Улирч буй он кино салбарын хувьд хүнд байлаа. Бүтээлээ кино театрт гаргахаар хүлээж байсан киночид продакшн, пост-продакшнаа хойшлуулах уу, эсхүл цахимаар цацах уу гэх сонголттой нүүр тулсан. Үүнээс улбаатайгаар "Warner Bros" л гэхэд 2021 онд гарах бүх киногоо "HBO Max" сувгаар кино театрын нээлттэй зэрэг цацна гэж мэдэгдсэн билээ. Нөхцөл байдал Монголд харьцангуй тайван байсны ачаар Монголын кино сонирхогчид өнгөрсөн аравдугаар сарын 19-25-нд "Улаанбаатар" кино наадмаар толилуулсан 11 орны 19 бүтээлийг үзсэн нь том завшаан байв. Бидний энэхүү нийтлэлдээ урьж оролцуулсан кино хорхойтон, салбарын мэргэжилтнүүд эл кино наадмаар гаргасан бүтээлүүдээс нэрлэсэнд гайхах зүйлгүй. 

Уншигч та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Болгооно уу. 

Never rarely sometimes always + китобой

Бичсэн: Ц.Ариунаа ("Гуру медиа" компанийн продюсер)

2020 кино урлагийн хувьд амаргүй сорилттой жил байлаа. Олон кино хийгдэж чадсангүй, хийгдсэн цөөн хэд нь дэлгэцэнд гарч амжсангүй. Наадмууд ч мөн адил.

Элиза Хитман (АНУ) - Never Rarely Sometimes Always

Өнгөцхөн харахад хүсээгүй жирэмслэлтээ тасалж, үр хөндүүлэхэр аялж байгаа хоёр найз бүсгүйн түүх. "Road movie" гэж харж болно. Тэр бүсгүй яагаад хэнээс жирэмсэн болсныг кино хэлэхийг хүлээвэл том эндүүрэл. Үүнийг та өөрийнхөө төсөөлөлд л үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Энэ намуухан, нэг талдаа сул дорой ч юм шиг гол дүртэй түүхэнд гэр бүлийн үл ойлголцол, хүчирхийллийн нэг ч дуу авиа байтугай дүрс ч гарахгүй.

Би кинонд хүйсийн тэгш байдлыг тэр болгон хамааруулаад байх дургүй. Авьяас л чухал гэж итгэдэг. Гэхдээ энэ бүтээлийг үзсэний дараа дотроо чимээгүйхэн "YESSSSS" гэж гараа энгэртээ зангидсан. Яагаад гэвэл зөвхөн эмэгтэй хүн л мэдрэх чимээгүй “хашхираан” тодоос тод байсан.

Филипп Юрьев (ОХУ) - Китобой

Сүүлийн жилүүдэд Якутын кино гэдэг бүхэл бүтэн үзэгдэл бий болсон бөгөөд "Китобой" бол Оросын кино урлагийн “ах “нараар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан үндэсний цөөнхийн бүтээл.

ОХУ-ын нэр хүндтэй "Кинотавр" наадмын шилдэг найруулга, шилдэг эрэгтэй дүр болон 2020 оны Венецийн олон улсын кино наадмын "Венецийн өдрүүд" хэсгийн шилдэг найруулгын шагналыг түүсэн энэ бүтээл их энгийн өгүүлэмжтэй. Халим загасны ангаар амьдардаг буйдхан, том гүрний гологдсон хүүхэд шиг хаягдсан тосгоны Алексейд үхэхээрээ айлгадаг өвөө, интернэттэй компьютер, Детройтын цахим охиноос (киноноос үзээрэй) өөр юм байхгүй. Гэхдээ хамгийн хачирхалтай нь, надаас маш хол загасчин хүүгийн түүхэнд манай захын сумын хөрслөг хүүгийн мухардсан идэр нас, мөрөөдөл мэдрэгдээд байсан. Гэхдээ тэр өвдөлт нь байгалийн хүч, өгөгдлөөр илаарших өөдрөг тамгатай.

mank + дылда

Бичсэн: Н.Энхбат ("Алтан хальс" холбоог үүсгэн байгуулагч)

Цар тахал кино урлагийн салбарыг сандаргасан хэдий ч томоохон кинонууд онлайнаар үзэгчдэд хүрсэн нь манайх шиг сайн кинонуудыг тэр даруйд нь гаргаж чаддаггүй (Улаанбаатар кино наадам, "Dreamers’ Day"-ийг эс тооцвол) улсуудын кино сонирхогчдын хувьд аз завшаантай үйл явдал байлаа.

