Хиймэл оюун байгууллага, бизнес, төрийн үйлчилгээ, боловсрол, судалгаа гээд бараг бүх салбарын өдөр тутмын ажилд нэвтэрч эхэлсэн ч зүгээр нэг сонирхох болон зөв ашиглах хоёрын хооронд том ялгаа бий. Ямар өгөгдөл ашиглаж байна вэ, гаргасан үр дүнг хэн шалгах вэ, алдаа гарвал хэн хариуцлага хүлээх вэ, хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах вэ, ерөөс тухайн асуудлыг шийдэхэд AI үнэхээр шаардлагатай юу гэх асуултууд технологийн хөгжлийг дагаад улам чухал болж байна.
Эдгээр асуултад зөвхөн технологийн салбарынхнаас гадна байгууллагадаа хиймэл оюун ашиглах, шийдэл нэвтрүүлэх, бодлого боловсруулах шаардлагатай мэргэжилтэн бүр хариулж сурах хэрэгцээ үүсжээ.
Уг зорилгын хүрээнд Азийн сан болон Unread Media хамтран “AI Governance Fellowship” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Гурван долоо хоногийн турш оролцогчид маань экспертүүдээс суралцаж, технологийн компаниудын бодит туршлагатай танилцан, менторуудын зөвлөгөө авч, улмаар өөрсдийн байгууллага, салбарт хэрэгжүүлэх боломжтой төслийн санаагаа боловсрууллаа.
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
“AI Governance Fellowship” хөтөлбөрийн үндсэн зорилго нь оролцогчдод хиймэл оюуны засаглалын тухай суурь мэдлэг өгөхөөс гадна тэрхүү мэдлэгээ өөрсдийн ажил, байгууллага, салбарын бодит асуудал дээр ашиглах чадварыг хөгжүүлэхэд чиглэв. Тус хөтөлбөрт нийт төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсрол, хууль, судалгаа, технологи болон бусад салбарын төлөөлөл болсон 27 оролцогч шалгаран хамрагдав. Хөтөлбөрийн хоёр оролцогч орон нутгаас бүрэн цахимаар хамрагдсан бөгөөд нийт оролцогчдын дийлэнх буюу ойролцоогоор 85 хувь нь эмэгтэйчүүд байлаа.
Хөтөлбөрийн нээлт есдүгээр сарын 11-нд болж, “AI засаглалын өнөөгийн нөхцөл байдал: Боломж ба эрсдлүүд” сэдэвт хэлэлцүүлгээр эхэллээ. Үүнээс хойш экспертүүдийн цахим уулзалт, компанийн танилцах аялал, менторшип, төслийн ажил гэсэн үндсэн хэсгүүдээр үргэлжилсэн билээ.



Сургалтын агуулгын хувьд хиймэл оюуныг технологийн аюулгүй байдал гэж хязгаарлалгүй, өгөгдлийн засаглал, хууль ба нууцлал, хүний эрх, эрсдэлийн удирдлага, хүний хяналт, хариуцлага, байгууллагын бэлэн байдал зэрэг олон талаас нь авч үзсэн нь хөтөлбөрийн нэг чухал онцлог байлаа.
Манай оролцогчид өөрсдийн салбарт хиймэл оюунтай холбоотой шийдвэр гаргах, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, дотоод үйл ажиллагаагаа өөрчлөх, бодлого боловсруулах боломжтой хүмүүс байсныг дурдууштай. Тиймээс ямар загвар сонгох вэ гэдгээс илүүтэй хиймэл оюуныг хаана ашиглах нь зөв бэ, хаана ашиглахгүй байх вэ гэсэн асуулт хөтөлбөрийн гол цөм нь болсон юм.
ЭКСПЕРТҮҮДИЙН УУЛЗАЛТ + МЕНТОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨ
Хөтөлбөрийн турш оролцогчид Монгол болон гадаадад ажиллаж буй 8 эксперттэй цахимаар уулзаж, хиймэл оюуны хэрэглээг өөр өөр өнцгөөс судаллаа.
Экспертүүдээр:
- ЦХИХХ-ны сайдын зөвлөх, МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн докторант Ч.Алтан-Өлзий
- Info Sec Plus LLC-ийн гүйцэтгэх захирал, мэдээллийн аюулгүй байдлын судлаач У.Ганбаяр
- Data Ger, DAMA-ийн үүсгэн байгуулагч Г.Гүен
- Empasoft Технологийн их сургуулийн AI тэнхимийн эрхлэгч М.Лхагвадорж
- Rookie Systems-ийн үүсгэн байгуулагч, Machine Learning Ulaanbaatar-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Билэгсайхан
- Duran AI-ийн үүсгэн байгуулагч, Amazon, Apple, X компанид ажилласан туршлагатай, DevSummit-ийн хамтран зохион байгуулагч А.Амарбаяр
- Австралид төвтэй Mazaal AI-ийн үүсгэн байгуулагч Б.Энхболд
- Финландын Туркугийн Их сургуулийн Хиймэл оюуны судлаач Б.Эрдэнэбилэг


