"Unread Wrapped" шинэ жилийн цуврал контентын ээлжит дугаар маань 2023 оны онцлох кинонуудаар үргэлжилж байна. Уламжлал ёсоор бид энэ удаад ч бас кино урлагийн салбартай аль нэг сэжмээр холбогдсон, бүтээлч салбарт ажиллаж буй залуусыг контентдоо урьж, тэдний хувьд энэ оны онцлох кино нь юу байв? тус киног яагаад, ямар шалтгаанаар сонгох болов? хэмээх асуултыг тавьсан юм. 

Уншигч та ч бас уг асуултад хариулаарай. 2023 онд нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бүтээлээ нэрлэвэл?...


1. Wonka

Willy Wonka гэдэг дүр баруунд их нэртэй. Хүүхдийн номоос нь сэдэвлэсэн хэд хэдэн кино өмнө хийгдсэн ч миний хувьд уг кинонд ажиллах хүртлээ шальтай ойлголтгүй байсан юм билээ. Гэхдээ энэ удаагийн хувилбарт дуртай жүжигчин Hugh Grant маань тоглоод барахгүй бүр жижигхэн, этгээд дүрд хувирсан байсан нь сонирхол татсан. Энэ ч утгаараа тус бүтээлд гар хуруу дүрсэндээ өөрийгөө азтайд тооцож байгаа.

"Wonka"-ийн ерөнхий консепт дүрслэл, дизайн, pre-production, previs, зураг авалтын дундах vfx зааварчилгаа болон post-visualisation ажлуудыг манай студи хийсэн юм. Мэдээж визуал эффект дээр нь мөн ажилласнаас 920 гаруй шот дэлгэцэнд гарсан байна лээ. Уг нь энэ кинонд жил гаруйн хугацаанд ажилласан мөртлөө нээлтээ хийгээд театрт үзэх хүртлээ мюзикл гэдгийг нь огт мэдээгүй байсандаа инээд хүрсэн шүү. Бас нэг шинээр олж нээсэн зүйл гэвэл Timothée-г царайлаг болохоор л кинонд тоглож үзэгддэг гэж боддог байсан бол энэ дүр дээр ажилласныг нь хараад чадварыг нь хүлээн зөвшөөрсөн.



2. Rebel Moon: Part One - A Child of Fire 

300, Watchmen зэрэг киногоороо эчнээ танигдсан найруулагч Zack Snyder-ийн "Rebel Moon: Part One- A Child of Fire" гэх энэ бүтээл мань эрийн кинонуудаас миний ажилласан хоёрдахь кино. Zack өөрийн гэсэн өвөрмөц хийцтэй найруулагч. Дүрслэлийн хувьд түүний хийцийг, кинонуудынх нь гоо үзэмжийг давж гарна гэдэг амаргүй л даваа.

Энэ киноны хувьд гэхэд секунд болгон нь уран зураг шиг, зүүднээс ургаж гарч ирсэн төсөөлөл шиг тийм уран. Тэрээр киноныхоо ерөнхий зураглаачийг давхар хийхдээ бүх зураг авалтыг камерын өрцөө бүрэн нээж авсан. Тэгэх тэгэхдээ Red v raptor гэх мэргэжлийн камер дундаа боломжийн үнэтэйг ашигласан нь олзуурхууштай. Иймдээ ч зураглал бүр нь багадаа ганцаараа тоглох үед ертөнцийг төсөөлдөг байсантай ижил тийм л мөрөөдлийн гэмээр болсон. Зарим хүмүүс кино найруулагчийг бүтээлдээ илэрхийлдэг санаа, гүн агуулгыг хэрхэн гаргадгаар нь шүүн үнэлдэг бол Zack-ийн хувьд тийм шалгуурт өртөхөөр найруулагч биш. Мань эрийн бүтээдэг зураглал нь жаахан хүүхдийн доторх төсөөлөл, манга, хүүхдийн ном, хүүхэлдэйг бодит болгон гаргаад ирсэн мэт л байдаг. Дотроо нуугдсан гэнэн хүүхдийг тэтгэнгээ хэдэн сарын хугацаанд студийнхэнтэйгээ энэ кинонд хамт ажилласан даа.



3. Saltburn 

Дуртай жүжигчдийн маань нэг Barry Keoghan-ийн тоглосон кино. Трэйлерийг нь үзээгүй, зүгээр л дуртай жүжигчин тоглосон учраас л нээлтээ хийсэн өдөр нь шууд очиж үзсэн. Тэр цагаас хойш энэ кино толгойд хадагдчихсан л явна даа. Комеди, триллер төрөлд хамаарагдах ч хүүхэд үзэхэд тохиромжгүй хэд хэдэн гаж үзэгдэлтэй.

Үйл явдлын тухайд гэвэл Их Британийн соёл уламжлалын онцлог болсон нийгмийн давхаргуудын тухай. Нэгэн оюутан залуу найзынхаа ачаар хэрхэн дээд зиндааныхантай дотносож байгааг харуулна. Учир нь түүний найз гүнгийн хүү бөгөөд найзындаа нэг зуныг өнгөрөөхдөө элитүүдтэй дотносох нь ямар ашигтай, чухам үүний л төлөө яахаас ч буцахгүй болсон хэчнээн олон хүн байдгийг ойлгодог. Дайсны тал нь киноны гол дүр болж, бүр болоогүй ялаад төгсдөг миний мэдэх ганц кино.




