2021 он кино урлаг, энтертайнмент салбарынхны хувьд тун ч их даваа нухчаатай тэгсэн мөртлөө ололт амжилттай, сайн саар зүйлс нэг дор давхацсан жил болж өнгөрсөн юм. Учир нь жилийн турш олон улс даяар ээлж дараалан тавигдсан хөл хорио, онцгой байдлын үеийн дүрэм журмууд кино театр, үзвэр үйлчилгээний газруудын тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар кино үйлдвэрлэгчид уран бүтээлээ үзэгчдэд зохих ёсоор хүргэхэд том саад учруулсан билээ. Гэсэн ч уран бүтээлчид зогсолтгүй шинийг эрэлхийлж, чанартай кинонуудыг ар араас нь үзэгчдэд хүргэсээр байв. 
"Таны хувьд 2021 оны онцлох кино контент юу байв? Яагаад?" энэ бол бидний зочдодоо тавьсан асуулт. Хариултыг нь хамтдаа сонирхоцгооё.

М.Ивээлт

Кино найруулагч


the green Knight

Үзэгчийн хувьд 2021 онд цар тахлын улмаас өмнөх жилүүдтэй харьцуулахад тийм ч их кино үзэж чадаагүй гэж дүгнээд байгаа. Гэхдээ энэ бүхнээс үл хамааран чанартай, сайн кинонууд гарсаар байсанд талархмаар. Миний хувьд энэ жил үзсэн кинонуудаас юун түрүүнд "The Green Knight"-ийг онцолмоор байна. Өмнө нь "Pete's Dragon", "A Ghost Story" зэрэг кинонуудаараа хэдийн танигдаад байсан зохиолч найруулагч Дэвид Ловэригийн ээлжит бүтээл гэдэг утгаараа нэлээн хүлээлттэй үзсэн л дээ.

Дундад зууны Европоос гаралтай домгийн шинжтэй кино зохиол учраас үйл явдал нь ч тун сонирхолтой. Домог домгийн дотроос нэлээд шүүж, маш содон өвөрмөц хэсгийг онцолж харан, тодотгосон нь мэдрэгдсэн. Агуулга нь энгийн хэрнээ хүчтэй. Амьдрал, үхэл болон байгалийн жамыг хүлээн зөвшөөрөхүйн тухай. Киноноос сэтгэл хөдөлгөм үйл явдал, сонирхолтой харилцан яриа (плот) хүсдэг хүнд сонирхолгүй санагдаж магадгүй л юм. Гэхдээ түүнээс илүүтэй утга агуулга, бэлгэдэл зүйг нь анхаарч үзвэл гоё. Бас тийм ч богино бүтээл биш гэдгийг өмнө нь хэлмээр байна. Гэсэн ч үзэж дуусаад үйл явдлыг нь дотроо амилуулах боломжтой, тунгаан бодох "даалгавар" өгч чаддаг нь энэ киног миний хувьд онцгой болгосон.



Dune

1965 онд зохиол нь бичигдэж, зохиолоос нь сэдэвлэгдсэн бүрэн хэмжээний хоёр бүрэн хэмжээний кино, нэг мини цуврал гарсан ч хэзээ ч 2021 оны "Dune" шиг амжилт үзүүлж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж байсангүй. Дэлхий ертөнц дээрх олон мянган жилийн дараах ирээдүйг зөгнөсөн зохиол хэр нь кинонд өрнөж байгаа тэр үйл явдал, тэмцэл, тэмцлийн учир шалтгаан өнөө үед ч байсаар байна. Энэ ч утгаараа ямар ч хүн үзсэн үзүүштэй байж чадах бүтээл болсон гэж боддог. Мэдээж үзүүштэй болгож буй бусад хүчин зүйлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Жүжигчдийн бүрэлдэхүүн, өнгө тавилт, хийц, компьютер график, дүрслэлүүд бүгд үнэхээр өндөр түвшнийх.

