Харилцаа холбоо, тээвэр логистик хөгжсөн өнөө үед цүнхээ аваад таван тивээр аялах нь хэцүү зүйл биш болсон хэдий ч дэлхийн хязгаар болох мөсөөр хучигдсан өмнөд, хойд хоёр тивд хөл тавина гэдэг хэн бүрийн биелүүлж чадах хүсэл биш хэвээрээ л буй. Тэгвэл бид энэ удаа цагаан тивд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй судлаач Н.Ялалтын Антарктидад айлчилсан гурван сар орчмын ховорхон бөгөөд сонирхолтой аяллын тэмдэглэлийг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ. Сар гаруйхны өмнө аяллаа дуусгаад ирсэн тэрээр зургаан орны хамтарсан судалгааны экспедицийн багт багтсанаар өмнөд туйлд хөл тавьсан гарын арван хуруунд багтах монгол хүмүүсийн нэг болсон билээ.


Антарктидийн мөсөн дээр 2022 оны нэгдүгээр сарын 23-ны 00:22 цагт хөл тавив. Цаг хугацаа орон зайн хувьд өөр гараг дээр байгаа мэт санагдах нь танил бус мэдрэмж байлаа. Тэнгэрийн хаяа даган, үүлсийн доор үзэгдэх мөсөн бүрхүүлүүд далайн ус, нарны өнгөтэй хослох нь хачин үзэсгэлэнтэй. Яг л зүүд шиг... Өмнөд далайн хүчтэй урсгалд дайвалзан явсаар мөсөн тивд хүрч, дэлхийн нэгэн хязгаарт хөл тавьсан өөртөө итгэж ядан, гайхсан, айсан олон мэдрэмжид автан, жингүйдэж зогссон үе эгээ л өчигдөр мэт.

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг Антарктид хэмээх энэ хол газар байгаадаа итгэж ядан, сэтгэл дотор хачирхалтай мэдрэмж эрхгүй төрнө. Зүрхний цохилт хурдсаж, уртаар ойр ойрхон гүнзгий амьсгаа авах гэх мэтээр цаг тутамд л тайвшрахыг хичээж явлаа. Магад энд тархи толгой яг л байгалийнхаа жам ёсоор төвлөрөн ажиллаж байгаа тул мэдэрч байгаа зүйлс нь тийм хүчтэй байсан болов уу. Учир нь урьд өмнө нь хэзээ ч харж, мэдэрч, сонсож байгаагүй онгон дагшин байгалийн өнгө үзэмж, агаар, салхины чимээг сонордон амтлах боломж энэ байлаа. Урт хугацаа, хол замд түм буман бодолд автаж, тоолж барахын аргагүй баялаг зүйлс мэдэрснээ энэхүү тэмдэглэлдээ сорчлон оруулж, бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Миний хувьд 2014 онд МУИС-ийг "Хүрээлэн буй орчны химич мэргэжил"-ээр төгсөж, 2017 оноос дэлхий судлал-геохимийн чиглэлээр БНСУ-ын "Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль"-д магистраа хамгаалаад үргэлжлэн 2020 оноос докторын хөтөлбөрт суралцаж буй. Өмнө нь зөвхөн алсын зайнаас судалж, судалгааны өгүүллүүдээс уншиж, гэрэл зургаас харж төсөөлөхөөс цаашгүй байсан надад Антарктид тив, Росс тэнгис (Ross Sea), Амундзсен тэнгис (Amundsen Sea), далайн мөс (sea ice), мөсөн уулстай (iceberg) өөрийн биеэр танилцаж, судлах завшаан тохиолдсон нь гайхалтай.

2021 оны өвөл буюу арванхоёрдугаар сарын 19-нд гэрээс гаран, нийт 42,408.716 км зам туулан 2022 оны хавар буюу гуравдугаар сарын 06-нд эргэн ирсэн гурван сарын аяллын адал явдлаа дор хүүрнэе.


2022 оны нэгдүгээр сарын 23, 00:22 цаг

цагаан тивийг зорих зам

Антарктид хүрэх замд 30 насны төрсөн өдөр тохиов. Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Канад, Франц зэрэг олон улсын судлаачдаас бүрдсэн Антарктидийн судалгааны том экспедицэд сургуулиа төлөөлөн (төслөө төлөөлөн) ажиллах боломж олдсон нь амьдралын минь шинэ арван эхэлж буй энэ л чухал үетэй давхацсан нь цаанаа л утга агуулгатай мэт. Учир нь гэвэл, Антарктидад ирэх боломж тийм ч элбэг биш, ойролцоогоор 0.000001 хувийн л магадлалтай байдаг гэнэ лээ.