1. Past lives 

Ханцуй шүргэлцэх төдий урд насны учир бий.

Би Японы зохиолч Мүраками Харүкигийн зохиолуудыг унших дуртай. Унших бүрд хувь тавиланд итгэдэг хүн шиг санагддаг. Тэр ч утгаараа урьд хойд насны ерөөл гэж юу байдаг юм бол? Заримдаа бид яагаад мухар сүсэгт ингэтэл их итгэдэг юм бол зэрэг асуултынхаа хариуг "Past lives" киноноос багахан ч атугай авсан шүү.

Үйл явдлын хувьд арван жилийн хоёр сурагч биесээ шохоорхож эхэлнэ. Гэвч охины гэр бүл Канад улсад цагаачлах болсноор тэдний холбоо тасардаг. 12 жилийн дараа дахин холбогдох ч харамсалтай нь тэдний зам дахиад л сална.

Найруулагч гол санаагаа харилцан ярианаас илүү дүрслэлээр илэрхийлж байсан нь таалагдсан. Жишээ нь, гол дүрийн хоёрын гэртээ харих зам салаалдаг ганц дүрслэлээр дамжуулан тэдний мэдрэмж, аливаа зүйлсийг илэрхийлэх сэтгэл хөдлөлийн ялгаа, орчин, сонголт, хүсэл мөрөөдөл зэрэг олон зүйлийн ялгааг харуулж байгаа юм. Төгсгөл нь үзэгчдийн хүлээлтэд хүрэхгүй байж магадгүй ч миний хувьд бол байж болох хамгийн оновчтой төгсгөл гэх байна. Хувь тавилангийн олон салаа мөчир замаар алхах сонголт бүрийн уулзвар дээр бид ахин дахин таарвал лавтайяа нэг учиртай шүү…



2. Elemental

Өөр өөр хүмүүс миний
Өөр өөр талыг авч ирэхэд
Чамд байсан би
Өөртөө илүү таалагдлаа.

Кино театрт бөөн хүүхдүүд дунд дэнхийсэн хоёр том хүн хамт орж үзээд, уйлаад гараад ирсэн гэвэл итгэх үү? Агуулга, хийцээс нь болоод ч тэр үү Magnolian, NMN-ийн “Өөр хүмүүс" дууг өөрийн мэдэлгүй аялаад явж байсан. Учир гэвэл, тухайн үед өмнө минь тулгараад байсан асуудлуудыг "Elemental" тэр чигт нь дэлгээд тавьсан мэт байсан нь сэтгэлд тэгтэл их хүрсэн юмуу даа. Юутай ч миний хувьд оны онцлох сэтгэлд дулаан анимейшн гэж нэрлэнэ ээ. Ер нь Pixar-ийн анимейшн хэзээд урам хугалдаггүй. Нарийн деталь бүрд ач холбогдол өгнө. Утга санааны хувьд өөр, давтагдах нь цөөн.

Кинонд ус, агаар, гал, ургамал, мод гээд дэлхий ертөнцийг бүрдүүлэгч элементүүд амьдрах бөгөөд галын охин Amber, усны хүү Wade нар бүтэлгүй тохиолоор танилцсанаар үйл явдал өрнөдөг. Хөгжилтэй хэрнээ цаанаа л хүний мэдрэмжийн онцлог ялгааг эсрэг тэсрэг элементүүд болох ус, галаар дамжуулан гаргасан нь таалагдсан. Уг бүтээлийн харилцан яриа бүр нь үнэ цэнтэй, утга агуулгатай ба хаанаас нь ч текст авсан эшлэл болгож болохоор байсныг онцолмоор байна. Ер нь Pixar-ийн сүүлийн жилүүдэд гаргаж буй уран бүтээлүүд хэн ч бай төгс байх албагүй, зүгээр л өөрийгөө хүн чигээр нь хүлээн зөвшөөрөөрэй гэдэг агуулгыг өгөхөөр зорьж байгаад талархдаг.



3. Last of us

2023 онд нүд чихийг хужирласан бүтээл яалт ч үгүй "Last of us" байлаа.

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөөгөнцөр их хэмжээгээр үүсэх ба үүнээс болж зомби вирус тархана. Кино бүрд байдаг нэг супер дархлаатай охин, түүнийг газарчлах охиноо алдсан эр хоёртой байдаг л үйл явдал юм шиг санагдаад үзтэл эхний ангиас л энэ бодол 180 градус эргэсэн. Видео тоглоомоос дэлгэцийн бүтээл болсон бөгөөд есөн анги нь бүгд өөр санаа, үйл явдалтай. Тэгсэн хэр нь учир зүйн логик алдаагүй. Харилцан яриа бүр нь утга учиртай мөртлөө хөнгөн, хөгжилтэй. Дүрийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нэмэлт тайлбар, илүү үггүйгээр ойлгогдоно.