Mank

“Se7en”, “Gone Girl” бүрэн хэмжээний УСК, “House of Cards”, “Mindhunter” телевизийн цувралуудаар нь бидний сайн мэдэх найруулагч Дэвид Финчерийн шинэ бүтээл “Манк” энэ оны шилдэг бүтээлүүдийн нэг гарцаагүй мөн. Кино зохиолч Херман Ж. Манкивецийн бүтээл туурвиж буй үйл явцыг харуулахдаа тухайн хүн ямархуу хүн бэ, хэн байсан бэ гэдгийг гайхалтай илэрхийлж чадсан драм. Америкчуудын хувьд “Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино” гэгддэг Орсон Уэллэсийн “Иргэн Кэйн” киноны зохиолыг Манк бичсэн. "Иргэн Кэйн" Оскарын есөн төрөлд нэр дэвшсэн ч ганц “Шилдэг кино зохиол” төрлөөр шагнал хүртсэн түүхтэй.

Дылда

Оросын найруулагч Кантемир Балаговын “Дылда” буюу “Гозон” киног (2019 онд Каннд нээж, 2020 онд MUBI-р онлайн цацсан) онцлохгүй өнгөрч боломгүй. Өмнөх бүтээл "Теснота"-тай харьцуулбал Балагов техник чадамж, өгүүлэх чадвараар илт өссөн нь мэдрэгдэнэ. Дэлхийн II дайны дараах Ленинград хотод амьдралаа босгохоор тэмцэж буй залуу эмэгтэйчүүд хэрхэн зовлон бэрхшээлийг туулж буйг үзүүлснээрээ тус бүтээл нь Каннын кино наадмын "Un Certain Regard " хэсгээс “Шилдэг найруулагч”-ийн шагналыг эзэндээ авч ирсэн. "Зорилго нь аргаа зөвтгөнө" гэж уг киног тодорхойлж болох юм.

Баяртай, хүү минь + Эма + Нар

Хятадын найруулагч Ван Сиао Шуайгийн Баяртай, хүү минь бүтээл Берлинээр нээж, "Улаанбаатар" кино наадмаар монгол үзэгчдэд хүрсэн. "Нэг хүүхдийн бодлого" Хятадын жирийн нэг гэр бүлд хэрхэн нөлөөлж, зовоож буйг харахад өр өвдөж, нулимс эрхгүй урсана.

DJ Николас Жаар хөгжмийг нь бичиж, Мексикийн нэрт жүжигчин Гаэл Гарсиа Берналь гол дүрд нь тоглосон, Чилийн найруулагч Пабло Ларрайны “Эма” бүтээл нь латино neo-noir гэлтэй. Гэр бүлийн хортой харилцаа хэрхэн “femme fatale”-ийг бий болгож, ямар үр дагавар авч ирж буйг харуулна. Өнгө будгийг харамгүй нялж, эрс тэрс үйл явдлуудаар "зодсон" уг кино таны цусыг хөөргөх нь дамжиггүй.

Эцэст нь, Тайванийн найруулагч Чун Мон Хоны Нар киног онцолъё. “Юу ч бодож санадаггүй” өрхийн тэргүүн, “сахилгагүй” хүү, “сайн” хүүгээсээ болж элдвийг туулах эгэл нэгэн гэр бүлийн түүхийг харуулсан хүчтэй бүтээл. Энэ жил Ковидоос болж олон кино наадам цуцлагдсан. Уг нь уралдсан бол нэлээн дээгүүр "давхих хүлэг" байлаа.

there is no evil + long day's journey into night

Бичсэн: Н.Өнөржаргал ("Book and Movieholics" группийн админ)

2020 гэх энэ хачирхалтай жилийн хугацаанд олон хүн үзэхээр төлөвлөсөн киноныхоо жагсаалтыг дундруулаад авсан байх. Миний хувьд ч мөн адил энэ онд олон сайхан киног үзэж амжсан бөгөөд тэдгээрээс хамгийн хүчтэй болон хамгийн дулаахан мэдрэмж төрүүлсэн хоёр киног онцлохыг хүслээ.

There Is No Evil

Иран найруулагч Мохаммад Расулофын “Хар санаа үгүй” хэмээх бүтээлийг 2020 онд үзсэн нийт кинонуудынхаа дундаас хамгийн хүчтэй сэтгэгдэл үлдээсэн нь гэж бахархалтайгаар тэмдэглэнэ. Мохаммад Расулоф энэ киногоо бүтээгээд Берлиний кино наадмын “Алтан баавгай” шагналыг хүртэж, түүний өмнө дэлхийн хэмжээний нэр хүнд шоронгийн хаалгатай хамт нээгдсэн билээ. “Хар санаа үгүй” киногоороо өнөөгийн Иран орны хууль цаазын өө сэв, нийгмийн үнэн төрхийг нүцгэлж үзүүлсэн нь хатуу ширүүн жаягтай уг улсын хувьд ял хүлээхүйц гэмт хэрэг болон хувирсан хэрэг.

Шашин, төр хосолсон эл орны нийгмийн байр байдлыг шүүмжилсэн бүтээлүүд цөөнгүй бий л дээ. Харин Мохаммад Расулофын кино зөвхөн Ираны тухай үзүүлээд зогсохгүй, хууль ба ёс суртахууны харьцуулалтыг хийж, үзэгчдийг өөрийнхөө дотор руу, нийгмийнхээ цөм рүү дахин нэг өнгийх сэдлийг төрүүлж байв. Тиймдээ ч энэ кино зөвхөн иран хүн гэлтгүй дэлхий нийтийн зүрхэнд хүрч, хайрлагдаж буй биз ээ. “Хайрлаж хамгаална” гэж тангарагладаг эх орон тань өөрөө таны дайсан байх үед юу болдгийг өвөрмөцөөр харуулж чадсан нь уг киног нэг нийгэм рүү бус, хүн төрөлхтөн рүү чиглэсэн өнгө аястай болгожээ.

Мөн хийцийн хувьд “Хар санаа үгүй” бол Ираны кино урлагийн цагаан толгой шиг байв. Кино дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь Аббас Киаростамигийн яруу, ялгуун, гүн гүнзгий, хөврүүн өрнөл ба ахуйн гоо зүйн зохицлоор илэрдэг. Харин хоёр дахь хэсэгт Расулоф өөрийн гэх хэв маягийг толилуулж, үйл явдлын эрчимтэй өрнөл дээр мэдрүүлэхийг хүссэн бүхнээ асгажээ. Өмнө нь зураг авалтын талбай дээрээс баривчлагдаж, зургаан жилийн ял авч байсан ч дахиад ийм кино хийхээс айгаагүйгээс нь үзэхэд түүнд хэлэхийг хүссэн зүйл үнэхээр их байсан нь илт. Харин гурав дахь хэсгээс Асгар Фархади сэнхийх бөгөөд хүний ёс зүйн босгыг хэмжиж, муу муухайг сайн сайханд юүлж үзүүлдэг арга барил мэдрэгдэж байлаа. Эцэст нь, дөрөв дэх хэсэгт Мохсен Махмалбафт хүндэтгэл үзүүлсэн гэлтэй. Сэтгэл хөдлөл, мэдрэмжийн долгион дээр тааруулж тоглолт хийдэг, өнгөрснөөс үлдсэн сорвийг өдгөө амсах жаргалд нь юүлдэг, үнэний хамгийн сүүлчийн дусал яаж киноны камератай хамт ширгэдгийг харуулжээ. Мохаммад Расулоф ийнхүү үе үеийн акул найруулагчдад мэхийн ёсолж, өөрийгөө ч бас цор ганц гэдгийг баталж чадсан учир эл киног Ираны кино урлагийн цагаан толгой гэж нэрийдэхээс эмээх зүйл огтхон ч байсангүй.

Long Day's Journey into Night

Энэ онд үзсэн хамгийн дулаахан кинонуудын минь тэргүүн эгнээнд жагсах кино. "Зүүд нь хүртэл неон байдаг болов уу гэмээр" гэдэг үгийг Вон Кар-Вайн киноны тухайд л хэлнэ дээ гэж боддог байлаа. Гэтэл Би Гань гэж нэг нөхөр гарч ирээд, Вон ахтай сэнтий булаалдах болов. Ийм гоё өнгө, зураглал, эд зүйлс, чимэглэлийн харьцаа, их ч биш, бас бага ч биш часхийсэн харилцан яриа, дундуураа нэг ч тасраагүй үргэлжилсэн 35 минутын кадр, угаас Тарковскийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээ нуулгүй илэрхийлсэн өнөөх галт тэрэг ба стаканы хэсэг, хүн хоорондын харилцааны айхтар загвар, дүрүүдээ дагаж хөдлөлгүй, ямар нэг зүйлд хадагдалгүй, зоргоороо хөдөлж буй камерууд, мөн гүн гүнзгий илэрхийлэмж бүхий жижиг эд зүйлс... Цагаар үүрд мөнхийг, очлуураар түр зуурыг, тогтоол усаар өнгөрснийг, ракетаар дурлал нөхөрлөлийг илэрхийлэн, асар гоё символик шийдлийг ашиглаж чадсан байлаа.

Үлгэр домог нь үнэн бодитоос үл ялгарах ийм яруу байдлаар зүүд дурсамжийг сүлж харуулахыг олон найруулагч хүсдэг боловч тунг нь тааруулдаг нь цөөн билээ. Би Гань “Хэрэв хүнийг ус гэвээс дурсамж бол чулуу юм” гэж ирээд л үл үзэгдэгч гарыг дэлгэцийн цаанаас сунган, үзэгчээ аргадаж байсан нь эл киноноос ер бусын дулаан мэдрэмж авахад хүргэсэн юм. Өдгөө дөнгөж 31 настай энэ найруулагчийн замнал уртаас урт үргэлжилж, олон сайхан бүтээлээр нь нүдээ хужирлахын хүслэн болж л үлдсэн дээ.