Уулзалтуудаар өгөгдлийн менежмент ба засаглал, AI-ийн зохистой хэрэглээ, аюулгүй байдал, байгууллага хиймэл оюунд хэрхэн бэлтгэх, дэлхийн чиг хандлага, байгууллагын шилжилт, дуу хоолойт хиймэл оюун зэрэг сэдвийг хэлэлцсэн.
Мөн оролцогчдыг төслийн чиглэл, хэрэгцээнд нь үндэслэн таван менторын группт хуваарилсан юм. Энд менторуудын гол үүрэг нь оролцогчийн төслийн санааг илүү тодорхой болгох байв. Ямар асуудлыг шийдэх гэж байна вэ? Хэрэглэгч нь хэн бэ? AI яг ямар ажил хийх вэ? Ямар өгөгдөл шаардлагатай вэ? Алдаа гарвал хэн шалгах вэ? Төслийг бодитоор байгууллагад хэрэгжүүлэх боломж бий юу? Зэрэг асуултыг ментортойгоо давтан ярилцах тусам хэт ерөнхий байсан төслүүдийн хүрээ нарийсаж, бодит хэрэглээнд ойртож эхэлсэн юм.
КОМПАНИЙН АЯЛЛУУД
Хөтөлбөрийн эхний компанийн аялал erxes Inc дээр болов. Оролцогчид технологийн бүтээгдэхүүн хэрхэн хөгждөг, хэрэглэгчийн бодит асуудлыг бүтээгдэхүүний шийдэлтэй хэрхэн холбодог, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд автоматжуулалт, шинэ технологийг яаж нэвтрүүлдэг талаар танилцлаа.


Хоёр дахь танилцах аялал AI Academy Asia-гаар үргэлжилсэн юм. Оролцогчид хиймэл оюуныг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд ажилтнуудын ур чадвар, процесс, өгөгдөл, байгууллагын зорилго зэрэг олон зүйл нэгэн зэрэг бэлэн байх шаардлагатай талаар ярилцав.



Компанийн аялал КоллПро компаниар өндөрлөв. Харилцагчийн үйлчилгээ, харилцаа холбоо, автоматжуулалтын орчинд технологи болон хиймэл оюуныг хэрхэн ашиглаж буй бодит туршлагаас оролцогчид суралцлаа. Ялангуяа хэрэглэгчтэй шууд харилцдаг системд AI ашиглах үед хурд, үр ашиг чухал хэдий ч алдаа, буруу мэдээлэл, хүний оролцоо шаардлагатай нөхцөлүүдийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Энэ бол хөтөлбөрийн турш давтагдсан human oversight буюу хүний хяналтын асуудлыг бодит жишээгээр харах боломж байлаа.


ОРОЛЦОГЧДЫН ТЭРГҮҮН ЗОРИЛГО
ОРОЛЦОГЧДЫН ТЭРГҮҮН ЗОРИЛГО
Хөтөлбөрийн төгсгөлд оролцогч бүр Capstone Project боловсруулж, түүнийгээ байгууллага эсвэл салбартаа цааш хэрэгжүүлэх 90 хоногийн төлөвлөгөөтэй болох ёстой байв.
Энэ зорилгод хүрэхийн тулд төслийн ажлыг дөрвөн үе шаттайгаар хөгжүүлсэн.Эхний шатанд оролцогчид нэг тодорхой асуудал, нэг зорилтот хэрэглэгчээ сонгож, одоогийн нөхцөл болон хүрэхийг хүсэж буй үр дүнгээ тодорхойлов. Хоёр дахь шатанд шийдэл хэрхэн ажиллах, AI яг хаана оролцох, ямар өгөгдөл ашиглах, өгөгдлөө ашиглах эрхтэй эсэх, хувийн болон эмзэг мэдээлэл оролцох эсэх, гол эрсдэлүүд юу байхыг авч үзсэн.
Харин гурав дахь шатанд төслөө илүү бодит болгов. AI-ийн гүйцэтгэх үүрэг, хүний хяналт, эцсийн шийдвэр гаргах хүн, хариуцлагын тогтолцоо, хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, зөвшөөрөл, амжилтаа хэмжих үзүүлэлтүүдээ тодорхойлсон. Ингээд эцсийн шатанд эдгээрийг нэгтгэн төслөө цэгцэлж, эхний 30, 60, 90 хоногт юу хийх вэ гэсэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулсан юм.




Ийнхүү хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 26-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт болж, Азийн сангийн Хөтөлбөр, инноваци хариуцсан Дэд ерөнхийлөгч Марк Кэйниг видео мессежээр арга хэмжээгээ нээсэн билээ. Биеэр хүрэлцэн ирж амжаагүй ч хөтөлбөрийн оролцогчдод төслийн санаагаа боловсруулж, амжилттай төгссөнд нь чин сэтгэлээсээ баяр хүргэснийг онцлууштай.
Үргэлжлүүлэн оролцогчид тайзнаа гарч, тус бүр таван минутын хугацаанд Capstone Project-оо бусдадаа танилцуулсан. Энэ бол гурван долоо хоногийн өмнө эхэлсэн санаагаа хэрхэн хөгжүүлж, ямар асуудал шийдэхээр зорьж, түүнд нь хиймэл оюун ямар үүрэг гүйцэтгэх, юуг анхаарах шаардлагатай, цааш хэрхэн үргэлжлүүлэхээ бусадтайгаа хуваалцах мөч байв.
Зарим төсөл байгууллагын хиймэл оюуны журам, зарим нь автоматжуулалтын шийдэл, зарим нь боловсрол, хууль, хүний нөөц, төрийн үйлчилгээ, өгөгдлийн хамгаалалт зэрэг өөр өөр салбарын санаа байлаа. Гэхдээ бүгдэд нь нэг нийтлэг асуулт байсан нь “Хиймэл оюуныг энэ асуудалд хэрхэн хариуцлагатай ашиглаж болох вэ?” гэсэн асуулт.
Ингээд сертификатаа гардан авч, нэгдсэн зургаа татуулж, хамтдаа өдрийн хоол идсэнээр Fellowship-ийн гурван долоо хоногийн аялал халуун дулаан уур амьсгалтайгаар өндөрлөсөн билээ.

ХӨТӨЛБӨРӨӨС ДҮГНЭХ ЧУХАЛ САНААНУУД
“AI Governance Fellowship” хөтөлбөрөө бүхэлд нь дүгнэн харахад хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол хиймэл оюуны засаглал гэдэг нэр шигээ хэцүү, ойлгомжгүй сэдэв биш ажээ. Өгөгдөл хаанаас ирж байна, хиймэл оюун яг ямар ажил хийж байна, гарсан үр дүнг хэн шалгаж байна, эцсийн шийдвэрийг хэн гаргаж байна, алдаа гарвал хэн хариуцах вэ гэх энгийн асуултуудыг тодорхой болгох нь л засаглалаа сайжруулах гол түлхүүр.
Мөн хиймэл оюуныг ашиглахгүй байх шийдвэр хүртэл сайн шийдвэр байж болох аж. Хөтөлбөрийн эхэнд AI ашигласан шийдэл боловсруулах гэсэн хүсэл давамгай байсан бол төслүүд хөгжихийн хэрээр энэ асуудалд AI үнэхээр хэрэгтэй юу гэдэг асуулт илүү чухал болж ирсэн. Өөрөөр хэлбэл, бодит үнэ цэн бий болгож чадах үед нь сонгоно гэдэг өөрөө хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээний эхлэл юм.
Эцэст нь манай хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн нь техник ур чадвараас гадна өөр өөр салбарт ажилладаг хүмүүс нэг цэгт огтлолцож, харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болгосон буй биз ээ. Идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд бүхий л талаар тусалж, дэмжиж, хамтран ажилласан Азийн сан болон хүндэт ментор, эксперт, компаниудын хамт олондоо баярлалаа.

Сэтгэгдэл бичих

