Өнгөрсөн жил YouTube-ээр хэсэж яваад шинжлэх ухааныг энгийнээр тайлбарладаг төрөлдөө шилдэгт тооцогдох Veritasium-ийн нэгэн бичлэгийг олж үзэв. “The 4 things it takes to be an expert” буюу “Мэргэжилтэн болоход шаардах дөрвөн зүйл” нэртэй уг бичлэг өдгөө манай нийгэмд ус, агаар мэт дутагдаж буй мэргэжилтэн гэх ойлголтыг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлаж, хэрхэн мэргэжилтэн болдог вэ хэмээх хүндхэн асуултад баримттай хариулж чадсан юм.
Иймд уншигч залуу мэргэжилтнүүддээ уг бичлэгийн агуулга дээр суурилж, шилдгийн шилдэг мэргэжилтэн болох нууц жорыг хуваалцъя.
Юун түрүүнд нэгэн сонирхолтой судалгааны талаар өгүүлье. Шатрын их мастерууд томоохон тэмцээний өргүүдийг хараад л хэний, хэзээ тоглосон өрөг болохыг мэдэж чаддаг аж. Тэд яаж ингэж чаддаг вэ? Үнэхээр ой ухаан нь жирийн хүнээс илүү гэж үү? Энэ асуултад хариулах судалгааг 1973 онд хийжээ. Судалгаанд шатрын мастер, дундаж, анхан шатны гэсэн гурван тоглогчийг хамруулав. Тоглогч бүрд бодит тоглолтын үеэр гарч болох өргийг таван секундийн турш харуулсны дараа хоосон өрөг дээр тэрхүү өргийг дуурайн өрөх даалгавар өгчээ. Ингэхдээ оролцогчид зөв өртлөө эхний өргийг таван секундийн хугацаатай хэдэн ч удаа харж болно.

Туршилтын үр дүнд мастер тоглогч дөрвөн удаа, дундаж тоглогч долоон удаа, анхан шатны тоглогч 10 гаруй удаа харж байж өргийг зөв өржээ. Үүний дараа судлаачид шатрын хөлгийг санаандгүй байдлаар буюу бодит тоглолтыг үеэр хэзээ ч байх боломжгүй байрлалд өрөөд өмнөхтэй ижил даалгаврыг өгөв. Ингэхэд шатрын мастер анхан шатны тоглогчтой яг ижил үр дүн үзүүлжээ.
Үүнээс үзэхэд шатрын мастерууд энгийн хүмүүсээс илүү ой санамжтай бус, олон мянган өргийг тогтоож, бодит тоглолтуудыг цээжилдэг байна. Энэ тухайд шатрын домог Карлс Магнус “Би ихэнхдээ яаж нүүхээ бодож олох шаардлагагүй байдаг. Зүгээр л мэддэг.” гэсэн юм.
Үүнээс үзвэл мэргэжилтэн байхын тулд заавал гоц ухаантан байх албагүй. Цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж чадвал хүн бүхэн мэргэжилтэн болж чаддаг гэсэн үг. Тэгвэл нэг зүйлдээ мэргэжлийн болж, бусад хүмүүсийн нүдэнд ид шидийн мэт харагдахын тулд яг яах ёстой вэ?

