Хэрвээ та ирээдүйд очмоор байвал цаг хугацааны машин хайхын оронд CES-г зориорой. Жил бүрийн оны эхний долоо хоногт Лас Вегас хотноо Consumer Electronics Show буюу хэрэглээний технологийн үзэсгэлэн болдог уламжлалтай. Долоо хоногийн турш үргэлжилдэг уг арга хэмжээн дээрээс ойрын ирээдүйг тольдох боломжтой.

Дэлхийн өнцөг булан бүрээс шинийг эрэлхийлэгчид ийш зорин өөрсдийн галзуу санаануудаа дэлгэж үзүүлдэг. Та тэндээс хүн дүрс робот, нисдэг машин, хиймэл оюун ашигласан янз бүрийн сонин жигтэй төхөөрөмж, сунадаг, нугардаг, эвхэгддэг дэлгэц, ухаалаг гэсэн шошго наасан олон технологийг үзэж болно. Жинхэнэ галзуу санаагаар дүүрэн танхим гэж үүнийг л хэлдэг байх.

CES 2026-г бид хоёр нийтлэлээр тоймлож байна. Эхний нийтлэлд томоохон технологийн компаниудын танилцуулсан бүтээгдэхүүнийг онцлов. Харин дараагийнх нь онцлох инновац, төхөөрөмжүүд байх болно. Ингээд томчууд ямар бэлэгтэй ирснийг толилуулж байна.

УХААЛАГ ЛЕГО

CES 2026-ийн гэнэтийн бэлэг ухаалаг лего тоглоом байлаа. Энэ өгүүлбэрийг уншаад таны санаанд “Лего яаж ухаалаг болох билээ?” гэх бодол буусан гэдэгт итгэлтэй байна. Бараг 50 жилийн түүхтэй тус компани хамгийн том шинэчлэлтээ хийж ухаалаг блок /smart brick/ танилцуулсан нь энэ.

NFC технологийг ашигласан уг ухаалаг блок нь хөдөлгөөн, байршил, зай мэдрэх чадвартай бөгөөд янз бүрийн интерактив дуу, чимээ гаргах чадвартай. Жишээ нь легогоор хийсэн машинд ухаалаг блокийг угсарвал тоглоомыг амь оруулан дуутай болгож, илүү сонирхолтой болгох юм. Машин бол машины чимээ, нисдэг тэрэг бол нисэж буй шуум гэх мэт. Хамгийн эхэнд Star Wars-ийн цуглуулгатай хамт худалдаанд гарах уг бүтээгдэхүүн гуравдугаар дугаар нэгнээс эхлэн зарагдана.

NVIDIA-ИЙН ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ

Хиймэл оюуны тэсрэлтээс хамгийн их ашиг хийсэн тэд дараагийн зах зээлээ жолоочгүй автомашин (роботакси) гэж тодорхойлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Alpamayo нэртэй автомат жолоодлогын системээ танилцуулав. Тэрээр шинэ бүтээгдэхүүнээ дэлхийн анхны “боддог” машин хэмээн нэрлэсэн нь бүр ч их сонирхолтой санагдав.


Alpamayo-г хамгийн түрүүнд Mercedes Benz CLA загварт суурилуулан худалдаанд гаргах бөгөөд хамгийн аюулгүй автомашинаар шалгарчээ. Энэ оны эхний улиралд багтаан зах зээлд нэвтрүүлнэ гэж амлав. Үүнээс гадна Nvidia компани 2027 оноос эхлэн жолоочгүй машины технологи хөгжүүлэгчидтэй хамтран автомат жолоодлоготой автомашины арми бүтээхээр төлөвлөж байна. Зарим тоон мэдээллийг сонирхуулахад өнгөрөгч III улиралд Nvidia автомашин болон роботын зориулалт бүхий чипээс 592 сая долларын орлого олсон бөгөөд энэ нь нийт борлуулалтынх нь ердөө нэг орчим хувь юм.


