3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртсэн түүхэн бахархалт мөч хэдхэн сарын өмнө тохиосон билээ. Хавьд тохиогоогүй тэрхүү амжилтын нэг хэсэг болсон тамирчин О.Хулан бол бидний энэ удаагийн зочин. Сагсан бөмбөгийг тийм ч сайн мэдэхгүй уншигчид түүнийг Токио-2020 Олимпын тугч байсан гэдгээр нь илүүтэй мэдэж магад. Түүний хувьд 2017 онд МУИС-д элссэн цагаасаа эхлэн сагсан бөмбөгийн их айлд эргэлт буцалтгүй орж, өнөөдрийг хүртэл олон улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцсоор буй залуу тамирчин юм. 

Тэрээр 3x3 үндэсний шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тамирчин бөгөөд энэ удаагийн дугаарт өөртөө хамгийн их өөрчлөлтийг авчирсан, тэр ч утгаараа хамгийн үнэ цэнтэй таван тэмцээнийг хуваалцлаа.  


1. 2017-2018 оны оюутны лиг

МУИС-ийн шигшээ баг Оюутны лигийн аваргын цомыг атгаж үзээгүй байсан үе. Тэр жил манай сургууль шигшээ багийг шинээр бүрдүүлж, сагсан бөмбөгийн анхлан суралцагч, нэгдүгээр курсийн оюутан Хулан миний бие тэрхүү багт нэгдсэнээр сагсан бөмбөгийн ертөнцөд ч эргэлт буцалтгүй нэгдсэн.

Тоглолт эхэллээ. Зөрдөг тоглолтын эхний хагаст манайх арав гаруй оноогоор Этүгэн их сургуулийн багт хожигдож байв. Өмнө нь бид учраа таарахад манайх 30 орчим оноогоор хожигдсон гээд л бод. Тухайн үед би өөрөө ч гайхширсан нэгэн үйл явдал тохиосон нь, хоёр удаа чөлөөт шидэлт хийж, дараа нь гурваас нэг шидэж дараалсан есөн оноогоор багийнхаа эргэн ирэлтийг эхлүүлснээр Этүгэн их сургуулийн шигшээ багийг хожиж, аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.

Сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавиад нэг жил ч болоогүй залуу тамирчны хувьд өөртөө итгэх итгэлгүй, оноо авах талаар санаанд ч орохгүй, чадах чинээгээрээ багтаа тусалж, сайн хамгаалах талаар л бодож байсан ч оюутны лигийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан нь гайхамшиг шиг л санагдаж байсан.

Гэрэл зургийн эх сурвалж: ikon.mn

Би сагсан бөмбөгт үнэхээр хайртай гэдгээ мэддэг байсан ч өөрийгөө тийм ч сайн сагсчин гэж боддоггүй байсан. Мэргэжлийн тамирчин болох талаар төсөөлж ч үзээгүй тэр үед “Магадгүй хичээвэл гайхамшгийг бүтээж чадах юм байна” гэдэг итгэлийг олж авсан.

Тэр үеэс гэр бүл маань намайг хүлээн зөвшөөрч эхэлсэн юм шиг санагддаг. Оюутан байхад өглөөний бэлтгэлд аав маань хүргэж өгч, бэлтгэлээ тараад орой ирэхэд хоол хийгээд үлдээчихсэн, хувцсыг маань хүртэл угаачихсан байдаг байсан. Эдгээр үйлдлээрээ миний гэр бүл намайг санаа бодол, сэтгэл зүрхээ зөвхөн сагсан бөмбөгт зориулах боломжийг олгож, өнөөдрийн хэмжээнд хүрэх хөшүүрэг болсон юм шиг ээ.

Би зүгээр л өдөр бүр бэлтгэлээ хийхийг хүссэн. Өнөөдрийн хэмжээнд ирсэн байгаа минь мөрөөдлөөрөө амьдарч байгаа мэт л санагддаг.

2. 2019 оны u23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Г.Минжингийн алдарт баззер шидэлт

Үнэндээ манай баг амжилт үзүүлнэ гэх өндөр хүлээлт байгаагүй ч хүчирхэг Германы шигшээ багийг хэсэгтээ баззердаж ялснаар зогсохгүй Уганда улсын багийг ч ардаа орхиж, хэсэгтээ нэгт эрэмбэлэгдэж эхэллээ. Германы эсрэг хийсэн тоглолтын үеэр Цэрэнлхам эгч бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгдэж, бид гурав амсхийх сөхөөгүй, нэлээд ядарчихсан байх үед Минжингийн баззер шидэлт орж, тоглолтын үр дүнг өөрчилсөн юм. Хэдийгээр миний шидэлт биш ч гэсэн монгол охид сагсан бөмбөг тоглож чаддаг гэдгийг дэлхийд болон эх орондоо баталж харуулсан гоц үйл явдлыг гэрчилнэ гэдэг зүйрлэх зүйлгүй сайхан мэдрэмж.

Сайжрахын тулд өдөр бүр хичээдэг, сул талаа нээлттэй ярилцдаг, бие биеийнхээ амжилтаар бахархдаг, бусдыгаа гарын алга шигээ мэддэг, нэг зорилгын төлөө тэмүүлдэг баг л хамгийн сайхан.

3. токио-2020 олимп

Орон орны шилдгүүд нэг дор цугладаг, эх орноо дэлхийд таниулах хамгийн том дэвжээ бол Олимп. Тэр жил манай орон анх удаа багийн спортоор Олимпод оролцож буй түүхэн ач холбогдолтой жил байснаар зогсохгүй миний хувьд нээлтийн ёслолд тугчдын нэгээр сонгогдож оролцсон нь монгол хүн болж төрсний хамгийн бахархалт мөч байсан.

Хэдийгээр манай баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй явахыг хүссэн ч Ковидын цар тахлын эд үе байсан тул зохион байгуулагчдын тогтоосон журмын дагуу дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг арын албаны ажилтнаар Олимпын багаа бүрдүүлсэн. Одоо санах нь ээ, хамгийн ачаалалтай, адал явдалтай өнгөрсөн өдөр бол нээлтийн ёслолын өдөр. Нээлтэд 206 орны 11,268 тамирчин оролцсон бөгөөд бид нээлтийн ёслолын шууд дамжуулалтаас гурван цагийн өмнө очиж, эгнээ байраа эзлэн зогсох хэрэгтэй болсон. Суудал байгаагүй учраас бүхий л орны тамирчид ээлжээ хүлээн эгнэн зогсож, аажим аажмаар урагшилсаар талбайд гарахад 12,000 үзэгчийн суудалтай "Ниппон Будокан" цэнгэлдэх хүрээлэнгийн бүхий л суудал дээр Токио-2020 Олимпын бэлгэдэл болох чихмэл тоглоомуудыг тавьсан байсан нь гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Өмнө нь хэлсэнчлэн цар тахлын үе байсан тул үзэгчгүй зохион байгуулсан ч тамирчдад урам зориг өгч, зурагт үзэгчдэд хүндлэл, бахдлыг мэдрүүлэхийн тулд тэгж зохицуулсан байх.

Гэрэл зургийн эх сурвалж: taiz.mn


4. 2024 оны азийн аварга шалгаруулах тэмцээн

Бид өнгөрсөн жил дуусгаж чадалгүй орхисон ажлаа гүйцээхээр очсон гэх үү дээ. Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс сүүлийн арав орчим жил шагналт байр эзлээгүй байсан үе. 2023 онд бид хэсгээсээ хоёрт эрэмбэлэгдэж, хасагдах шатанд БНХАУ-ын багт тун харамсалтай ялагдал хүлээж байсан юм. Тэр үед багаараа шагнал гардуулах ёслолыг үзэх зуураа “Бид дараа жилийн энэ мөчид тэдний дунд байх болно шүү” гэдэг амлалт өгөөд буцсан.

Энэ жил хасагдах шатанд БНХАУ-ын багийг ялснаар шилдэг дөрвөн багийн нэгээр тунаж үлдсэн ч Австралийн багт ялагдал хүлээж улмаар бидэнд үлдсэн эцсийн боломж нь Тайваний эсрэг хийх хүрэл медалийн төлөөх тоглолт байлаа. Тэр хүнд ялагдлын дараа сэтгэл зүйн уналтад орж болох байсан ч Стив көүч биднийг “Одоо толгойгоо гудайлгах цаг биш. Та бүгдийн дараагийн тоглолт бол амьдралын чинь хамгийн чухал тоглолт байх болно.” гэх зэргээр багийн уур амьсгалыг “босгож” байсан нь их нөлөөлсөн.

Та бүхэн бодоод үзээрэй. Бид тэр мөчийг өнгөрсөн жилээс хойш тэсэн ядан хүлээж, зөвхөн тэр мөчид зориулж бүтэн жил шазуур зуун бэлтгэл хийсэн болохоор бараг л тэнгэрт тулсан сэтгэл хөдлөл, огшилт мэдрэгдэж байсан сан. Уриагаа хэлээд талбай руу гарахад Стив көүч “Let’s get the fucking medal” гэж хэлээд бидний дотор дүрэлзээд байсан галыг өрдчих шиг л болсон.

Тоглолтын эхний хэсгээс бид оноогоор илүүрхэн 7:1 харьцаагаар тэргүүлж байсан ч хоёрдугаар хагасаас эхлэн “баригдаж” онооны харьцаа 12:10 болон ойртоод ирэв. Тэгэхэд Индра тун эвгүй нөхцөл байдлаас маш оновчтой довтолгоо хийж, багийг сэргээн бидний дараалсан оноо авалтын эхлэлийг тавьснаар оноог ахин холдуулсан. Сүүлийн нэг минут үлдлээ. Хоёр баг аль аль нь нэлээд ядарчихсан, харин онооны хувьд манайх илүүрхэж байсан тул, хожил бидний гарт орсон нь бараг ойлгомжтой харагдаж байлаа. Ингээд эцэст нь бидний хүсэж байсан мөч ирж, санаа амраад л нээх уртаар амьсгаа авч билээ. Медаль авахдаа өгсөн ярилцлага дээр хэлсэн үгс хүртэл миний бүтэн жил дотроо тээж явсан үгс юм. Тэр мөчид хэлэх үгээ хүртэл урьдчилж бэлдсэн байсан. Ийм л их хэмжээнд хүссэн дээ, бид.


5. Парис-2024 олимпийн эрхийн тэмцээн

Унгарын Дебрецен хот. Манай багийн хувьд энэ тэмцээнд амжилт үзүүлээгүй ч хожим нь амжилт үзүүлэх хүсэл, зоригийг бадраасан өөр нэг тоглолт хийснийг одоо та бүхэнд хуваалцах гэж байна.

Энэ бол Монголын эрэгтэй шигшээ багийн тоглолт. 2018 оноос хойш ах нартай хамт бэлтгэл хийж, тэднийг өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд ямар замыг туулж, юуг золиосолж байсныг гэрчилсний хувьд тэдний тоглолтыг үзэх мөчид асар их бахархлыг мэдэрч байлаа. Тэд сэлгээний тамирчингүйгээр эцсийн мөч хүртэл талбай дээр Францын шигшээ багийн эсрэг илүүрхэж тоглосон ч харамсалтайгаар хожигдсон. Дэлхийд сагсан бөмбөгөөр есдүгээрт эрэмбэлэгддэг Францын баг шүү дээ.

Үүнээс ердөө нэг хоногийн дараа Польшийн шигшээ багийн эсрэг ямар ч шалтаг, шантрал, гоншигнолгүйгээр тоглож байсан тэд бол бидний хүндлэл, бахдлыг хүртэх бүрэн эрхтэй хүмүүс. Миний мэдэрсэн мэдрэмжийг хүн бүр аваасай гэж хүсдэг болохоор тэрхүү тоглолт миний сэтгэлийн хамгийн хүндтэй хэсэгт хадгалагддаг. Тэр тоглолтоос өөрийнхөө дараагийн дөрвөн жилийн зорилго, мөрөөдлийн галыг асааж, яг л тэр мэдрэмжийг бусдад өгч, хэн нэгний бахархал болохыг хүсэх болсон.


Сэтгэл зүйн бэлтгэл бүү хэл өөрийнхөө сэтгэл зүйг ч таньж мэддэггүй байсан үе саяхан. Миний хувьд сэтгэл хөдлөл өндөртэй, сандруу, түүнээсээ болоод бэлтгэл дээр байсан шигээ тоглолтыг гаргаж чаддаггүй байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйгээ таньж мэдэх, өөрийгөө сонсох, өөртэйгөө ярилцах, хүнд үеэ хэрхэн даван туулах талаар судлах зэргээр дотогшоогоо өнгийж, өөрийгөө илүү анзаардаг болсон байна.

Миний хувьд сэтгэл зүй болон бие махбодын бэлтгэл амжилтад ижил 50, 50 хувьтай нөлөөлдөг гэж үздэг.