Хөхөө + Sound of metal

Л.Бат-Амгалан ("Media Crackers" компанийн захирал, найруулагч)

Хөхөө

Орчин цагийн монгол хүмүүний сэтгэлгээний хэв шинж, тэдний төлөөлөл. Нэгэн эхийн хэвлийгээс урсаж гарсан хүүхдүүд нэг л мэдэхэд харь хүн шиг аяглах нь нүд халтирам. Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэгчээр, эх хүн үзэхийн хязгаарт хүрэхийг хүсэхийг харах өр өвдөм байсан.

Киноны зураг авалтаараа Монгол кинонд тэр бүр байдаггүй табло буюу статик кадр дотор дүрийн хүчтэй сэтгэл хөдлөлийг хөрөг мэт удаан тавьж гаргасан нь таалагдсан. Мөн кино зохиолын хувьд урт хугацаа зарцуулж хийсэн нь киног чамбай болгосон гэж анзаарагдсан шүү. Киноны төрөл жанрын хувьд сошиал реализм буюу маш энгийн бодит амьдралын хэсэг мэтээр бүтээсэн нь үзэгчийн өнцгөөс харахад амьдралд ойр, таатай.

Sound of Metal

Энэ жилийн үзсэн кинонуудаас надад хамгийн ойр санагдсан нь энэ бүтээл. Яагаад их ойр санагдсан бэ гэхээр, 2015 онд хийсэн "Гайхамшигт нислэг" богино хэмжээний кинонд маань морин хуур тоглодог хүү сонсголоо алдаж, хуураа тоглож чадахгүйд хүрч зовж шаналахад гэрийнхэн нь, найз нѳхѳд нь түүний тѳлѳѳ бүхнээ зориулж буй тухай гардаг. Мѳн 2018 онд хийсэн "Од ба Гэгээ" уран сайхны кино шиг, залуусын дуртай хамтлагийн дуучин залуу нэг л ѳдѳр уран бүтээл хийх урам зориггүй болж, хамтлагаасаа хѳндийрдѳг. Энэ давхцалуудаас ч тэр үү, киноны зохиол, гол дүрийн зѳрчил тэмцэл бүгд сэтгэлд ойр туссан юм. Хүчтэй драм. Дурьдахгүй байхын аргагүй нэг зүйл нь энэ киноны хѳгжим, соунд дизайн үнэхээр гайхалтай болсон байна лээ

martin eden + There is no evil + dick johnson is dead 

Бичсэн: Б.Очирхуяг (арт директор, City College of San Francisco-ийн Кино урлагийн сургуулийн төгсөгч)

Хамгийн түрүүнд энэ жилийн Улаанбаатар олон улсын кино наадмаар үзсэн хоёр киног нэрлэмээр байна. Жэк Лондон зохиолоор хийгдсэн "Martin Eden" нэг тийм дүрсний яруу найраг гэж үүнийг хэлэх байхдаа гэмээр хийцтэй байсан нь, мөн жүжигчдийн тоглолт, эвлүүлэг, зураг авалт маш их таалагдсан.

Мөн миний дуртай иран найруулагчдын нэг Мохаммад Расулофын "There Is No Evil" кино үзэх туршид намайг тарчлааж, хариад унтах гэхэд нүдэнд харагдаад нэг хэсэгтээ сэтгэлээс гараагүй. Иранд өрнөж байгаа дарангуйлал, шударга бус явдлыг ил тодоор гаргаж ирсэн, цаазын ялыг ямар амархан өгч бурхад мэт тоглож байгааг шүүмжилсэн эл бүтээл миний хувьд энэ жилийн хамгийн "кино шиг кино" байлаа. Энэ киног хийснийхээ төлөө өөрөө шоронд ял эдлэхээр болсон найруулагчийн эр зоригийг биширсэн.

Үхэл, тэр тусмаа аавын үхэл, хүний ой тойнд үлддэг дурсамж гээд хүнд сэдвүүдийг хөгжилтэй байдлаар үзүүлж чадсан "Dick Johnson Is Dead" баримтат кино үнэхээр шинэлэг байж чадсан. Бодит явдал, драмчилсан хэсгүүд, аав охины харилцан яриа гээд онцлох зүйл ихтэй бүтээл.

Өсвөр насны охин үр хөндүүлэх болж, амаргүй урт замыг туулж байгааг энгийн хэр нь сэтгэл түгштэл бодитоор үзүүлж чадсан "Never Rarely Sometimes Always"-г бас онцолмоор байна.