Монголын мэтгэлцээний 25 жилийн хөгжлийн түүхэн цаг хугацаанд цоо шинэ формат, дүрэм, агуулгыг нэвтрүүлж 21 аймаг, нийслэлийн хэмжээнд суралцаж байгаа оюутан, залуусыг тэгш хамруулахыг зорьсон “ТэнГэр” телевизийн “Үндэсний мэтгэтгээний лиг” оюуны реалити шоу хоёр сарын турш үргэлжилж, эхний жилийн аваргаа тодрууллаа. 200 оролцогчоос бүрдсэн 40 баг анх гараанаас эхэлж, нэгдүгээр шатнаас финал хүртэл улс төр, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хуулийн сэдвийн хүрээнд 37 шийдлээр мэтгэлцэж, нийт 105 тоглолтыг хийжээ. 

Ийнхүү тэмцээний ялагчаар Дотоод хэргийн их сургуулийн (ДХИС) "Justice" баг шалгарсан бөгөөд тус багийн тэмцээний тухай сэтгэгдэл, хөшигний ард болсон зүйлс, бэлтгэл, стратегийг хүргэж байна.   

Тэмцээний тухай

Тэргүүн байрт шалгарсан Дотоод хэргийн их сургуулийн (ДХИС) "Justice" багаас гадна шоуны турш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн МУИС-ийн НУС-ХЗСургуулийн хамтарсан "ТҮМЭНТЭНГЭР" баг дэд байрт шалгарсан бол, МУИС-ХЗС-ийн "HEXAGON" баг гуравдугаар байрт, МУИС-ОУХНТУС-ийн "ИНГҮҮМЭЛ" баг тусгай байрт тус тус шалгарсан юм. Мөн тусгай байрт шалгарсан "ИНГҮҮМЭЛ" багийн гишүүн О.Өгөөмөр тэмцээний "Шилдэг мэлгэлцэгч"-ийн шагналыг тус тус хүртжээ.

Багуудын мэтгэлцээн бүрээс нийгэмд чимээ өгсөн шинэ санаа, өөр өнцөг, боломж, зөв шийдэл урган гарч байсан билээ. Өрсөлдөөн бүрээс үзэгчид мэдлэг хуримтлуулсан, мэдээлэл өгсөн, баяр гунигийн нулимстай, алдаа оноо, сургамж, эргэцүүлэл болоод бие биеэ дэмжиж, ойлгосон баг хамт олны үнэ цэнийг мэдэрсэн нь эргэлзээнгүй болов уу.

Justice багийн оролцсон тоглолтууд  

Шилдэг 16 багийн тоглолт  

Шилдэг 8 багийн тоглолт 

Финалын тоглолт  

  • Мэргэжлийн урлагийн байгууллагууд зах зээлийн зарчимд шилжих нь зүйтэй сэдвээр Засгийн газар талаас VS "Түмэнтэнгэр" тоглож, 8:7-ийн харьцаагаар ялалт байгуулав.



Дасгалжуулагч Э.Золбоо 


Үндэсний Мэтгэлцээний Лигийн тухай сэтгэгдлээсээ хуваалцаач?

Уг лиг нь анх удаа Монгол Улсын Их, дээд сургуулийн оюутнуудын дунд мэргэжил, түвшин харгалзахгүй зохион байгуулагдсан онцлогтой. Эфирээр цацагдаж буйтай холбогдуулан шинэчилсэн дүрмээр тоголсон нь тун сонирхолтой байлаа. Цаг хугацааны хувьд хавар зохиогдсон учир шалгалт авах, дүн гарах үе таараад хүүхдүүдэд маань багагүй ачаалал ирсэн. Энэ нь богино хугацааны дотор мэдлэг оюунаа тэлэх, хүч чадлаа сорих, өөрийгөө дайчлах боломжийг олгосон гэж хэлж болно. Тэмцээнд бэлдэхдээ бид салбар бүрийн судлаач, мэргэжилтнүүдтэй өөрийн биеэр уулзалт хийж байсан. Ингэснээр оюутнууд маань хүнтэй харилцах, өөрийгөө нээх зэрэг олон давуу талыг олж авсан шүү.

Таны зүгээс багтаа ямар үүрэгтэй оролцсон бэ?

Ерөнхийдөө багийнхаа менежерийн үүргийг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Бид тэмцээндээ бэлдэхийн тулд багаараа 45 хоног нэг дор амьдарсан. Нэгэнт хамт байрласны хувьд өдөр бүрийг нарийн зохион байгуулалттай, нягт төлөвлөгөөтэй өнгөрөөхийг хичээнэ. Хүүхдүүдийн хувьд орчин солигдохоос гадна хичээлээ орхигдуулж болохгүй гэх хариуцлага нэмэгдээд хүндхэн байсан болов уу. Мөн зурагтаар гарах учраас олон нийтээс ирэх дайралтад бэлтгэлтэй байсан нь зүйтэй гэж үзээд багийнхныгаа сэтгэл зүйн сорилд хамруулж, дүгнэлт гаргуулсан.

