнэн, шударга байдал, өөрийгөө хамгаалах эрхийн тухай чимээгүй боловч хүчтэй санааг дамжуулна. Киноны төгсгөлд үзэгчид зөвхөн гол дүрийн хувь тавиланг бодохоос гадна, амьдралд “өөр сонголт үлдэхгүй” тэр мөчүүд хааяа хэнд ч тохиолдож болдгийг эргэцүүлэх болов уу.
“Good Daughter” бол гэр бүлийн доторх дарамт, нуугдмал үнэнүүд, сайн охин байх гэж өөрийгөө мартсан нэгэн бүсгүйн дотоод тэмцлийг маш бодитоор харуулсан хүчтэй драм. Гаднаасаа тайван харагдах ч, дотроо олон жилийн гомдол, айдас, дарамтыг тээж ирсэн гол дүр амьдралын нэг мөчид бүхнээс зугтах бус, харин өөрийн үнэнтэй нүүр тулахаас өөр гарцгүй болж эхэлдэг.
Кино нь “сайн хүүхэд” гэх нэрийн цаана хүний жинхэнэ сэтгэл хөдлөл, үнэн хүсэл, дуу хоолой дарагддагийг тод харуулж, эцэст нь өөртөө үнэнч байх нь хамгийн том зориг гэдгийг ойлгуулна. Сэтгэл хөдөлгөсөн, бодолд үлддэг, амьдралтай ойрхон өгүүлэмжтэй энэ бүтээлийг үзэхийг зөвлөе.

1. Little amélie or the character of rain
“Бороо бол бидэнд хурдаа сааруулж, гүнзгий амьсгаа аван, эргэн тойрныхоо гоо үзэсгэлэнг ажихыг сануулдаг байгалиас заяасан арга юм.”
Ганц энэ өгүүлбэрээр л уг киног бүхэлд нь илэрхийлж болох шиг санагдана. Баяр баясал,гуниг харуусал, итгэл, хайр гээд хорвоо ертөнцийг бүх зүйлстэй танилцаж буй бяцхан охины дүрээр дамжуулан бидэнд амьдралын гоо үзэсгэлэнг дахин сануулах мэт тийм л яруу кино.
Уг киног үзээд 2D анимешнд дахин дурлах шиг л болсон. Миний хувьд бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киноны нэгдүгээрт жагсах кино яалт ч үгүй мөн билээ. Тийм ч учраас олон хүн тус киног үзээсэй гэж гүнээ хүсэж байна.
Энэ жилийн өнгийг нэмсэн анмешнуудын нэг бол яах аргагүй “Kpop Demon Hunters”. “Kpop+Superpower+Kdrama+Anima+3D+Action+Өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх.”
Олон зүйлийг өөртөө агуулсан хэр нь уялдаа холбоог нь маш хөнгөн бас үнэхээр хөгжилтэйгөөр харуулж чадсан нь энэ киноны хамгийн том амжилт болов уу гэж хувьдаа боддог. Мөн өөр нэгэн онцлох шинж нь зөвхөн анимешн дээр л үзэж болох хошин, донжтой, хэтрүүлэгтэй дүрслэлүүд нь гэж хэлж болно. Хэрэв тус бүтээлийг хоёр үгээр илэрхийлэх бол “Аймаaр хөөрхөн” гэдэг үг л хамгийн их тохирох биз ээ.

Энэ киног “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам”-аар авчирч, театраар гаргах гээд чадаагүй. Гэсэн хэдий ч саяхнаас бид Netflix-ээс үзэх боломжтой болсон нь сайхан хэрэг. Сүүлийн үед Азийн эмэгтэй найруулагчид бүтээлээрээ их тод гарч ирж буй. Тэгэхдээ бүтээлээрээ охид эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт хэвшмэл ойлголт, хэв маягуудыг эвдэж чадаж байна. “Солгой гартай охин” кино нь Азийн уламжлалт соёлтой, капиталист нийгэмд амьдрах гурван үеийн эмэгтэйчүүд (ээж, охин, зээ охин)-ийн амьдралын тэмцэл, бие биеэ гэсэн чин сэтгэлийг хөнгөн, хөгжилтэй, өнгөлөг хэр нь гүн утга агуулгатайгаар өгүүлсэн нь таалагдсан. Охидын эр зориг, шударга хурц үйлдэл, харилцан итгэлцэл, хариуцлагыг мэдрүүлэх энэ кино таныг огт уйдаахгүй.
Миний хамгийн сүүлд үзсэн кино “Амоэба” бол мөн өөр нэгэн Азийн төлөөлөл болсон авьяаслаг бүсгүйн бүтээл. Сингапур гаралтай АНУ-д суурьшсан залуу найруулагч Тан Сиюугийн анхны бүрэн хэмжээний кино, продюсероор нь Сингапурын кино урлагийг дэлхийд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн Испани гаралтай продюсер Фран Боржиа ажилласан. Миний хувьд Фран багштай уулзаж, сургалтад нь сууж, туршлага түүхээс нь сонссон болохоор ч тэр үү, түүний бүтээл илүү ойр санагдсан.