Сөүлийн цастай хүйтэн өвөл хэдхэн цагийн (23 цаг 50 минутын дараа) дараа +25 градустай Шинэ Зеландын Крайстчөрч (Christchurch) хотын зуны улирлаар солигдож, үүнээс цааш далайд гарснаар бүрхэг, нартай, салхитай, бороотой, цас мөндөртэй олон төрлийн цаг уурын нөхцөлтэй таарч явлаа. Шөнийн цаг тул орчин тойронд сааралтсан бүрсгэр өнгө ноёлж байсан ч мөсөн тив рүү дөхөх тусам тэр харанхуй бүр мөсөн алга болов. (Антарктидад нар хамгийн өндөр цэгт манддаг 10-3 дугаар сарын хугацаанд "өдөр" үргэлжилсээр байх ба бусад саруудад харанхуй нөмөрч, цаг агаар эрс хүйтэрдэг.)

Энэ урт аяллын гол зорилго нь, сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй хайлж, массын алдагдалд өртөөд байгаа Антарктидын мөсөн (Thwaites Glacier, Pine Island Glacier, Dotson ice shelf) хэсэгт хүрч, тухайн газар нутгийн агаар, газар, далайг цогц аргаар судлан, өмнөд тивийн масс хайлалт нь дэлхийн далайн усны түвшинд хэрхэн нөлөөлөхийг тодруулах явдал юм.

Бөмбөрцгийн хойд хэсэгт байрлах БНСУ-ын Сөүл хотоос өмнөдийг чиглэн дагуу агаараар 13,413 км зам туулж Шинэ Зеланд улсын өмнөд арлын Крайстчөрч хотод буув. Крайстчөрч хотын Литтлетон боомтоос "АРАОН" (БНСУ-ын Туйлын Судалгааны Хүрээлэнгийн Антарктид болон Арктикийн судалгаанд ашигладаг хөлөг онгоц) мөс зүсэгч хөлөг онгоцонд Антарктидийн судалгааны багийн 43 гишүүд дунд монгол иргэншилтэй ганцхан судлаач нь болон суусан нь энэ.


Шинэ Зеландын Литтлетон боомтоос Баруун Антарктид хүрэх зам (улаан дөрвөлжинд харуулав). Баруун дээд буланд 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн "АРАОН" онгоцны байршил ба чиглэлийг харууллаа. Суурь зурагт далайн гадаргуун урсацын хурдыг өнгөөр илэрхийлсэн болно. Зургийг "Quantarctica GIS package" ашиглан хялбарчлан зурав.

Ингээд бид "АРАОН" онгоцоор хил хязгаар нь үл үзэгдэх асар уудам далайд гарлаа. Мөсөн тив рүү ойртох тусам агаарын температур буурсаар, хөвж буй мөс үзэгдэж эхлэн, улмаар бүр битүү мөсөөр бүрхсэн хэсэгт оров. Мөсөн цөл гэмээр энэ газарт хөлөг онгоц мөсөн уулсыг дундуур нь гатлан өнгөрөв. Харж байгаа зүйлсээ хэрхэн хүлээн авахаа ч үл мэдэн гайхширна. Ингэж байтал бие биедээ ойртсон өндөр, нам, урт, богино хөвж яваа мөс тааралдах нь улам ихэслээ. Анх харж байгаа надад сонирхолтой санагдах ч "мөсөн тив зах, ирмэгээсээ бутарч, задгай далайд салан хөвж яваа нь энэ шүү дээ" гэдэг бодол байгаль орчны тогтвортой байдал талаасаа гуниг төрүүлэх аж.


Мөсөн цөл гэмээр Өмнөд далай дээрх мөсөн бүрхүүл. 2022 оны нэгдүгээр сарын 21, 22:01 цаг.

Үүлсийн доор далайн гадаргууг бүрхэн хөвж буй үргэлжилсэн их мөсөн уулс. Зургийн камерт багтахааргүй том.

