Өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хот нийгмийн эерэг болоод бодит өөрчлөлт, мэдлэг мэдээллээр амьсгалав. Учир нь жил бүр зохион байгуулагддаг Update арга хэмжээ цар хүрээгээ тэлж фестиваль болон өргөжиж энэ сарын 24-25-ны өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Шинэ дугаартаа уг фестивалийн онцлог ялгарал, гол хөтөлбөр, илтгэгчид болон байгальд ээлтэй, хүн бүрд хүртээмжтэйгээр зохион байгуулагдсаныг тоймлон хүргэе.


Онцлогийг тоогоор илэрхийлбэл

  • Хоёр өдрийн турш 15 мянган хүн оролцсоноос 80 гаруй хувь нь 18-23 насны залуус байв.
  • Тайзны илтгэл хэлэлцүүлгүүд хоёр өдрийн турш дохионы хэл дээр Монгол орон даяар телевиз болон сошиал сувгуудаар шууд дамжуулагдав.
  • Нийтдээ 84.1кг хог хаягдал гарсны 71 хувь нь дахин боловсруулагдах хог хаягдал байв.
  • Олон сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг олгосон “Activity Zone” нарны сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж, өөрсдийн аягатай ирсэн хүн бүр хоёр усны цэгт 302.4 литр цэвэр ус ууж, цангаагаа тайлав.
  • 30 гаруй салбарын экспертүүд өөрсдийн мэдлэг, туршлага, түүхээ залуустай хуваалцав.
  • Арга хэмжээнд нийт 70 гаруй сайн дурын гишүүд оролцсоны 10 нь сонсголын бэрхшээлтэй залуус байсан бөгөөд хүрэлцэн ирсэн сонсголын бэрхшээлтэй залуусаа чиглүүлэн ажиллав.
  • Дэлхийн дунджаас 176 дахин бага: Дэлхий дахинд дундаж фестиваль /конференс-д оролцож буй нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хий 176 кг байдаг бол Update фестивалд 1кг байсан юм.

Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгохоор 50 гаруй байгууллагууд фестивальд нэгдэж боловсрол, байгаль орчин, технологи инновацаар дамжуулан UPDATE хийхийг зорьлоо.


COMPASS COMMUNITY CARD

Залуус өөрсдийгөө илэрхийлж, шинэ боломж, шинэ хүрээллийг бий болгох зорилгоор Богд банк, ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран хөгжүүлсэн “Compass Community Card”-ийг танилцуулж, урьдчилсан захиалга авсан юм.

УРГАМАЛ ТАРЬЖ, АРГАЛААР ЦААС ХИЙЖ СУРАХ НЬ

Эх дэлхийдээ хайртай хүн бүрд зориулан ургамал тарих, аргал болон хуучин хувцсаар цаас хийх сургалт орж, виртуал хувцас Монголдоо урлах hyb0rg брэндийн хувцаснуудыг өмсөж мэдрэх боломжийг олдсон нь онцлох явдал байв. Ногоон орчин, байгальд хайртай залуус цуглан олон сонирхолтой воркшопд оролцож байлаа.

ШИНЖЛЭХ УХААНААР UPDATE ХИЙХ НЬ

Халуун өдрийг мөстэй кофе, lemonade-ээр сэрүүцүүлэгч газар бол Science cafe асар байв. Кафе болон гэртээ туршъя асраар шинжлэх ухааны олон сонирхолтой туршилтуудыг сонирхож үзэх боломжтой байв.

БОЛОВСРОЛДОО UPDATE ХИЙХ НЬ

Оролцогчид Харри Поттерийн хослол өмсөн код бичиж, канвас дээр зураг зурж сурангаа “Үггүй Дуу” номын нээлтэд оролцож, бүүр болоогүй Ондо 50GB датаг 5000₮-өөр авах онцгой олон боломжуудыг хүртсэн юм.

“Би өөртөө Update хийх гэж 1500 км зам туулж ирсэн. Магадгүй үүнийг уншиж буй хүмүүс итгэхгүй л байх. Энгийн нэгэн фестиваль хэдий ч хоёр өдрийн дотор би өөрийгөө голж мөн өөрөөсөө ичлээ. Орчин цагтаа хөл нийлэн алхаж байна гэж бодтол харамсалтай нь үгүй байжээ гэдгийг энд ирээд мэдэрлээ. Хийж бүтээсэн зүйлтэй, амжилттай яваа хүмүүсийг сонсож, тэдэнтэй ярилцсан нь намайг нийгэмдээ ээлтэй, жижиг зүйлийг ч боломж болгож хардаг күүл нэгэн болгон өөрчиллөө”

Оролцогч Анужин

Хөгжил гэдэг нэгдлээс эхэлдэг. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан зөвхөн өөртөө шинэчлэлт хийхээс гадна нийгэмд миний хувь нэмрээ оруулах салбар хаана байна гэдгийг олж харах хэрэгтэй гэдгийг илтгэгчид онцолж байлаа. Зааланд суугаад илтгэл сонсдог биш, зүлгэн дээр кофе уунгаа утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх орчин бүрдүүлсэн арга хэмжээний онцлох эшлэлүүдийг хүргэе.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах