Байгаль дэлхийнхээ өмнө хүн бүр хариуцлага хүлээх учиртай. Яагаад гэвэл бид энэ гаргаас амьсгалах агаар, амьдрах орчин, идэх хүнс, ундаалах усаа олж авч буй. Мэдээж байгаль орчноо хамгаалах, ирээдүй үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх арга хэлбэрүүд хэн бүхний хувьд харилцан адилгүй. 

Шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид байгальд ээлтэй хууль тогтоомж баталж, ногоон хөгжлийг дэмжих замаар хариуцлага хүлээж байхад, компани, бизнес эрхлэгчид хог хаягдлаа бууруулж, экологид сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулах зэргээр хувь нэмрээ оруулдаг. Эрдэмтэд, идэвхтнүүд ч мөн адил үүргээ ухамсарлаж, байгаль хамгааллын мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээн, нийгмийг соён гэгээрүүлдэг билээ. 

Гэхдээ мэргэжил, нас, хүйс, нийгмийн статусаас үл хамааран бидний шууд хийж чадах бодитой бөгөөд хүртээмжтэй алхам нь мод тарих юм. Тийм ч учраас бид энэ удаагийн нийтлэлдээ авчрах үр нөлөө нь асар их хэрнээ танаас маш бага хүчин чармайлт гаргах нэгэн санаачилгыг танилцуулж байна.

Энэ бол “Нэг кофе, нэг мод” төсөл юм.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: НЭГ МОД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Төслөө танилцуулахаас урьтаад таны тарьж болох нэг мод хүрээлэн буй орчиндоо ямар ашиг тус үзүүлдэг тухай товчхон дурдъя.

  • Нас бие гүйцсэн нэг том мод жилд дунджаар 118 кг хүчилтөрөгч ялгаруулдаг бөгөөд энэ нь 2 хүний жилийн амьсгалах хэрэгцээг бүрэн хангаж чадна.
  • Нэг мод жилд дунджаар агаараас 22 кг нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээж, нүүрсхүчил хэлбэрээр өөртөө хадгалдаг.
  • Ганцхан модны навчнаас ус уурших үйл явц нь орон сууцны дунд зэргийн 2 агааржуулагч хоногт 20 цаг тасралтгүй ажиллаж орчныг сэрүүцүүлэхтэй ижил нөлөөтэй.
  • Нэг мод жилд дунджаар 42 литр аадар борооны илүүдэл усыг навч, мөчир, үндсээрээ дамжуулан тогтоож, хөрсний элэгдэл болон үерийн аюулаас хамгаалдаг.

“НЭГ КОФЕ, НЭГ МОД” ГЭЖ ЮУ ВЭ?


Дотоодын кофе брэнд Jack’s coffee нь "Шамбала 2056" төслийн хөгжүүлж буй дэд төсөл болох “Land-art Space”-тэй хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт ойжуулалт, цөлжилттэй тэмцэх зорилгоор “Нэг кофе, нэг мод” урт хугацааны кампанит ажлыг эхлүүлээд буй. Тодруулбал, тэд албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлж, наймдугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм.

“Шамбала Карбон Оффсетс” ХХК-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Эрдэнэсувд, Jack’s coffee-гийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж буй нь



"Шамбала 2056" төслийн тухайд 2020 оноос хойш урлаг, инженерчлэл, технологийг хослуулан ажиллаж, өнөөдрийн байдлаар Монголын хамгийн цөлжилтийн эрсдэлтэй бүс нутгуудын нэг гэгдэх Дорноговь аймагт нийт 166,857 мод тарьж, ойролцоогоор 10.9 га буюу 108,970 м.кв талбайг нөхөн сэргээгээд байгаа юм. Амжилттай үргэлжилж буй энэхүү санаачилга аяга кофегоор дамжуулан нийгэмд үнэ цэн түгээх Jack’s coffee-гийн алсын хараатай огтлолцож, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг байгаль хамгааллын бодит алхамтай ийнхүү холбож байна.

"Аяга кофе бүр хөрс, ус, нар, үр жимс гээд байгалийн бүтээл учраас тэрхүү үнэ цэнийг бид байгальдаа бага ч болов эргүүлэн өгөхийг зорин Land Art Space төсөлтэй урт хугацаанд хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү “Нэг кофе, Нэг мод” санаачилга манай байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлуудын нэгээхэн хэсэг болон удаан хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.”