Мөн Nvidia компани энэ жил CES дээр шинэ GPU-гүй ирж үнэнч хэрэглэгчдээ гонсойлгоод амжив.Сүүлийн таван жил тасралтгүй шинэ чип танилцуулсан уламжлал нь үүгээр эвдэгдлээ. Гэхдээ дараагийн үеийн хиймэл оюуны чип Vera Rubin бүрэн үйлдвэрлэлд нэвтэрсэн гэдгийг зарлав.

AMD АЛМАЙРУУЛЛАА

Ж.Хуанг CES-ийн тайзнаас бууснаас хэдхэн цагийн дараа түүний үеэл AMD-ийн гүйцэтгэх захирал Лиза Су-ийн илтгэл эхлэв. Хиймэл оюунд зориулсан тооцоолох систем бүтээх өрсөлдөөнд Nvidia-ийн араас шил дарж яваа тэд хэд хэдэн чухал инновацаа ил болголоо.

Шинэ чип: Хамгийн эхэнд хамгийн хүчирхэг хиймэл оюунд зориулсан Helios гэх нэртэй тавцанг /rack/ угсарч чадсанаа зарласан нь Nvidia-г шууд өрсөлдөөнд дуудсан хэрэг байлаа. 3 тонн хүнд жинтэй уг системд дөрвөн ширхэг MI 455Х GPU-г суурилуулжээ. MI 455Х нь тус компанийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт чип бөгөөд 322 тэрбум хагас дамжуулагчтай.

Шинэ процессор: 200 тэрбум параметр бүхий хиймэл оюуны загварыг сургах чадалтай AI Halo нэртэй тусгай процессороо танилцууллаа. Зах зээл дээр хамгийн жижигт тооцогдох уг төхөөрөмж хоёрдугаар улирлаас эхлэн худалдаанд гарна.

Шинэ бодит байдал: Time сэтгүүлийн өнгөрөгч оны онцлох хүнээр Лиза Су-тэй хамт нэрлэгдсэн Фэй-Фэй Ли нэгэн сонирхолтой туршилтыг үзүүлэв. Тэрээр AMD-ийн оффисыг гар утсаараа бичлэг хийн тэрийгээ хүссэн хэв маягт оруулж болох 3D ертөнц бүтээжээ. Үүнийг өөрийн хөгжүүлж буй Worlds Labs-ийн Marble платформын тусламжтайгаар хийсэн байна. Энэхүү технологийг тоглоомын салбарт шинэ хувьсгал авчирна гэдгийг онцлов.

Эдгээрээс гадна AMD сансрын технологи болон робот хөгжүүлэгч нартай хамтран ажиллаж буйгаа танилцуулав. Мөн ирэх таван жилд таван тэрбум хүн өдөр тутамдаа хиймэл оюуныг хэрэглэнэ гэдгийг онцлов.

ATLAS АНХ УДАА ТАЙЗНАА

Хамгийн олон шүтэн бишрэгчтэй робот хөгжүүлэгч Boston Dynamics компани Atlas роботоо анх удаа олон нийтэд дэлгэж үзүүллээ. Дэлхийн хамгийн алдартай тус роботын хөдөлгөөн хүнийх рүү улам дөхөж очсон нь анхаарал татав. Тайзан дээрх алхаа, гарын хөдөлгөөн, биеийн хэлэмжийг нь харахад роботын модон байдлыг давж байгалийн гэмээр хөдөлгөөн хийх чадвартай болжээ. Гэхдээ танилцуулгын үеэр тайзны хажуу талаас оператор удирдаж байсныг дурдах хэрэгтэй.

Үүнээс гадна тус компани үйлдвэрлэлд нэвтрүүлж буй хувилбараа танилцууллаа. Дизайны хувьд хамгийн энгийн шийдэлтэй гэдгийг онцлов. Энэхүү робот нь 190 сантиметрийн өндөртэй бөгөөд 90 килограммын жинтэй. 50 кг хүртэлх ачааг өргөх хүчин чадалтай хоёр жилийн дараачаас эхлэн Hyundai-ийн үйлдвэрүүдэд ашиглагдахаар төлөвлөгдөж байна.

