Борооны дараах солонго, болзоотой өдрийн догдлол, хүйтэн өдрийн халуун кофе, хайрласан нэгний чанга тэврэлт… амьдралаас мэдэрч болох эгэл сайхан бүхнийг төсөөлөхүйеэ суухуйд энэ газар ихээхэн зохицно. Энд өхөөрдөм хос тоть шувууд шулганаж, өнгө өнгийн зүстэй загаснууд усан оргилуур тойрон сүлжилдэж, нарийн боовны анхилам үнэр хамар цоргино. Жилийн дөрвөн улирлын хэдийд ч цэвэр агаар амьсгалж, амьд ногоон ургамал мэдрэхийн зэрэгцээ амтлаг кофег таашаан уух боломжийг бидний эчнээ танил Ulaanbaatar Coffee Culture-ийн хамт олон цогцлоожээ.

Хүүхэд, хүн төвт концепцийн илэрхийлэл Sky Garden хотхоны онцгой ялгарал нь Монголдоо анхны гэгдэх бичил цэцэрлэгт хүрээлэн. Олон улсад албан ёсоор Winter garden буюу Өвлийн цэцэрлэг хэмээн нэрлэдэг уг онцгой орчин зуныг угтан нээлтээ хийхтэй зэрэгцэн Ulaanbaatar coffee shop шинэхэн салбараа нээснээр хотхоны оршин суугчид төдийгүй үнэнч үйлчлүүлэгчдийн зорин ирэх дуртай газар болжээ. Сэтгэл сэргээж, мэдрэмж хөглөх Ulaanbaatar coffee shop-ийн шинэхэн салбартай танилцсанаа хуваалцъя.


Эртэч соёл

Нар мандахыг харах, тухлан сууж цайгаа уух, хүн багатай сэлүүхэн орчинд өөртэйгөө ярилцах гээд л зөвхөн өглөө эрт мэдэрч болох сайхан мэдрэмжүүд олон. Ulaanbaatar coffee shop анхлан нээгдсэн цагаасаа эхлэн их хотын залуустаа эртэч соёлыг нэвтрүүлэхээр зорьж ажлын өдөр 6:00 цагт, амралтын өдөр 7:00 цагт үүдээ нээдэг уламжлалтай. Харин энэхүү шинэ салбар өглөө 8:00 цагт онгойдог.

Эртэч үйлчлүүлэгч нарт зориулсан өег, хөнгөн өглөөний цайны багцыг онцлууштай. Учир нь өглөөний цайг тогтмол ууснаар хүний биеийн бодисын солилцоо эрчимжиж, цусан дах сахрын хэмжээ тогтворжин ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл нэмэгддэг олон сайн талтай. Смүти, шейк, боул зэрэг амтат уух зүйлсээ хөлдөөсөн жимс ашиглан органикаар нь бэлтгэдэг нь үйлчлүүлэгчдэд тун их таалагддаг аж. Найрсаг баристагийн санал болгосон Ginger Lemon Tea нь зөгийн балын чихэрлэг амтыг нимбэг болон гааны сэнгэнэсэн амттай гойд хослуулсан тул уух тусам сэрүүн мэдрэмж төрүүлж байв.


Улаанбаатарын онцгой амт

Бид өтгөн, хар, сүүтэй, чихэрлэг гээд л кофены олон төрлийн амт, үнэрийн тухай мэддэг боловч үр, сорт нь мөн адил олон төрөл байдгийг тэр бүр мэддэггүй. Кофены үр нь хэмжээ, хэлбэр, бүс нутгийн ургацын чанар, хууралтаасаа хамаарч онцлог, ялгаатай байдаг учир амтлах мэдрэхүйд өөр өөр амт үлдээдэг шидтэй.

"Улаанбаатарчууд" эспрессо төрлийн кофенд хамгийн тохиромжтой хэмээн Гватемал Хуэхуетенанго сортыг дундаж хууралтаар хуурч зөөлөн атлаа бага зэргийн исгэлэн, час хийсэн өвөрмөц амтыг гаргажээ. Өдгөө тэд олон улсад 80 ба түүнээс дээш үнэлгээтэй өндөр зэрэглэлийн 11 нэр төрлийн үрийг импортолдог бөгөөд кофегоо Монголдоо цор ганц байх Голландын GIESEN W15A машинаар хуурч, савлан худалдаалдаг гэдгээрээ онцлогтой. Сонирхуулахад, та бидний өдөр бүр өргөнөөр үйлчлүүлдэг GS25 сүлжээ дэлгүүр тэдний үрийг хэрэглэдэг гэнэ.

Гарт минь буй аяга кофе далайн түвшнээс 1200 метрийн өндөрлөгт Андын нуруудын эрдэс чулуулаг, галт уулын гаралтай үржил шимт бэлд цельсийн 20 хэмд ургаж, Номхон далайн өмнөд, умардын сэвшээ салхинд илбүүлэн Колумбын тариалангийн талбайгаас 14 мянган км туулан ирсэн гэдгийг төсөөлөхүйд улам ч амттай санагдана.


Хотхон дундах салбар учир амралтын өдрүүдэд гэр бүлүүд олноор ирээд эцэг эхчүүд нь тухлан сууж, хүүхдүүд нь тоглож, оюутан, сурагчид нь хичээлээ хийдэг. Өглөө эртлэн зорин ирээд надтай зэрэгцээд ордог үйлчлүүлэгчид ч бий. Тэднийг цэлгэр, саруул, тухтай орчинд, цэвэр агаар, байгалийн сайхныг таашааж жинхэнэ кофены амтыг мэдрээсэй гэж хүсдэг.

Бариста А.Цэрэнпунцаг

Энгийн, ухаалаг, эко хэрэглээ 

Үйлчилгээний газруудын хувьд нэг удаагийн хэрэглээний хог хаягдал тун ярвигтай асуудал байдаг. Энэхүү кофе шоп бол цаасан баримт хэвлэдэггүй анхны кофе шоп. Мөн хэрэглээний зөв дадлыг хэвшүүлэхийн тулд дахин боловсруулдаг хуванцар аяга, тагийг ашиглаж эхэлсэн нь эх дэлхийдээ ээлтэй бизнес бүтээх нэгэн алхам ажээ. Зорин ирсэн хүн бүрд тэгш хүртээмжтэй үйлчлэхийн дотоод үйлчилгээгээ автоматжуулж буй бөгөөд одоогоор гар утасны аппаар дамжуулан кофены үр захиалан худалдан авах ба тун удахгүй тэрхүү аппаар уух зүйлсийн захиалга авч, урамшууллын оноотой болохоор ажиллаж байгаа гэнэ.