“Онцлох таван тоглолт” нийтлэлийн шинэ дугаарт тавтай морил.  

Найман жил завсарласны эцэст 2019 онд эргэн ирсэн Волейболын Үндэсний дээд лигийн хамгийн залуу “Үнэ цэнтэй тоглогч” бидний энэ удаагийн зочин. Т.Хангал 2020 оноос эхлэн идэрчүүд, насанд хүрэгчдийн УАШТ-үүдээс “Шилдэг тэгш тоглогч”-ийн шагналыг “түүсээр” 2021 онд Үндэсний дээд лигийн “Натур Мед Ноён” багт нэгдэж, Монголын волейболын спортын шинэ ирээдүй хэмээн нэрлэгдэх болсон юм.  

Ингээд түүний өнөөдрийг хүртэл тоглосон улсын болон олон улсын шинж чанартай цөөнгүй тэмцээнээс онцлох таван тоглолтыг хүргэж байна. 

Гэрэл зургийн эх сурвалж: П.Ууган-Эрдэнэ


ойрын сонин хачин

Тун удахгүй Тайвань Улсад зохион байгуулагдах Азийн клубүүдийн аваргын нээлттэй тэмцээнд манай “Натур Мед Толун” баг оролцохоор Азим Жазидех (Ираны шигшээ багийн туслах дасгалжуулагч, “Шанх Транс” багийн дасгалжуулагч асан) дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хангаж эхэлсэн. Энэ жил төгсөх курсын оюутан учраас өглөө хичээлдээ явж, өдөр нь биеийн хүчний бэлтгэл хийж, өөр төлөвлөсөн ажилгүй бол хэсэг амарч байгаад орой нь заалны бэлтгэл хийх маягаар тун ч завгүй өдөр хоног өнгөрч байна.

1. 2011 оны Мини-волейболын улсын аварга 

Хандгайтад байршилтай “Янзага” зусланд зохион байгуулагддаг Мини-волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дээд үеийнхээ ах нарын дэргэд сандран зогсох үедээ би есөн настай байсан.

Халтираад тэр чигтээ уруудчихмаар харагдах эгц уулын бэлд, дээрээс нар шарж, дэргэдээс салхи үлээгээд л үндсэн тэмцээнээс гадна орчин нөхцөл хүртэл чамгүй сорилттой санагдаж билээ. Жижигхэн, хөнгөн бөмбөгөөр тоглодог болохоор өнөөх нь салхинд хийсчих гээд сандаргаж байсан ч багагүй хичээл зүтгэл гаргаж тоглосноор волейбол гэх спортоор анхны амжилтаа гарган, хүрэл медаль хүртэж байлаа.

2. Үндэсний дээд лигийн 2021-2022 оны улирал 

2021-2022 оны улирал бол дээд лигт медаль хүртсэн анхны жил. Манай баг аваргын төлөөх тоглолт дээр эхний хэсэгт хожигдож, хоёрдахь хэсгээс эхлэн дараалсан гурван хожлыг авснаар тэр улирлын аваргаар тодорсон. Тэрхүү ялалт манай клубийн төдийгүй манай гэр бүлийн анхны аварга учраас хэзээ ч мартамгүй, маш үнэ цэнтэй ялалт.

Тухайн үед аав маань манай багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Одоо ч тэрхүү тоглолтын бичлэг надад бий. Тоглолт дуусаад л багийнхан маань бүгд мөрөө түшилцэн уйлж, харин би аав руугаа гүйж очоод, тэвэрч аваад л мэлмэрчихсэн.


3. 2022 оны Оюутны юниверсал наадам 

МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн хоёрдугаар курсын оюутны хувиар оролцсон анхны тэмцээн бол 2022 оны “Оюутны Юниверсал наадам”. Одоогийн үндэсний шигшээ багт харьяалагддаг дөрвөн ч тамирчин тухайн үед Их Засаг Их сургуулийн багийн хүчийг зузаатгаж байсан тул тэмцээний хамгийн “чанга” багаар маргаангүй нэрлэгдэж байлаа.

“Яагаад ч хожихгүй байх даа” хэмээн боддог багтайгаа аваргын төлөө тоглохоор торны наана цаана зогсох мөч төд удалгүй тулаад ирэв. Тоглолт нэгэнт эхэлсэн л бол айж, хулчийх эрхгүй. Тоглолтын явцад харин ч үзээтэй тоглох шинж орж, довтолгооны бөмбөг сум шиг шунгинаж байлаа. Тойрон хүрээлэх хөгжөөн дэмжигчид ч орчны уур амьсгалыг улам халууруулж, амьсгалах завсаргүй чигжсэн байсан сан. Тэр жил бид аваргын цомыг атгаж, дараагийн жилүүдэд нь ч мөн шагналт байрын буухиа тасраагүй.