Хариутай оролдлого
Шатрын мастерууд олон мянган удаа тоглож байж, дуучид тоймгүй олон удаа дуулж байж л мэргэжлийн болдог. Гэхдээ оролдлого бүрд хариу буюу зөв эсвэл буруу эсэх мэдээлэл гарцаагүй хэрэгтэй. Тиймээс нууц жорын эхний орц бол хариутай оролдлогууд.
Хариугүй оролдлого үр дүнгүй байдаг гэдгийг батлах нэгэн судалгаа бий. Тус судалгаанд улс төр, эдийн засгийн үйл явдлыг таамагладаг, санал бодоо хэлдэг сэтгүүлч, эдийн засагч зэрэг 284 хүнийг хамруулжээ. Судлаач 20 жилийн турш тэдгээр хүмүүсээс “Жорж Буш дахин сонгогдох уу?”, “Интернэтийн хөөс хагарах уу?” зэрэг асуултыг асууж, гарч болох үр дүнд бүрийн тохиох магадлалыг хуваарь илэрхийлэхийг хүсжээ.
Ийнхүү 80,000 гаруй таамаг цуглуулж, дүнг нь нэгтгэхэд товчхондоо, бүгд “маш муу” дүн авсан байна. Салбарын мэргэжилтнүүд гэж хэлж болох эдгээр хүмүүс тухайн асуултуудад жирийн хүн нүдээ аниад тааснаас ялгаагүй хариулжээ. Үүний шалтгаан нь тэдний таамаглах гэж оролдсон үйл явдлууд асар цөөн удаа буюу ихэвчлэн бараг л ганц удаа тохиолдож буй үйл явдлууд юм.
Үүнээс үзэхэд, сайн үр дүн гаргая гэвэл тууштай оролдохоос гадна оролдлого бүрийнхээ хариуг авч, түүнээс улбаалан дараагийн оролдлогоо илүү сайжруулах ёстой. Гэхдээ үүнд дараагийн орц болох тогтмол орчин гэх зүйл нэн чухал.

Тогтмол орчин
Рулет олон удаа тоглож, тоглох бүрдээ хожил эсвэл хожигдол авч буй хүнийг мэргэжилтэн хэмээн тооцож болох уу? Мэдээж, үгүй. Учир нь рулетийн орчин тогтмол бус. Нэг тоглолт дээр ялсан ч тэр мэдлэг, туршлагаараа дараагийн тоглолтод ялна гэсэн баталгаа үгүй. Тиймээс бидэнд тогтмол орчин хэрэгтэй.
2006 онд домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет "10 жилийн хугацаанд хамгийн өндөр өгөөжтэй хувьцааг сонгож чадна" хэмээн Wall Street-ийн хамгийн шилдэг хөрөнгө оруулалтын сангуудын эсрэг 1 сая ам.долларын бооцоо тавьжээ. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулагчид хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан идэвхтэй арилжаа хийдэг. Ийнхүү 2008 онд өрсөлдөөн эхэлж, Уоррен Баффет S&P 500 буюу АНУ-ын хамгийн том 500 нээлттэй компанийг нэгтгэсэн индексийг сонгов. Харин түүний эсрэг талд нийтдээ 200 орчим хөрөнгө оруулалтын санг багтаасан таван хөрөнгө оруулалтын сан байлаа.
Өрсөлдөөн эхэлсэн 2008 онд санхүүгийн түүхэн хямрал тохиож, S&P 500 хувьцаа үлэмж унав. Дараагийн гурван жилийн турш ашгийн хувиараа хөрөнгө оруулалтын сангууд тэргүүлсэн ч 2012 оноос эхлэн S&P 500 хувьцаа тэргүүлж эхэлсэн юм. Ийнхүү өрсөлдөөн дуусан 2018 онд Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын өгөөж 125.8 хувь байсан бол сангуудын өгөөж ердөө 36 хувь байлаа.

Зуу зуун шилдэг хөрөнгө оруулагчтай сангууд яагаад ялагдав? Хариулт нь энгийн. Зах зээл гэдэг тогтмол бус орчин. Хэдий өнөөдөр амжилттай арилжаа хийсэн ч маргааш мөн амжилттай байна гэдэг баталгаа тун бага. Энэ утгаараа хөрөнгө оруулалт гэдэг рулеттэй адил гэсэн үг.
Иймд мэргэжилтэн болохын тулд тогтмол оролдлого хийж буй бидэнд тогтмол орчин, савлагаа багатай салбар, тогтвортой тоглоомын дүрэм хэрэгтэй.

