Туурвин бичих арга зүй, хиймэл оюуны хэвлэл мэдээлэлд үзүүлэх нөлөө, сэтгүүлчийн сэтгэлзүй, контент бүтээх тууштай замнал, олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага тэргүүтэй чухал сэдвүүдийг хөндсөн “The Media Show 2024” арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “шоу”-нд 100 гаруй сэтгүүлч, чөлөөт бичээч, сэтгүүл зүй сонирхогчид, оюутан залуус хүрэлцэн ирсэн бөгөөд өгөөжтэй сэдвээр илтгэл, ярилцлагууд дүүрэн хөтөлбөрөөр бүтэн өдрийн турш өөрсдийгөө цэнэглэсэн юм.

30 МИНУТЫН ЛАБ СУРГАЛТУУД
Арга хэмжээний салхийг хагалж “Хөрөг” номын зохиогч, Ub.life сайт, Гэрэг сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэг “Хүний түүхийг хэрхэн өгүүлэх вэ?” сургалтаа толилуулсан юм. Тэрээр сэтгүүл зүйн салбарт 28 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд карьерынхаа дийлэнх хугацааг тогтмол хэвлэлд өнгөрүүлжээ.
Хүнтэй ярилцаж, тэдний түүхийг яриулна гэдэг сэтгүүлчээс ямар ур чадвар, тэсвэр тэвчээр басхүү "заль" шаарддаг тухай хуваалцсан түүний сургалтаас дараах санааг онцолж болох юм. Сайн хөрөг ярилцлага нь баримт, мэдээлэл, дүрслэн өгүүлэхийн уран сайхан, гоо зүй, ёс зүйг хангасан байх ёстой бөгөөд оновчгүй, мэдрэмжгүй зүйрлэл, эшлэл, өнгөц дүгнэлтийг ардаа орхин ямагт гол дүрээ шүтэн бишрэхээс зайлсхийх хэрэгтэй аж.

“Гол баатрын ӨӨРЧЛӨЛТИЙН шугамаас хөрөг бүрддэг.”
Дараагийн сургалтыг сэтгэл судлаач, Оптимал Эн Макс ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газрын захирал Б.Алтанзул “Сэтгүүлчид сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь” сэдвээр явуулсан юм. Түүний хувьд сургалтаа амьсгалын дасгалаар эхлүүлсэн бөгөөд аливаа шинэ мэдээ, мэдээлэл хүлээн авахад өдөр тутамдаа ийнхүү өөрийгөө бэлтгэх хэрэгтэйг зөвлөж байв. Мөн олон улсад сэтгүүлчдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал ямар байгаа талаар судалгааны үр дүнгүүдийг танилцуулахын сацуу сэтгэлзүйн эрүүл мэндийн тогтвортой байдал сэтгүүлчдэд яагаад чухал вэ гэдгийг тайлбарлалаа.
Түүний танилцуулсан судалгаануудаас онцлох үр дүнг хуваалцвал, медиа салбарын өрсөлдөөн, ажлын байран дахь чиг үүргийн байнгын өөрчлөлт, нөөцийн хязгаарлалт, шахуу цагийн хуваарь зэргээс хамаарч сэтгүүлчид нийт хүн амтай харьцуулахад сэтгэл зүйн асуудлуудад өртөх ялангуяа ажлаас халшрах (burn out) эрсдэл өндөр байгаа аж. (MacDonald et al., 2016, p. 402)

“Бид сэтгэл зүйн хувьд эрүүл байвал өөрийн мөн чанар, чадвараа ухамсарлан стрессээ даван туулж, үр бүтээлтэй ажиллах бөгөөд улмаар нийгэмд хувь нэмрээ оруулж чадна.”
30 минутын лаб сургалтын хэсгийн сүүлийн илтгэгчээр University College London их сургуулийн докторант, судлаач Г.Ганбат оролцсон юм. Тэрээр “Хуурамч мэдээллийн эрин дэх медиа” сэдвээр видео сургалт илгээсэн ба хиймэл оюун ухааны хэрэглээ өсөн нэмэгдэж буй өнөө цагт аливаа мэдээлэлд хэрхэн ул суурьтай, болгоомжтой хандаж, тэдгээрийг яаж олон нийтэд зөв зүйтэй хүргэх талаар сэтгүүлчдэд зөвлөгөө өгсөн билээ.

УРАМ ЗОРИГИЙН ИНДЭР
Энэ жил шинээр нэмэгдсэн формат бүхий “Урам зоригийн индэр”-т сэтгүүл зүйн салбарт өөрчлөлт, шинэчлэл бүтээхээр давшиж яваа залуу сэтгүүлчид арван минутын хугацаанд илтгэлээ толилуулсан.
Эхний илтгэлийг шинэхэн сайтаа өлгийдөн аваад удаагүй байгаа А.Уянга “child.mn-ээ үүсгэн байгууллаа!” сэдвээр ярилцлаа. Балчир охин байхаасаа сэтгүүлч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн тэр ч зорилгоо биелүүлж, Eagle телевизийн мэдээний хөтлөгч хүртэл карьераа хөгжүүлж чадсан түүний хувьд амьдралаас ирэх хүндхэн сорилтуудын дараа цаашид хийж бүтээх их ажлынхаа урам зориг, утга учрыг олж авчээ. Ингээд хүүхдийн эрхийг хамгаалах, урам зоригийг нь бадраах, хөгжих орон зайг нь бүтээх зорилготой вэбсайтаа байгуулаад буй.

“Өөрийн зарчимтай нийцсэн үнэ цэнтэй, утга учиртай ажлыг хийж байгаа бол бусдаас ирэх сөрөг сэтгэгдлийг тоохгүй өнгөрүүлж сураарай.”
Үүний дараа “Unread Today сонин хэвлэгдэж эхэллээ!” сэдвээр Unread медиа компанийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ илтгэлээ танилцуулсан юм. Тэрээр дижитал суурьтай хэвлэл мэдээллийн байгууллага яагаад долоо хоног бүр сонин эрхлэн гаргаж буй тухай ярьсан ба залуу мэргэжилтнүүдийн дунд унших соёлыг дэлгэрүүлж, тэдний амьдралын хэв маягтай уялдан зохицох сонины шинэ форматыг зах зээлд нутагшуулах зорилгоо хуваалцсан билээ.

“Агуулга сайтай контент заавал уйтгартай байх албагүй. Медиа өөрөө cool байх боломжтой.”
Энэ хэсгийн сүүлийн илтгэгчээр Монголын баримт шалгах төвийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг “Сэтгүүл зүйн итгэлцлийн стандарт (ISO) гардлаа!” сэдвээр илтгэл танилцуулав. Тэд Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгад нэгдсэн Монголын анхны байгууллага болсон бөгөөд ингэснээр олон нийт найдвартай эх сурвалжаас хэрэгтэй мэдээллээ авах боломж бүрдэж буй. Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх дэлхийн анхны ISO стандарт бүхий олон нийт, төр, технологийн платформуудад ёс зүйтэй мэдээллийг дэмжих боломж олгодог Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгад дэлхийн 85 улсын 1,700 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага хамрагджээ.

“Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2024 онд 109 дүгээр байранд
орсон нь түүхэн доод хэмжээ.”
PECHAKUCHA ИЛТГЭЛҮҮД
Арга хэмжээ 20 зургийг тус бүр 20 секундэд тайлбарладаг PechaKucha илтгэлээр үргэлжилсэн юм. Эхний илтгэлийг iToim.mn сайтын хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг танилцуулсан ба “Хоргүй, хиргүй амжилт ба “iToim”-ын 9 жилийн түүх” сэдвээр түүхээ хуваалцлаа. Хамгийн анх зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр iToim сайтыг долоохон хоногийн дотор ашиглалтад оруулж байсан тэд өдгөө 49,490 контентын ард гарч, хэвлэл мэдээллийн салбарт органик өсөлт үзүүлсээр буй.

“Сэтгүүлч бол нийгмийн баллуур биш гэрэлтүүлэх лаа нь байх ёстой.”
Дараагийн илтгэлийг BBC World Service - “The Climate Question” подкастын сэтгүүлч Ш.Цогзолмаа танилцуулсан юм. Тэрээр “Английн медиа туршлагаас хуваалцах нь” сэдвээр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах мэдрэмж, туршлагаа өгүүлсний сацуу хэрхэн Английн Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн, тэр хүртэлх хором мөчүүд яаж өнгөрсөн зэргийг илэн далангүй ярьсан билээ.

PechaKucha хэсгийн сүүлийн илтгэгчээр “Сэхээтэн” подкастын хамтран үүсгэн байгуулагч Б.Тайван илтгэлээ толилуулсан ба “Үнэн бай” сэдвээр сэтгүүл зүйн салбарын мэргэжилтэн биш ч гэлээ хэрхэн контент бүтээж эхэлсэн, яаж тууштай бөгөөд тогтмол контент бүтээгчээр ажиллаж байгаа талаар сонирхолтой илтгэл сонордуулсан юм.
“Тренд дагах хэрэггүй. Тууштай байж чадвал тренд өөрөө ирнэ.”

THE MEDIA SHOW ЯРИЛЦЛАГА
Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг The Media Show подкастын шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс шууд ярилцсан ба энэ удаагийн дугаарын гол дүр нь NTV телевиз, “Медиа групп”-ийн Гүйцэтгэх захирал А.Баярбат байсан билээ. Түүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллага бизнесийн зарчмаар өсөж дэвших ёстой гэсэн санааг онцолсон төдийгүй хүний нөөцийн асуудал ихтэй сэтгүүл зүйн салбарт ямар мэргэжилтнийг эрэн хайж, ажилтан сонгон авахдаа ямар шаардлага тавьдаг талаараа хуваалцсан юм. Тодруулбал, мэргэжлийн байдал, хандлага, ёс зүйг чухалчлан харгалздаг гэнэ.
“Медиа бол бизнес мөн.”

ЭЦЭСТ НЬ
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан The Media Show 2024 арга хэмжээ жил бүр сэтгүүл зүйн салбарыг том зургаар нь харах боломж олгох талбар байна гэдэг нь эргэлзээгүй. Нөгөөтээгүүр мэргэжил нэгтнүүдийн огтлолцох цэг, медиа салбарт дуртай хэн бүхний хэлэлцүүлгийн орон зай нь болж, салбарын тэмдэглэлт өдөр болох нь ч дамжиггүй. Иймд уншигч таныг дараагийн “шоу”-нд урихын сацуу тэр хүртэл шинийг санаачилж, туршиж, медиа экосистемд мэргэжлийн туршлагаа арвижуулан энэ тайзан дээр хуваалцахыг урья.






Сэтгэгдэл бичих

