“Эелдэг - бүтээлч - өөдрөг” уриан дор үндэсний хэмжээний, олон улсын жишигт нийцсэн сүлжээ дэлгүүр болон хөгжих алсын хараатай “Макс хүнс” компанийн хамт олныг энэ удаагийн нийтлэлдээ онцоллоо. Бид тус компанийг М-Март үндэсний сүлжээ дэлгүүрээр нь сайн мэдэх билээ. Тус дэлгүүр нь 2018 онд брэндээ шинэчилж, одоогийн хэв төрхөө олсон бөгөөд энэ сард М-Мартын долоон насны төрсөн өдөр тохиож байгаа юм байна.
Байршил: M Plaza, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: М-Март үндэсний сүлжээ дэлгүүр
Сошиал хуудсууд: m-mart.mn (Website) | M MART (Facebook)
1. танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэж болох вэ?
Гүйцэтгэх захирал П.Тодрол
Манай Макс хүнс ХХК нь 1990-ээд оны эдийн засаг, нийгмийн шилжилтийн үед үүсгэн байгуулагдсан, 27 жилийн түүхт, Монголын ууган бизнесүүдийн нэг юм. Манай үүсгэн байгуулагчид болох Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Макс группийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Макс группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Д.Ганбаатар нар тэрхүү шилжилтийн үед дотоодын анхны үндэсний сүлжээ дэлгүүрүүдийн нэгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд 2018 оныг хүртэл Макс Супермаркет нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Ийнхүү Монгол Улсын жижиглэн худалдааны зах зээлд олон улсын франчайз дэлгүүрүүд нээгдэхтэй зэрэгцэн өөрсдийн өнгө төрх, үйлчилгээний стандартад шинэчлэл хийж, М-Март үндэсний сүлжээ дэлгүүр болсон билээ. Ингэснээр Монголд хөршийн дэлгүүрийг цоо шинээр танилцуулах, тэлэлт хийх стратегийнхээ дагуу ажилласаар долоон жилийнхээ ойтой золгоод байна. Үндсэндээ манай байгууллагын замналаас Монголын жижиглэн худалдаа, тэр дундаа сүлжээ дэлгүүрийн бизнес хэрхэн бий болж, өнөөдрийн түвшинд ирээд байгааг мэдэх боломжтой гэж бодож байна.
2. таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Сугарсүрэн
Өглөө зургаан цагт босож, цайгаа уугаад найман цагаас өмнөхөн ажилдаа ирдэг. Эхлээд өмнөх өдрийн борлуулалтын тайланг гаргаж, менежментийн багууд болон салбар хариуцсан хүмүүстээ хуваалцдаг. Дараа нь тухайн өдрийн календариа шалгаад төлөвлөгөөт ажлууддаа бэлдэж, уулзалтаас уулзалтын хооронд шилжих цагийг ашиглан бусад жижиг ажлуудаа амжуулахыг хичээдэг. Асуудалтай байж мэдэхүйц тоон үзүүлэлт борлуулалтын тайлангаас харагдвал нарийвчилсан тайланг авч нягталдаг. Тоон мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргахыг хичээдэг болохоор тайланг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх нь нэн чухал. Өдөр тутмын ажлуудаас гадна бодлогын түвшний ажлуудаа төлөвлөх, хянахад цаг зарцуулж, багуудад ямар дэмжлэг, хөшүүрэг хэрэгтэй байгааг тодорхой болгоод календарьтаа оруулчихвал марталгүй, ажил хэрэг болгоод явахад амар байдаг. Ингээд эцэст нь 19-20 цагийн хооронд ажил тарж, маргаашийн ажлын төлөвлөгөөгөө ерөнхийд нь харчхаад, өдрийг дуусгадаг.
3. Таны ажлын нөү-хау?
Бизнес төлөвлөлтийн албаны дарга Г.Жавзандулам
Бид зах зээл дэх эзлэмжээ нэмэгдүүлэх замаар алсын зорилгодоо хүрэх зорилт тавьж, 2020 оноос хойш идэвхтэй тэлэлтийн бодлого баримталж байна.
Аливаа бизнесийн байгууллага стратеги, төлөвлөлтгүйгээр амжилтад хүрэх боломжгүй. Тэр ч утгаараа сайн төлөвлөлт бол ажлын тэн хагастай дүйцэхүйц үнэ цэнтэй байдаг.