Гэрэл зургийн эх сурвалж: П.Ууган-Эрдэнэ


4. Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалын тоглолт 

Волейболын спортыг төдийлөн сайн мэдэхгүй уншигчид байж юуны магад. Финалын тоглолтод нийт таван тойргийн тоглолт гарах боломжтой. Өөрөөр хэлбэл, түрүүлж гурван хожил авсан баг нь аварга авна гэсэн үг. Өнгөрсөн жил манайх “Шанх Транс” багтай учраа таарч, 2:0-ын харьцаатайгаар тоглолтыг тэргүүлж явлаа. Гэтэл гуравдахь тойргоос эхлэн эсрэг баг хоёр дараалж хожин тоглолтын тооны харьцааг тэнцүүлж, шийдвэрлэх тавдахь тоглолт гарах нь тодорхой болов.

Бидний судалснаар ”Шанх Транс” баг нэг эрчээ авчихвал зогсооно гэдэг тун бэрх. Тиймээс эхнээсээ л бид оноо авах тоолонд толгойдоо цус дүүртэл орилох, харц мөргөлдөх зэрэг дүр байдлаар сэтгэлзүйд нь давхар цохилт өгөх тактик баримталсан хэрэг л дээ. Тоглолтын хоёрдугаар хэсэг өндөрлөж, байрлалаа солих үеэр хэт орилсноос болж, айхавтар өвдөж байсан толгойгоо хэсэг амраахаар өндөр дуу гаргах “албаа” багийнхаа Э.Энх-Амгаланд хүлээлгэж өгсөн.

Шийдвэрлэх тавдахь тоглолт болох хүртэл нэг хоногийн хугацаанд манай багийн сэтгэлзүйч бидний тогтуун байх, сэтгэлзүйгээ хатамжлах дээр анхаарч, хоолзүйч бидний тэжээллэг, амин дэмтэй хоол хүнсийг хариуцаж, дасгалжуулагч тоглолтын тактикийг боловсруулж, маргааш гэдэг өдөрт зориулан хүн бүр бидний төлөө ажиллаж байлаа. Ингэж л бид эрчээ нэгэнт авсан багийн эсрэг шийдвэрлэх тоглолтод ялалт байгуулж, Үндэсний дээд лигийн аваргын цомыг “Натур Мед Толун” нэр дор хүртсэн билээ.


5. 2023 оны Азийн клубүүдийн аварга 

Азийн шилдэг багуудын эсрэг довтолж байсан үе. Хэсгээсээ гарах тоглолт дээр бид Тайландын шигшээ багтай учраа таарч, “Diamond Food” багийн эсрэг тулах боллоо. 2022 оныг би Тайландын дээд лигт өнгөрүүлсэн болохоор тэрхүү багийн чадвартай ярилтгүй болохыг мэдэлгүй яахав. Тухайн тоглолтод манайх нэг л зүйлээрээ илүүрхсэн нь бид нэгдэж, яг л нэг хүн шиг тоглож чадсан, тиймдээ ч ялсан.

Тайландын волейболын тамирчдын талаар сонирхуулахад, тэд бэлтгэлдээ дор хаяж нэг цагийн өмнө ирж бие халаалт, сунгалтын дасгалаа хийдэг дүрэмтэй. Харин манайх мэргэжлийн түвшинд хараахан хүрээгүй учраас бэлтгэлийн цагтайгаа уралдан орж ирэх нь элбэг. Монгол тамирчид хичээл, ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг тул ихэвчлэн оройн цагаар цуглах нь бий.

Харин Тайландад өглөө 07:00-11:00 хүртэл бэлтгэл хийгээд хоёр цаг амарна. Дараа нь 13:30-15:30 хүртэл өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг байлаа. Мөн тоглолтын дараа мөстэй усанд орох, бие дээрээ мөс тавих зэргээр нөхөн сэргээх алхмуудыг хийгээд дадчихсан байдаг бол манайд сунгалтаа ч хийж амжилгүй дараагийн тоглолтдоо гардаг. Манай баг л гэхэд дөнгөж энэ жилээс эгнээндээ мэргэжлийн хоолзүйчийг нэгтгэсэн болохоор тоглолтын дундуур банана, жигнэмэг зэрэг тэжээллэг хүнсийг одооноос л хэрэглэж заншиж байна.