Хүн амь тулсан цагт юу хийж чадах вэ? Бүх л насаараа нийгмийн дэг журам дор амьдарсан хүмүүс нэг л өдөр ямар ч дүрэмгүй болбол хаанаас хаа хүрэх бол? Эдгээр асуултын байж болох бүх хариуг тус цувралд олон хувилбараар гаргадаг. Тийм ч болохоор хүний нинжин сэтгэл, эсрэгээрээ хахир хатуу, амин хувиа хичээх үзэл, хайр, үзэн ядалт гээд бүхий л мэдрэмжийг энэ кино өгнө. Гэхдээ огтоос хүчлэхгүй, алгуурхнаар цувралдаа автуулах ба Bill, Frank хоёрын харилцааг хараад зомбитой киноноос тийм тансаг хайр үзнэ чинээ санаагүй. Зомбитой киног хүний тархи идэж, хоорондоо хөөцөлдөж, буудалцдаг уламжлалт үйл явдлаас нь холдуулснаар барахгүй энэ асуудлыг хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, утга учиртай эсвэл бүр утга учиргүй амьдарч буй талаас харуулсан нь таалагдсан. “Ингэнэ гэж юу байсан юм шал худлаа" гэсэн ямар ч бодолгүйгээр дуусгасан. Хоёрдугаар улирлыг догдлол дүүрэн хүлээж байна.


 


1. Fallen leaves – Намрын навчис

Финландын нэрт найруулагч Аки Каурисмякигийн "Пролетарийн цуврал" гэж агуу кинонууд бий. Бидний сайн мэдэх нь гэвэл "Шүдэнзний үйлдвэрийн охин" байна. Тэгвэл энэ цувралын дараагийн анги гэж хэлэгдээд буй магадгүй Акигийн хамгийн сүүлийн кино ч байж мэдэх “Намрын навчис”-ийг тавдугаар сард Каннын наадамд явахдаа үзэх гэсэн ч тасалбарыг нь ерөөс олж чадаагүй юм. Аз болоход Улаанбаатар олон улсын кино наадмаар гарч шавай минь ханасан даа.

2017 онд Берлиналиар мань эрийн "Итгэлийн өөр нэг тал" (The Other Side of Hope)-ийг үзээд ёстой нус нулимсандаа хутгалдсан. Энэ удаад ч Каурисмяки өвөө итгэл ер алдсангүй.

Хэрвээ танд амьдрал хэцүү санагдаж байвал энэ киног үзээрэй. Архичин найзтай бол энэ киног үзүүлээрэй. Амьжиргаагаа залгуулах гэж хичээж байвал энэ киног үзээрэй. Магадгүй та итгэл найдварын очийг олж авч болох юм. Эсвэл зүгээр л хүйтэн өвөл дулаан кино үзэхийг хүсвэл Намрын навчсыг үзээрэй. Гэснээс уг кино энэ жилийн Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал" модны мөчирт өрсөлдсөн ба Шүүгчдийн нэрэмжит шагналыг нь хүртсэн юм байна лээ шүү.



2. Monster

Хэн нь мангас юм бэ? Зодуулсан хүүгийнхээ эрхийг хамгаалахаар тэмцэж буй ээж үү? Эсвэл ямар ч гэмгүй байж ажлаасаа халагдаж буй багш уу? Аль эсвэл амьдралд дөнгөж хөлөө олох гэж буй хөвгүүд үү? Нөгөөтээгүүр, үнэн гэж чухамдаа юу юм бэ? Дээрх хүмүүсийн хэнийх нь үнэн юм бэ? Эсвэл энэ бүх зүйлийн уулзвар дээр үнэн оршдог уу? Эдгээр асуултын хариуг та Японы нэрт найруулагч Хироказү Кореедагийн “Мангас” киноноос олж авч болох юм.

Энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Каннын кино наадамд хоёр монгол уран бүтээлч шалгаруулж авч явсан бөгөөд миний бие шалгарч, дэлхийн хамгийн шилдэг кино наадмыг дэргэдээс нь үзсэн юм. Харамсалтай нь, киноны тасалбар олно гэдэг өдрийн од шиг хэцүү. Кореедагийн шинэ киног үзэх гээд ер чадаагүй. Азаар энэ жил манай улсад анх удаа, шинээр зохион байгуулагдсан Хархорин олон улсын кино наадамд тус киног үзэх завшаан тохиосон билээ. Ижил түүхийг өөр өөр өнцгөөр нэг кинонд хүүрнэн давс хужир, чихэр жимс бүх юмыг нь яв цав тааруулсан амтат гүнцгийг барихад туйлын амттай байлаа. Нэг бодлын Акира Куросавагийн Рашомонтай их төстэй, нөгөөтээгүүр япон л ийм кино хийгээд байдаг юм уу гэлтэй.

Уг кино нь Каннд дээд шагналын төлөө өрсөлдөнөөс гадна Шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн. Дээрх хоёр кино миний хувьд хамгийн их сэтгэгдэл төрүүлж, таашаал өгсөн уран сайхны кинонууд байлаа.

