Гарааны бизнес, инновацийг дэмжих "Moffice" төвөөс зохион байгуулдаг мэдээлэл технологийн залуу инженерүүдэд зориулсан "TechTalk" эвент өнгөрөгч мягмар гарагт болж өнгөрлөө. Зочин илтгэгчид өөрсдийн туршлагаасаа хуваалцан, залуусын сониуч асуултуудад хариулж, залуус бие биетэйгээ танилцан танилын хүрээгээ тэлсэн үр өгөөжтэй өдөрлөг болсон билээ.

Ээлжит нийтлэлээрээ "TechTalk" илтгэлүүдийн гол санаа, онцлох зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

open source - нээлттэй эхийн программ хангамжуудын үүсэл, хөгжил

Эвентийн эхний хэсэгт "Говь" ХК-ийн Технологи хариуцсан захирал У.Номин өөрийн карьерын сонирхолтой, сургамжтай түүхүүдээс хуваалцаж, "Open Source Software"-ийн үүсэл хөгжлийг товч, тодорхой танилцууллаа.

Richard Stallman - "Open Source Software" гэдэг зүйл "Harvard" их сургуулийн нэгдүгээр дамжаанаасаа MIT-д программистаар ажиллаж эхэлсэн Richard Stallman гэх хүнээс үүсэлтэй хэмээн илтгэгч маань тайлбарлав. Тэрээр 1983 онд "Open-Source movement" буюу программ хангамжийн шийдлүүдийг хүн бүрд тэгш хүртээхийг уриалсан хөдөлгөөнийг анх үүсгэн байгуулжээ. Тухайн үед хүн бүр компьютер, утас ашигладаггүй байсан тул мэдээллийн технологийн хэрэглээ эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр хязгаарлагддаг байсан аж. Энэхүү хөдөлгөөн нь мэргэжил, албан тушаалаас үл хамааран хүн бүр мэдээллийн технологийн үр өгөөжийг хүртэх ёстой гэсэн философийн эхлэлийг тавьсан байна.

Microsoft - Хэдийгээр арав гаруй жил хөгжүүлэлт хийгдсэн ч гэсэн "Open source" программ хангамжууд мэдээллийн аюулгүй байдал, хүний хэрэгцээ шаардлага хангах шалгуураар хангалттай түвшинд очиж чадаагүй л байлаа. 2000-аад оны эхэн үед "Open Source Software"-ийг "Microsoft" компани хатуу шүүмжилж, уг системийг ашиглахгүй байхыг олон нийтэд уриалж байсныг илтгэгч У.Номин дурдлаа. Гэвч 2018 онд "Microsoft" компани "Open Source" системийг бүрэн хүлээн зөвшөөрч, хамтран ажиллаж эхэлсэн юм. "Оpen source" хангамжийн хөгжил ямар түвшинд буйг 2019 онд "Red Hat" компани 34 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрч чадсанаас хялбархан харж болно.

"Open Source"-ийг ашиглах, үүнтэй хамт хөгжих нь намайг хамгийн аз жаргалтай болгодог зүйлсийн нэг. Хийж буй системүүд минь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангах, ажиглаж эхлэснээс хойш есөн жил дараа өөрийн гараар унтраахдаа би хамгийн их аз жаргалыг мэдэрдэг.

"Говь" ХК-ийн Технологи хариуцсан захирал У.Номин

Мөн бид илтгэлийн гол санаа, залуу мэргэжилтнүүдэд зориулсан илтгэгчийн хувийн зөвлөгөөг хүргэхээр доорх видео контентыг бэлтгэлээ.


"Agile" төслийн менежментийн 12 зарчим

Үйл ажиллагааны дараагийн хэсэгт хөгжүүлэгчдэд зориулсан "Agile" гэх төслийн менежментийн 12 зарчмыг "Мобиком" корпорацийн программ хөгжүүлэлт хариуцсан менежер Ж.Магваншийрэв танилцууллаа. 2001 онд анх бичигдсэн энэхүү зарчмууд өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр буй. Энэ нь зарчмууд бүгд хүний сэтгэлзүй дээр суурилсантай холбоотой хэмээн илтгэгч маань онцолж байв. Түүнчлэн уг зарчмуудыг тайлбарлахын өмнө "12 зарчмыг судалсан нь надад шууд болон шууд бус байдлаар ашиг тусаа их өгсөн" хэмээн онцоллоо.

"Agile" төслийн менежментийн эхний зарчмуудад хөгжүүлэгчид нь борлуулалт, маркетингийн албаны хүмүүстэйгээ хэрхэн харилцан ойлголцох талаарх зөвлөгөөнүүдийг тусгажээ. Илтгэгч Ж.Магваншийрэв хөгжүүлэлтийн үед өөрчлөлтийг хүлээн авч, борлуулалтын багийнхныгаа илүү ойлгохыг хичээхийг зөвлөсөн юм. Харин нүүр нүүрээ харж ярилцах нь хамгийн үр дүнтэй гэх зургадугаар зарчим цар тахлын нөлөөллөөс болж ач холбогдлоо алдсан "Agile"-ийн ганц зарчим гэв.



Программдаа бизнес хөгжүүлэлтүүд хийхийн сацуу техникийн дизайн, архитектур болон бусад сайжруулалтууд хийх хэрэгтэйг сануулав. Жижиг өөрчлөлтүүд байнга хийгддэг учир эдгээр гол, цөм зүйлс мартагдах нь элбэг аж. Илтгэгч Ж.Магваншийрэв "Арван хоногийн наймд нь бизнес өөрчлөлтүүдээ хийгээд үлдсэн хоёр хоногт нь техникээ сайжруулах зүйлсээ хийх гэх мэтчилэн хугацаа зааж өгөх хэрэгтэй" гэлээ. Доорх бичлэгээс илтгэгч Ж.Магваншийрэвийн залуу инженерүүдэд зориулж хэлсэн товч зөвлөгөөг сонсоорой.