Улаанбаатар хотод хэзээний тулгамдсаар ирсэн ч хараахан шийдэгдээгүй асуудлууд бол агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээвэр билээ. Эдгээр асуудалтай холбоотой өгөгдөлд дүн шинжилгээ хийх, түүгээрээ дамжуулан монголын өгөгдлийн хүрээллийг нэгтгэх зорилготой Дата дуран дататон тэмцээн зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнийг ТэнГэр ТВ, Улаанбаатар инновацын төв, Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар хамтран зохион байгуулсан бөгөөд монголд анх удаа өгөгдлийн тэмцээнийг дататон нэрийн дор зохион байгуулснаараа онцлогтой. Уг тэмцээний шилдгүүдтэй танилцъя.

Дата дуран тэмцээний оролцогчид Монгол улсад тулгарч буй тэгш бус байдлыг агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээвэр гэх гурван сэдвийн хүрээнд судалж, өгөгдлийн шинжилгээ хийсэн юм. Дататонд 69 баг оролцсон бөгөөд шилдэг есөн баг тус бүр таван минутын хугацаанд үр дүнгээ танилцуулав. Тэдгээр багуудын тав нь нийтийн тээвэр, хоёр нь агаарын бохирдол, хоёр нь замын түгжрэлийн асуудлыг сонгож авсан байлаа.
i байр - flame баг

Нийслэлийн урсгал хөдөлгөөн - Нийтийн тээврийн хүрэлцээ
Өгөгдөл - Автобусны смарт карт
Дүн шинжилгээ - Зорчигчид хаана сууж, хаана бууснаас эхний болон эцсийн цэгүүдийг тодорхойлжээ. Ихэнх зорчигчдын эхлэх цэг Улаанбаатарын орон сууцны хорооллын баруун, зүүн захаас эхэлсэн бол эцсийн цэг нь хотын төвд төвлөрч байв. Үүний шалтгаан нь Улаанбаатар хотын дунд сургууль болон үйлчилгээний газруудын ихэнх нь хотын төвдөө төвлөрсөн байдаг.
Ингэж шинжилсний үр дүнд Ч:37 Улаанхуаран - 4-р хороолол чиглэлийн автобус гэхэд өглөө 8-9 цагийн хооронд багтаамжаасаа 2.9 дахин олон зорчигчтой явдгийг олж тодруулсан байна. Үүнийг шийдэх арга нь автобусыг зөвхөн нэг цэг дээр нэмж гаргах биш, харин хамгийн ачаалалтай цэгүүд дээрээс зэрэг явуулах нь чухал гэдгийг онцлов. Мөн автобусны буудал нийслэлийн нийт өрхийн 47 хувьд л хүртээмжтэй байдгийг дурдсаны сацуу автобусны буудлуудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулсан юм.
ii байр - Golden Insight баг

Сургалтын чанарын тэгш бус байдал автобусны ачааллыг нэмэгдүүлдэг.
Өгөгдөл - Автобусны сурагчийн карт
Дүн шинжилгээ - Сурагчдын гэр, сургуулийн байршлуудыг тодорхойлжээ. Тэгэхэд Офицеруудын ордон, Таван шар зэрэг буудлуудаас хүүхдүүд хамгийн их автобусанд суудаг нь тодорхой болсон юм. Үүнээс үзэхэд зарим хороодод сургуулийн хүртээмж, сургалтын чанар муу учраас сурагчид харъяаллын бус сургуульд буюу өөр чиглэлд автобусаар зорчиж байна. Энэ нь автобусны ачааллыг нэмэгдүүлж буй шалтгаан мөн үү?
Дээрх өгөгдлөөс үүдэн чанартай сургууль хэвийн хэмжээнээс хэт их, харин чанаргүй сургууль нь хэт бага сурагчидтай байх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.
iii байр - Debuggers баг

Цэцэрлэгийн доторх агаар хэр цэвэр вэ?
Өгөгдөл - Улаанбаатарын гурван цэцэрлэгийн орчны 9-17 цагийн хоорондох агаарын бохирдлын түвшин.
Дүн шинжилгээ - Тэдний сонгон авсан цэцэрлэгийн хоёр нь (173, 103-р цэцэрлэг) гэр хороололд байдаг бол нэг нь (75-р цэцэрлэг) орон сууцны хороололд байдаг. Шинжилгээний үр дүнд гэр хороололд байдаг цэцэрлэгийн багш, хүүхдүүд хотын төвд байдаг цэцэрлэгтэй харьцуулахад 1.5-1.8 дахин бохир агаараар (PM2.5) амьсгалдаг нь тодорхой болсон юм. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд цонхоо онгойлгоход гаднаас нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) их хэмжээгээр орж ирдэг, харин цонхоо хаавал СО2-ын түвшин ихэсдэг бөгөөд цэцэрлэгүүдийн хувьд агаар сэлгэнэ гэдэг нь “хоёр иртэй хутга” шиг зүйл гэдгийг хэлсэн юм.

Уралдааны онцлох оролцогч Д.Галбадрал нийтийн тээврийн асуудлыг гүнзгий авч үзэхээс гадна апп бүтээжээ. Ямар чиглэлийн автобусад хэдэн цагт суувал дунджаар хэр их хугацааны дараа зорьсон газартаа хүрэх вэ гэдгийг уг аппаар харах боломжтой юм.
шилдэг багуудын өгөгдлийн үр дүнгүүд
Complex Mind баг
Өгөгдөл - Сурагчдын сургууль-гэр хоорондох зай
Дүн шинжилгээ - Түгжрэлийн 37 хувийг сурагчид бүрдүүлж байгааг тооцоолсон. Иймд хамран сургах тойргийг боловсруулж, сурагчдыг харъяаллын сургуультай болгох шаардлагатайг үр дүнгээрээ харуулж байна.
Bid D баг - Нийслэлийн хамгийн өндөр зорчих хөдөлгөөнтэй автобусны буудлуудыг тодруулж, шинэ метроны замыг газрын зурагт зурж үзүүлсэн юм.

Niko баг
Өгөгдөл - Цэцэрлэгийн дотоод болон гадаад агаарын бохирдол
Дүн шинжилгээ - Гэр хорооллын бүс болон орон сууцны хорооллын бүсийн агаарын бохирдлын хэмжээг тооцоолжээ.
Л.Мягмарсүрэн
Өгөгдөл - Автобусны энгийн карт
Дүн шинжилгээ - Энгийн картаар үйлчлүүлдэг нийт зорчигчдын 60 хувьтай дүйцэхүйц ахмад настнууд нийтийн тээвэрт үнэгүй зорчдог. Харин хувийн орлогогүй сурагчид төлбөртэй зорчдог бөгөөд үүгээрээ өдөрт 14.5 сая төгрөгийг улсын төсөвт оруулдаг. Үүнээс үзэхэд ахмад настнууд нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих нь шударга хэрэг мөн эсэх талаар тэмцээний хамгийн ахмад оролцогч асуудал дэвшүүлсэн юм.

Causal баг - Автобусны ухаалаг картын өгөгдлөөс чиглэлээсээ хамааран иргэд автобусаа 150 минут хүртэлх хугацаанд хүлээдэг мөн ойрын хэдэн км-ийн зайд ямар ч автобусны буудалгүй гурван сургууль байгааг газрын зураг дээр зурж харуулав. Нийт зорчигчдын 81 хувь нь гэр-сургууль, гэр-ажил маршрутаар зорчдог боловч нийтийн тээврийн хүртээмж маш хангалтгүй байгааг энэхүү багийн шинжилгээнээс бүрэн харах боломжтой.