Кинонд Сингапурын охидын сургуулийн ахлах ангийн дөрвөн охин авторитар сургуулийн орчин, мэдлэгт бус цээжлүүлдэг шалгалт, сургуулийн удирдлага болон эцэг эхчүүдийн зүгээс тавьдаг шаардлага зэрэгт “Яагаад ингэх ёстой гэж?” хэмээн сөрнө. Тэд өөрсдийн нууцлаг “Gang” бүлгэмийг үүсгэн, эрх чөлөөгөө бяцхан камерт буулган мөрөөдөж, хөгжилдөнө. Энэ киног үзсэн аль ч улсын, ямар ч насны хүн өсвөр нас руугаа дахин аялах шиг мэдрэмж авч, өөрсдийн “бяцхан бүлгэмээ” эргэн санах болов уу. Надад ч мөн тийм дурсамж, тэр үеийн “яагаад” мэдрэмжийг ахин өгсөн. Магадгүй хүүхэд өсвөр нас хүртлээ энэ “нийгэм” гэсэн баригдмал хайрцгаас давж сэтгэж, илүү өргөнөөр хайрцгийн гаднаас харж чаддаг мэт. Харин аажимдаа энэ нийгэм биднийг уусган идээд хайрцагтаа оруулаад байх шиг гэсэн мэдрэмжийг авсан.

Хүүхэд нас хэзээ, хэрхэн дуусдаг вэ?
“Always” бүтээл уг асуултын хариуг Хятадын хөдөө тосгонд суух найман настай Гун Юбин хүү болон түүний гэр бүлийн амьдралаар дамжуулан үзүүлсэн шүлэг шиг баримтат кино. Найруулагч Чэнь Демин хар цагаан болон өнгөт дүрсийг хослуулахын зэрэгцээ хувь заяа ба хичээл зүтгэл гэх хоёр ойлголтын хоршил мөн эсрэгцлийг энгийн ажиглалтаар дамжуулан харуулжээ. Хүн бүхэнд, тэр тусмаа хүүхэд наснаасаа хойш шүлэг бичээгүй хүмүүст санал болгох кино.
Энэ оны хамгийн цочирдмоор, инээдтэй, солиотой байдлаар “title sequence” буюу киноны гарчгаа толилуулсан бүтээл. Ах дүү Сэфди нар энэ жил тус тусдаа кино хийж үзэгч бидэнд тэдний хэн нь илүү сайн найруулагч вэ гэдгийг гэрчлэх боломж гарлаа. Уг хоёр бүтээл хоёулаа манай кино театруудаар гарсан/гарна гэж бодохоор үнэхээр олзуурхууштай (дистрибьютерүүддээ баярлалаа!). Дүү Бэннитэйгээ хийсэн “Good Time (2017)”, “Uncut Gems (2019)” зэрэг кинонуудынхаа гол дүр дээрээ төвлөрсөн (энэ удаад Тимоти Шаламе) хурдан хэмнэл, санаанд оромгүй өрнөл зэргийг Жош Сэфди шинэ бүтээлдээ дахин амжилттай ашиглажээ. 2024 онд “Challengers” газрын теннис, 2025 онд “Marty Supreme” ширээний теннисийн тухай кино бүтээгдсэн бол одоо ирэх 2026 онд агаарын теннисний тухай сайн кино гараасай.
Эрх мэдэл, эд баялагтай цөөнхийн төлөө амьдралаа зориулж буй ажилчин олонхын тухай бидний нийтлэг үнэн дүр төрхийг харуулах кино. Тайланд найруулагч Навапол Тхамронграттанарит “хүний нөөц” гэх нэршлийг шууд утгаар нь авч үзэн капиталист нийгэмд хүүхэд төрүүлнэ гэдэг нь ямар ач холбогдол, үр дагавартайг киногоороо дамжуулан хөнджээ. Бидэнд тулгарч буй хамаг чухал асуудлууд хувийн бус нийтийн шинж чанартай байхад тэднийг шийдэх арга нь ч мөн хувийн бус нийтийн, олонхын, хамтын хүч хөдөлмөр ба эв нэгдэл дээр суурилах учиртай гэдгийг сануулах шүүмжит бүтээл.

Пак Чан-үкийн найруулсан “No Other Choice” кино нь Венецийн Олон Улсын Кино Наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогдон оролцсоноороо нээлтээсээ эхлэн дэлхийн кино шүүмжлэгчид, судлаачид, сонирхогчдын анхаарлын төвд орсон бүтээл болсон юм. Хэдийгээр уг кино Венецийн кино наадмаас Алтан арслан зэрэг гол шагналуудыг хүртэж чадаагүй ч уралдаант хэсэгт багтсан нь өөрөө найруулагч Пак Чан-үкийн уран бүтээлийн чансаа, олон улсын кино урлаг дахь нөлөөг бататгасан чухал амжилт байв.
Киноны найруулгын өвөрмөц хэлбэр, ёс суртахууны сонголт, хүний дотоод зөрчлийг гүнзгий хөндсөн сэтгэл зүйн өгүүлэмж, дүрслэлийн нарийн шийдлүүдийг олон улсын кино шүүмжлэгчид өндөр үнэлсэн. Ялангуяа гол дүрийг бүтээсэн И Бён-хоны жүжиглэлт нь хүний амьдралд “сонголт байхгүй мэт” санагдах мөчид тулгардаг ёс суртахууны хямрал, дотоод тэмцлийг маш нарийн мэдрэмжтэй, дотоод хүчтэй илэрхийлсэн хэмээн үзэж болно. Шинэ өдөр бүрд боломж байдаг гэдэг нь хүний хийсэн сонголтоор гарч ирдэг. Үүний улмаас И Бён-хоны дүрийг тухайн жилийн шилдэг эрэгтэй дүрийн шагналуудын магадлалтай нэр дэвшигчдийн нэг хэмээн олон улсын шагналын тойм, кино салбарын хэвлэлүүдэд дурдаад буй.
Үүнээс гадна “No Other Choice” киног БНСУ 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын кино” төрөлд өрсөлдүүлэх албан ёсны бүтээлээр сонгосон нь уг киноны уран сайхны чанар, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг дахин нотолж буй үйл явдал юм. Мөн уг кино нь Венеци, Торонто зэрэг наадмуудаар танигдсан бүтээлүүдийн нэгэн адил хүчтэй өрсөлдөгч хэвээр байх магадлалтай. “No Other Choice” нь зөвхөн Пак Чан-үкийн уран бүтээлийн дараагийн шатны илэрхийлэл төдийгүй, Солонгос кино олон улсын шагналын тавцанд дахин хүчтэй байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж буй онцлох бүтээл.
“13 Days, 13 Nights” кино нь 2021 оны наймдугаар сард Афганистанд өрнөсөн бодит үйл явдлаас сэдэвлэсэн, улс төр, хүмүүнлэгийн драмын төрөлд хамаарах бүтээл юм. Кабул хот уналтад орсны дараах 13 хоногийн турш явагдсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааг кино нь цэрэг дайны баатарлаг хэтрүүлэггүйгээр, харин хүний амь, ёс суртахууны сонголт, хариуцлагын үүднээс өгүүлснээрээ онцлог бөгөөд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино.
Уг бүтээл нь орчин үеийн зэвсэгт мөргөлдөөн энгийн иргэдийн амьдралд ямар бодит, хүнд үнээр нөлөөлдгийг харуулснаараа дайныг эсэргүүцсэн, энх тайвны үзэл санаатай кинонуудын нэгэн адил фестивалийн орчинд үнэлэгдэж байгаа кино юм. Каннын олон улсын кино наадмын философитой ч мөн нийцэж байгаа. Учир нь Каннын кино наадам нь үүссэн цагаасаа эхлэн дайн, хүчирхийллийг үл зөвшөөрсөн, дэлхийн энх тайван, хүний эрх, хүнлэг үнэт зүйлсийг дэмждэг соёлын индэр байсаар ирсэн.
“13 Days, 13 Nights” кино ч мөн адил зэвсэгт мөргөлдөөнийг сурталчлах бус, хямралын үед “хэн амьд үлдэх вэ?” гэх асуултад тулгарсан бодит хүмүүсийн айдас, эргэлзээ, хариуцлагын түвшинд авчирдаг. Найруулгын баримтат шинж, бодит орчны мэдрэмж, камерын өнцгүүдийг шахаж зургаа авсан хэмнэл нь үзэгчийг тухайн үйл явдлын яг дунд аваачиж, энх тайван гэдэг ойлголт ямар эмзэг, ямар үнэтэй байдгийг мэдрүүлдэг. Иймд “13 Days, 13 Nights” нь тухайн нэг үйл явдлыг өгүүлсэн кино төдий бус, орчин үеийн дэлхийд дайн, улс төрийн шийдвэр энгийн хүмүүсийн хувь заяанд хэрхэн нөлөөлдгийг сануулсан, дайныг эсэргүүцсэн, хүнлэг үнэт зүйлсийг хамгаалсан кино хэмээн үнэлэгдэх бүрэн үндэслэлтэй юм. Эдгээр наадмын уран бүтээлүүдийг So Media-гаас саяхан үзсэн учир санал болгож байна.