Далай дээр хөвж байгаа байдал, цэлийсэн тэнгэр, далайн ус... Хэзээ ч харсан анхных мэт сүрдмээр сонин санагдах нь хэвээр. Оцон шувуу, далайн хав, халим, шувууд гээд сонин содон амьтадтай хэд хэдэн удаа таарав. Нэг хэсэг газарт халим харсан бөгөөд дурандаа буулгах гэж мунгинах хэдхэн хоромд хөдөлгөөнөөс нь үүссэн долгион л үлдэж байлаа. Энэ тохиолдолд халимны зургийг дарах гэж цаг алдах биш харин нүдээрээ сайтар харж, толгойдоо тогтоож авдаг юм гэнэ. Тэнгэр цэлмэг, салхи багатай тогтуун байж, мөсөн тив өөрийн өнгө үзэмжээ харуулж байгаад талархаад ханашгүй.

"АРАОН" хөлөг онгоцноос ч өндөр, том хэмжээтэй урт мөсөн уулс хажуугаар өнгөрнө. Цаашлаад "Мөсөн уулсын хаант улс" гэж хэтрүүлэн нэрийдмээр асар том мөснүүд наана цаанаа орж бөөгнөрсөн хэсэг газрыг өнгөрч явлаа. "Нүд баясна" гэдэг нь л энэ байх. Цэлийсэн том далай дээгүүрээ цагаан бүрхүүлтэй болжээ. Цагаан, хөх, цэнхэр, саарал өнгөөр хүрээлэгдсэн орчинд явсаар.


Мөсөн уулс дундуур “АРАОН” сүлжин явна. Мөсөн дээр нарлаж буй далайн хав.

Хүйтэн салхитай өдөр. Хэдхэн минут зогсоход гар бээрч, даарсандаа улайчихна. Салхи ихтэй үед хийсэх шахам тул юмнаас сайн барьж явахгүй л бол болохгүй. Цаг агаар муу тохиолдолд аюулгүй байдлын үүднээс онгоцны задгай тавцан дээр гарах, ер нь л гадаа гарах хориотой. Нарны шил, нарны тос, дулаан малгай, бээлий, хальтрахгүй гутал, салхи, ус нэвтэрдэггүй хувцас хэрэглэлтэй дотно нөхөрлөж явлаа.

Далайн усанд унана гэдэг үхэлтэй шууд нүүр тулж байгаагаас ялгаагүй гэнэ. Учир нь гэвэл, уснаас татаж, гаргаж авч болох ч аврагдахаасаа өмнө хөлдсөн байдаг аж. Эсвэл бүр татаж авах ч боломжгүй болдгийг анхааруулж байлаа. Давалгааны улмаас далайн ус онгоцны тавцан дээр урсаж хөлдөнө. Хөлдүү мөсөн дээр хальтрахаас эхлээд хүчтэй салхинд хэд хэдэн удаа хийссэнээ бодоход усруу унах нь тийм ч холын аюул биш бололтой.

Далайн мөс хөлөг онгоцыг маань зуурах боловч "АРАОН" хурц хошуу, нүсэр жингээрээ далайн мөсийг хагалан урагшилсаар байв. Аль ч тийшээ харсан цагаан өнгө нүд гялбуулна. Усан онгоцны нүсэр хөдөлгүүрийн дуу энэ цагаан мөсөн ертөнцөд хамгийн их чимээ гаргах бөгөөд үүнийг эс тооцвол Антарктид тэр чигээрээ амар амгалан гэмээр. Ийнхүү бид мөсөн тивд амжилттай хүрэв.


Мөсөн тивд хөл тавив. "АРАОН" онгоцтой хамт.

Антарктид дахь адал явдал

50 см орчим өндөртэй жижигхэн бондгор амьтад (оцон шувуу) байдгаараа нүдээ бүлтийлгэн "Энэ хэд чинь хаанаас гараад ирэв?, юу вэ?" гэх шиг л биднийг гайхан харж, яахаа мэдэхгүй балмагдан зогсоно. Үнэндээ тэр үед би ч тэднээс нэг их ялгагдах юмгүй балмагдсан байдалтай явлаа. Улаан цагаан өнгө хосолсон манай хөлөг онгоц болон улаан хувцсаар жигдэрсэн судалгааны багийнхныг хараад энэ хоёр оцон шувуу юу бодож байгаа бол гэдгийг төсөөлөхөд л тун сонирхолтой.


Бие биенээ анх удаа ойроос харж буй оцон шувууд ба би

Далайн давалгаа, салхи огтхон ч байхгүй гэж болмоор нам гүм байдал үүсэв. Далайд гарснаас хойш байгаль дэлхий биднийг ингэж тайвнаар хүлээн авсан удаагүй шахам, дандаа л хоёр тийш савлуулж байсан тул нэг л хачирхалтай, сүрдэм мэдрэмж төрнө.