Жич: Энэ жилийн Каннын дээд шагнал авсан “Уналтын задлан” бол зүгээр л нэг байдаг л европ кино санагдсан шүү ккк





1. Reneissance: A Film by Beyoncé

Энэ арванхоёрдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн “Renaissance: A Film by Beyonce” баримтат кино бол дуучин Beyoncé Knowles-ийн 2023 оны дэлхий тойрсон аялан тоглолт, түүний ард өрнөх үйл явдлаас бүрдэж 168 минут үргэлжилнэ. Амьд тоглолтыг нь үзэх боломжгүй хүн бүрд тэр 56 өөр оронд хэдэн зуун байршлаас бичигдсэн дүрсүүдээр баяжуулж аварга том тайз, загварын шоунаас ч олон “look”-үүд, алмайрмаар үзүүлбэрүүдийг нь том дэлгэц, долби дугаралтаар мэдрэх боломжийг олгоно.

Beyoncé болбоос зөвхөн поп дуучин гэхэд багадам энэ цаг үеийн хамгийн шилдэг энтертейнер, тайзны уран бүтээлч, консепт артист мөн. Хоолойн чадал, техник, бүжиглэх ур чадвар, хөгжмийн найруулга, тоглолтын зохиол, тайз дэглэлт, видео клип, концепт утга тайлал гээд түүнийг төлөөлөх бүх зүйл төгс байдаг. Учир нь “хатан зөгий” бүх гүйцэтгэлийг өөрөө гардан удирдан зохион байгуулж хүссэндээ хүрэхээс нааш зогсдоггүй. Тэр бол хатан зөгий. Тиймдээ ч бусад уран бүтээлчдэд хэзээ ч хүршгүй өндөр стандартыг хийсэн бүхнээрээ тавьж орхидог. Тоглолтын хойно өрнөдөг асар их хөдөлмөрийг ингэж л харуулахаас нааш олны нүдэнд ил биш эдгээр ажлын хэчнээн чухал, нүсэр ачаалал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Иймд энэ төрлийн киноны ач холбогдол тун их.

“Тайзан дээр байхдаа хамгийн эрх чөлөөтэй байдаг” гэж дурдах Beyoncé-ийн энэ удаагийн цомог аялан тоглолтын үндсэн концепт нь эрх чөлөө, сэргэн мандалт бөгөөд B'Day (2006), Beyoncé (2013), Lemonade (2016) and The Lion King: The Gift (2019), HΘMΣCΘMING: The live album (2019) гээд “хөгжимт кино” төрөлд хамаарагдах өмнөх бүтээлүүдтэй харьцуулахад хамгийн “дотно” болсон санагдлаа.

Аль ч үед түүний киног үзэхэд хүнээс гарч болох тэвчээр хөдөлмөрийн дээд цэгийг гэрчлэх шиг болж, хийж бүтээх урам зоригоо авдаг. Энэ бүтээлийг кино танхимд үзэх боломжийг бий болгосон "Гэгээнтэн" кино театрт талархаад баршгүй ээ.



2. Maestro

Америкийн Кино Институциас энэ оны шилдэг 10 киноны нэгээр шалгаруулсан “Maestro” нь ХХ зууны хоёрдугаар хагасын үеийн Америкийн сонгодог хөгжмийн түүхэн дэх хамгийн цуутай хөгжмийн зохиолч, удирдаач Leonard Bernstein-ийн хувийн амьдралаас сэдэвлэсэн намтар кино юм. Та бидний сайн мэдэх жүжигчин Bradley Cooper найруулж, өөрөө гол дүрээ бүтээсэн ба уг киногоо олон жилийн турш төлөвлөж хийсний сацуу уран бүтээлийн анд нөхөр, зураглаач Matthew Libatique-тай (“A star is born” кинонд хамтран ажилласан) дахин гар нийлсэн нь сайн үр дүн авч ирсэн юм. Учир нь кино шүүмжлэгчид энэ бүтээлд “эврика” хэмээн уулга алдуулах мөчүүд олон бийг дурдаж байсан юм.

Миний хувьд "West side story" хорвоогийн хамгийн дуртай мюзикл минь учраас мөн хайрт Carey Mulligan минь эхнэрийнх нь дүрийг бүтээсэн болохоор киног хоног тоолон байж үзсэн. Ойрын хэдэн сард удирдаачдын ид шидийг улам их мэдэрснийг ч хэлэх үү, амьдралд ойр, зүрхэнд ойр үзэгдлүүд олонтой байлаа. Нэмж хэлэхэд шилжилт бүр дээрх дууны найруулагчийн ажлыг онцлохгүй байхын аргагүй. Маш тансаг, хөгжмийн тухай кино ийм л баймаар гэж дуу алдмаар. Хөгжимд дурлагсдын хайртай, эргүүлж тойруулж дахин давтан үздэг кино нэгээр нэмэгдсэн нь "Maestro" гэх байна.