Язгууртан угсааны жаалхүү хэрхэн биеэ даасан, хариуцлага хүлээсэн эр хүн болж буйг байгаль эх дэлхийн тэнцвэр, хүн төрөлхтний оршихуйтай холбосон сонирхолтой бөгөөд ээдрээтэй үйл явдал бүхий хит зохиолоос сэдэвлэсэн уг кино аль ч талаасаа 2021 оны онцлох байж чадсан. Дараагийн ангийг нь хүлээж л сууна.


Б.Зоригт

"Тэнгис" кино театрын маркетингийн албаны дарга


Манайд 1 удаа МУСК 

Цар тахалтай дасан зохицож үзвэр үйлчилгээ дахин нээгдсэн 2021 онд “Кино театруудын менежментийн холбоо” ч үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Ингэхдээ "Тэнгис", "Өргөө", "Хүннү", "Гэгээнтэн", "Прайм синеплекс", "СинемаНекст" зэрэг зургаан кино театр нэгдэн монгол киноны Бокс-оффисыг зарлаж эхэлсэн бөгөөд цаашид ч уламжлал болгон олон сонирхолтой мэдээллүүдийг олон нийтэд хуваалцахаар төлөвлөж байна.

Уг мэдээлэлдээ үндэслэн 2021 онд 70,000+ тасалбар борлуулж хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарсан "Манайд 1 удаа" киног онцолж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн хар бараан талыг харуулсан кино олноор хийгдэх болсон өнөө цагт гэр бүлийн дулаан харилцаа, саад бэрхшээлийг хамтдаа даван туулахаар тэмцэж буй байдлыг харуулахыг зорьсон гэгээлэг бөгөөд хөгжилтэй шийдэл нь уг киноны амжилтын гол үндэс болсон болов уу.



Шан-Чи ба 10 бөгжний домог 

Ази төрхтэй Марвелийн баатрын тухай кино гэдгээс илүү Монголын 10 гаруй уран бүтээлчид дэлхийн хэмжээний кинонд тэр дундаа Холливүүдийн ертөнцөд нэрээ бичүүлж, байр сууриа бий болгож эхэлсэн кино гэдгээр нь онцлон нэрлэмээр байна.

Танил Монгол залуусын царай эрэлхэг дайчдын дүрээр дахин дахин дэлгэцэд гарч ирэх тоолонд өөрийгөө олж харсан мэт баярлан сэтгэлийн цэнгэл эдэлж байлаа. Тэд өмнө нь "Мулан" тэргүүтэй олон улсын өөр олон төслүүдэд оролцож байсан юм. "Mongolian pro stunt team"-ийн хамт олонд цаашид олон залуусыг дэлхийн тавцанд гаргахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.


А.Баярцэцэг

Жүжигчин


14 PEAKS

Боломжгүй зүйл гэж үгүй.

Заримдаа шантармаар, залхуу хүрмээр, том зорилго өмнөө тавьсан мөртлөө нэг л гараас юм гарахгүй, эсвэл зүгээр л хангалттай урам зориг төрөхгүй байна уу? Тэгвэл энэ баримтат киног үзээрэй. Маш их урам зориг өгнө. Балбын уулчин Нимсдай Пуржа аймшиггүй зориг гарган, уулчдын түүхэнд байгаагүй оролдого хийнэ. Тэрээр долоохон сарын дотор дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 үхлийн оргилд гарахаар зориг шулуудна. Уулчдын түүхэнд уг 14 оргилийг эзэгнэж байсан түүхийн хамгийн богино хугацаа нь 7 жил 310 хоног бөгөөд Нимсдайн хувьд долоохон сард энэ бүгдэд авирна гэдэг бол галзуу, бүтэшгүй бөгөөд аугаа мөрөөдөл юм.

