Өнөөдөр бол аргын тооллоор 2 дугаар сарын 17, харин билгийн тооллын хар барс жилийн өвлийн адаг сарын улаан морь өдөр.
Цагаан сар тэргүүтэй уламжлалт баяр ёслолын үеэр ихэвчлэн хэрэглэдэг билгийн тооллын талаар орчин үеийн залуус бид тийм ч сайн мэддэггүй. Гэхдээ энэ тоолол хэн нэгний санаанаасаа зохиосон зүйл бус, од эрхэс, нар, сар буюу бидний оршин буй орчлон ертөнцтэй нягт холбогдсон байдаг.
Аргын болон билгийн тооллын учир утга, ялгааг хамгийн энгийн байдлаар тайлбарлаж байна.
цаг тоолол бий болсон шалтгаан
Эртний соёл иргэншилд хүмүүс газар тариалан эрхлэн амьдралаа залгуулдаг байсан ба тэр үед тариа тарих болон ургац хураах хугацааг тооцоолох, улирлуудын онцлогийг мэдэж, цаг агаараа урьдчилан таамаглах хэрэгцээ гарав. Мөн соёл иргэншил улам боловсронгуй болохын хэрээр ажил хэзээ эхэлж, хэзээ тарахаа мэдэх ч шаардлага үүссэн. Эдгээр шалтгаануудаас үүдэн хүн төрөлхтний бүтээсэн анхны цаг тооны бичиг нь 5000 жилийн өмнөх нарны цаг юм. Нарны цаг гэдэг нь том чулуу эсвэл урт мод газарт зоогоод нарны байрлалаас хамааран үүсэх сүүдэр дээр тулгуурлан цаг хугацааг тооцохыг хэлдэг. Зөвхөн сүүдрийн байрлал бус хэр урт байгаагаас нь хамаарч улирал хоорондын шилжилтийг мэддэг болсон байна. Жишээлбэл, хамгийн богино өдөр модны сүүдэр хамгийн урт байдаг бөгөөд энэ нь өдөр богиносож, өвлийн улирал эхэлж буйн дохио болдог байжээ.

ИЛҮҮ боловсронгуй болсон нь
Цаг хугацааг зөвхөн улирал, жилээр бус сар, өдрөөр, бүр цаашилбал илүү нарийн хэмжүүрээр тооцоолох шаардлага хүн төрөлхтөнд гарсаар байлаа. Энэ үед сар маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Сарны байрлал болон харагдах байдал дээр үндэслэн дараах тооцоог хийв.
Шинэ сар (сар огт харагдахгүй гэсэн үг) бага, багаар томорсоор тал сар болох хугацаа: 7 хоног
Тал сар тэргэл сар болох хугацаа: 7 хоног
Тэргэл сар бага багаар нарийссаар буцаад тал сар болох хугацаа: 7 хоног
Тал сар шинэ сар болох хугацаа: 7 хоног
Энэхүү дөрвөн шат дамжин өнгөрөх хугацааг нэг сар гэж үзээд, нэг сар 12 удаа үргэлжлэхэд нэг жил болдог хэмээн тооцов. Учир нь тухайн үед хүмүүс эрхий хуруугаараа дөрвөн хурууныхаа үеийг (нийт 12) тоолж, түүгээрээ цаг хугацааг хэмждэг байж. Мөн 12 нь бусад ойролцоох тоонуудтай харьцуулахад хамгийн олон хуваагчтай тул цаг тоололд ашиглахад хамгийн тохиромжтой тоо гэж тухайн үеийн математикчид үзсэн аж.

Аргын тоолол гэдэг нь дэлхийн нарыг нэг бүтэн тойрох үечлэлд суурилсан цаг тоолол юм. Хамгийн анх НТӨ 46 онд Юлий Цезарь аргын тооллыг үндэслэж байв. Уг тооллоор жилд 365.25 хоног байдаг гэж үзэн дөрвөн жил тутамд нэг удаа өндөр жил байхаар тооцсон боловч угтаа дэлхий нарыг 365.24219 хоногт нэг бүтэн тойрдог тул Юлийн тооллыг баримталснаар 1000 жилд 8 хоногийн зөрүү гарч байв.
Дэлхий нарыг тойрох орбитын урт: 940 сая км
Дэлхий нарыг тойрох дундаж хурд: 30км/сек
Дэлхий нарыг тойрох хугацаа: 940,000,000км/30км/сек = 31,333,333.33сек = 365.24219 хоног
Ромын пап 13-р Григорий 1582 онд энэ алдааг засахаар тухайн жилийн 10-р сарын 4-ний маргаашийг шууд 10-р сарын 15 болгож, урьдын адил дөрвөн жилд нэг удаа өндөр жил тохиох ч 100-д хуваагдах жил бүр өндөр жилээ алгасаж, харин 400-д хуваагдах жил бүр өндөр жил байхаар тооцоолжээ. Ингэснээр 3300 жилд ердөө нэг хоногийн зөрүү гарах юм.

Билгийн тоолол гэдэг нь сар дэлхийг нэг бүтэн тойрох үечлэлд суурилсан цаг тоолол ба Япон, Хятад, Монгол зэрэг дорнын олон оронд хэрэглэдэг. Сар дэлхийг бүтэн тойрох хугацаа нь 29.5 хоног ба 12 сардаа үржүүлээд үзвэл 354 хоног буюу жилд байх ёстой хоногоос 11 хоногийн зөрүүтэй. Үүнийг зохицуулахын тулд дөрвөн жил тутамд 11+11+11=33 хоног буюу "илүү сар" нэртэй нэг сар нэмдэг.
Билгийн тоолол нь Энэтхэгээс Түвдэд, дараа нь Түвдээс Монголд 16-р зууны сүүлээр нэвтэрсэн уламжлалт цаг тоолол бөгөөд 1027 оны 1 сарын 29-өөс эхэлдэг.

Сэтгэгдэл бичих

