Залуу мэргэжилтэн бидний хувьд бага цагт ихийг амжуулж, бүтээмж өндөртэй байна гэдэг бүхнээс чухал. Хүн бүр өөрт байх 24 цагаа хэрхэн ашиглахаас хаана хүрэх нь шийдэгдэнэ.
Бүтээмжтэй байхын тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх, ажлаа зөв төлөвлөх, төрөл бүрийн техник ашиглах нь элбэг. Гэхдээ хангалттай их яригддаггүй сэдэв бол ажил хийх орчин юм. Хэдий оффисын ажилтны ажлын ихэнх хэсэг толгой дотор нь өрнөж байдаг ч бие махбодын тав тухаа мартаж үл болно.
Өдөрт хамгийн багадаа дөрвөөс таван цагийг буюу өдрийнхөө 20 орчим хувийг (заримдаа үүнээс ч илүү) өнгөрүүлж буй ажлын ширээний ая тухаа нэмэгдүүлэхээр худалдан авсан зарим зүйлсээ уншигч тантай хуваалцъя. Та ч мөн хуваалцаарай.

Нүдний шил
Оффист ажилладаг, компьютерын дэлгэц удаан хугацаагаар ширтдэг атлаа шил зүүдэггүй бол бүтээмжээ тун ихээр хороож байна гэсэн үг. Шил зүүдэггүй, өөрийнхөө харааг муу гэж боддоггүй байсан ч заавал нэг удаа шилний газарт очоод кинон дээр гардаг шиг дээшээ, доошоо, баруун, зүүн рүү харсан E үсгүүдийг уншиж хараагаа шалгуулаарай. Хувийн туршлагаасаа үзэхэд анхнаасаа шил зүүдэггүй байсан хүмүүс өөрийнхөө харааг муудсан гэдгийг мэргэжлийн газарт очиж үзүүлэхээс нааш мэддэггүй юм билээ.
Миний хувьд нүд улайж, аргаж, бүрэлзээд байхаар нь шилний газарт очиж үзүүлээд хараа маань хэдийн -1.5 болж муудсаныг мэдээд харааны шилтэй болсон юм. Шил авахдаа бидний хэлж заншсанаар компьютерын хамгаалалттай буюу цэнхэр туяа бууруулдаг хувилбарыг нь сонгоорой. Шилний арам, линзний төрлөөс хамаараад 80,000-150,000₮ хооронд тун боломжийн шил авч болно.
Хэдийгээр цэнхэр туяа бууруулагч шил нүдний эрүүл мэндэд дорвитой нөлөө үзүүлдэг эсэх нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ч бодит байдал дээр үнэхээр л тус болдог. Бид ихэнх мэдээллийг хараагаар авдаг учраас нүдээ хайрлаж, шил зүүхийг санал болгоё.

Веб камер
Өөрийнхөө нүднээс гадна яагаад компьютерынхоо нүдийг ч мөн сайжруулж болохгүй гэж? Цар тахлаас хойш бид цахимаар хурал хийх нь огцом нэмэгдсэн учир сайн камер гэдэг чухал хөрөнгө оруулалт болж буй. Сайн селфи камераар зураг авах урамтай байдаг шиг сайн веб камераар дуудлага хийх урамтай.
Цахим уулзалтын үеэр бүрсгэр камертай бүр эсвэл дүрс хаалттай байх тийм ч таатай биш. Түүний оронд гэрэл сүүдэр нь таарсан, гацалтгүй камертай байвал гарцаагүй мэргэжлийн гэсэн сэтгэгдэл төрүүлдэг шүү. Түүнчлэн ажлынхаа хажуугаар сурдаг бол олон арван оюутнууд дотроос ялгарч харагдах энгийн бөгөөд асар үр дүнтэй арга бол веб камер. Веб камер авахдаа дор хаяж 1080 буюу Full HD зураглалтайг аваарай. Үнийн хувьд 50,000-100,000 төгрөг.

Арьсан пад
Компьютерын гараа (keyboard) их ашигладаг бол арьсан падтай болохыг зөвлөе. Ажлын ширээний үзэмжид сайнаар нөлөөлөхөөс гадна хүрэхэд таатай мэдрэмж төрүүлдэг. Мөн ширээний тавцан амархан зурагдах гээд байдаг бол давхар хамгаалалт болно. Түүнчлэн арьсан падтай зарим зөөврийн компьютер тогтвор муутай, гулгамтгай байдалд энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл болдог.
Зөвхөн арьсан пад ч гэлтгүй өндрийг нь өөрчилж болдог, сэрүүцүүлэх сэнстэй зэрэг олон төрлийн пад, сууринаас сонголтоо хийгээрэй. Материал, төрлөөсөө хамаараад дунджаар 50,000-150,000 төгрөгийн үнэтэй байдаг. Энэ төрлийн зүйлсийг хэрэглэж үзэх хүртлээ хэрэгтэй гэдгийг нь мэдэхгүй байх тохиолдол олон шүү.

ШИРЭЭНИЙ ГЭРЭЛ
Гэрэлтүүлэг ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл зэрэгт хамгийн ихээр нөлөөлдөг. Хэт бүдэг байх нь нүдний хараанд сөрөг бол хэт гэрэлтэй байх нь нүд аргаахаас гадна, анхаарал сарниулдаг. Гэхдээ оффисын гэрлээ тэр чигт нь удирдаж, асах өнгө, тод бүдгийг нь тааруулах боломжгүй учир өөрийн гэсэн ширээний гэрэлтэй болоорой.
Ухаалаг, нугардаг, сунадаг гээд үнэ, хэрэглээний хувьд ялгаатай тун олон төрлийн сонголт бий. Үнэ нь дунджаар 20,000-50,000 төгрөг. Өглөө, оройн цагаар ганцаар төвлөрч суудаг бол ширээний гэрэо хамгийн хэрэгтэй зүйл гэдгийг хувиасаа батлан хэлэх байна.

УТАСНЫ ТАВИУР
Ажлын үеэр утсаа шалгах, сонордуулга ирэх бүрд авч харах зэргээр нэг мэдэхэд л олон нийтийн сүлжээнд үнэт цагаа зарцуулсан байх нь олонтоо. Үүний эсрэг авч болох нэгэн алхам бол утсандаа зориулалтын тавиур буюу суурьтай болох. Утсаа суурин дээр нь нэгэнт л тавьсан бол урдах ажлаа дуустал авахгүй байх дүрэм зохиож болно. Мөн суурин дээрээ тавих бүрдээ цэнэглэдэг болчихвол хэрэгтэй үед утасны цэнэг дуусахгүй байх давуу талтай.
Ялангуяа iPhone утастай бол ийм төрлийн суурьтай болж утсаа цэнэглэнгээ хөндлөн байршуулснаар StandBy нэртэй тусгай горимыг идэвхжүүлж болно. Ингэснээр утсаа ширээний цаг болгож, хүссэн widget-ээ нэмэн хуваариа харах, зураг үзэх, цаг агаар харах, дуу сонсох боломжтой. Утасгүй цэнэглэгчтэй сууриудын үнэ ойролцоогоор 100,000 төгрөгөөс эхлэх бол энгийн нь 20,000 төгрөгөөс эхэлнэ.


Сэтгэгдэл бичих

