Урлагаар дамжуулан дэлхий дахинд өөрчлөлт, нөлөөллийг авч ирсэн эрхмүүд тийм ч олон байдаггүй. Тэр дундаа бүхэл бүтэн соёл бий болгосон нь дэндүү цөөн. Тэдний нэг бол өнөөдрийн нийтлэлийн гол дүр Боб Марли.

Боб Марли 1981 оны тавдугаар сарын 11-ний өдөр ердөө 36 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үйл хэрэг, нөлөөлөл нь дэлхий дахинд мөнхрөн үлдэж, одоог хүртэл үргэлжилж байна. Энэхүү түүхийг өгүүлэх “Bob Marley: One Love” кино энэ долоо хоногт нээлтээ хийсэн юм.

Рэгги урсгал 1960-аад оны сүүл үеэс Африкийн язгуур хөгжмийн хэмнэл болон жазз, блюз урсгалуудаас санаа авч үүссэн ч Боб Марли энэхүү урсгалын хамгийн том нүүр царай болж чадсан юм.

Smile Jamaica тоглолт

Боб Марли арьсны хорт хавдрын улмаас нас барсан ч энэ түүний хувьд анх удаа үхэлтэй нүүр тулсан явдал биш юм. Түүхийн хуудсыг сөхвөл, 1976 оны арванхоёрдугаар сарын 3-нд гэрт нь бүрэн зэвсэглэсэн үл таних долоон хүн халджээ. Энэ үед Боб болон түүний хамтлагийнхан бэлтгэлээ хийж дуусаад амарч байлаа. Халдагчид байшинд нэвтэрч, хэд хэдэн удаа буудсан ба Боб Марли цээж болон гартаа буудуулж, түүний менежер хөл болон хэвлийн тус газраа, хамтлагийн гишүүн Луис Гриффитс хэвлийн тус газраа шархдав. Мөн Боб Марлигийн эхнэр Рита автомашин дотроо толгойндоо буудуулсан юм. Гэвч гайхамшиг тохиож, тэд бүгд амьд үлдсэн билээ.

Энэхүү үйл явдлаас хойш хоёрхон хоногийн дараа үнэ төлбөргүй Smile Jamaica тоглолтыг хийхээр төлөвлөсөн байлаа. Энэхүү тоглолтоор улс төрийн маргалдаан, гэмт хэргийн бүлгэмүүдийн мөргөлдөөнөөр дүүрсэн Ямайка улсыг нэгтгэж, эв найрамдлын бэлгэ тэмдэг болгохоор зарласан байв. Тиймдээ ч эмнэлэгт хэвтэж байх ёстой Боб Марли болон түүний нөхөд тоглолтоо цуцлаагүй бөгөөд 80,000 үзэгчийн өмнө 90 минтуын турш сумны шархтайгаа тоглолтоо хийж дуусгасан түүхтэй.



Боб Марли Smile Jamaica тоглолтоо хийсний дараа уран бүтээлээ дараагийн шатанд гаргахаар Англи руу нисчээ. Тэд 1977 онд буюу халдлага болсноос зургаан сарын дараа Exodus цомгоо гаргасан ба энэ нь түүний карьерыг тодорхойлж, дэлхийд Рэгги урсгал, Rastafari үзлийг таниулсан гэхэд буруудахгүй. Exodus цомгийн нэг хэсэг нь Babylon буюу нийгмийн дарангуйллыг шингээсэн хүнд сэдэвтэй бол нөгөө хэсэг нь Zion буюу энх тайван, хайр, аз жаргалыг илэрхийлдэг. Exodus цомгоос хойш түүний хөгжим Rastafari-ийн үзэл санааг түлхүү өгүүлж байв. Рэгги уран бүтээлч Rastafari-ийн элч, цэрэг болж, тэдний хөгжим нь өөрчлөлтийг бий болгох зэвсэг хэмээн үздэг байлаа.

УЛС ТӨР БА БОБ МАРЛИ

Тэрхүү аймшигтай халдлагын ард хэн байсан бэ? Хэдийгээр баттай баримт байдаггүй ч маш олон таамгууд дундаас бараг л үнэн гэж болох нэгэн таамаг бий. Тэр бол тухайн үеийн Ямайкийн Хөдөлмөрийн Намын удирдагч Эдвард Сига, CIA буюу Тагнуулын Төв Газартай хамтарч энэхүү аллагыг зохион байгуулсан гэх таамаг. Учир нь тухайн үед Ямайкийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Майкл Мэнли, Боб Марлиг дэмждэг байсан бөгөөд Эдвард Сига бол Майкл Мэнлигийн улс төрийн томоохон өрсөлдөгч байсан юм.