Нарны хурц гэрэлд мөс цагаан биш мөнгөлөг цагаан өнгөтэй үзэгдэх бөгөөд далайн усанд тусах дүрс нь огтхон ч сарнихгүйгээр үл барам бодитоосоо ч илүү мөнгөлөг саарал харагдах аж.


Гүн хөх далай, мөнгөлөг саарал мөсний тусгал, мөнгөлөг цагаан мөс, нимгэн цагаан үүл, цэлмэг хөх тэнгэр. Эдгээр үзэсгэлэнт өнгө нүдний өмнө дээр дээрээсээ дараалан харагдана.

Урт нарийссан цайвар үүл, мөс хоёрыг ялгаж харахын тулд хоёр нүдээ байн байн анивчин, хэрэндээ чармайна. Харж байгаа үзэмжээ яг тэр л хэвээр нь бусадтай хуваалцахыг хүсэх ч, харамсалтай нь жинхэнэ амьд, сүр хүчит төрхийг нь бодитоор харж байж л мэдэрч болохуйц ажээ. Уулга алдаж, удаан ажиглан зогсохоос аргагүй, үгээр илэрхийлж, бичих боломжгүй мэт гайхамшигтай өнгө үзэмж нүдний өмнө улам тодорсоор.

Сүрлэг том, анир чимээгүй байдал, хүйтэн салхи, сэрүүн температур нь мөсөн тивийг тайван унтаж байгаа мэт санагдуулах ч сайтар ажиглавал захын ирмэг хэсгүүдээсээ эмтрэн хагарч, далайн гадаргуу дээр хөвж буй жижиг том мөс үзэсгэлэнт тивээс үүрд салж байгаа нь харагдана. Мөсөн тивийг сэрээчихгүй юмсан. Энэ хэвээр нь урт удаан хадгалж, хамгаалах сан.


Зурсан зураг шиг л үүлс, тэнгэрийн сул цэнхэр өнгө. Мөс үүлс зэрэгцэн ялгагдахгүй харагдаж байгаа байдал.

Судалгааны явц ба хүндрэл бэрхшээлүүд

Судалгааны ажил хэрхэн явагдах бол? Алдаа гарах болов уу? Хэрхэн илүү сайн хийх вэ? гэх мэт санаа зоволт, гэр бүлээсээ хол, өвдөх эрхгүй нөхцөл, далайн өвчинд өндийж ч чадахгүй өнгөрүүлсэн өдрүүд. Нэмээд ковид19-аас өөрийгөө хамгаалан, судалгааны ажил цуцлагдан буцахаас айж сандчих сэтгэл зүй гээд амаргүй зүйлс олон байв.

Судалгааны цэгүүд өөр хоорондоо ойрхон үед унтах завсар гарахгүй л байлаа. Байнга гэгээтэй байх тул хоногийн 24 цаг дахь нойр, хоолны цикл үндсэндээ алдагдав. Саяхан л оцон шувуу, мөс, цас барьж үзээд, догдлол дүүрэн зураг даруулж байсан бол одоо тэр үе дутуу нойр, толгойн өвдөлт, хоолны дуршилгүй байдал, дотор муухайралтаар солигджээ. Байрлал, гадаад орчин, сэтгэл зүйн хувьд нэг төлвөөс нөгөөрүү огцом шилжиж байв. Нойр, хоолондоо сайн байж л ажлаа амжилттай хийх тул судалгааны цэг хооронд зорчих богино хугацаанд амжиж идэж, унтах ёстой болно. Яг л утсаа цэнэглэж байж хэрэглэдэг шиг биеэ цэнэглэж байгаа мэт санагддаг. Олон өдөр дараалан ингэж ажиллахаар яг л робот эсвэл ямар нэг төхөөрөмж шиг эв хавгүй мэдрэмж авах тул унтаж чадахгүй хий хөрвөөн хэвтсээр босох үе төсөөлснөөс ч олон.

Мөсөн тив хүйтэн харанхуй өвлийн улиралдаа бэлдэж байгаа гэлтэй өдөр ирэх бүр цэлмэг өдрүүдийн тоо цөөхөн болж байгаа санагдана (Өмнөд туйлд гуравдугаар сарын сүүлээс есдүгээр сарын сүүл хүртэл шөнө үргэлжилнэ). Давхар бидэнд ч бас явах цаг дөхөж буйг сануулж байгаа гэлтэй. Яг л өөр ертөнц, өөр гарагийн орон зайд шумбаж ороод буцан явах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө.