багийн бэлтгэлжилт

Багийн спортын тамирчид томоохон тэмцээний өмнө хамтдаа байрлаж бэлтгэл хийх нь элбэг. Талбай дээр байгаа зургаан тамирчин нэг зүгт харж чадахгүй, өөр өөр зорилготой тоглоод эхэлбэл олон багийн алдаа хүлээх нь гарцаагүй. Волейбол нь бие биеийнхээ алдааг нөхөж тоглох учиртай спорт. Тиймдээ ч хамтдаа нэг газар байрлаж, бэлтгэлийн бус үеэр ч яриа өрнүүлж, нэгдсэн цагт хооллож, амрах зэргээр илүү их цагийг хамт өнгөрүүлэх нь биесээ ойлгож, нэгэн цул болоход дэмтэй.

Тамирчин бидэнд хооллолт асар чухал. Миний хувьд хоолзүйчийн зөвлөснөөр өдөрт 3000-аас дээш калори бүхий шим тэжээл зайлшгүй авч, бие организмд тустай хоол хүнс тогтмол хэрэглэдэг. Багаараа байрлах үед хоолзүйч тамирчдын биеийн индексийг шалгаж, тус бүрд нь тохирсон өглөө, өдөр, оройн хоолыг зохих хэмжээгээр өгдөг. Өдрийн гурван хоолноос гадна бэлтгэлийн өмнөх, дараах хоолтой нийлээд өдөрт таван удаа хооллож байж өндөр ачаалалтай бэлтгэлийг ядарч сулбайхгүйгээр давна шүү дээ.

тоглолт эхлэх цаг

Тоглолтын эхний довтолгооны үеэр бие маань өнөөдөр хэр байгаагаа мэдэрч, тоглолтын турш хэрхэх талаар найруулга хийнэ. Үсрэлт муугүй байвал “Өнөөдөр хөнгөхөн байна, довтолгоо давуулалтаа хүчлэхэд болох нь”, үсрэлт хүнд мэдрэгдэж байвал “Бодолтойхон довтолж, тор цохьчихгүй байхыг хичээе” гэх байдлаар тунгаа тааруулна.

Тоглолтын эхний тойрог бол эсрэг багаа судлах үе шат. Хэн, ямар арга барилаар тоглодог вэ? гэдгийг урьдчилан судалдаг ч тухайн тоглолтод дасгалжуулагч нь ямар систем зурснаас шалтгаалж, тамирчин тус бүрийн онцлог таашгүй болчихдог. Харин хоёрдахь тойргоос эхлэн эхний тойргийн тоглолтын бичлэгийг үзэж, эсрэг багийн тактикийг уншихыг хичээн, үндсэндээ өрсөлдөөн жинхэнэ утгаараа эхэлдэг.


хөгжөөн дэмжигчид

Талбай дээр маналзах халуун тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн ямар ч нүргээн тамирчны бодол руу нэвтрэх боломжгүй. Нөгөөтээгүүр гадны дуу чимээнд автахгүйн тулд багийнхантайгаа алдаа, оноогоо ярилцаад “чимээтэй” байхыг хичээдэг.

Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг ойролцоо оноотой тоглож байгаа үед эсрэг баг руу ширтэх харц хүртэл тамирчны сэтгэл зүйд нөлөөлөх хүчтэй. Тиймээс чанга дуугаар багаа зоригжуулах, эсрэг багтаа цохилт өгөх мөн тэдний хөгжөөн дэмжигчдийг асаахгүйн тулд их эрч хүчийг харуулах, багийнхаа хөгжөөн дэмжигчдийг огшоох зэргээр тоглолтын уур амьсгалыг өөрсдийн тал руу эргүүлэх оролдлогууд хийнэ.

цаашид

Их сургуулиа төгсөөд хилийн дээс алхаж, тамирчны карьераа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор ХБНГУ, Иран, Мальдив, Тайланд гэх орнуудаас санал хүлээн аваад байна. Гэр бүл, менежертэйгээ ярилцсаны үндсэн дээр одоогийн байдлаар Мальдив Улсыг зорих шийдвэр гаргасан. Миний хувьд тамирчны карьер хөөх арав орчим жилийн хугацаа бий. Мэргэжлийн спортоос зодог тайлсныхаа дараа спортын сэтгэл зүйчээр мэргэжил дээшлүүлж, багийн спортын төрөлд ажиллах хүсэлтэй.