Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй компани, стартапуудад чадварлаг боловсон хүчин хүчин дутагдаж буй нь нууц биш билээ. Тэгвэл таатай мэдээ дуулгахад салбарын манлайлагчдыг чадавхжуулах, дутагдаж буй хүний нөөцийг бүрдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх өндөр ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилготой “Google Career Certificates” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. 

Дэлхий дахинаа уг хөтөлбөрийн сертификатыг хүлээн зөвшөөрсөн 2 сая гаруй мянган ажлын байр байдаг бөгөөд хөтөлбөрийг төгссөн оролцогчдын 75 хувь нь ажлын талбарт тогтвортой хөдөлмөр эрхэлдэг байна.

ХӨТӨЛБӨРИЙН тухай

2017 оноос хойш олон улсад хэрэгжиж буй “Grow with Google” хөтөлбөрт нийт 600 мянга гаруй хүн хамрагдаж албан ёсны сертификат авчээ. Угтаа цахимаар суралцахад сарын 39 ам.доллар буюу 135 мянган төгрөг. Монгол улсад анх удаа хэрэгжиж буй гэдгээрээ онцлогтой уг хөтөлбөрийг Google, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлж буй бөгөөд 350 оролцогчийг сонгон шалгаруулж, 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм.

Үүнд цахим, танхимын хосолсон сургалт, ажлын байранд бэлдэх хөтөлбөр багтсан ба оролцогч бүрд гурван сая төгрөгийн тэтгэлэг олгож буйгаараа онцлогтой. Шалгарсан оролцогчид Google-ийн боловсруулсан, хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй дараах мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.

  • Цахим аюулгүй байдал / Cybersecurity
  • Дата шинжилгээ / Data analytics
  • Төслийн удирдлага / Project Management
  • UX дизайн / UX Design
  • Дижитал маркетинг & цахим худалдаа /
    Digital Marketing & E-commerce
  • Мэдээллийн технологи / IT Support

хэрхэн хамрагдах вэ?

Мэдээллийн технологийн талбарт өөрийгөө сорьж, үнэ цэн бүтээх эрмэлзэлтэй их дээд сургууль, коллежийн оюутнууд, эцэг, эхчүүд, ахмад настнууд, хөгжлийн ялгаатай, тусгай хэрэгцээт зэрэг сонирхсон хэн бүхэн хүсэлтээ илгээхэд нээлттэй. Оролцогчдыг сонгон шалгаруулахдаа дараах суурь шалгуурыг тавих бөгөөд хамрах хүрээ, хүртээмжтэй байдлын үүднээс зорилтот бүлгийн иргэдээс зарим нөхцлийг шаардахгүй гэжээ. Бүртгэлийн хугацаа 2024 оны 03 сарын 22-ны 23:59 цагт дуусах тул амжиж бүртгүүлээрэй.

  • Хөтөлбөрийн хугацаанд 100 хувь хамрагдах боломжтой байх
  • Бие даан суралцах дадалтай байх
  • Өсөж дэвжих чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Мэргэжил харгалзахгүй, их сургуулийн голч оноо 2.5-аас дээш /их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан,төгсөгч нар/

Бүртгүүлэх холбоос