Уг гэмт хэрэгт хар тамхины наймаачид хүртэл оролцсон гэх яриа ч бий. Энэ талаар Netflix дээр гарсан ReMastered гэх баримтат цувралын Who Shot the Sheriff? хэмээх ангид илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.



Боб Марлигаас яагаад тоглолтоо цуцлаагүйг асуухад “Дэлхийд муу муухай зүйл хийхээр завдаж буй хүмүүс зүгээр суухгүй байхад би яаж амрах билээ” хэмээн хэлж байжээ. Учир нь Bob Marley уран бүтээлээрээ дамжуулан дотоод болон гаднын нөлөөнөөс болж хүнд байдалд байсан Ямайкийг нэгтгэж, муу муухай, нийгмийн асуудлуудыг шүүмжилж байсан юм.

Rastafari ҮЗЭЛ САНАА

Рэгги хөгжим гэхээр л шууд ногоон, шар, улаан өнгө оюун санаанд ордог. Энэ нь Rastafari шашинтай холбоотой ба Этиоп улсын далбаанаас үүдэлтэй. Уг шашныг товчхондоо Библэ дэх Абрахамын түүхэнд суурилсан итгэл үнэмшил гэж хэлж болно. Цагаан арьст боолчлогчдыг эрс эсэргүүцэж капитализм болон материализм дээр суурилсан дарангуйлагч ертөнц болох Babylon, түүний эсрэг тал болох Zion буюу эв нэгдэлт, энх тайван ертөнц гэх хоёр санааг агуулдаг.

Нэг талаас харвал хар арьстнуудын давамгай үзэл гэж хэлж болох ч хамгийн гол нь эв нэгдэл, энх тайвныг илэрхийлсэн шашин гэхээс илүүтэй амьдралын хэв маяг, философи юм.



Боб Марли хөл бөмбөг тоглож байгаад хөлөө гэмтээхэд эрхий хурууны хумсны дор нэгэн хар толбо үүссэн байлаа. Тухайн үед жижиг шарх хэмээн тоогоогүй ч энэ нь түүнийг үхэлд хүргэсэн арьсны хорт хавдрын эхний шинж тэмдэг байсан юм. Хэдийгээр түүнд хөлөө тайруулах боломж байсан ч хөл бөмбөгт хайртай тул эрс татгалзаж, Европын орнуудад төрөл бүрийн эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй билээ.

Хорт хавдартайгаа тэмцэх үедээ Рэгги урсгал болон Rastafari үзлийг дэлхий дахинаа улам дэлгэрүүлж, дан ганц хөгжмийн урсгалын нүүр царай бус бүхэл бүтэл соёлын нүүр царай болж чадсан билээ. Хэдийгээр түүний үзэл санаа Монгол болон Азийн орнуудад хангалттай дэлгэрч чадаагүй ч тухайн үедээ колоничлолд байсан ихэнх орнуудад итгэл найдвар, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж чадсан юм.

Дэлхийд муу муухай зүйл хийхээр завдаж буй хүмүүс зүгээр суухгүй байхад би яаж амрах билээ

Боб Марли

РЭГГИ МОНГОЛД

Монголд ардчилсан нийгэм тогтож, дэлхий хавтгайрч эхлэх үед Монголчууд бид бүх зүйлстэй хөл нийлүүлэн алхах боломжтой болсноор энэхүү урсгал болон үзэл санаатай танилцаж эхлэв. Одоогоор ч Рэгги хөгжмийн ubdubclub гэх нэгдэл байдаг бөгөөд Ratabuzz, Jiijah, Macho гэх гурван уран бүтээлч энэ чиглэлээр уран бүтээлээ тууштай туурвиж байна.



Bob Marley: One Love

Энх тайвны бэлгэдэл болсон Боб Марлигийн амьдралыг харуулах “Bob Marley: One Love” кино энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Уг киног Reinaldo Marcus Green найруулж, гол дүрд “One Night in Miami” киноны Malcolm X-ийн дүрийг бүтээсэн Kingsley Ben-Adir тогложээ. Зөвхөн Рэгги урсгал гэлтгүй хөгжимд хайртай хүмүүсийн заавал үзэх кино гэдэгт итгэлтэй байна.