Ж.Сэнгэдорж найруулагчийн “Сэтгэлийн зураг” кино нь хүний дотоод ертөнц, дурсамж, бүтээлч сэтгэлгээ, алдагдлыг дүрслэлийн яруу хэлээр өгүүлсэн сэтгэлзүйн драм бөгөөд зураачийн амьдрал, урлан дахь замналын гүнзгий аяллыг үзэгчдэд мэдрүүлдэг уран бүтээл. Киноны гол онцлог нь үйл явдлын хурц эргэлтээс илүүтэйгээр дүрүүдийн дотоод сэтгэл, сэтгэл зүйн хямрал, дурсамжийн нарийн хөдөлгөөнийг төвд нь тавьж, камерын удаан хэмнэл, гэрэл сүүдэр, чимээгүй агшнуудыг урлагийн хүчирхэг элементийн хувьд ашигласнаар дүрүүдийн дотоод ертөнцийг илүү гүнзгий мэдрүүлдэгт оршино.
Мөн Монгол кинонд түгээмэл ажиглагддаг их дуу хөгжим байхгүй. Жүжигчдийн тоглолт нь хэтрүүлэггүй, дотоод төвлөрөлтэй байснаар дүрүүдийн харц, хөдөлгөөн, чимээгүй орших байдал нь хүний амьдралд үлддэг “сэтгэлийн зураг”-ыг илүү үнэмшилтэйгээр харуулдаг. Энэхүү бүтээл нь олон улсын тавцанд ч мөн амжилттай танигдсан бөгөөд 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт албан ёсоор шалгарч, Азийн кино урлагийг дэмждэг NETPAC шагналыг хүртсэн нь Монгол киноны олон улсын байр суурийг бэхжүүлэх томоохон амжилт болсон юм. “Сэтгэлийн зураг” нь дүрүүдийн сэтгэл зүйн гүнзгий өгүүлэмж, минимал найруулга, дүрслэл, дотоод ертөнцийн нарийн тэмдэглэлээрээ онцлог бөгөөд олон улсын шүүмжлэгч, уран бүтээлчдийн анхаарлыг татсан нь Монгол кино урлагийн олон улсын амжилттай үргэлжлэл гэж үнэлэгдэх үндэслэл болдог. Энэхүү бүтээл нь зөвхөн Монголын кино урлагт төдийгүй, үзэгчдэд хүний сэтгэлзүйн гүн гүнзгий хөдөлгөөнийг уран сайхны өндөр түвшинд мэдрүүлэх боломжийг харуулсан онцлох бүтээл.
“Татар” уран сайхны кино нь Монголын цаг үеийн соёл, хөгжим, нийгмийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн найруулагч Б.Батдэлгэрийн “Аранжин” болон “Татар” нарын хамтын бүтээл юм. 2025 оны XVII “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам”-аас Монгол киноны уралдаант хэсэгт хос “Хангарди” шагналыг хүртсэн. Тодруулбал, киноны шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар (СТА), шилдэг зураачаар Н.Болор Эрдэнэ (СТА) нар тус наадмаас тус бүр цом хүртсэн нь уг бүтээлийн техникийн үзэмж, дүрслэлийн өндөр түвшинд үнэлэгдсэн үр дүн боллоо.
“Татар” кино нь Монголын хип хоп соёлын үүсэл, залуу үеийн тэмцэл, үнэт зүйлс болон нийгмийн сорилтуудыг бодит байдлаар харуулсан драмын элемент бүхий бүтээл бөгөөд уг нь нэг талаас хөгжим, нөгөө талаас нийгмийн тэсвэр, найз нөхдийн холбоо, шударга ёсны төлөөх тэмцлийг гүн гүнзгий харуулдаг. Киног анх олон нийтэд танигдахдаа “Мөрөөдөл дүүрэн Татар” нэртэйгээр хүрч байсан.
Энэхүү амжилт нь “Татар” киноны Олон улсын кино наадамд танигдсан чанар, Монгол кино урлагийн олон талт хөгжлийг тусгаж, Монголын уран бүтээлчид олон улсын үзэгчдэд соёлын өөрийн онцлогтой, биографик киног сонирхолтойгоор бүтээж чадна гэдгээ харуулсан кино юм. Өмнө нь “Шар гэгээ” кино нь олон түмний таашаалд нийцэж байсан уран бүтээлчийн дараагийн бүтээл болох “Холын цагаан манан” киног тэсэн ядан хүлээж байна.
Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох кинонууд
2017 оны онцлох кинонууд
2018 оны онцлох кинонууд
2020 оны онцлох кинонууд
2021 оны онцлох кинонууд
2023 оны онцлох кинонууд
2024 оны онцлох кинонууд

Сэтгэгдэл бичих