САМСУНГ ДЭЛГЭЦИЙН ЧАНАРААР ГАЙХАГДАВ

CES-г зарим технологийн хорхойтнууд TV-ийн үзэсгэлэн гэж хочилдог. Энэ нь уг арга хэмжээн дээр төрөл бүрийн, өнгө өнгийн дэлгэцүүд хаа сайгүй байдагтай холбоотой. Тэр дундаас Samsung-ийн дэлгэц дүрсний чанар, хэв маяг, шинэлэг байдлаараа хамгийн олон хүний анхаарлыг татдаг. Тус компани сүүлийн 20 жил дараалан хамгийн шилдэг TV-ийн брэнд болж нийт 850 сая ширхгийг борлуулжээ.

Энэ жилийн тэдний онцлох бүтээгдэхүүн нь анхны 130 инчийн Micro RGB TV байлаа. Дүрсний нягтрал, өнгөний ялгарлыг дараагийн шатанд авчирсан уг дэлгэц CES-ийн хамгийн инновацлаг бүтээгдэхүүнээр шалгарчээ. Үүнээс гадна Samsung зурагтын дууг ялгаж сонсож болдог, үзэж буй нэвтрүүлгийнхээ талаар нэмэлт мэдээлэл шууд авах боломжтой хиймэл оюунд суурилсанд функцийг танилцуулав.

AI ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН

ChatGPT-ын нээлтээс хойш сонин хачин бүтээгдэхүүний цуваа үргэлжилсээр байна. Энэ жилийн хувьд хиймэл оюунд суурилсан гэрийн тэжээвэр амьтан олны сонирхлыг ихэд татав. Хэд, хэдэн энэ төрлийн бүтээгдэхүүн байснаас Tamagotchi хувилбарыг онцолж байна. Takway стартап Tamagotchi-оос санаа авсан алган багтах хэмжээний хиймэл оюунд суурилсан Sweekar нэртэй гэрийн тэжээвэр амьтаныг бүтээжээ. Өндгөн хэлбэртэй, өхөөрдөм уг бүтээгдэхүүн дэлгэц болон чанга яригчтай. Sweekar-г эрхүүлж, хамт тоглох тусам илүү жаргалтай болдог аж. Мөн эзнийхээ хоолойг таних, хариу үлдэл үзүүлэх зэрэг чадвартай ба 100-150 долларын үнэтэй.

AFEELA ЗАМД ГАРНА

Удтал хүлээсэн Sony болон Нonda-ийн хамтран хөгжүүлдэг Afeela эцэст нь худалдаанд гарахаар боллоо. Sony-ийн PS дээрх тоглоомуудыг автомашин дотроо тоглох боломжийг олгох уг загвар 90 мянган доллароос эхлэн борлуулагдана. Бүрэн цахилгаан, автомат жолоодлогын системээр тоноглогдсон бөгөөд OpenAI-ийн хиймэл оюунд суурилсан агентын системтэй байна. Энэ жил мөн Afeela-ийн шинэ SUV хувилбарыг танилцууллаа. Уг загвар 2028 онд худалдаанд гарна гэсэн хүлээлттэй байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэ автомашины консепц цөөхөн танилцуулагдлаа.

LENOVO ЛАПТОП ДАХИН АНГАЙЛГАВ

Хятадын Lenovo брэнд анхны хиймэл оюунт туслахаа Qira нэртэйгээр танилцууллаа. Тус компанийн ухаалаг шил, ухаалаг энгэрийн зүүлт, лаптоп, персонел компьютер дээр ашиглах боломжтой. Бусад хиймэл оюунт туслахуудаас ялгаатай нь олон төхөөрөмж дамжин хэрэглэх боломжтой. “Hey, Qira,” гэж дуудахад идэвхжиж таны өгсөн командын дагуу ажиллах юм. Мөн зарим үйлдлийг интернэтгүй байсан ч хийх чадвартай.


Мөн Lenovo хоёр тийшээгээ сунадаг дэлгэцтэй лаптопоо танилцуулав. Тоглоом сонирхогчдод зориулсан уг бүтээгдэхүүн 21,5-аас 23,8 инч хүртэл сунах боломжтой. Жил бүр шинэ инновацлаг дэлгэцтэй лаптопоор бэлэг барьдаг тэд энэ удаад сунадаг хувилбартай иржээ.