1. Oppenheimer

Агуу Ноланы ээлжит уран бүтээл болох "Oppenheimer"-ийг кино сонирхогчдоос гадна шинжлэх ухааны хүрээлэл тэсэн ядан хүлээж байсан билээ. Учир нь хүн төрөлхтний түүхийг эргүүлж цоо шинэ эриний хаалгыг нээсэн цөмийн бөмбөг хэмээх тэр аймшигт мангас хэрхэн бүтсэн талаарх баримт олон жилийн турш "МАШ НУУЦ" гэдэг хавтаст хадаастай байсан юм. Хэдийгээр баримтад суурилсан бүтээл ч гэлээ хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг амьдарч байсан хоттой нь хормын төдийд газрын хөрстэй нь тэгшилсэн гашуун явдлыг кино дэлгэцэн хэрхэн дүрслэн харуулах нь ёстой л найруулагчийн суу билиг мэдэх хэрэг байлаа.

Энэ түүх өөрөө маш том маргааны зангилаа учраас хэт нэг талыг баримтлахгүйгээр түүнийг тайлна гэдэг амаргүй даваа байсан нь лавтай. Сонирхуулахад дүрүүдийнх нь IQ-г тоолоод нэгтгэвэл ямар ч кино ийм өндөр үзүүлэлтэд хүрэхгүй байх. Учир нь, Оппенхеймер, Эйнштейн, Бор, Ферми, Хейзенберг, Фейнман гэх мэт цагийг эзэгнэсэн эрдэмтэд энэ төсөл дээр ажиллаж байсан билээ. Квант физикийн загалмайлсан эцгүүд хэрхэн хамтарч, цаг үеийнхээ хамгийн чухал төслийг амжилттай гүйцэтгэснийг уран сайхны киногоор харахаас илүү шинжлэх ухаан сонирхогчийн хувьд жаргал үгүй юм.

Эрдэмтэд хар нүхний доторхыг төсөөлүүлж чадаагүй байхад Нолан үүнийг Interstellar гэдэг киногоор буюу урлаг гээч зүйлээр маш гайхалтай харуулсан байдаг шүү дээ. Харин энэ удаа хэний ч харж бас төсөөлж чадахгүй атом бөөмсийн ертөнцийг ширхэг ч компьютер график ашиглалгүйгээр харуулсан хэсэг нь үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай байв. Оппенхеймер өөрөө мэдлэг болон урлагийг төгс хослуулдаг нэгэн байсан. Яруу найрагч байсан. Тэр хэсэг нь ч кинон дээр нэг бус удаа гардаг шүү дээ. Энэ кино өөрөө бас нэг тийм сайхан шүлэг шиг л байлаа.





1. Баавгай болохсон

“Бүгдээрээ баавгай байсан ч болоосой. Өвөлжин ичээд ханиад хүрэхгүй, даарахгүй гоё байхгүй юу”

2023 онд анх удаа Монгол кино Каннын наадамд шалгарч манай улсын хувьд түүхэн үйл явдал тохиосон билээ. Аливаа улс орны кинонууд тухайн улс эсвэл хотын соёлоо түлхүү харуулж тус газрын амьдралын хэв маягийг харуулж байдаг онцлогтой бол "Баавгай Болохсон" кино Улаанбаатар хотыг бүрэн дүүрэн илэрхийлсэн гэлтэй. Гэр хороололд амьдардаг дунд сургуулийн хүүхдүүдийн амьдралын талаар өгүүлэх тус бүтээл нь Улаанбаатар кино фестивалийн үеэр гарч, дотоодын үзэгчдэд анх хүрсэн бөгөөд кино дууссаны дараа бараг таван минут гаран хүмүүс алга ташиж баяр хүргэсэн нь бахдам сайхан байлаа. Ирэх оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн кино театрын дэлгэцээр нээлтээ хийх тус киног хүн бүхэн сонирхон үзээсэй гэж хүсэж байна.



2. Concrete utopia

“Айлд орж ирчхээд гутлаа тайлаач”

Азийн алдарт жүжигчид болох Lee Byung Hyun, Park Seo-joon, Park Bo-young нарын гол дүрд тоглосон тус бүтээл өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д нээлтээ хийж, тухайн оныхоо хамгийн амжилттай таван киноны нэг болж чадсан юм. Үүнээс төд удалгүй есдүгээр сард манай улсад нээлтээ хийж, олон ч үзэгчдээс сайн үнэлгээ хүртсэн болохоор нь уг бүтээлийг онцолъё. Киноны тухайд бол Солонгос улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож бүх хот суурин нь нэг л өдрийн дотор сүйрнэ. Зөвхөн нэг л байр газар хөдлөлтөд нуралгүй үлдсэн бөгөөд амьд үлдсэн хүмүүс болон тус байрны оршин суугчдын хооронд хүчтэй маргаан дэгдэж, эцэстээ өөрсдөө гамшгийн үндэс болно. Гэр оронтой болж байр худалдан авч амьдарна гэдэг зөвхөн бидний хувьд ч хэцүү байдаггүй бололтой.



