Манай улсад жил бүр 40-50 мянган иргэн жолооны үнэмлэхээ авч, албан ёсоор жолооч болдог. Хэрэв та эдгээр шинэхэн жолооч нарын нэг бөгөөд энэ онд шинэ автомашин авахаар судалж байгаа бол танд тун их хэрэг болох мэдээллийг бэлдлээ.

Учир нь бид зарын сайтуудаас автомашины үнэ хэд байгааг хардаг ч улирал тутмын арчилгаа, төрөл бүрийн татвар зэрэг урсгал зардлыг төдийлөн тооцож үздэггүй. Иймд автомашин худалдан авахад гардаг нэг удаагийн зардал болон улирал тутмын урсгал зардал хэд болдог талаар Приус Центртэй хамтран хүргэж байна.

Та түлшний хэмнэлт болон засвар, сэлбэг нийтлэг байдгийг нь бодолцож Prius 30 загварын хайбрид автомашин авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд дараах зардлууд гарна.


Улсын дугаар - 1,000,000₮ болон түүнээс дээш

Сүүлийн үед цахим орчинд хамгийн дуулиантай байгаа сэдэв бол улсын дугаар. Товчхондоо, түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд нийслэл хотын автомашины тоог 730,000-д барих шийдвэр гарсан бөгөөд одоогоор энэ тоо 50 гаруй мянгаар хэтрээд буй. Тиймээс импортоор орж ирсэн шинэ автомашинд нийслэлийн харьяатай улсын дугаар олгохгүй байхаар шийдсэн.

Иймд нийслэл хотод унах автомашин авч байгаа бол хэдийн үүссэн дугаарыг авах эсвэл https://carplate.ulaanbaatar.mn/ цахим платформоор дамжуулан шинэ дугаар авах хүсэлтээ өгөх хэрэгтэй. Уг платформ нь нийт автомашины тоо хангалттай хэмжээнд буурсан үед шат дараатайгаар дугаар олгож эхлэх юм. Тэгэхээр дугаартай болох хамгийн хурдан арга бол одоо байгаа дугаар худалдаж авах. Ямар дугаараас хамаараад дор хаяж 1,000,000₮ төлөх хэрэгтэй болно. Мэдээж ойр дотнын хүнээсээ үнэгүй авах ч боломжтой.

Улсын үзлэг, оношилгоо - 22,000₮

Замын хөдөлгөөнд оролцох автомашинуудын бүрэн бүтэн байдлыг жилдээ нэг удаа шалгадаг газар бол Авто Тээврийн Үндэсний Төв. Суудлын тэрэгний техникийн хяналтын үйлчилгээ 22,000₮ болно. Таны автомашин шаардлага хангаж байвал тэнцэнэ, хангахгүй байвал тухайн эд анги, сэлбэг хэрэгслийг бүрэн болгож засварласны дараа дахин оношилгоонд орох учиртай.


Жолоочийн хариуцлагын даатгал - 50,000₮

Энэ бол тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд таны өмнөөс нөхөн төлбөр олгох даатгал. Энэ даатгалын төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох хүний тоо, даатгуулагчийн нас, жолоодох туршлага, өмнө нь осол гаргаж байсан эсэх зэрэг үзүүлэлтүүдээс хамаардаг. Хэрэв та шинэ жолооч бол 50,000 орчим төгрөгийн хураамж төлнө.

Автомашины албан татвар - 250,000₮

Албан татвараас гадна агаарын бохирдол болон зам ашигласны төлбөрийг жил бүр нийслэл хотод төлөх ёстой бөгөөд үүнд таны автомашины моторын хэмжээг харгалзаж үзнэ. Prius 30 автомашины хувьд энэ хоёр зардал нийлээд 250,000 орчим төгрөг болохоор байна.

Автомашины хувийн бэлтгэл - 750,000₮

Албан татвар, үзлэг оношилгоо, улсын дугаараас гадна шинэ автомашиндаа наад захын хэрэглээний зүйлсээ авах хэрэгтэй. Үүний зардлыг зах зээлийн дундаж ханшаар тооцож үзвэл:

Моторын тос: 130,000₮
Хөргөлтийн шингэн (Антифриз): 100,000₮
Мотор, салоны агаар шүүгч: 25,000₮
Шалавч TPE: 200,000₮
Суудлын бүрээс: 150,000₮
Жолооны бүрээс: 20,000₮
Утас тогтоогч: 30,000₮
Эмийн сан, галын хор, ослын гурвалжин: 60,000₮


Үүнээс гадна хэрэв таны автомашин нүүрсэн яндангүй байвал нүүрсэн яндан суурилуулах (агаарын бохирдлын эсрэг жолооч бүрийн авч болох арга хэмжээ), батарейтай холбоотой гэмтэл байвал шалгуулах зэрэг зардал гарах магадлалтай.

Иймд хэрвээ та автомашин төдийлөн сайн мэдэхгүй, шинэ жолооч бол мэргэжлийн авто засварын төвд явах эд анги болон компьютер оношилгоо хийлгэж, яндан, батарей, мотор хроп, тоормосны аппарат зэрэг чухал эд ангиудаа шалгуулаад үзээрэй. Приус Центрт явах эд ангийн оношилгоо 20,000₮, компьютер оношилгоог 10,000₮-өөр олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон хийдэг гэдгийг онцлон дурдъя.

Энэ хүрээд шинэ автомашиндаа шаардлагатай анхан шатны зүйлсийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцоход бэлэн боллоо. Одоо харин урсгал зардлуудыг тооцож үзье.

Автомашиндаа зөвхөн түлш хийхээс гадна манайх шиг жилийн дөрвөн улиралтай оронд улирал тутам холбогдох үзлэг оношилгоог хийлгэж, үйлчилгээг авах ёстой болдог. Сануулахад, моторын хэвийн ажиллагааг харгалзан та жилдээ хоёр удаа моторын тосоо солиулж, түлш шаталтын системийн оновчтой ажиллагааг дэмжих зорилгоор моторын нарийн эд анги, хоолойнуудыг цэвэрлүүлж хэвших нь ирээдүйд өндөр зардал гарахаас сэргийлнэ.


Хавар: 331,000₮

Өвөл дуусч, урин хавар айлчлах үед ямартай ч утаатай агаар шүүгч, моторын тосоо сольж, цэвэрлэгээнүүдээ хийлгэн автомашинаа тоос тортог, утаа угаараас нь салгах хэрэгтэй.

Моторын тос: 128,000₮
Цэвэрлэгээ /коллектор, свеча, форсунк, EGR, сорохын хоолой/: 179,000₮
Мотор, салоны агаар шүүгч: 24,000₮

Зун: 544,000₮

Хэрвээ та зуны амралтаараа аялахаар шийдсэн бол автомашин тань бэлэн байгаа эсэхийг шалгахын тулд юун түрүүнд оношилгоонд орох хэрэгтэй. Хөдөө хээр талд гэнэт гацаж байснаас урьдчилж оношлуулаад, шаардлагатай жижиг эд ангиудаа солиулах нь аяллын тав тухыг нэмэгдүүлж, өндөр зардал гарахаас сэргийлэх билээ. Мөн аяллын үеэр шавар, намагтай газраар явах бол татлага, хүрз зэргээ сайтар зэхээрэй. Харин аяллаас ирснийхээ дараа заавал мотор болон салоны агаар шүүгчээ хосоор нь солихыг зөвлөе.

Явах эд ангийн оношилгоо: 20,000₮
Явах эд ангийн үйлчилгээ: 200,000₮
Аяллын хэрэгсэл /Татлага, Хүрз, Аяллын хайрцаг/: 300,000₮
Мотор, салоны агаар шүүгч: 24,000₮

Намар: 210,000₮

Хэрэв таны автомашины хянах дээр ямар нэг гэрэл асаагүй бол энэ зардлыг алгасаарай. Харин ямар нэг гэрэл ассан бол компьютер оношилгоо хийлгэж, шаардлагатай үйлчилгээнд хамрагдаарай.

Компьютер оношилгоо: 10,000₮
Явах эд ангийн үйлчилгээ: 200,000₮

Өвөл: 935,000₮

Жилийн дөрвөн улирлаас хамгийн их зардал гарах нь өвлийн улирал. Гадна хучлага, өвлийн дугуй, моторын тос цэвэрлэгээ олон зүйл бий. Хэрвээ бэлтгэл дутуу хангавал эрүүл мэнд, эд хөрөнгийн илүү том асуудал гарах эрсдэлтэй шүү.

Моторын тос: 128,000₮
Антифриз солих: 106,000₮
Цэвэрлэгээ үйлчилгээ /коллектор, свеча, форсунк, EGR/: 179,000₮
Мотор, салоны агаар шүүгч: 24,000₮
Хучлага: 200,000₮
Өвлийн дугуй: 298,000₮ (хоёр ширхэг шинэ дугуй)

Үүнээс гадна хөдөө яваад ирэх бүрдээ эд ангиа бүрэн оношлуулах, нэгээс хоёр жил тутам амортизатор, босоо тэнцүүлэгч, рулийн аппарат, таван бул зэргийг солиулж байх нь чухал. Учир нь замын хөдөлгөөнд оролцоно гэдэг өөрийн болон бусдын өмнө үүрч буй маш том хариуцлага билээ.

Шинэхэн жолооч таныг тээврийн хэрэгслээ тогтмол үзлэгт оруулж, цаг тухайд нь шаардлагатай арга хэмжээг авдаг хариуцлагатай жолооч байхыг уриалж байна.