Залуусын эрч хүч, шинийг мэдэх, суралцах хүслийг нь бадраасан “Z networking conference” энэ сарын 19-нд болж өнгөрлөө. ЦойлогсоZ" багаас хоёр дахь удаагаа зохион байгуулсан “It’s not an event, it’s networking conference” уриатай энэхүү арга хэмжээнд сурч мэдэх, шинэ орчинд орж, танилын хүрээгээ тэлэх, манлайлал болсон эрхмүүдийн илтгэлийг сонсох хүсэлтэй 700 орчим залуус цугларсан юм. 


“Youth identity” гэж юу вэ?

“Z networking conference” нь “Youth identity” буюу арга хэмжээнд оролцохоор ирсэн залууст өөрсдийгөө ойлгох, нээх, бүтээхэд нь туслах зорилготой залуу үеийнхэнд зориулсан цугларалт юм.

Арга хэмжээний эхний илтгэгчээр MMCG судалгааны компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ “National identity” сэдвийг онцолж, улс орны ялгарал, үндэсний ондоошлын тухай хуваалцсан юм.

Мөн Гриффитийн их сургуулийн энтрепренершип, инновацын салбарын доктор, профессор, "ЦойлогсоZ" төслийн зөвлөх багш Г.Батхуяг “Youth identity” сэдэвтэй холбоотой ойлголтуудыг тайлбарласан.



“Харах өнцгөө өөрчил”

Тэгвэл арга хэмжээний хоёрдугаар хэсэгт Нийгмийн даатгал дуудлагын төвийн ажилтан, комедиан Т.Ариун-Эрдэнэ оролцож, “Харах өнцгөөрчил” илтгэлээ танилцуулсан юм. Тэрээр өөрийн харааны онцлогийг бэрхшээл гэхээс илүү "бусдаас онцлог байдал" хэмээн хүлээн авдаг тухайгаа ярьж, өөрийн түүхээ хуваалцсан юм.

“Z networking conference”-д хүрэлцэн ирсэн нийт оролцогчдын 15 хувь нь тусгай хэрэгцээт иргэд байсан учраас ариун цэврийн өрөөний ойр орчим усны чимээ, гарах хаалганы ойролцоо салхины чимээ зэргийг тавьсан аж. Мөн баруун талын дэлгэц дээрээс бүх илтгэлийг дохионы хэлмэрчтэй харах боломжтой байсан нь тэгш, хүртээмжтэй байдлыг хангах үлгэр жишээ арга хэмжээ болжээ.



"Harvard Manage Mentor" НЭТВОРКИНГ танилцуулга СУРГАЛТ

Олон улсын Бизнесийн нэтворкинг нэгдэл “BNI SILKROAD” салбарын ерөнхийлөгч, хувь хүний хөгжил, гоо зүйн багш, докторант Х.Бадамгэрэл нь "Harvard Manage Mentor"-ийн албан ёсны батламжтай нэтворк амжилттай хийх танилцуулга сургалт орсон юм.

Тэрээр "Бид өнгөрсөн зуунд танил хүрээгээ тэлэхийн ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй байжээ. Орчин цагт Z үеийнхэн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа учраас нэтворк хийх илүү хялбар болсон" хэмээсэн юм. Мөн “Гоо сайхан бол түр зуурынх. Харин тархинд байх эрдэм, зүрхэнд байх чин сэтгэл мөнхөд оршин байх боломжтой” хэмээн илтгэлээ дуусгасан юм.

Сонирхолтой тоонууд

Илтгэгч бүрийн илтгэлээс онцлох тоо баримтуудыг дурдвал:

  • Д.Бум-Эрдэнэ "National identity" илтгэл: Монгол Улсын иргэдийн 33 хувь нь өв соёл, ёс заншлыг үндэстэн нэгтгэх зүйл гэж үздэг бол 21 хувь нь газар нутаг, хил хязгаар, 15 хувь нь эх хэл бидний үнэт зүйл гэж үздэг.
  • С.Батцэнгэл "Upskill" storytelling: Мэдээллийн технологийн салбарын өнгөрсөн 200 жилийн өөрчлөлтөөс ирэх 10 жилийн өөрчлөлт илүү хурдтай байх төлөвтэй.
  • Х.Бадамгэрэл нэтворкинг сургалт: Харвардын их сургуулийг төгсөгчдийн зөвхөн 3 хувь нь маш өндөр амжилтад хүрч чаддаг тухай судалгаа бий.


Онцлох нь

“NPCGMANDAL” компанийн гүйцэтгэх захирал, байгууллагын сэтгэл зүйч Ц.Энхжаргал "Сэтгэл зүй гэдэг ажил сургууль, эрүүл мэнд, санхүү, хүн хоорондын харилцаа зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Иймд өөрийн эерэг, сөрөг, холимог мэдрэмжээс төрж буй бодлыг дадал зуршил, ааш авираараа дамжуулан үйлдэл болгох ёстой. Ингэж байж өөрийн зорилгоо зөв тавих алхмыг бий болгох чадна" хэмээн ярьсан юм.

“Бид зорилго тавихдаа одоо цагаас ирээдүйд чиглэн төлөвлөсний улмаас цаг хугацаандаа амждаггүй. Иймд зорилгоо ирээдүйгээс одоо руу төлөвлөж чадвал бодитоор хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ”.

Ц.Энхжаргал

“Бид биелээгүй мөрөөдлүүдээ эргээд харвал мөрөөдөл гэж итгэсэн бүхэндээ үнэхээр үйлдэл хийсэн үү гэдэг эргэлзээтэй байдаг. Бид бол өнөөдөр хүртэл амьдарсан үйлдлүүдийнхээ олонлог. Хэрвээ та үнэхээр мөрөөдлөө биелээсэй гэж хүсэж байвал мөрөөдлийнхөө төлөө өөртөө хурал зарлах хэрэгтэй”.

Б.Мандуул

Харин панел хэлэлцүүлэгт “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирал “Шарк танк” хөрөнгө оруулагч О.Тэнүүн, “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн доктор, дэд профессор Т.Оюунгэрэл, ЦойлогсоZ төслийн багийн ахлагч Б.Батзориг, модератораар Тэнгэр телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрал “Common culture” сэдвээр өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан юм.

Хэлэлцүүлгийн зочид мэдээллийн эрин зуунд төрсөн Z үеийнхэн олон онцлог, ялгарлыг бий болгож байгаа ч хүнийг амжилтад хүргэж, нэгдмэл болгох зүйл нь зөвхөн зөв хандлага гэх санааг онцолж байлаа.

Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн илтгэл, хэлэлцүүлгийн дараа “San juniper”, “Soulis” болон “Kartela Muzik” хамтлаг амьд хөгжмийн тоглолт толилуулсан юм.