“Түнэр харанхуйгаас ч бид аз жаргалыг олох боломжтой. Гэрэл асаахаа санавал шүү дээ” хэмээн Харри Поттер цувралын профессор Дамблдор хэлсэн нь бий. Хэдий энэ үгийг дементоруудад зориулсан ч гэлээ цар тахлын тодорхойгүй энэ үед утга санаа нь адилхан тусах болов уу.

Асаах ёстой энэ гэрлийг бид өнөөдөр харин бүтээлч нүдээр харахыг хичээн НҮБ-аас COVID-19-ийн тухай мэдлэг мэдээлэл, итгэл найдвар түгээсэн уран бүтээлийн уралдааны цөөн хэдэн бүтээлийг уран бүтээлчдийнх нь хамт онцлон оруулж байна.

лиз ракард

Категори: Хувийн ариун цэвэр сахих тухай

Аз жаргалыг юунаас авдаг вэ: Намайг аз жаргалтай болгодог зүйл их энгийн. Студи дотроо ганцаараа суугаад өнөөдөр би юу бүтээх вэ хэмээн эргэцүүлэх тэр мөч. Бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйлийг ашиглах тусам улам хөгждөг гэж би хувьдаа боддог.

Би будагчин, зураач, барималчин, хэвлэгч зэрэг төрөл бүрийн ажил хийж үзэж байсан туршлагатай. Анх нэхмэл материал дээр ажилладаг байлаа. Үзэсгэлэн гаргаж, захиалгын бүтээл хийхдээ би дуртай. Байгаль дэлхийгээс, өдөр тутмын амьдралаасаа, үзэсгэлэн үзэх, дуу сонсохоос, Ирландын тэнгист сэлэх гээд л төрөл бүрийн зүйлсээс урам зориг авдаг. Өөр өөр өнгө, материал дээр туршилт хийж, бүтээх арга барилаа ч байнга сольж үздэг. Шинийг эрэлхийлж, алдаа гаргаж, түүнээсээ суралцах нь миний хувьд нэн чухал. Мөн найз нөхөд, гэр бүл, дотнын хүмүүсийнхээ хөрөг зургийг зурах дуртай. Дублин дахь гэрийн маань арын цэцэрлэгт байдаг жижигхэн студид минь яг л тохирдог ажил. Өөрийн ажиллах орон зайтай байгаадаа талархдаг хэдий ч хэзээ нэгэн цагт илүү том студитэй болохыг эрмэлзэж явна. Тэр үед харин би юу бүтээж явах бол?

педро нинжа

Категори: Зай барих тухай

Аз жаргалыг юунаас авдаг вэ: Намайг Педро Нинжа гэдэг. Би Бразил улсын Минас-Жерайс мужийн нийслэл хот болох Белу-Оризончед төрж өссөн, 29 настай уран бүтээлч. Надад аз жаргал авчирдаг зүйл бол уран бүтээлээ туурвих. Бүтээх үйл явцаас би хэмжээлшгүй эрх чөлөөг мэдэрдэг. Үнэндээ, миний хувьд бүтээх, хөдөлмөрлөх нь амин чухал хэрэгцээ гэж хэлж болно. Бурхан надад энэ бүх боломжийг олгосонд талархаж явдаг.

Би зураачийн мэргэжилтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Бразил даяар олон хана будсан даа. Харин одоо би ая бичиж, хөгжимчний карьер эхлүүлэх гэж байгаа. Хип хоп үүрд.

Надад аз жаргал авчирдаг зүйл бол уран бүтээлээ туурвих. Бүтээх үйл явцаас би хэмжээлшгүй эрх чөлөөг мэдэрдэг.

Педро Нинжа

холли уэллс

Категори: Шинж тэмдэгийг таних нь

Аз жаргалыг юунаас авдаг вэ: Намайг Холли гэдэг. Би 22 настай, ажил мэргэжлийн замналаа эхлүүлээд удаагүй байгаа дизайнер. Би ямар нэг ажил дээр төвлөрч байхдаа хамгийн аз жаргалтай байдаг. Бараг л бясалгал гэж хэлж болно. Зөвхөн бүтээж бүй зүйлдээ бүрэн анхаарлаа хандуулахад бусад бүх зүйлс аяндаа замхрах шиг болдог. Энэ бол миний бодлоор дизайны хамгийн гайхалтай зүйл. Эцсийн үр дүн биш харин хийж бүтээх үйл явцаасаа авдаг тэр мэдрэмж.

Би саяхан зар сурталчилгааны болон брэндинг дизайнаар сургуулиа төгсөөд одоо Бедфордширийн их сургуульд маркетингийн туслахаар ажиллаж байна. Мөнгө чухал биш сэн бол далайн бохирдлыг цэвэрлэх ТББ байгуулахыг хүсдэг.

С.Биндэръяа

Категори: Сайн сайхныг түгээх нь

Аз жаргалыг юунаас авдаг вэ: Аз жаргал бол тэр гээд хэлэхэд хэцүү зүйл л дээ. Хүн болгоны хувьд өөр. Харин би бол тэр зүйлийг холоос биш эргэн тойрны жижиг зүйлсээс олохыг хичээж байгаа. Алдартай болж гэмээнэ аз жаргалтай байна, тийм юмтай, ийм юмтай болж гэмээнэ жаргалтай байна гэж бодвол тэр хүртлээ аз жаргалгүй л хүн болно. Тэндээ хүрсэн ч ахиад л өөр зүйл хүссээр л байна. Тийм болохоор өдөр тутмын амьдралдаа жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч сурахыг хичээж байгаа. Өглөө дуртай дуугаа сонсоод кофегоо уух тэр мэдрэмж, аналог камераар дарсан зургаа эцэст нь нэг харах мөч, цаг хугацааг анзаарахгүй зургаа зурах гээд л. Яг одоо цагтаа амьдарч чадвал аз жаргал хаа сайгүй байдаг.

азлиф мохамед

Категори: Хуурамч мэдээтэй тэмцэх нь

Аз жаргалыг юунаас авдаг вэ: “Даруу амьдарч урлан бүтээ” хэмээх леттеринг зураач Дана Танамачигийн эшлэл надад их таалагддаг. Гараараа юм хийх нь энгийн юм шиг хэрнээ дижитал эрин үед тийм ч амархан зүйл биш болжээ. Миний хувьд үүний хариулт бол кофе. Өглөө бүр шинэхэн чанасан кофены үнэрт сэрэх бол тансаглалын хамгийн энгийн хэлбэр гэж боддог. Кофегоо төгс зохицуулан хэмжиж, бутласны дараагаар халуун, бүлээнийг нь яг таг тааруулсан кофегоо шимэх зуураа тэр кофег бий болгосон фермерүүдэд талархал илэрхийлэн бодолхийлэх нь амьдралын энгийн таашаалын нэг. Өдөр болгон энэ мэдрэмжийг авах боломжтой гээд бод доо.

Заримдаа амьдрал инээд хөөрөөр бялхан байдаг. Заримдаа харин зүгээр л уйлахад налах мөр хэрэгтэй байдаг шүү дээ. Бүхнийг хамтдаа туулах нь л чухал.

Энди Янто

катерин кордаско

Категори: Эв нэгдэлтэй байх нь

Аз жаргалыг юунаас авдаг вэ: Франц, Итали гаралтай болохоор ч тэр үү, сайхан амттай итали паста идэх маш их дуртай. Бодсон чинь бүр баярлачихлаа. Би багаасаа л зураг зурах сонирхолтой байсан болохоор өнгөрсөн хугацаанд ур чадвараа тэвчээртэйгээр хөгжүүлж, зогсолтгүй хөдөлмөрлөж ирсэн. Түүний ачаар миний зурах хэв маяг байнга өөрчлөгдөн хөгжиж, уран бүтээлийг харах ертөнц ч тэлж ирсэн. Төрөл бүрийн өнгө хийгээд материалыг турших дуртай.

Ажилласан төсөл болгон маань өөр болохоор уйдна гэж үгүй. Төрөлхийн сониуч хүн болохоор ч тэр үү, шинэ ажил бүрээ сэтгэл догдлон эхлүүлдэг. Хамгийн сүүлд би амьтдын тухай баримтат хүүхдийн номын төсөл дээр ажилласан. Харин одоо керамикаар юм хийж сурахаар зэхэж байна. Ажлынхаа үнэ цэнийг умарталгүйгээр байнга шинийг эрэлхийлж, хөдөлгөөнтэй байх нь чухал гэж боддог.

НҮБ-ээс зарласан энэхүү санаачилгад нийт 1000 гаруй бүтээл ирсэн ба бусад бүтээлүүдтэй эндээс танилцаарай.

НҮБ