ДХИС-ийн зүгээс ямар дэмжлэг үзүүлсэн бэ?


ДХИС-ийн оюутнууд эфирээр гардаг нэвтрүүлэгт оролцохын тулд зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Сургуулийн зүгээс энэ тал дээр нээлттэй хандсан. Мөн оюутнуудын хөгжлийг дэмжих “Эв нэгдэл сан”-аас мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Мөн сургуулийн багш нар маань өөрсдийн заадаг хичээлийн хүрээнд хүүхдүүдэд маань зааж зөвлөсөн олон тохиолдол бий.


Ахлагч Н.Эрдэнэтулга 


Justice клубийн тухай?

Манай клуб 2019 онд байгуулагдаад цар тахлаас болж нэг хэсэг завсардсан. Ингээд 2022 оноос эхлэн оюутнууд өөрсдөө клубийн үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байна.

Үндэсний Мэтгэлцээний Лигт түрүүлэх зорилго байсан уу?

Эхэндээ орохгүй гэж бодсон. Учир нь үндэсний хэмжээний лиг гэх утгаараа манай баг туршлагын хувьд бусад багтай харьцуулбал хамаагүй дутмаг. Эхлээд бид шилдэг 16 багт үлдье гэж зориод дараа нь наймд л үлдье гэж хүссэн. Ингэж явсаар эхний гурван багт орчиход хангалттай гэж бодож байсан даа.

Гаднаас нь харахад тавхан гишүүн харагдаж байгаа ч энэ бүхний ард маш олон хүний дэмжлэг байсан.

Ахлагч: Н.Эрдэнэтулга


Бидний шийдлүүд дандаа нийгэмд тулгамдаж буй том цар хүрээтэй асуудлуудыг шийдэх шийдлүүд байв. Ийм учраас хэдэн цаг интернэтээс хайхын оронд мэргэжлийн хүнтэй уулзахад илүү баялаг эх сурвалжтай болдог. Цахим хэрэглээний тухай судлаач, хүний эрхийн мэргэжилтэн, хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ШХАБ-ын төлөөлөгч зэргээр шийдэл бүр дээр мэргэжлийн хүмүүстэй уулзсан нь биднийг тэмцээнд ялахад том нөлөө үзүүлсэн болов уу.

Хамгийн чадварлаг тоглогч, хүчтэй багийг нэрлэвэл?

МУИС-ийн "Hexagon" багтай таарахгүй байхыг дотроо битүүхэн хүсэж байсан. Азаар таараагүй. Харин тоглогчийн хувьд "Debate Doping" багийн М.Сод-Ирээдүй маш найрсаг, эерэг энергитэй тоглогч.

судлаач м.энхням


Багийнхаа стратегиас хуваалцана уу?

Тэмцээний үеэр хүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа маш ухамсартай биелүүлсэн. Нэг гишүүнд хэт ачаалал үүсгэхгүй байхнь манай багийн стратеги.

Шагналын мөнгөө юунд зарцуулах вэ?

Энэ шагнал бол бидний хоёр, гурван сарын хөдөлмөрийн үр дүн юм. Иймд өөрсдийгөө хөгжүүлэхэд зарцуулах төлөвлөгөөтэй байна. Бид ирэх жилээс олон улсын мэтгэлцээний тэмцээнд оролцохоор зорьж буй тул багаараа англи хэлний сургалтад сууна.


Гишүүн С.Саруулбуян 


Хамгийн их үлгэр дуйрайлал авсан оролцогч хэн бэ?

Лигийн хамгийн хүчтэй баг бол мэдээж "Hexagon". Миний хувьд багийнхаа хоёрдугаар гишүүнээр тоглодог болохоор О.Нандинцэцэг оролцогчийн няцаалт, дэмжлэгийн илтгэлийг сонсоод үнэхээр бахархмаар мэдрэмж төрж, “Хэзээ ингэж ярьж сурах бол доо” гэж бодож байсан.

Үндэсний Мэтгэлцээний Лигийн нийгэмд үзүүлж буй нөлөөг юу гэж харж байна вэ?

Үндэсний Мэтгэлцээний Лигийн гол зорилго нь залуусын дуу хоолойг хүргэх шүү дээ. Ажиглаад байхад аав, ээжийн маань үеийн зарим хүмүүс “Одоогийн хүүхдүүд юу мэдэх вэ дээ” гэх хандлага гаргадаг. Энэ бодлыг өөрчлөхүйц шоу болсон гэж бодож байна. Нас залуу ч гэлээ бид аливаа асуудлыг судлаад үүнийгээ илэрхийлэх чадамжтай гэдгээ батлан харуулсан.