– Jack’s coffee-гийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал


АЯГА КОФЕ ЯАЖ АМЬД ОЙ БОЛОХ ВЭ?

1-р алхам: Тарьж буй Хайлаас модтойгоо танилцах

Говийн хагас цөлийн бүсэд ямар ч хамаагүй мод таривал ургах магадлал бага. Тиймээс тус бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт нэн тохиромжтой Хайлаас модыг сонгосон бөгөөд энэхүү мод нь ганд тэсвэртэй, гүн үндэстэйгээс гадна хөрсний элэгдлийг сааруулж, шороон шуурганаас хамгаалах гадаргын салаа үндэстэй тул экосистемийг эргэн сэргээх гол тулгуур болдог аж.


2-р алхам: Онцгой орцтой уух зүйлээс худалдан авах

Jack’s Coffee-гийн бүх салбарт биечлэн очоод эсвэл вэбсайтаас нь эдгээр гурван ундаанаас сонголтоо хийж, худалдан авахад таны нэр дээр нэг мод баталгаажна.

Чацарганатай матча латте "Шаргын говь"

Аньстай эспрессо "Хүрэн тал"

Нэрстэй үбэ латте "Хөвчийн ягаан"

Та худалдан авсан модоо өөрийн эсвэл хайртай дотнын хүнийхээ нэрээр нэрлэх боломжтой. Захиалсан хугацаанаас хамаарч таны модыг 2026 оны намар эсвэл 2027 оны хавар, зун Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт суулгах юм.

3-р алхам: Модны арчилгаа, ургалтын явцыг цахим шуудангаараа  хүлээн авах

Тарих нэг асуудал, ургуулж арчлах нь бүр илүү чухал асуудал. Тэгвэл та үүнд санаа зовох шаардлага байхгүй. "Land-art Space" төслийн хүрээнд усалгааг бүхэлд нь нарны эрчим хүчээр ажилладаг ухаалаг дуслын системээр шийдсэн ба тарьсан мод бүрийг 10 жилийн турш тасралтгүй арчилж, тордоно. Мөн та өөрийн модны ургалт, төлөв байдлын мэдээллийг жил бүр цахим шуудангаараа хүлээн авч, өөрийн тарьсан ой хэрхэн өндийж буйг харах хүсвэл зочлох боломжтой.

ҮНЭХЭЭР УРГАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭН ХЯНАХ ВЭ?

Land-Art Space төслийн талбайн ургамлын нөхцөлийг таван жил тутамд хараат бус шинжээчид үнэлдэг бөгөөд хамгийн сүүлд "Martensite Analytica" ХХК 2019–2024 оны үе шатыг Европын сансрын агентлагийн Sentinel-2, NASA-гийн MODIS хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурлан үнэлж, тайланг нийтэд нээлттэй танилцуулсан. Үнэлгээ хоорондын жилүүдэд төсөл Google Earth Engine платформ дээр жил бүрийн өгөгдлөө боловсруулан нийтэлдэг аж.

Үнэлгээг үргэлж ойролцоох огт хөндөөгүй газартай харьцуулан хийдэг ба 2019 оноос хойш төслийн талбайн ургамлын үзүүлэлтүүд харьцуулах талбайнхаас тогтмол өндөр гарч байгаа юм. Харин шавж, шувуу, хөрсний амьтдыг хиймэл дагуулаас тоолох боломжгүй тул биологийн олон янз байдлыг талбай дээрээс судлахаар төлөвлөсөн бөгөөд шинээр эхэлж буй HEXAGON төсөлд зэрлэг зөгийн үүрлэх эрэг, шувууны хайрцган үүр, судалгааны станцыг тусад нь зохион байгуулж өгчээ.


БИ ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?

Өмнө нь дурдсанчлан та Jack’s Coffee-гийн бүх салбарт биечлэн очоод Чацарганатай матча латте "Шаргын говь", Аньстай эспрессо "Хүрэн тал", Нэрстэй үбэ латте "Хөвчийн ягаан" гэсэн онцгой орцтой ундаануудаас худалдан авах боломжтой. Хэрэв салбараар үйлчлүүлж хараахан амжихгүй байгаа бол албан ёсны вэбсайт руу ЭНД дарж нэвтрээд, худалдан авч болно. Мэдээж уух зүйлээ дараа нь хүссэн салбараасаа авахаа мартуузай.