Хүн хүсэж тэмүүлсэн зүйлдээ хүрэхийн тулд хэрхэн өөрөө өөрийгөө ялан дийлж, гайхамшгийг бүтээж болдгийн тод жишээг уг киноноос харж болно. Тэмүүллийнхээ хамгийн өндөр цэгт, оргилд хүрэхийн тулд өрсөлдөх ёстой хамгийн том өрсөлдөгч бол өөрөө гэдгийг улам ихээр ойлгуулсан бүтээл байсан. Мөн бусад хүмүүс өөрсдийгөө ингэж дайчилж, хичээж, ялан дийлж чадаж байхад би ч гэсэн чадна гэсэн урам зориг өгсөн. Уг киноноос хойш Нимсдайгийн инстаграмыг мөн дагадаг болоод байгаа.



DON'T LOOK UP

Хэний ч танихгүй хоёр одон орон судлаач дэлхийг сүйрүүлэх гэж буй сүүлт одны тухай сэрэмжлүүлэхийг оролдоно. Тэд "дээшээ хар" гэнэ. Засгийн Газар харин "дээш бүү хар" гэнэ. Учир нь үнэн тэнд бий. Уур хүрсэн, ийм байдалд орвол би юу хийж чадах вэ гэж бодогдуулсан кино байлаа. Эрх мэдэлтнүүд, тэрбумтнууд бүх зүйлийг хийх нөөц, боломж, технологитой байсан ч илүү их хөрөнгө олохын тулд манай гаригийн 7.9 тэрбум хүний амийг ч золионд гаргахад бэлэн байгаа тухай. Бидний хэрэглэдэг сошиал медиа хүний тархинд допамины агууламжийг ихэсгэж, хэнд ч хэрэггүй цуурхал мэдээллүүд л орчин үеийн хит мэдээнүүд болж байгаа тухай. Хэн нэгэн шинжлэх ухаанч, нэн чухал мэдээ хэлэхэд түүнийг тоож хүлээн авах, итгэх хүнгүй болсон тухай. Улмаар хүн төрөлхтөн өөрсдөд тулгарч буй аливаа хямралыг нэгдмэл, ухаалаг, хүнлэг, шинжлэх ухаанч байдлаар шийдэж чадахгүй байгааг харуулсан пост-апокалиптик хар инээдмийн драма юм. Нарийн ширийн далд улс төрийн, нийгмийн метафорууд, зүйрлэлүүдийг Netflix дээрx уг киноноос үзээрэй.


Г.Эрдэнэбаатар

"Кино задлан" контентын хөтлөгч, санаачлагч


spider-man: No way home

Та бидний сайн мэдэх хүн аалз буюу "анхны" Петер Паркерын түүх 2002-2009 оны хооронд үргэлжилж, гурван ч бүрэн хэмжээний киног үзэгчдийн хүртээл болгож байв. Ээлжит хүн аалзын хөгжүүлэлт 2012-2014 хооронд үргэлжилж хоёр кино гаргажээ. Үндсэндээ арав гаруй жилийн турш хүн аалзын түүх зөвхөн "Sony pictures"-д хамаарч байлаа. Тэгвэл 2016 онд хийгдсэн томоохон хэлэлцээрийн үр дүнд та бид гуравдахь хүн аалзаа угтаж авч, илүү өргөн цар хүрээ, сонирхолтой үйл явдалтай танилцах болсон юм. Тэр бол мэдээж Марвел ба Хүн аалзын нэгдэл байлаа.

Өмнө нь Марвелын бусад цувралуудаас гадна хоёр ч бие даасан кино хүргээд байсан "гурав дахь" хүн аалзын дараагийн адал явдал болох "Spider-man: No way home" кино 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг байсан юм. Угтаа бол 2021 оны хоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж, "Доктор Стрейнж"-ийн дараах үеийг өгүүлэх агуулгатай байсан боловч төлөвлөгөө өөрчлөгдсөний улмаас өмнөтгөл түүх болж, арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн. Дуншин дуншиж нээлтээ хийсний эцэст тус кино үзэгчдийн сэтгэлийг тултал хөөргөж, фенүүдийнхээ нүдэнд нулимс хуруулж улмаар өнгөрсөн оны хамгийн өндөр борлуулалтай кино болж, бахдам амжилтыг бүтээсэн нь тус киног 2021 оны онцлох киноны тоонд автоматаар оруулж ирсэн гэхэд болно. Үнэндээ тийм байхаас ч аргагүй байлаа.