Баяртай, хэзээ ч мартагдахгүй антарктид!

Мөрөөдлийн Антарктид ард хоцорч, нар, сарны туяа бидний буцах замыг гэрэлтүүлэн чиглүүлэх өдөр иржээ. Ийнхүү шөнийн харанхуй эргэн ирэв. Умард зүгийг зорин "АРАОН" буцаж байна.

Хэм хэмжээг тааруулан, хэт нэг туйл руу хазайлгүйгээр, утга учиртай амьдрах талаар эргэцүүлсэн, өөрийгөө таньж мэдэрсэн цаг хугацаа байлаа. Залуухан судлаач эмэгтэй, багаа төлөөлөн ганцаараа явж байгаа гэх мэт дутуу үнэлсэн, болгоомжилсон, санаа зовсон сэтгэлийг бяцхан ч гэсэн гэрэлтүүлсэн гэж бодож байна. Жижиг ч гэлээ удаан хугацаанд асан гэрэлтэж болохоо ч мэдрэв.

"АРАОН" дээр байгаа хүмүүстэй англи, солонгосоор хоршуулан ярьж байсан нь олон судлаачидтай танилцах, яриа өрнүүлж, тав тухтай оршиход давуу тал болж байсныг дурдах хэрэгтэй. Хэрэндээ л монгол хүн хэмээх хүндтэй нэр дор хичээсээр ирэв. Боломж бүх хүнд байдаг. Хаанаас, ямар гараанаас эхэлсэн эсэх нь ялгаатай байж болох ч хүрэх газар, хийх зүйлс, мэдрэх мэдрэмжинд хязгаар үгүйг ойлгож авлаа.

Судалгааны ажил амжилттай дууссаныг илтгэн судалгааны багийнхан нийтээрээ зургаа даруулах бөгөөд бид хамтдаа "АРАОН" онгоцоор нийт 15,432.716 км далайн замыг туулжээ. Монгол улсын далбаа Амундзсен тэнгис ба түүнтэй хиллэх Антарктидийн мөсийг тойрон анх удаа мандаж байна. Хичнээн сайхан байсан гэж санана. "Хангалттай сайн байлаа, хангалттай сэтгэл ханамжтай судалгааны ажил бас аялал байлаа" гэж өөртөө бахархалтайяа хэлмээр байна. Төсөөлж байсанаас олон хүмүүстэй танилцаж, олон зүйл сурсан аялал байлаа. Дахин хэзээ ирэх нь тодорхойгүй, ер нь дахин ирэх боломжгүй ч байж мэдэх энэ л үзэсгэлэнт тивээс авсан мэдрэмжүүд, хором мөч бүрийг насан туршдаа нандигнан дурсаж явах болно.

Судалгаагаа хийх боломж олгон биднийг хүлээн авсан цэнхэр гарагийн өмнөд хязгаар Антарктид, сүрлэг мөсөн далайд талархаж байна. Энэ дэлхийд нарийн утга учир, хайраар холбогдсон гэр бүлийнхэндээ мөн талархъя. Антарктид хүрэх аяллыг хамтдаа бүтээлцсэн судалгааны багийн гишүүд, "АРАОН" онгоцны ажилчид, тусалж дэмжсэн, заавар зөвлөгөө өгсөн багш нар, лабораторийн багийнхан, ажлын хамт олон, найзууд хэн бүгдэд баярлаж байна.

Байгальд ойр байх, байгалиас авах эрч хүч, аялалд дурлах, шинэ зүйлс мэдрэх, хүссэн зорьсон зүйлдээ хоёргүй сэтгэлээр тууштай хөдөлмөрлөхийн чухлыг дамжуулан хүргэхийг хүссэн урт бичвэрийг минь энэ хүртэл уншсан танд ч мөн баярлалаа.

Хүндэтгэсэн,

Дэлхий судлал-геохимийн магистр, БНСУ-ын "Ихуа" эмэгтэйчүүдийн их сургуулийн докторант, геохимийн лабораторийн судлаач Н.Ялалт


2022 оны хоёрдугаар сарын 19, 18:00 цаг. Мөсөн тивээс хөдлөхийн өмнө.