90 оны сүүл, 2000 оны эхээр Д.Төрмөнх, С.Бямба тэргүүтэй найруулагч, уран бүтээлчид гаднын мэргэжилтнүүдтэй хамтран хэд хэдэн онцлог төслийг дэлгэцнээ толилуулсныг монголчуудын "арт" кинотой анхлан танилцсан туршлага ч гэж болохоор. Харамсалтай нь тухайн үеийн нийгмийн байдал, үзэгчдийн сонголт, хөрөнгө санхүү зэрэг олон нөхцөлөөс шалтгаалан кино бүтээгчид энэ чиглэлийг барьж авах нь тунчиг ховор байсан цаг билээ. Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын кино зах зээл тэлж, олон улсын уралдаан наадамд оролцох, цаашлаад шагнал хүртэх монгол бүтээлийн тоо нэмэгдсэнээр уран бүтээлчдийн арт төрөлд хүч сорих хандлага олширч буйд талархууштай.
Хүний амьдралын олон өнгө төрх, сэтгэл хөдлөлийн нандин нугалааг яруу бөгөөд урнаар илэрхийлдэг энэ төрөлд монгол ахуй ч гайхмаар сайн зохицдог. Өвөрмонголын буйд сууринд төрж өссөн залуу найруулагч Циао Сишүэ анхны бүрэн хэмжээний бүтээлээрээ энэ ойлголтыг улам нотлохын сацуу дотор газар суугаа үндэстний цөөнх болсон монгол туургатны дуу хоолой, амьдрал ахуйг олноо ил гарган тавьсан нь "Хүй" байв. Гэхдээ ямар ч орилоон, уйлаан, цухал, хэт жүжиглэлт, хүчлэлт энд багтсангүй. Дэндүү энгийн, дэндүү аядуу хийцлэсэн аж.

гэртээ харья
90 минут үргэлжлэх ахар энэ хугацаанд тус бүтээл үндсэн санаа болох хоёр том агуулгаа ердөө хоёрхон үгээр замчлан үзэгчдэд хүргэсэн нь тун ч уран шийдэл байлаа. Эх үрийн нандин холбоо, гэр бүлийн харилцаа, хайрын хуучиршгүй сэдвийг зохиол болгон дэлгэцэнд буулгахдаа "Гэртээ харья" гэх үгээр л хөнгөн хөдөлгөж, нэг үйл явдлаас нөгөөрүү шилжих учир шалтгааныг төвөггүй тавих нь урамтай байв.
Харин нөгөө талаас энэ үг нь өдгөө эх газрын Хятадын хүн амын 1.2 хувийг дөнгөн данган эзэлж буй үндэстний цөөнх болсон өвөрмонголчуудын аж байдал, зан заншил, хэл соёл ямар түвшинд ирснийг болон тэдний өөрсдөд нь буй энэ мэт хамгийн үнэтэй өв болох язгуур ялгарлаа авч үлдэхийн төлөө хэрхэн хичээж буйг хүчлэхгүйгээр, чадамгай ёгтлон үзүүлж байсан нь киноны агуулгыг улам ч хүчирхэгжүүлжээ.

тойг тойг
Кинонд цөөнгүй метафор, ёгтлол, харьцуулалт орших авч тэр бүрд хэнийг ч шүүмжлэх, шийтгэх, шүүх сэдэл байгаагүй нь тун ч уужим, талбиун. Хүүхдүүдээ ч танихаа больсон ээжийгээ түүртэн уурсах сэтгэлгүйгээр асрах ах дүү хоёрыг магадгүй энэ нийгмийн нийтлэг дүр болоод буй хэдий гэр бүл боловч бие, биеэ даан хал палгүй буюу холхон амьдрах сэтгэлгээ давамгайлсан "шинэ" цагийнхантай харьцуулалгүй, хүн хүний амьдралыг байр байранд нь үлдээсэн найруулагчийн ёс зүйг хүндэтгэн хүндэтгэн үзсэн билээ.
Ингэхдээ сархдын халалт дунд хальтхан боловч тод хэлээд өнгөрсөн "Чам адил ийм залуу ховор болжээ" гэх ах хүүгийн аагтай үгээр орчин цагт хуучны гэмээр гэр бүлийн соёл хэчнээн багасаж буйг илэрхийлсэн нь "жинтэй, цөөн" зарчмыг яг л баримтлав. Өрөөлийн хэлсэн хатуу үгийг тэвчилгүй ээжийгээ өмөөрөн зодолдох ах, ээждээ л гэж урласан дээлээ "худалдахгүй шүү" хэмээн эелдэгхэн инээмсэглэх оёдолчин, гаднаа уурсавч ээж шиг нь ганц тэврэхэд хормын төдий инээмсэглэл тодруулан хөл хөнгөлөн туслах малчин залуу, "аав минь", "өвөө минь" хэмээн гэр бүлээ баярлан танилцуулах Тана, төрүүлсэн хүүхдүүдээ үл санавч бага залуу насандаа эцэг эхтэйгээ амьдарч асан нутгаа “гэртээ харья” хэмээн тэмүүлж буй Наранзүг гээд энэ кинонд гарах дүр бүр гэр бүл, тэр дундаа аав ээжийгээ гэсэн сэтгэлээр бялхах дулаан хүмүүс ажээ. Энэ сэтгэлийг нүүдэлчин ахуйтай хоршуулан хурга амлуулах үйл оруулж, тойглосон нь ээжийгээ чин сэтгэлээр “тойглож” буй хүүгийн сэтгэлтэй нэгдэн сүлэлдсэн нь үзэсгэлэнтэй.
Тойг тойг тойг
Майлаад юундаа ирнэ чи
Тойг тойг тойг
Мартаад юундаа ирнэ чи
Тойг тойг тойг

хүй: миний хүү ехэ ядрава
Голыг нь олсон метафор аливаа киноны үнэнхүү чимэг болдог номтой. Хүй хэмээн нэрийдсэн уг киноны постер дээрх тодоор бичсэн гарчгыг харах төдий эх үрийн тухай гэдгийг шууд ойлгож болом. Тэгвэл кинонд энэ үгийг мэдрэмж, сэтгэлийн холбоо төдий бус хамгийн хүчтэй метафор болгон ашигласан нь зөнөсөн эхийгээ элдэв аюулд өртүүлэхгүй гэсэндээ өөртэйгөө холбон уях гэрийн бүслүүр байлаа. Жирийн нэг уяа биш нүүдэлчин ахуйн амь орших гэрийн бүслүүр. Тасрахгүй бат хэр нь хоёр үзүүр нь хэзээд нийлэхгүй тийм л урт мөртлөө богино, богино мөртлөө бөх холбоо. Ийм чиг метафор сонгоно гэж байх уу даа.
Нэмээд аялгуу сайхан монгол хэлэндээ ихэд талархав. Англи хэлэнд "Амьдралын холбоо" (Cord of life) хэмээн буусан энэ үгийг монгол сэтгэлгээнд "Хүй" гэхэд л хэлэх гэсэн тэр бүх агуулгыг өөртөө ядах юмгүй багтаах аж. Эцэг эх үр хүүхдүүдээ өсгөх гэж ядрах, хүүхдүүд нь аав ээжээ өргөх гэж хэрэндээ зүдэх. Гэхдээ энэ бүгдийг энэрлээр бялхан хийх нь л хайр, үнэ цэн, хүйн холбоо ажээ.

Миний муу дэгдээхийнүүд бүүр нисээд явчихлаа

чи үнэн сайн хүн юм
Сэтгэл гэгч хүнийг хуурахгүй. "Цаг гаргаж байж л сайн хүн өсгөнө" гэх үзэл нэвт шингэсэн өнөө үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилын яг эсрэг туйл нь хамгийн ойр гэвэл магад хоёр зууны заагт өссөн үеийнхэн байх. Аав ээжийгээ ховорхон харж, үеийн хүүхдүүдтэй гудамжны үзүүрт боорцог хуваан идэж өссөн бүтэн нэг үеийнхний эцэг эхээ гэх сэтгэл харин ч их халуун.
Сайн хүүхэд өсгөхөд чанартай цаг зарцуулах нь лавтайяа ойлгомжтой ч нэн түрүүнд өөрсдөө сайн хүн байх нь хамгийн чухлыг сануулав. Хүүхэд заалгуулж биш үлгэрлэж сурдаг гэлцдэг. Тэгвэл хотод хоёул л үлдэж, өдөртөө хөгжмөөр хань хийж өссөн ах дүү хоёр ээждээ хэзээ ч гомдсонгүй, ялархсангүй. Үүнээс өөр арга байгаагүйд, тэгсэн ч ээжийн хайр халуун байсаар, холоос ч тэднийг төөнөсөөр байгааг тэд ойлгон өсжээ. Үүнийг ээжийгээ эргэж ирээд гарахдаа давс нь хатуудсан цайг мэдсээр байж дуустал нь уун явах том хүүгийн хүндлэл, хайр дүүрэн үйлдлээс илэрхий харан бахархаж болох биз ээ.
"Би ээжийгээ дагуулаад, очьё гэсэн газарт нь аваачиж өгнө өө" хэмээн хүссэн бүрийг нь аядуу биелүүлэн эрхлүүлэх Алс хүүг, ээж нь одохынхоо өмнө "Чи үнэн сайн хүн юм" гэж урамшуулах нь угтаа Наранзүг өөрөө ямархан сайн хүн байсныг, үр хүүхдэдээ ямар үлгэр дууриал үзүүлэн амьдарсныг илтгэх мэт ээ.

Өсөх насанд эмээ минь надад "Сайн хүний мөр нь гэрэлтэй байдаг" хэмээн хэлж байлаа. Үргэлжлүүлбэл "Алив хүнд ээлтэй хүн гэж бас байна, шүргэх бүрдээ сайны жимийг өөрөө ч мэдэлгүй нөгөө хүндээ гаргаж өгөөд явдаг" гэж байсан нь сэтгэлд одоо хэр тод үлджээ. Яг л энэ үгийг илтгэх мэт нэртэй Наранзүг хадан гэртээ очих замдаа ч хүүдээ ханийг нь олж өгөөд буцах аж. Өөчилж өнгөц харсан хүнд цалин мөнгөтэй ажлаа орхин, алс газар хөгшин ээжээ асрах хөөрхий залуу мэт ч гэлээ өргөөд харвал ээжийнхээ гараас эхнэрээ олж авсан ерөөлтэй амьдрал санагдах вий. Тана Алсын юунд болсон гэж бодож байна. Хөгжимд нь үү? Миний бодлоор ээжийгээ хайрласан хүүгийн сэтгэл л итгэл төрүүлсэн болов уу даа.

саяхан үүгээр явж болж байсансан: Хойд зүгт л байгаа даа
Киноны хамгийн том далд сэдэв их гүрэнд орших цөөн үндэстний асуудлыг хөндсөн гэж ойлгогдохуйц хэсгүүд байв.
Тодорхой хаяггүй, хэзээ, яаж очих нь ч мэдэгдэхгүй аав ээжтэйгээ хамт амьдарсан "гэр" нь яг л "хойд зүг"-т орших агаад тэр газрын тухай "настнууд голцуу ярих" ажээ. Тийш хүрэх замаар саяхан л зүгээр явдаг байсан бол харин одоо "Хориотой" гэх цоожтой хашаагаар хашуулсан байх нь хяслантай. Цухас харахад амархан онгойхуйц ёс төдий л хашаа мэт ч босгыг нь давах төдийд хаанаас ч юм, хэн ч юм зөвшөөрөлгүй явсаар байвал цагдуулахыг нь анхааруулж, илтэд түлхэж адлахгүй ч аргагүйдүүлэн зам эргүүлэн буцаах юм.
Тэгтэл хүсэж зорьсон гэрт нь очвол үхсэн, амьд хоёр оршихуйг зэрэгцүүлсэн нэгэн мод байх ба түүнийг үхэл ба амьдрал ч гэж, хязгаар ба эрх чөлөө ч гэж тайлбарлаж болох. Киноны эхний кадрт Наранзүгийн шохойгоор зурсан нутгийн дүрслэл киноны төгсгөлд нууранд тусан үзэгдэж, алсаас үзэсгэлэнгээ тольдуулах авай.
Ангир шувууны дэгдээхий шигээ
"Алс"-аас ээжийгээ дуудаад байна аа


үзэгчийн сэтгэгдэл
2014 онд гарсан "Алсын удирдлага"-аас хойш "Энэ л чухам сайхан болж" хэмээн үнэлэгдсэн дотоодын арт кинонуудыг аль болох л гээхгүй үзсэн ч үнэнхүү дотрыг баясгах тийм нэг бүтээлтэй тааралгүй явсаар нэгэн арваныг тойрохын даваан дээр "Хүй"-тэй танилцсан нь тун ч сайхан хэрэг байлаа. Ямар нэг сэтгэгдэл уншиж, зураг үзэлгүй явсаар цоо харанхуй театрын танхимруу орсон би нэг мэдэхэд 24 цагийн дотор гурвантаа үзчихдэг юм байна. Гуравдугаар курсын оюутан Алсын удирдлага үзэхээр халаасаа хоослон Дархан орж байсан нь кино үзэх л ганц зорилгоор явж байсан хамгийн урт аялал минь болж байсан бол энэ нь анх удаа нэг киног нэг хоногт гурав үзсэн ганц тохиол болов.
Өрөвдөх эсвэл харамсах биш харин жаргаж, хайлж уйлаагүй их удсанаа анзаарлаа. Хүн хүнийгээ сайхан хайрлахыг харж баясаж уйлна гэдэг юутай сайхан. Тэгээд тайвширна, тэгээд бодно, тэгээд сурна гэдэг бүр ч гайхалтай.
Өнгө тавилт, зураглаачийн өнцөг, хөгжмийн найруулга, дуу сонголтууд нь энэ киног хайрлах бас нэг том хүчин зүйл болж чаджээ.

Хальсан ээжийгээ дурсахдаа дөнгөж гөлөглөж буй навчсыг харж, тэнгэр өөд ширтэн дуусах энэ зураглал "Мөнх тэнгэрийн орон" гэх тодотголтой хойд зүгт орших улсад тэмүүлсэн нэгэн ардын сэтгэл мэт байлаа.
Төгсгөлд нь хэлэхэд энэ мэт кино бүтээлүүдийг ашгаас үл хамааран үзэгчдэд хүргэхийг үнэн сэтгэлээс зорьсоор ирсэн "Тэнгис" кино театрын урлагийг хэмээсэн бодлогод нь баярлан талархаж явдгаа үзэгчийн зүгээс илэрхийлье.

Сэтгэгдэл бичих

