"Рио Тинто Монгол" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламжаар тохижуулж, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орон зайг бий болгох төсөл эхлүүлснээ зарлаад буй. 

Уг нүсэр ажилтай холбогдуулан "Бүтээлч 100" ТББ хот төлөвлөгч, архитектор, тээврийн болон ландшафт мэргэжилтнүүдээс бүрдсэн 100 гаруй бүтээлч залуусыг нэгэн дор нэгтгэж, “Паркаа шинээр төсөөлцгөөе” арга хэмжээг аравдугаар сарын 13-нд "White Rock" эвент центрт зохион байгуулсан юм. Шинэлэг, бүтээлч санаа гаргаж, төрөлх хотоо илүү "царайлаг" болгох хүсэл зорилгоор бялхсан тус эвентийг тоймлон хүргэж байна. 


"БҮТЭЭЛЧ 100" ТББ: Тэд хэн бэ?

"Бүтээлч 100" ТББ бол Улаанбаатар хотын дизайн төлөвлөлтийг сайжруулах зорилгоор сайн дураар нэгдсэн залуусын хөдөлгөөн юм. Хотын гудамж, олон нийтийн талбайн урсгалыг чөлөөтэй, тайван, аюулгүй, хүртээмжтэй болгон хөгжүүлэх санаачилгыг 2019 оноос эхлүүлж, өдгөө гурван жил өнгөрчээ. Нэгдмэл санаатай 100 залуус цуглаж, ажиллан амьдарч буй орчноо шинэчлэхээр ажиллаж буй. Тухайлбал, машинд биш хүнд ээлтэй нийслэл хотыг бий болгох, хотын гудамжаар таатай алхах нөхцөлийг бүрдүүлэх, төлөвлөлтийг бий болгох нь л тэдний гол зорилго аж.

Иймд тэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн баруун жигүүр, Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх 10.2 га талбайг "Рио Тинто Монгол" ХХК ногоон байгууламж болгон тохижуулах төсөлд хамтарч байна. Үүнд олон нийтийн оролцоог хангах зорилгоор бүтээлч залуусын санал бодлыг уралдуулахыг хүссэн нь “Паркаа шинээр төсөөлцгөөе” арга хэмжээгээр биелсэн байна.



Эвентийн хөтөлбөрийг тоймлох нь

Яг цагтаа эхэлсэн уг эвентийн үүдээр ороход л хийж бүтээх, санаа шийдлээ уралдуулахаар ирсэн залуусын эрч хүч хүчтэй мэдрэгдэж байв.

Зохион байгуулагчид юун түрүүнд арга хэмжээний зорилго, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, оролцогчдын ойлголтыг нэгтгэсний дараа тэднийг өөр хоорондоо ялгаатай дөрвөн багт хуваарилсан юм.

1. Бага насны болон өсвөр нас хүүхдүүд
2. Өндөр настнууд
3. Дайран өнгөрч буй оффисын ажилчид
4. Тусгай хэрэгцээт иргэд

гэх дөрвөн бүлэгт хуваагдсан оролцогчид хуваарилагдсан багийн буюу хүүхэд, өндөр настан, оффис ажилтан, тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл хэмээн үзэж, тохиромжтой тохижилтын санааг гаргах даалгавар авсан юм. Ингэхдээ тухайн орон зайн үнэлгээ, хүний болон бусад хөдөлгөөний урсгалыг зураглах бүтээлч воркшоп хийж, төсөлдөө залуусын үзэл бодлыг тусгасан бодитой ажил хэрэг болсноороо онцлогтой байлаа.



Үүний дараа хүүхдийн паркийн талбайд явган аялал хийж, орон зайн үнэлгээ, хүний болон бусад хөдөлгөөний урсгалыг зураглах боломжийг залууст олгов. Хүүхдийн парктай бүрэн танилцсан тус явган аяллын дараа оролцогчид эргэн ирж гар зураг, төлөвлөлтийн элементүүдийн жагсаалт гаргаж, саналуудаа нэгтгэн, хэлэлцүүлэг хийсэн юм.

Ингэхдээ дараах шалгуурыг хангах учиртай. Үүнд:

  • Бүх нийгмийн бүлгийг хамарсан байх
  • Ашиглагдахуйц байдал
  • Тухтай, гоо зүйн дизайн сайтай байх
  • Хүртээмжтэй байдал


Төгсгөлд нь, арга хэмжээнд оролцсон мэргэжилтнүүд саналаа нэгтгэн эцэслэж, зохион байгуулагчдад хүлээлгэн өгсөн юм. "Рио Тинто Монгол" ХХК-ийн Ахлах зөвлөх О.Анар арга хэмжээний төгсгөлд олон шинэлэг санал санаачилгууд гаргасныг онцолж, боломжит шилдэг санаачилгуудыг дэмжиж, бодит биелэл болгон ажиллахаа илэрхийлсэн. "Бүтээлч 100" ТББ-ын залуус зөвхөн энэхүү төслөөс гадна цаашид төслийг санаачлагч, санхүүжүүлэгч "Рио Тинто Монгол" ХХК-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, залуусын гаргасан саналыг дэмжихээр төлөвлөж байгаа аж.

Энэхүү төсөл нь нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх юм. Эхний жилд бүтээн байгуулалт, дараагийн гурван жилд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бойжуулах, арчлах ажилд гол анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж, олон нийтийн оролцоог хангахад анхаарч буй нь цаашид нийтийн эзэмшлийн газруудын дахин төлөвлөлт хийх, тохижилт үйлчилгээ хийх олон ажилд сайн жишиг болох болов уу.