3. Blue eye samurai

Японы түүх соёлын талаар өгүүлэх кино уран бүтээлүүд их байдаг ч ийм чанартай уран бүтээл маш цөөхөн билээ. Гэр бүлийн хосууд зохиолыг нь бичиж, Франц Америкийн хамтран бүтээсэн уг найман ангит анимейшн өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн Netflix-ээр гарч эхэлсэн юм. Нягт бичигдсэн зохиол, жинтэй харилцан яриа, цөс хөөргөх тулааны хэсгүүд гээд өөлөх зүйлгүй гэмээр тус бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тул хоёрдугаар улирал хийгдэх нь саяхан тодорхой болоод байна. Уур хилэн тээсэн цэнхэр нүдэт самурай бүсгүй замдаа таарсан дайснуудтай тулалдсаар өөрийн зорилгодоо хүрч, эцэст нь сэтгэлийн амар амгаланг олж чадах болов уу?





1. Babylon

Ердөө 38 настай хэр нь урын сандаа чанар чансаа нь сэнгэнэсэн цөөнгүй бүтээлтэй, нэрийнхээ урд "Оскарын шагналт залуу найруулагч" хэмээх өргөмжлөлтэй Damien Chazzele-ийн уран бүтээлийг өдгөө дэлхийн сая сая кино сонирхогчид хүсдэг, хүлээдэг болжээ. "La La Land", "Whiplash" зэрэг бүтээлүүдээрээ өөрийн өнгө төрхийг энэ зах зээлд тамгалж чадсан түүний кинонууд хөгжим, эвлүүлэг, төгсгөлөөрөө "бид нэг аавтай бүтээлүүд шүү" хэмээх нь холгүй өөрийн гэсэн ялгарамжтай байдаг нь урамтай.

2023 онд нээлтээ хийсэн түүний ээлжит бүтээл болох "Babylon" ч шүтэн бишрэгчдийн урмыг хугалахгүй, үгүй бүр хүлээлтээс давсныг энэ ташрамд бахдалтай онцолъё. Мэдэхгүй үзэгчдийн хувьд анхлаад Margot Robbie, Brad Pitt, Tobby Maguire нарын гайхам бүрэлдэхүүнийг харахын тулд л хайнгахан эхлүүлж болох ч 20 минутын дараа гэхэд ХХ зууны эхэн үеийн Холливүүдийн амьдрал, түүхэн хөгжлийн талаар өгүүлсэн ийм сонирхолтой, өрнөлтэй кино өмнө нь үзэж байсан эсэхээ гайхан бодох вий.



2. Хүй

Арт төрлийг монголын соёл, ахуйтай холбох гэж хичээсэн оролдлогуудыг уйгагүй үзэхийг боддог үзэгчийн хувьд "Хүй"-г анхлаад тэдний л нэг гэж үзээд нэг их ойшоогоогүй юм. Ухаандаа учиргүй хөдөө орон нутагт биш ч гэлээ эрхбиш Монголд төрж өссөн дотоодын найруулагчид төдий чадаагүй байхад хятад гаралтай найруулагч чадна гэж үү дээ хэмээн мэдэмхийрэн чамласан хэрэг л дээ. Гэвч энэ бодолдоо эхний үзвэрийн дараа шууд л харамссан шүү.

Тэр дундаа эх үрийн нандин холбооноос гадна сүргээс тасарсан мэт өвөрмонголчуудынхаа тухай, түүний дотор нэн ховордсон барга аялгат монгол хэлээ эндээс л мэдэрч авсан. Үйл явдлаар дамжуулан хүргэж буй давхар утга санаанууд нь ойлгомжтой, хүчтэй байсан гэмээр байна. Бэлгэдэл (метафор), харилцан яриа, дүр хөгжүүлэлт, зохиол, өнгө, хөгжим гээд бүх талаараа "Хүй" бол 2023 оны маань "онцлох" байлаа.



3. Шар гэгээ

Сүүлийн үед "урлаг" хийж байгаа нь энэ гээд хэт хүчилсэн кинонууд багагүй үзэгдэх болсныг саваагүйтэн хэлбэл алдас болох байх л даа. Гэхдээ л жирийн үзэгчийн нүдэнд тэгэж л харагдаад байгаа юм. Ер нь сайн кино хийе гэвэл зохиол, зохиол, бас дахиад зохиол байдаг гэнэ билээ. Тиймдээ ч орчин үеийн сэдэвтэйг нь байг гэхэд уламжлалт ахуй, түүхэн цаг үеийн талаар хийсэн монгол кинотой таарвал нэн тэргүүнд зохиолчийг нь л харна гэж олон удаагийн урам хугаралтынхаа дараагаас боддог болсон.