Учир нь "No way home" төсөөлөл, мөрөөдөл төдий л байсан бүх цаг үеийн хүн аалзуудыг нэгэн кадрт нэгтгэж чадсанаар фенүүдийн хувьд Марвелын бүх баатрууд нэгдсэн кинонуудтай дүйцэхүйц том үйл явдлыг бүтээсэн юм. Ялангуяа мартагдаж, магадгүй үгүйсгэгдэж байсан өмнөх үеийн түүхүүдийг мэдрэмжтэй бөгөөд нарийн гэгч нь уялдуулан холбож, бүх л тодорхойгүй зүйлсийг утга учиртай болгож, өнөөг хүртэл бяцхан жаал байсаар ирсэн гуравдахь хүн аалзыг нас бие гүйцсэн "эр хүн" болж буй үйл явцыг тун сайн гаргаж чадсан.

Үнэндээ ингээд ярих, бодох төдийд үзэж байсан үеийн сэтгэл хөдлөл эргэн ирж, дараагийн анги нь хурдан л гараасай гэх догдлолыг улам хүчтэй болгож байна. Одооноос "бага" хүн аалз том хүн болсон шүү дээ.



arcane

2021 онд үзсэн тун гоё дүрслэлтэй, чанартай зохиолтой цуврал нь "Arcane" байлаа. Хоёр жил гаруйн турш бодож, төлөвлөж технологио гаргаж ирсэн тус бүтээлийн 3D мөртлөө зурмал хэлбэртэй хийцийг үзэх бүрд анх удаа л үзэж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ялангуяа дүрүүдийн нүд, харцны илэрхийлэмж яг л бодит ертөнцийнх юм шиг. League of Legends тоглоомоос сэдэвлэсэн ч уг тоглоомыг огт мэддэггүй, тоглодоггүй хүн ч сонирхож үзэхээр, үзэж дуусаад тоглоомыг эхлүүлэх сэдэл болмоор. Маркетингийн зорилгоор тоглоомоо дэмжиж хийсэн контент ч гэлээ жинхэнэ урлагийн бүтээл туурвичихсан. Үнэндээ стратегийн тоглоомын төрөлд шилдэгт тооцогддог Dota 2-ынхон яагаад ийм контент хийдэггүй юм бол гэж бодогдсон шүү.

"Spider-Man: Into the Spider-Verse"-ээс хойш хийгдсэн хамгийн сайн анимейшн хэмээн үнэлэгдэж байгаа. Үйл явдал, дүрүүд гээд бүх зүйл нь зохиомж хэр нь бодит амьдрал дээр байсан бол яг л ингэх байсан даа гэмээр амьдралтай, утга учиртай байсан нь таалагдсан.


А.Ундрал

"Tenger" телевизийн гүйцэтгэх захирал


Ted Lasso

Тед Лассо хэмээх америк эрийн англид хөлбөмбөгийн клуб удирдах аялал хоёр дахь бүлгээрээ үргэлжиллээ. Энэ жил гарсан шинэ ангиуд нь тэдний эхний амжилт санамсаргүй байгаагүй шүү гэдгийг илтгэсэн юм шиг сэтгэгдэл төрүүллээ. Заримдаа дэндүү өөдрөг, заримдаа хэтэрхий гэнэн цайлган мэт санагдах түүний аяллаас бид өдөр тутмын амьдралдаа л гэрчилдэг гэр бүл, хамт олны олон янзын харилцааг анзаарна. Анги урсах тусам дүрүүд нь улам хөгжиж, хошигнол-ярианууд нь улам чанаржих нь сайшаалтай. Хөнгөхөн хийцтэй юм шиг атлаа өрнөл, зураглалаараа таныг огтхон ч уйдаахгүй.



Foundation

Домогт А.Азимовын хамгийн алдартай цуврал “Foundation”-ийн тв цуврал зарлагдсан цагаасаа асар өндөр хүлээлт дагуулсан билээ. Эхний бүлэг зарим талаараа хэт удаан өрнөлтэй, нуршуу үйл явдалтай байснаараа урам хугалсан юм шиг санагдаж магад. Гэхдээ галактикийн эзэнт гүрний мянга мянган жилийн түүхийг дэлгэцэнд багтаахад үүнээс өөр арга байгаагүй ч байж мэднэ. Ямартай ч Apple TV+ бидэнд дуу алдуулж, нүд баясгах шинэ ертөнцийг нээж, цааш улам тэлж, илүү ээдрээтэй болох үйл явдлын эхлэлийг амсуулж орхилоо. Одоо хүлээлт бүр ч илүү болох нь дээ.


Ж.ХАРЦАГА

Movie reviews & meme хуудасны админ


“NO RULES” МУСК

Нэг талаас “Эрдэс” дүрэмгүй хотод нүүрэлсэн гэмт хэргийн бүлэглэлийн хэт давралт, нөгөө төлөөс алдах юмгүй болтлоо хохирч аргаа барсан залуусын хооронд өрнөж буй тулааныг харуулсан уг бүтээл ижил төрлийн кинонууд дундаас илт онцгойрон ялгарч байв.

Үйл явдал цэвэр уран төсөөлөл боловч өгүүлэгдэж байгаа санаан доторх шүүмжлэл, эмзэглэл нь яг одоо Монголд тулгамдаад байгаа асуудлууд байх ажээ. Орчин үеийн нийгэмд мөнгө л хамгийн хүчтэй зүйл. Түүнийг эзэмшиж чадсан хүнд л хүч байна. Харин их хэмжээний мөнгө, эрх мэдлийг шударга бусаар олж авахыг оролдох явцад сул дорой хүмүүс хохирч байдаг.

Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй болсон хэсэ хүмүүсээс хэрхэн биеэ хамгаалж амьд үлдэх вэ? Хэрхэн үнэт зүйлээ хадгалж үлдэх вэ?

Киног ид өсч яваа уран бүтээлчид болох "OI" энтертайнментийн залуус бүтээсэн юм. Жүжигчдийн тоглолт кино зохиолтой хэр сайн уялдаж байгаагаар тус багийн хамтын ажиллагаа ямар хэмжээнд байсныг дүгнэж болно.



“БЯЦХАН ЧӨТГӨРИЙН ХҮСЭЛ” МУСК

Толгой өвтгөөд байх далд утга санаа, нүд хальтрам хүнд хэсгүүдгүй хөнгөн инээдмийн кино. Гэхдээ кинонд тун нь таарсан драмыг шигтгэж өгсөн нь тун дажгүй зохижээ. Яах вэ, зүгээр нэг шигтгээ гэхээсээ илүү киноны гол цөм тэнд явж байсан ч байж магадгүй. Гол утга нь “явах нэг нь явж, үлдэх нэг нь үлддэг. Хувь тавилангийн жамаар хорвоог орхисон бол тавьж явуулаад цааш амьдрах хэрэгтэй” гэдэг санаа.

Хүүхэд шиг төрхтэй ч, хэдийн 30 хүрсэн Жамъяандорж буюу Жамкагийн дүр киног хөгжилтэй болгож өгсөн гэгээлэг дүр юм. Сайн гүйцэтгэлтэй.

Киноны үйл явдал насанд хүрсэн бүсгүйн бага насны хүслийг ээлж ээлжээр биелүүлэх байдлаар өрнөх бөгөөд энэ нь ч зөв шийдэл болжээ. Учир нь хүүхэд насны хүслээ марталгүй санаад, нэг бүрчлэн хэрэгжүүлдэг хүн ховор шүү дээ. Аль хэдийн мартагдсан тэр хүслүүдийг хэн нэгэн биелүүлж өгөөд, өгөхийг хичээгээд байгаа нь үзэгчдэд нандин мэдрэмжийг төрүүлнэ.


Санал болгох: 2020 оны онцлох кинонууд

Unread Media