Миний ажлын арга барил бол бүх алба, нэгжийг нэг зорилго дор нэгтгэж, байгууллагын зорилго болон багийн гишүүдийн урам зоригийг тэнцвэртэйгээр уялдуулан ажиллах явдал юм.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд?
Маркетингийн албаны ахлах менежер Г.Золбоо
Өдөр тутмын ажилдаа дижитал хэрэгслүүдийг түлхүү ашиглаж, үр ашигтай, уялдаа холбоотой ажиллахыг зорьдог. Тухайлбал, компанийн дотоод харилцаа холбоонд Microsoft Teams, цахим шуудангийн харилцаанд Outlook ашигладаг бол мэдээлэл хайх, судалгаа хийхдээ ChatGPT зэрэг хэрэгслүүдийг түлхүү ашиглаж байна.
Ташрамд дурдахад, бид М-Март Max Point аппийн хөгжүүлэлт, хэрэглэгчийн үнэнч байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд уг аппийг өнгөрөгч тавдугаар сард зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Хэрэглэгчид энэхүү аппаар дамжуулан худалдан авалт бүрээсээ 3% max point оноо цуглуулах боломжтой. Цаашид хэрэглэгчид М-Мартын “дижитал дэлгүүр”-ээр үйлчлүүлж, хүссэн бараа бүтээгдэхүүнээ нэг дороос, найдвартай, хялбар байдлаар сагслах боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хөгжүүлэлтүүд маань ирэх оноос үе шаттайгаар хэрэглээнд нэвтрээд эхэлнэ.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Үйл ажиллагаа, стандарт хариуцсан албаны дарга М.Ууганцэцэг
Цаг хэмнэх хамгийн сайн арга бол төлөвлөх. Энэ арга нь хувь, хувьсгалын бүхий л үйл хэрэг дээр ажилладаг. Миний хувьд ажлаа төлөвлөхдөө чухлын дарааллаар нь эрэмбэлдэг.
М-Март сүлжээ дэлгүүрийн 34 салбарын 600 гаруй ажилтныг нэгэн зэрэг, нэгдсэн мэдээллээр хангахад цаг хугацаа маш чухал учраас бид технологийн давуу талыг ашиглахаас гадна хамтын ажиллагаа, харилцаа холбоог чухалчилдаг. Тэр дундаа шинэ ажилтнуудад зориулсан стандарт бүхий гарын авлагатай байснаар цаг, хөдөлмөр, хөрөнгө хэмнэнэ.
Удирдах түвшний ажилтны хувьд ажлын ихэнх харилцаа цахим шуудангаар хөвөрдөг шүү дээ. Иймд би цахим шуудандаа ⅖ аргыг ашигладаг. Үүнийг тайлбарлавал, нэг цахим шуудан бичихэд дээд тал нь хоёр минут зарцуулна, бас нэг цахим шууданд тав хүртэлх агуулга л багтаана гэсэн дүрэм юм.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Гүйцэтгэх захирал П.Тодрол
Манай байгууллага OGSM төлөвлөлтийн дагуу жилийн зорилт, гүйцэтгэл, хэмжилт, сайжруулалтаа хийдэг болоод долоон жил болж байна. Энэ нь бидэнд ажлаа том зургаар нь харах, ажилтан тус бүрийн гүйцэтгэл компанийн нэгдсэн зорилгод хэрхэн нөлөөлж буй зэргийг ойлгоход дөхөм болдог гэж боддог. Мэдээж алба, нэгж, хэлтсүүд нэгдсэн зорилгоосоо салбарласан үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг гаргаж, түүнийгээ биелүүлэхээр зорьж ажиллана. Ковидоос хойш тодорхойгүй нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүдэд уян хатан хандах шаардлага үүсэж байгаа тул төлөвлөгөөг өөрчлөх, нөөц төлөвлөлтөд шилжих гэх мэт сорилтуудтай өдөр бүр нүүр тулж байгаа ч хамт олноороо өдрөөс өдөрт суралцсаар л байна.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Ерөнхий нягтлан бодогч Д.Болортуяа
Худалдааны салбарын онцлогийг ойлгодог хүний хувьд дэлгүүр орж, бүтээгдэхүүнүүдийн үнэ, байршуулалт, үйлчилгээний чанарыг ажиглах дуртай. Энэ нь надад шинэ санаа өгдгөөс гадна ажлын дараах стрессийг тайлах, бодлоо цэгцлэх нэг төрлийн арга болдог. Иймэрхүү ажиглалт, орчны өөрчлөлт нь миний эрч хүчийг сэлбэж, дахин урам зоригтойгоор ажилдаа орох хүч өгдөг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил тань юу вэ?
Мэдээлэл технологийн албаны ахлах менежер Ч.Алтанчимэг
М-Март үндэсний сүлжээ дэлгүүр нь системийн хувьд сайжруулалтын томоохон ажлуудыг эхлүүлээд явж байна. Үүний нэг жишээ нь худалдааны системээ дотоодын компаниар хөгжүүлүүлэх томоохон төсөл гурван үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд эхний шатанд энэ ондоо багтан хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн болон хэцүү бэрхшээлтэй талууд?
Харилцагч, хамтын ажиллагааны албаны дарга Ю.Баярмаа
Энэ салбарт ажиллахын онцлог нь хэрэглэгч болон зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хурдан шуурхай мэдэрч, цаг үетэйгээ нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл тун соргог, эрэл хайгуулч байх хэрэгтэй болдог.
Манай дэлгүүрт өдөр бүр 15,000 орчим билл үүсдэг бөгөөд 23,000-25,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэдэг. Энэ том датан дээр дүн шинжилгээ хийж, зах зээлд трэнд болж буй бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн “шуурга” хааш чиглэж буйг мэдэхийн тулд бид чадварлаг дата аналист байх шаардлагатай. Мөн нийгмийн сүлжээ, бусад сүлжээ дэлгүүрүүд, цаашлаад олон улсын экспо, судалгааны тусламжтайгаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ.
М-Март дэлгүүр маань энэ онд багагүй тэлж, Улаанбаатар даяар 34 салбартай болоод байна. Тэр чинээгээр харилцагч, хэрэглэгчидтэй тасралтгүй, шуурхай харилцаа холбоотой ажиллах ёстой болдог нь нэг талаараа сорилт. Үүнийг шийдэхийн тулд бид зах зээлийн оролцогч талуудыг харилцаа холбоо, хамтын ажиллагаагаар хангахад туслах системийг хөгжүүлж байна.
10. Танай байгууллага одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Харилцагч, хамтын ажиллагааны албаны дарга Ю.Баярмаа
Он гарснаас хойш бид есөн салбар дэлгүүрийг нээсэн байна. Хэрэглэгчид гэр ахуй, бичиг хэргийн бүтээгдэхүүн авахдаа заавал төрөлжсөн дэлгүүрийг зорьдог байсан бол М-Март дэлгүүр маань салбар тэлэлт хийснээр илүү олон хэрэглэгчийг бүхий л хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ дэргэдээсээ авах боломжоор хангаж байна. Мөн бид өөрсдийн гэсэн “М Select” гэх брэндтэй болсон. Энэ брэнд нь дотоодын бэлтгэн нийлүүлэгч компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлэн нийлүүлэх замаар дэмжиж, хамтран ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд манай дэлгүүр урамшуулал зарладгийг хэрэглэгчид хэдийн мэддэг болсон байна. Энэ нь ч бидний ялгарал гэж хардаг. Ташрамд дурдахад, энэ сарын 17-21-ний хооронд бид М-Мартын долоон насны төрсөн өдрийг хэрэглэгч нартайгаа хамт тэмдэглэхээр төлөвлөөд буй. Үүний хүрээнд бүх салбар дэлгүүрээр урамшуулал, бэлэгтэй худалдаа явуулах юм.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?
Маркетингийн албаны дарга Б.Энхбаясгалан
Ажлын онцлогоос шалтгаалаад өдөр бүр дор хаяж 30 минутыг шинэ мэдээ, мэдээлэлтэй танилцах, зах зээлийн трэндийн талаар судлахад зориулдаг. Мөн бусад компанийн туршлага, шинэ санаа, чиг хандлагыг ажигласнаар ажилдаа шинэ санаачилга, арга барил нэвтрүүлэхэд тустай.
Манай компанид хэрэгжиж буй Leadership development хөтөлбөрийн хүрээнд салбарын болон бусад салбарын манлайлагчдаас туршлага, мэдлэг хуримтлуулж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг зорьж байна. Энэ хөтөлбөр нь зөвхөн ажлын бус хувийн хөгжилд ч эерэгээр нөлөөлдөг.
12. Санал болгох ном, кино, хөгжим?
Гүйцэтгэх захирал П.Тодрол
Юун түрүүнд “The Founder” киног нэрлэе. Энэхүү кино нь зөвхөн түргэн хоолны брэндийн тухай бус амжилтын үнэ цэн, өрсөлдөөний хатуу бодит байдлыг харуулсан урам зориг өгөхүйц бас сургамжтай түүх өгүүлсэн кино.
Мөн “Glengarry Glen Ross”-ийг санал болгоё. Энэ киноны үйл явдал Чикагод байрлах үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын оффист өрнөх ба тэндхийн борлуулагчид өдрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө хүнд дарамт дор ажилладаг. Нэг өдөр компанийн удирдлагууд “Хоёрхон хүн л үлдэнэ. Бусад нь ажлаасаа халагдана” гэдгийг зарлахад борлуулагчдын дунд ямар ч хамаагүй аргаар амьд үлдэх гэсэн жинхэнэ тэмцэл өрнөж эхэлнэ. Зарим нь шударгаар зүтгэхийг оролддог бол зарим нь хуурах, луйвар хийх, итгэл эвдэхээс буцахгүй болдог.
YouTube дээрх “Бага тойрог” суваг надад их таалагддаг. Сонирхоод үзвэл үнэхээр сэтгэлд хүрсэн, чанартай хөгжим, бодит яриа, уур амьсгал мэдрэгдэнэ шүү.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Үйл ажиллагааны албаны ахлах менежер Г.Батцэцэг
Макс группийн Д.Цэрэнжигмэд Ерөнхий захирлын гэргий Д.Эрдэнэчимэг захирлаас авсан зөвлөгөө ажлын байран дээр хамгийн их хэрэг болсон гэж боддог. 2009 онд би энэ ажилдаа ороод хоёрхон сар болсон, шинэхэн менежер байлаа. Тухайн үед ажиллаад л байгаа хэрнээ үр дүн гардаггүй, нэг л их гүйсэн менежер байж билээ. Тэр үед Эрдэнэчимэг захирал салбар тойрч явахдаа “Асуудал зөндөө байдаг. Эхлээд ажилдаа сэтгэлээ зориул, дараа нь ажлаа төлөвлө. Төлөвлөснийхөө дагуу ажиллаад эхлэхээр аяндаа нүд чинь нээгдээд салбарынхаа таазнаас шал хүртэл бүх зүйлийг хардаг болно” гэж хэлсэн юм.
14. Бусдад шидэх санаа?
Дэлгүүр хөгжүүлэлтийн албаны ахлах Э.Санчир
2019 оноос Монголд орж ирсэн Солонгосын франчайзууд болох CU, GS25 дэлгүүрүүдийн нөү-хаугаас байршлын сонголт их чухал байгааг харж болно. Хамгийн түрүүнд байршлаа оновчтой сонгоод дараа нь систем хөгжүүлэлт, үйл ажиллагаагаа сайжруулах зэрэг бизнесийн алхмуудаа үе шаттайгаар хийдэг. Хүн ам ихтэй, үсрэнгүй хөгжилтэй Азийн орнуудын дэлгүүрүүд байршлын хувьд зорьж очихуйц хол зайтай бус, харин ч төв зам дагуу, хүмүүсийн урсгал дунд байршсан байдгаараа онцлогтой.
Гэтэл монгол компаниуд ихэвчлэн санхүүгийн тооцоолол гаргаад, хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд өдөрт олох ёстой орлогынхоо хэмжээг тодорхойлоод түүнийхээ төлөө ажилладаг. Уг нь эхлээд байршлын судалгаа хийх, орчноо таньж мэдэх, хэрэглэгчдийн зан төлвийн судлах, урсгалаа тооцоолох ажлуудыг хийх юм бол ашиг, зардал, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зэрэг тоон утгуудыг бодитоор гаргах боломжтой.