Тэр дундаас "Шар гэгээ"-г үзэх миний шалтгаан Төрийн шагналт, СГЗ Ш.Гүрбазар гуай байлаа. Улаанбаатар кино наадмын үеэр Ш.Гүрбазар гуайн зохиол гэдгийг мэдэлгүй, хажуугаар нь хээв нэг өнгөрч явсан ч саяхан санан санан үзсэн. "За нэг ийм баймаарсан даа" гэмээр монгол сэтгэхүйтэй энэ киног суурин дээрээ хоёр угсруулаад үзсэн ч ахиад үзэх үү? гэвэл үгүй гэхээргүй л болж байна. Тэгтэл их монгол сэтгэхүйгээрээ дутаж дээ л гэж бодсон. Яах вэ, зөвлөөд өгөх ахмад хүн зураг авалтынх нь талбайд байгаагүй юмуу даа гэмээр хамжлага ардын авдарт баймгүй шинэ хадаг, "буу халах" мэтийн үг хэллэгүүд нь нүд чихэнд тоон дундах үсэг мэт буусан ч зохиол+зохиол+зохиолын онол дээр нэмээд чадвартай жүжигчид, хүсэл эрмэлзэл нь дэлгэцийн цаанаас ч цоргисон хөдөлмөрч кино багийнхны нэгдэл үзэгчдийн сэтгэлд ханамжтай буусан нь энэ.





1. Joy Ride (Мөнгөн: 4/5 + <3)

Манай үеийнхэн Монголоос холдож ажиллаж амьдрах нь улам бүр түгээмэл хэвийн явдал болж байгаа үед “Барууны оронд Ази хүн байх сорилтууд” жанрын "Crazy Rich Asians" (2018), "EEAAO" (2022), "Past Lives" (2023), "Beef" (2023) тэргүүтэй бүтээлүүд Монгол киноноос хол илүү “сэтгэлийн утас” хөнддөг болжээ. Яагаад гэвэл ийм л түүхүүд хаа газарт тулгардаг ил далд ялгаварлал, ижлээ олсон найзуудын зугаатай харилцаа, эцэг эх хүүхдийн ээдрээтэй холбоо, хүнээс дутахгүй гэсэн өрсөлдөөн тэмцэл, энэ бүхний ард өөрийгөө хүлээн зөвшөөрч амар амгалангаа олох гэх мэт орчин үеийн монгол залууст тулгарч, цаашид бүр ч элбэг болох асуудлуудыг хөгжил баясал, харуусал гунигтай нь онож мэдрүүлж байна.

"Joy Ride" энэ өгүүлэмжийг уйдаахгүй хэмнэл, зогсолтгүй инээдэм, санаанд оромгүй эргэлтүүд, нэг л мэдэхэд нулимс мэлмэрүүлчихсэн сууж байх “дотор”-тойгоор хийж чадсан болохоор 2023 онд үзсэн 250 гаруй кино дундаас сэтгэлд тод үлдсэн, бүр давтаж үзсэн онцгой "кайф"-тай бүтээл болсон. Харин төрсөн нутагтаа буцаж, нэгнийхээ ээжийг хайж байгаа галзуу дөрвөн найзын адал явдал тэр чигтээ “томчуудын” алиалал учраас гэрийнхэнтэйгээ үзвэл эвгүй ч ганцаараа эсвэл найзуудтайгаа үзвэл 100 хувь зугаатай.



2. Carol & The End of the World (Мөнгөн: 3.5/5)

Дэлхийг өөр нэг гараг ирж мөргөөд, биднийг зүйл дуусгах нь тодорхой болох үед хүмүүс нэгнээ алж талалгүй зүгээр л мөр мөрөөрөө, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх сонголт хийдэг хачирхалтай цаг үе... Бүх л насаараа урсгалаараа амьдарч ирсэн бүрэг ноомой бүсгүй тэмүүлэх мөрөөдөлгүй гэдгээ олж мэдмэгцээ оффист завгүй ажиллаж байгаа юм шиг дүр эсгэхээр шулуудсан хачирхалтай хүмүүсийг олж байгаа талаар өвөрмөц өрнөлтэй цуврал.

Түмний дураараа дургиж байгаа хэсгүүд эргэлзээгүй +18 боловч жинхэнэ “насанд хүрэгчдийн” агуулга нь “Зорилготой амьдар”, “Өөрийгөө бүтээ”, “Нэг л амьдарна” гэх урам зориг дүүрэн уриалгуудын өмнө хариулт олдохгүй байх, оффисын учир утгагүй завгүй орчин зарим хүнд аврал болох хөгжилтэй эргэлт, олны дундах ганцаардал, дутсан зүйлгүй хэрнээ ямар нэг юм үгүйлэгдэх хачин мэдрэмж гэх мэт сэтгэлийн угаас заримдаа цухуйдаг ойлгомжгүй ээдрээтэй асуултуудыг тун бүтээлчээр уудалсан санагдсан. “Сайн, заавал үзээрэй” гэж учиргүй санал болгоод байхаар биш, зарим хүнд ямар ч утгагүй, огт таалагдахааргүй ч байж мэднэ. Гэхдээ миний хувьд өнгөн дээрээ бишгүй марзан адал явдалтай хэрнээ уг цөмдөө үзэгч өөрөө бодож тунгаах юм ихтэй өвөрмөц сонин бүтээл байж чадсан.





