Бямба гараг. Ажил, хичээлээсээ завсар авч амрах цаг. Автомашингүй өдөр тул зам хаалттай. Намрын хүйтэн бороо жиндүүлэх авч өөртөө, оюундаа хөрөнгө оруулахаар цугласан залуусын эрч хүч UG Palace-ийн том танхимыг дулаацуулж байлаа. Тэд жил бүрийн намар зохион байгуулагддаг, оюутан залууст зориулсан хамгийн том арга хэмжээ Rise шинэ оюутны хөтөлбөрийг зорин иржээ.
Хаан Банк сангаас оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залууст бие даан суралцахад нь туслах зорилготой Rise хөтөлбөрийг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Жил бүрийн хөтөлбөр өөр өөрийн өнгө төрхтэйгөөр зохиогддог нь оюутан, залууст өндөр хүлээлт үүсгэдэг нь гарцаагүй. Энэ жилийн хувьд тэд дэлхий нийтэд трэнд болж буй тогтвортой хөгжлийг онцлов. Суралцья, хөгжье уриатай уг арга хэмжээний хүрээнд залуус бүтэн жилийн хугацаанд төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдана гэдгээрээ онцлог юм.
Сурахад суралцахуй - Шинэ оюутан юу сурах ёстой вэ?
Хэлэлцүүлгийг Unread-ийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ хөтөлж, Gej Yu Ve? сувгийн Админ, контент бүтээгч А.Доржпалам, Winner’s Course сургалтын төвийн Үүсгэн байгуулагч Г.Тэмүүлэн, Хаан Банкны MT хэрэглэгчийн үйлчилгээний газрын Захирал Г.Сувданцэцэг нар зочноор оролцлоо.
Winner’s Course сургалтын төвийн Үүсгэн байгуулагч Г.Тэмүүлэн
Хэл ч бай, хичээл ч бай үүнийг яагаад хийж байна вэ? гэдэг хариултаа олоогүй хүн аливаад амархан шантардаг. Яагаад би өнөөдөр 100 шинэ үг цээжлэх ёстой вэ? Яагаад энэ мэргэжлээр суралцаж байгаа вэ? гэх зэрэг асуултуудад хүн бүр өөрийн хариултаа олж чадвал тууштай байж чадна.
Хаан Банкны MT хэрэглэгчийн үйлчилгээний газрын Захирал Г.Сувданцэцэг
Бид шинэ ажилтан сонгохдоо нэгт, мэргэжлийн ур чадвар, хоёрт, шинэ орчинд суралцах, дасан зохицох чадвар, гуравт, бусадтай ойлголцох, бусдад өөрийгөө илэрхийлэх чадваруудыг чухалчлан хардаг. Оюутан байх хугацаандаа багш нар, найзууд гээд их сургуулийн хүрээлэл дотроо эдгээр чадваруудыг туршиж, өөрийн болгох боломжтой.
Gej Yu Ve? сувгийн Админ, контент бүтээгч А.Доржпалам
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн тайлагдашгүй асуудлуудыг судалж мэдэхийн тулд бусдад тайлбарлаж, ойлгуулах аргаар Gej Yu Ve? сувгийг эхлүүлсэн. Алив сэдвийг том зургаар нь харвал түүнээс салаалж буй логикууд мэдэгддэг. Cурах арга барилын тухайд Фейнман техник хамгийн үр дүнтэй. Ричард Фейнман бол квант электродинамикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн физикч. Тэрээр ямарваа онол, нарийн төвөгтэй ойлголтыг хэн нэгэнд тайлбарлах үедээ илүү ойлгодог гэх аргыг нээсэн юм.
Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй - Тогтвортой хөгжил
Шинэ оюутнууд цугласан уг хөтөлбөрт тогтвортой хөгжлийг онцлохын учир нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хор хохирлыг урт хугацаанд мэдэрч, туулах нөгөө талдаа 2030 он хүртэлх 17 зорилгыг биелүүлэх учиртай хүмүүс нь залуус бид. Түүнчлэн дэлхий дахинаа хэрэгжиж буй ногоон шилжилтийн хүрээнд 2030 он гэхэд 8.4 сая ногоон ажлын байр бий болно гэжээ.
Хүн төрөлхтний гэрийн даалгавар уг 17 зорилтын талаарх ойлголтыг Хаан Банкны тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар болон НҮБ-ийн Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч Б.Наранзаяа нар танилцуулсан юм.
“Миний танилцуулах илтгэлийг шил зүүдэг, харааны бэрхшээлтэй хүүхэд харж чадах уу гэдэг бодлоос л тэгш бус байдлыг бууруулах алхам эхэлнэ.”
Хаан Банкны тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар
Тогтвортой амьдралын хэв маяг
Хэлэлцүүлгийг Unread-ийн сэтгүүлч, “Тогтвортой хөгжил 2030” цахим товхимлын редактор Э.Бөртгөлжин хөтөлж, Science маянс подкастын хөтлөгч Н.Эрхэмбаяр, Бидний нууц подкастын хөтлөгч С.Сэндэр, Хаан Банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдөл шинжилгээний газрын Захирал Э.Нямцэнд, Sustainable Mongol подкастын санаачлагч, хөтлөгч Н.Энхзул нар зочноор оролцож өдөр тутмын амьдралдаа хэрхэн тогтвортой хөгжлийг хэрэгжүүлж болох тухай ярилцсан юм.
Sustainable Mongol подкастын санаачлагч, хөтлөгч Н.Энхзул:
Оюутан байхдаа хичээл, бие даалтын ажлаа блог хөтлөх маягаар хийдэг байлаа. Уншиж судалсан шинэ мэдлэгээ илүү олон хүнд түгээхээр шийдэж 2017 онд найзын хамтаар Sustainable Mongol подкастыг эхлүүлсэн. Хүн мэдэхгүй зүйлээ төдийлөн ойшоодоггүй боловч аюул, эрсдэлийг нь мэдэх үедээ жижиг гэлтгүй үйлдэл хийж эхэлдэг. Тиймээс тогтвортой хөгжлийн тухай мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх нь чухал.
Science маянс подкастын хөтлөгч Н.Эрхэмбаяр:
Биеийн эс хэвийнээс давж ажиллах үед бид стресстдэг. Оюутнууд ухаарлын долоо хоногтоо л бие даалт, шалгалтдаа бэлдэж тархиа хэт ихээр ачааллуулдаг талтай. Зөвхөн энэ долоо хоногт зориулж эдгээр мэдээллийг хадгалж байна гэдгийг тархи мэдэж байгаа учраас дууссаны дараа бүгдийг устгаж орхидог. Угтаа тархиа зөв ажиллуулбал юуг ч хийж, хаана ч бай дасан зохицож чадна.
Бидний нууц подкастын хөтлөгч С.Сэндэр:
Хуванцар сав, шил, лааз, гялгар уут зэрэг дахивруудаа ялгаж Төвшин Сайхан төвд дуудлагаар өгдөг. Мөн нэг удаагийн живхнээс татгалзаж, хүүхдүүддээ Япон даавуун живх хэрэглэж, хуучирч багадсан хувцаснуудаа thrift дэлгүүр рүү илгээдэг.
Хаан Банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдөл шинжилгээний газрын Захирал Э.Нямцэнд:
Ердөө хэдхэн жилийн өмнө банкнаас мөнгө авахын тулд дараалалд зогсож, олон цаасан дээр гарын үсэг зурж цаг хугацаагаа зарцуулдаг байлаа. Харин одоо хоёрхон товч дараад л хүссэн гүйлгээгээ хийдэг болсон. Банкны цахим шилжилт бол тогтвортой хөгжлийн том хувь нэмэр.
Мөн арга хэмжээний үеэр Ойм брэнд, Нийгмийн эрүүл мэндийн төлөө төв, Улаанбаатар смарт карт, Тэтгэлэг апп, Тойрог thrift шоп зэрэг олон байгууллага шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг хүргэсэн юм.
Ийнхүү шинэхэн оюутнууд үе тэнгийн найзууддаа урам зориг өгөх уриалга гаргаж, сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохиож, бөөн бөөн бэлгийн эзэн болж хором ч уйдах завгүйгээр нэгэн өдрийг өнгөрүүллээ.