Сэтгүүл зүйн салбарын хөгжилд хөл нийлүүлэн, бүтээлчээр ажиллаж буй "Гэрэг" сэтгүүлийн хамт олон 2020 оноос дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг "The New York Times"-тай хамтран ажиллаж, олон улсад танигдсан "Turning Points" тусгай дугаарыг уншигчдадаа хүргэсээр буй билээ. Тэд ирэх долоо хоногт гурав дахь дугаараа гаргах гэж буйг тохиолдуулан шинэ дугаарыг онцолъё.
Turning points гэж юу вэ?
“Гэрэг” сэтгүүл АНУ-ын 171 жилийн түүхтэй “Нью-Йорк Таймс” сонины Монгол дахь хамтрагчаар гурав дахь жилдээ ажиллаж буй. Тэд 2020 оны хоёрдугаар сард жилд нэг удаа буюу он солигдох мөчид ирэх жилийн дэлхий дахины гол үйл явдлууд болон салбар бүрээс онцлох мэдээ мэдээллийг бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн авторуудын нийтлэлийг хүргэснээрээ сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Ган үзэг” наадмаас “Оны шилдэг сэтгүүл” шагнал хүртсэн билээ.

Онцлох сэдвүүд
"Turning Points" сэтгүүл нь өнгөрсөн он болон ирэх оны заагт уншигчдад хүрдэг нь зөвхөн нэг оныг хамарсан үйл явдлуудыг онцолж буй хэрэг биш юм. Хүн төрөлхтний шийдэгдээгүй он дамнаж буй асуудлуудыг хөндөж, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын өргөн сэдвүүдийг өгүүлнэ.
Мөн өнгөрсөн оны чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж, дэлхий дахин, хүн төрөлхтний хувьд анх удаа болсон онцлох явдлууд, мэдээллийн урсгалд мартагдсан зарим нэг хөндөх ёстой сэдвүүдийг онцолдгоороо дэлхий нийтээр хүлээн догдолж уншдаг сэтгүүл болжээ.
Шинэ дугаараас бид юуг хүлээх вэ?
Дэлхийд танигдсан нэр хүндтэй уран бүтээлч, сэтгэгчид, шүүмжлэгчид болон олон улсын авторууд улирч буй оноо дүгнэж, ирэх жилийг хэрхэн төсөөлж буй дүр зургийг өөрсдийн өнцөг, үзэл бодлоор илэрхийлдэг "Turning Points" сэтгүүл энэ оны дугаартаа "Хүн яагаад түүх өгүүлдэг вэ?" гэх асуултыг жанжин шугамаа болгожээ. Уг асуултад уран зохиол, үзүүлэх урлаг, шинжлэх ухаан зэрэг салбарын төлөөллүүд өгүүлэхүйн зорилго, амин чухал чанарын талаар үнэ цэнтэй хариултуудаа хуваалцсан юм. Онцлох зочдыг дурдваас, комедиан Наоми Ватанабе болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд шүлэг уншсан Аманда Горманыг нэрлэж болно.
Харин манай дотоодын редакцын зүгээс эхний болоод эцсийн гэсэн тодотголтой энэ оны онцлох үйл явдлуудын хураангуйг танилцуулсан нь 2022 он бидний хувьд хэрхэн өнгөрснийг товч бөгөөд тодорхой сануулжээ. Тухайлбал, “Чингис бонд”-ын өрийг төлж барагдуулсан, Spotify стриминг үйлчилгээ Монголд албан ёсоор нэвтэрсэн, иргэний үнэмлэхээс регистрийн дугаар, гэрийн хаягийн мэдээллийг хассан зэрэг олон сонирхолтой, оны онцлохуудыг багтаасан.
Түүнээс гадна Мобиком Корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима, ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд, МУГЖ, балетчин Д.Алтанхуяг тэргүүтэй салбар салбарын эрхмүүдийн ярилцлагыг уншиж болно.
Хэрэв та улиран одож буй 2022 онд дэлхий ертөнц хийгээд эх орондоо болж өрнөсөн онцлох үйл явдлыг нэхэн санаж, онцгой дүрүүдийн түүхээс сонордохыг хүсвэл энэ оны сэтгүүлийг тэсэн ядан хүлээх хэрэгтэй болж буй.
Сэтгүүлийг доорх QR холбооcoop орж, хямдралтай үнээр урьдчилан захиалж, хүргүүлэн аваарай.


Сэтгэгдэл бичих