Шуурхай хариу
Шилдэг мэргэжилтэн болоход тогтмол орчинд олон оролдлого хийх хангалтгүй. Өөр нэг жор хэрэгтэй. Тэр бол шуурхай хариу. 2011 онд шуурхай болон хоцрогдолтой хариуны ялгааг харуулах нэгэн судалгаа хийжээ. Тус судалгаанд нойрсуулагч болон радиологч эмч нарыг харьцуулав. Нойрсуулагч эмч нар ажлаа хийхдээ ямагт өвчтөний дэргэд байдаг учир өөрийн арга барил, мэдлэг чадвартаа газар дээр нь буюу шуурхай хариу авдаг. Харин онош тогтоодог радиологч нар тавьсан онош нь зөв эсэхийг мэдэхийн тул тодорхой хугацаанд хүлээх ёстой нь сул тал болдог нь судалгаагаар батлагдсан байна.
Томоохон компанийн хүний нөөцийн болон их сургуулийн элсэлтийн ажилтнуудад мөн ижил асуудал тулгардаг аж. Тэд ажилд авсан ажилтан эсвэл элсүүлсэн оюутан нь хэр амжилттай ажиллаж, суралцаж байгааг мэдэхэд хүндрэлтэй байдаг гэнэ. 1952 оны нэгэн судалгаанд их сургуулийн 14 зөвлөх шинэхэн оюутнуудын ахлах сургуулийн дүн, дөрвөн хуудас хувийн эсээ, 45 минутын ярилцлага, ур чадварын шалгалт зэрэг дээр үндэслэн эхний жилийн дүнг нь таамаглахыг зорьжээ. Зөвлөхүүдээс гадна судлаач зөвхөн ахлах сургуулийн дүн, ур чадварын шалгалт хоёр дээр тулгуурлан дүн таамаглах томьёо зохиов. Үр дүнд нь тус томьёо оновчтой байдлаараа 15 байрнаас 4-т бичигдсэн байна.

Үүнээс үзвэл гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлдээ шуурхай хариу авахгүй бол мэргэжилтэн болох хэцүүхэн байх нь. Шилдэг мэргэжилтэн болоход тогтмол орчинд олон тооны оролдлого хийж, тэр бүрдээ шуурхай хариу авахаас гадна өөр нэгэн жор бидэнд хэрэгтэй.

Тухгүй бүс
Тэр бол хэт тухлахгүй байх явдал юм. Жишээлбэл, зөвхөн ачаалал багатай, засмал замаар л яваад байвал жолоочийн ур чадвар сайжрахгүй. Муу цаг агаарт, хэцүү замаар жолоодож байж л чадварлаг жолооч болно. Сайжиръя гэвэл ур чадвараа ямагт сорьж, шинийг эрэлхийлж байх учиртай. Ингэхгүй бол ур чадвар нэг хэвэндээ л тогтож зарим тохиолдол бүр буурч байдаг.
Зүрх өвдөөд эмнэлэг орлоо гэж бодъё. Танд хоёр эмчийн сонголт байна. Нэг нь 20 жилийн туршлагатай эмч, нөгөөх нь шинэхэн төгсөгч. Энэ тохиолдолд ихэнх хүмүүс туршлагатай эмчийг сонгодог. Ихэнх тохиолдолд энэ нь зөв шийдвэр байдаг ч ховор өвчнийг оношлоход туршлагатай эмч нар шинэхэн эмч нараас муу байдаг нь судалгаагаар батлагджээ. Үүнээс үзэхэд үргэлж шинийг сурч, өөрийгөө сорьж, тухгүй бүсдээ зочилж байх нь шилдэг мэргэжилтэн байх жорын сүүлийн орц байх нь.
Шилдэг мэргэжилтэн болох нууц жор = Хариутай оролдлого + Тогтмол орчин + Шуурхай хариу + Тухгүй бүс
Уншигч таны шилдэг мэргэжилтэн болох аялалд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

