Өчигдөр буюу аравдугаар сарын 17-нд Монголын киночдын хувьд онцгой өдөр тохиолоо. Тодруулбал, 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам эхэлж, 20 орчим улсын 22 кино бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож эхэллээ. Наадмын нээлтийн арга хэмжээний үеэр Хангарьд монгол киноны уралдаанд болж өнгөрсөн бөгөөд энэ жил мөн л цар хүрээгээ тэлж, 11 төрөлд шагналт байруудыг тодруулжээ. 

Энэхүү наадмын цар хүрээ жил ирэх тусам тэлж, энэ жилийн хувьд баримтат киноны хэсэг албан ёсоор нэмэгдэв. Мөн өнгөрсөн жилүүдээс илүү олон кино театрт буюу Тэнгис, Өргөө III, Гэгээнтэн кино театруудад наадмын үзвэрүүд гарах юм.

Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгарсан “Сэр сэр салхи” кино нь энэхүү наадмыг нээж, үзэгчдийн хүртээл болсон бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналыг хүртсэн баяртай мэдээг дуулгаад байгаа билээ.


Дөрөв дэх жилдээ XX зууны сор болсон бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байгаа ба энэ жил 1963 онд Б.Жамсран найруулагчийн бүтээсэн “Аман хуур” киног англи хадмалтайгаар өргөн дэлгэцээр хүргэхээр болжээ.

Наадмын хүрээнд кино үзвэрээс гадна кино уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форумыг аравдугаар сарын 17-нд, “Авдраа уудал” дууны найруулгын сургалтыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

“Сэр сэр салхи” киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл 

Миний хувьд өнгөрсөн жил ЕБС-аа төгссөн бөгөөд цаашдаа жүжигчний мэргэжлээр суралцаж, дэлгэцийн олон уран бүтээл дээр ажиллахыг зорьж байна. Уг кинонд тоглох завшаан ч кинонд зураглаачаар явж байх үеэр тохиосон. Молко ОАУСК-ны продюсер, П.Лхагвадулам найруулагч шинэ киноныхоо гол дүрийг хайж байгаа талаар надад хэлснээр би шалгаруулалтад оролцсон юм. Миний тоглосон дүрийг хоёр жил хайсан ч ерөөс олдоогүй байж байгаад хамгийн сүүлд би шалгаруулалтад оролцсоноор энэхүү дүрд тэнцсэн.


“Баавгай болохсон” киноны Ерөнхий найруулагч П.Золжаргал 

Энэхүү кино миний анхны бүрэн хэмжээний кино бөгөөд 15 настай, физикийн гоц авъяастай хүүгийн тухай өгүүлдэг. Тэрээр улсын олимпиадад түрүүлэх мөрөөдөлтэй боловч түүний гэр бүлийн хүндхэн амьдралтай.

2016, 2017 оны үед утааны эсрэг жагсаал, цуглаан ид өрнөж байсан юм. Тухайн үед хүмүүс утаагаар биш ядуурлаар амьсгалаад байгаагаа огт ойлгохгүй байгаа мэт санагдсан. Учир нь асар олон хүмүүс утааны асуудлаас болж гэр хорооллын хүмүүсийг буруутгах, гадуурхах хандлага гаргаж байсан нь намайг их эмзэглүүлсэн юм. Тиймээс би 15 настай хүүгийн амьдралаар “Хэн ч бусдыг хордуулах гэж нүүрс түлдэггүй, амьдралын боломжгүй болохоороо л нүүрс түлж байгаа хэрэг. Энэ ядуурлыг арилгах хамгийн хурдан бөгөөд сайн арга бол сайн боловсрол хүүхдүүдэд олгох явдал юм. Гэвч хүүхдүүд сайн боловсролыг тэгш хүртээмжтэйгээр эзэмшиж чадахгүй байна” гэдэг санааг нийгэмд хэлэхийг зорьсон.

Кино наадмуудад оролцох үед монголын кино урлагийг өмнөх үеийн кино найруулагч, уран бүтээлчдээр дүгнэдэг цаг ард хоцорч, шинэ залуу найруулагчид төрөн гарч, эх орныхоо талаар өөр өөр түүхийг өгүүлж байгаа нь мэдрэгддэг.


Наадамд оролцогч Т.АНУДАРЬ

Багаасаа кино үзэж, дэлгэцийн уран бүтээлээр хүмүүжиж өссөн учраас кино урлаг миний амьдралд маш том байр суурийг эзэлдэг.

Энэ удаагийн нээлтийн уран бүтээл болох “Сэр сэр салхи” кино хамгийн их сонирхол татаж байна. Венецийн кино наадмаас шагнал авахаас нь ч өмнө хийц, зураг авалт, найруулгын хувьд тун сонирхолтой санагдаж байсан.

Гурван жил уг наадамд оролцож байгаагийн хувьд жил ирэх тусам киноны сонголтууд улам сайжирч байгаа санагддаг. Олон улсын наадмуудаас шагнал авах хэмжээний шинэ найруулагч нар гарч ирж байгаа гэдэг утгаараа үзэгчийн хувьд маш их баяртай байна.


Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл 

Монголын урлагийн зөвлөл нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой байгууллага учир Улаанбаатар кино наадмыг 2008 оноос эхлэн зохион байгуулж байна. Эхний жилүүдэд зөвхөн монгол кинонуудыг үзэгчдийн хүртээл болгодог, монгол киночдод зориулсан наадам байсан. Харин урлагийн зөвлөл уг наадмаа 10 жилийн өмнөөс эхлэн олон улсын шинжтэй болгож, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж байна.

Бидний зүгээс зөв менежмент, бодлогын хүрээнд кино наадмаа зохион байгуулж, монгол кинонуудаа олон улсад таниулж, улмаар монгол уран бүтээлчдийнхээ чадамжийг дээшлүүлэхийн тулд кино наадмаа улам баяжуулж чадвал олон арван жилийн түүхтэй Канн, Венецийн наадмуудаас дутахгүй амжилтыг 10 жилийн дотор гаргаж чадна гэж итгэдэг.

Олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагчийн хувьд Каннын кино наадамд оролцохдоо энэхүү бүтээлүүдийн ихэнхийг нь үзсэн. Миний хувьд сэтгэлд хамгийн их хоногшсон кино бол “Four daughters” буюу “Эгч дүү дөрвөл”. Энэ нь баримтат кино боловч бүрэн хэмжээний уран сайхны кинонуудтай нэг төрөлд өрсөлдсөн. Үүнээс үзэхэд олон улсын кино наадмууд нь жанрын хувьд холимог болж эхэлж байна. Хийц болон найруулагчийн шийдлээс хамааран ямар ч жанрын кино аль ч төрөлд өрсөлдөх боломжтой болж байгаа нь олзуурхууштай.


"Улаанбаатар" олон улсын кино наадмын дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаас аваарай.

Ulaanbaatar International Film Festival-UBIFF (фэйсбүүк)
ubiff.mn (вебсайт)