1. Spider-Man across the Spider-Verse

2018 онд нээлтээ хийсэн "Spider-Man: Into the Spider-Verse" анимейшн салбарт нэг шинэ үеийг эхлүүлсэн гэхэд санал зөрөх хүн цөөн биз. Учир нь үүнээс хойш ихэнх анимейшн студиуд шинэ цагийн уламжлал болоод байсан 3D зураглалыг хойш тавьж, яг л Spider-Verse-тэй адил илүү шинэлэг, бүтээлч анимейшн хийхийг зорих болсон юм. Үүний том жишээ бол "Arcane" (2021), "Puss in Boots: The Last Wish" (2022), "Entergalactic" (2022), "Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem" (2023) гэх мэт бүтээлүүд.

Тэгвэл энэ жил "Sony Pictures Animation" уг бүтээлийн эхний ангиас хойш таван жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст зураглал, өнгө будаг, анимейшн талаас нь маргаангүй шат ахиулсан дараагийн ангийг гаргасан. "Across the Spider-Verse" нь огт уйдамгүй адал явдалтай, зэргэлдээ ертөнц бүрд тохирсон нүд баясгам зураглалуудыг хооронд нь чадмаг уусгаж чадсан ба реппэр продюсер Metro Boomin-ий мартагдашгүй дуунууд, хөгжмийн зохиолч Daniel Pemberton-ий төрөл бүрийн өвөрмөц хөгжмүүдээс бүтсэн цогц кино билээ.

Үүн дээр нэмээд ихэнх синематик ертөнцийн хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн зэргэлдээ ертөнцийн шинжлэх ухаан, логик уялдаа холбоог уран бүтээлч байдлаар маш ойлгомжтой харуулж чаддаг. Хэрвээ үүн шиг урам хугалахааргүй чанартай ангийг хийхэд дахиад таван жил зарцуулах хэрэгтэй гэвэл хүлээхэд харамсах зүйл огт алга.



2. Suzume

"Suzume" нь алдарт анимэ найруулагч Макото Шинкаин бүтээлүүдээс Монголд нээлтээ хийсэн анхных гэдгээрээ онцлог. Хэдийгээр Япондоо 2022 онд нээлтээ хийсэн ч дэлхий даяар мөн Монгол улсад 2023 онд нээлтээ хийн гарсан тул энэ жагсаалтдаа багтаалаа. Анимэ фенүүд дунд тэр дундаа Макото Шинкаин бүтээлүүдийг шимтэн үздэг үзэгчдийн хувьд анх удаа кино театрын дэлгэцээр түүний үзэсгэлэнтэй анимэг үзнэ гэдэг мартагдашгүй сайхан мэдрэмж байсан.

Найруулагчийн "гарын үсэг" нь гэж хэлж болохуйц гайхалтай зураглал бүхий зөгнөлт ертөнц, Японы орчин үеийн завгүй амьдралын хэв маяг, түүнийг эртний үлгэр домгоос сэдэвлэсэн уламжлалт зан үйлтэй хослуулсан байдал нь Suzume дээр ч мөн гардаг. Харин урьд өмнөх бүтээлүүдээсээ ялгаатай нь үйл явдлын хувьд илүү өргөн цар хүрээг хамарч, үхэл гэх хүнд сэдвийг нэмээд үүнээс үүдэх уй гашуу хүнийг хааш хөтлөх боломжтойг харуулдаг.



3. Killers of the Flower Moon

Өнөө цагийн хамгийн шилдэг кино уран бүтээлчдийн нэг бол ямар ч эргэлзээгүй Martin Scorsese. Түүний нэрийг бодоход л гэмт хэргийн сэдэвт, эсвэл бодит түүхээс сэдэвлэсэн кинонууд толгойд буудаг. Өнөөдөр онцолж буй "Killers of the Flower Moon" нь ч 1920-оод онд АНУ-ын Оклахома мужид болсон аймшигтай, бодит түүхээс сэдэвлэсэн.

Үйл явдлын хувьд Америкийн уугуул иргэд болох Осаж овгийнхны амьдарч байсан газар нутагт газрын тос их хэмжээгээр олдож тэрхүү овгийн иргэд асар их хөрөнгөжиж эхэлсэн гэдэг. Улмаар хөрөнгө мөнгөнд нь санаархсан цагаан арьст америкчууд тэднийг зохион байгуулалттайгаар дотроос нь устгах хорон муу төлөвлөгөөг хэрэгжүүлж буй тухай аймшигтай бөгөөд эмгэнэлтэй түүх.

Эхэндээ урт, нуршуу мэт санагдах боловч Martin Scorsese-ийн сонирхолтой арга барил, хэв маяг нь үзэхэд огт уйдаамгүй болгодог. Мөн найруулагчийн Гэгээн Муза гэгддэг Robert De Niro, Leonardo DiCaprio нарын жүжигчид түүний бүрэн хэмжээний кинонд анх удаа хамтран тоглосон нь энэ юм. Өдгөө 81 настай Robert De Niro-ийн хувьд цаашид хэдэн кинонд тоглохыг таашгүй. Энэ ч утгаараа "Killers of the Flower Moon" бол түүний карьерын сүүл үеийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг болох нь гарцаагүй.


Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох кинонууд
2017 оны онцлох кинонууд
2018 оны онцлох кинонууд
2020 оны онцлох кинонууд
2021 оны онцлох кинонууд

Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд