Бизнес эрхлэгчдийн хувьд жилийн төгсгөл үе бол тайлан тооцоо, дараа жилийн төлөвлөгөөгөө боловсруулдаг маш завгүй үе билээ. Энэ ажил буцалсан үетэй давхцан компаниудын хүсэн хүлээдэг Голомт банкны FMC болон Business Conference арга хэмжээ хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Ийнхүү хүлээлт дүүрэн арга хэмжээ хэмээн тодорхойлсон нь ч учиртай. Яагаад гэвэл энэхүү арга хэмжээгээр ирэх онд манай улсын эдийн засаг ямар байх, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, цаашлаад Монгол Улсын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлын тухай гэх мэт маш олон чухал, үнэ цэнтэй мэдээллүүдийг хуваалцдаг.

Хоёр өдрийн арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцсон юм. Жил ирэх тусам оролцогч байгууллага, бизнес эрхлэгчдийн талархлыг хүртэж, хүлээлт үүсгэх болсон тус хоёр арга хэмжээг энэ жил “Insights to Impact” уриан дор зохион байгуулсан төдийгүй мэдээллийг хуримтлуулах бус, зөв ойлгож, оновчтой шийдвэр гаргахад ашиглан, бодит үр дүнд хүрэхийг уриалсныг онцлууштай.

Fmc арга хэмжээний тухай

Эхний өдөр зохион байгуулагдсан FMC (Financial Manager’s Convention) буюу санхүүгийн менежерүүдийн чуулганд 400 гаруй бизнесийн салбарын төлөөллүүд оролцов. Энэхүү арга хэмжээ нь 2018 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа ба энэ удаа найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан нь энэ юм.

Business conference арга хэмжээний тухай

Харин хоёр дахь өдөр зохион байгуулагдсан Business conference буюу бизнесийн чуулган нь 2019 оноос хойш зохиогдож буй. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 500 гаруй бизнес эрхлэгчид, тэдгээрийн төлөөлөл оролцов.

FMC болон Business conference арга хэмжээнүүд нь тухайн жилийн бизнесийн төлөв, чиг хандлагын талаар хамтдаа хэлэлцэн эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг бизнесийн салбарын хувь нэмрийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Энэ удаа Дэлхийн банк, Дойче банкны ерөнхий эдийн засагч тэргүүтэй зочин илтгэгчдийн үнэ цэнтэй яриагаар дүүрэн байсан нь олон улсын банк, санхүүгийн салбарын төлөөллүүдээс туршлага судлах боломжийг оролцогчдод олгосон юм.

Арга хэмжээний тухай тэд юу хэлэв?

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

Энэхүү арга хэмжээ ирэх онд эдийн засаг ямар байх, дэлхийн эдийн засагт юу болж байгаа, манай улсын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа, эдгээр нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар мэдээллүүдийг хуваалцдагаараа онцлог. Мөн Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн салбарт өнөөгийн нөхцөл байдал болон ирэх оны төлөвийн талаар танилцуулж бизнес эрхлэгчдэд чухал мэдээллийг хүргэдэг билээ. Бид оролцогчдод хэрэгтэй, үр дүнтэй мэдээлэл хүргэх зорилгоор энэ жилийн арга хэмжээг “Insights to Impact ” уриан дор зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээний үеэр ‘Insights by Golomt Bank’ төслөө харилцагч, түншүүддээ албан ёсоор танилцуулж байгаа. Тус төсөл нь подкаст, судалгааны вэбсайт болон сошиал сувгуудаар дамжуулан олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.


Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа

Голомт банкны хувьд жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажилладаг. Энэ жилийн хувьд олон улсын геополитик, макро эдийн засгийн төлөв байдал, шинэ үеийн менежментийн чиг хандлага болон Хятадын эдийн засгийн нөхцөл байдлийн талаар илтгэлүүд танилцуулагдаж байгаа. Түүнчлэн хувь хүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой цөөнгүй асуудлууд хөндөгдөж буй энэ тал дээр хувийн мэдээллээ хэрхэн аюулгүй хамгаалах талаас зөвлөмжүүдийг өгч байгаагаараа онцлогтой.

“Тод сүндэрэл ХХК”-ийн ерөнхий захирал Б. Түшиг

Энэхүү арга хэмжээнд тав дахь удаагаа оролцож байна. Жил бүр хүлээж оролцдог арга хэмжээний маань нэг болсон. Энд оролцсоноороо салбарын мэргэжилтнүүдээс өргөн хүрээний мэдээлэл, шинэ мэдлэг авах боломжтой нь их таалагддаг. Ялангуяа энэ жил 2026-2027 онд манай салбарт ямар өөрчлөлт гарах, аж ахуйн нэгжүүд хэрхэн бэлэн байх, гарч болох асуудлуудад ямар гарц, шийдлээр хандах талаар олон хэрэгтэй мэдээлэл авах болов уу гэж хүлээж байна. Мөн энэ жилийн хувьд кибер аюулгүй байдлын асуудалд түлхүү анхаарч байгаа нь онцлогтой санагдаж байгаа. 2026 он кибер аюулгүй байдлын чиглэлээр өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэ сорилт ихтэй жил байсан. Дэлхий нийтийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө болзошгүй аюулаас хэрхэн хамгаалах талаар хэрэгжүүлж болохуйц зөвлөмжүүдийг эндээс авах байх гэж бодож байна. Тэдгээр зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр зорино.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Kemoh Mansaray

Илтгэлийн сэдэв: Олон улсын эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил 2.5 орчим хувьтай байгаа нь цар тахлын дараах үеэс хойш харьцангуй сул өсөлт болж байна. Гэсэн хэдий ч хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй. Харин эрчим хүчний үнийн өсөлт, худалдааны тогтворгүй байдал, хиймэл оюуны хөрөнгө оруулалтын өсөлт буурах болон Эль Ниньо () зэрэг нь дэлхийн эдийн засагт нөлөөлөх гол эрсдэлүүдийн талаар танилцууллаа.Түүнчлэн 2026 оны сүүлээр Эль Ниньо үүсэх магадлал нэмэгдэж байгаа нь хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шууд нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Үүний зэрэгцээ бордооны үнийн өсөлт 13 хувиас 25 хувь хүрсэн нь үйлдвэрлэлийн зардалд нөлөөлж байгааг ч дурдсан юм. Хэдий хиймэл оюуны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боловч технологийн үр өгөөжийг хүртэхийн тулд эрчим хүч, дэд бүтэц, хиймэл оюуны зөв засаглал чухал болохыг танилцууллаа.Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай хэвээр байгаа бөгөөд энэ оны эдийн засаг 5.7 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдав. Мөн хиймэл оюуны загварыг шинээр бүтээхээс илүүтэй одоо байгаа загварыг хэрэглээндээ оруулж төр, бизнес болон эдийн засгийн салбарт үр ашигтай ашиглахад анхаарах шаардлагатайг онцоллоо.


Дойче Банкны Хятадын бүс хариуцсан ерөнхий эдийн засагч Dr. Yi Xiong

Илтгэлийн сэдэв: Хятадын эдийн засгийн шинэ чиглэл

Хятадын эдийн засгийн өсөлт жилийн эхний хагаст 4.7 хувьтай байгаа бөгөөд цаашид ч энэ хэвээрээ байх төлөвтэй байна. Ойрын жилүүдэд хиймэл оюун, өндөр технологи, экспортын салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих ч дотоодын хэрэглээ болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналттай байдал нь асуудал хэвээр байх аж. Түүнчлэн Хятад, АНУ-ын хиймэл оюуны өрсөлдөөн эрчимжиж, өндөр хүчин чадалтай модел бүтээхээс гадна түүнийг ямар зардлаар, хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдэг нь чухал болж байгааг онцлов.

Хятадын технологийн салбарын өсөлт нь хөдөлмөрийн зах зээл болон залуусын мэргэжил сонголтод өөрчлөлт авчирч, инженер, мэдээллийн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэргэжлийн эрэлт нэмэгдэж байгаа гэнэ. Харин АНУ-ын технологийн хязгаарлалтаас шалтгаалан хагас дамжуулагчийн хүртээмж Хятадын технологийн салбарын томоохон сорилт хэвээр байгааг дурдав. Мөн Засгийн газраас өрхийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа ч цаашдаа урт хугацаанд хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд өрхийн бодит орлого, дотоодын эрэлтийг өсгөх шаардлагатай байгааг онцолсон юм.

Хятадын эдийн засгийн өөрчлөлт Монгол Улсад шууд нөлөөтэй. Тиймдээ ч хиймэл оюун, өндөр технологи, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр зэс болон бусад чухал ашигт малтмалын эрэлт өсөх боломжтой. Харин нүүрсний хэрэглээ буурч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа тул манай улсын хувьд нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн юанийг олон улсын худалдаанд оруулах хүсэлтэй байгаа тул бизнесүүд худалдаандаа юань ашиглахыг санал болгов.

Онцлох мөчүүд