HUB Инновацын төв болон Unread медиа компани хамтран Дата Дуран цуврал таван хакатоныг зарласан билээ. Их хотын тулгамдсан асуудалд оновчтой шийдэл санаачлах зорилготой Дата Дуран хакатоны тав дахь тэмцээн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хакатоны сэдэв “Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх” байв. Хакатонд оролцсон нийт багуудаас 17 баг өөрсдийн шийдлээ танилцуулсан бөгөөд энэхүү нийтлэлээр шилдэг гурван багийн шийдлийг танилцуулъя. 

ӨГӨГДӨЛ 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Бүс, орон нутгийн хөгжил”-ийн зорилтод үндэсний өв, түүхэн дурсгал, эх газрын өвөрмөц байгалийн тогтцыг хадгалан хойч үедээ өвлүүлнэ хэмээсэн байдаг. Манай улсыг зорин ирж буй жуулчны тоо 2019 оны судалгаагаар 577 мянга бөгөөд үүний 43 хувь нь БНХАУ, 30 хувь нь ОХУ, есөн хувь нь БНСУ, 5,7 хувь Япон улсаас ирдэг аж. Энэхүү аялал жуулчлалаас Монгол Улс 607 сая ам.доллар олдог. Зориж ирж буй шалтгааны 34 хувь нь байгаль, 24 хувь нь нүүдэлчин соёл, 12 хувь нь адал явдал, 11 хувь нь ан амьтан, есөн хувь нь бусад шалтгаанууд юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүн 

  • Б.Бат-Өлзий - Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга
  • Г.Санчир - Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн менежер
  • Н.Баянмөнх - Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Өгөгдөл мэдээллийн ахлах шинжээч
  • Д.Ганболд - Нийслэлийн аялал жуулчлалын газрын захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
  • Ө.Мөнхдаваа - Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Ерөнхий менежер

Нэгдүгээр байр: Homeland 

Шийдэл: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мөсөн зам 

Манай улсад өвлийн аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүйн улмаас хүйтний улиралд жуулчдын тоо багасдаг. Судалгаагаар Монгол Улсыг зорин ирж буй нийт аялагчдын 55 хувь нь зургаагаас есдүгээр сард ирдэг байна. Homeland баг тус өгөгдөлд тулгуурлан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор мөсөн зам цогцлоох шийдэл дэвшүүлэв.

Туул голын мөсний дундаж зузаан нь 85-135см ба даац нь 30-40тн. Үүнийг ашиглан өвлийн турш үргэлжлэх урт хугацааны үйл ажиллагааг явуулах боломжтой. Тэд хоёр байршлыг сонгожээ.

1. Мишээл экспо төвийн урд талаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх дөрвөөс таван километр хэсэг
Зөвхөн гулгахаас гадна шагайн харваа, нохойн чарга, сур харваа, цанатай алхалт, тэшүүр, цаатнуудын чуулган зэрэг Монголын өвлийн онцлогийг харуулсан хөтөлбөрүүдийг багтаана.

2. Sky resort-ийн урд талаас эхлэн Тэрэлж ресорт хүртэлх 40 км хэсэг
40км замын дунд нийт дөрвөн зогсоол байна. Эхлээд нохойн чаргаар хөдлөх ба хоёр дахь зогсоол дээр тэшүүр, гурав дахь зогсоол дээр үндэсний тоглоомуудыг тоглож болох баазыг байрлуулахаар төлөвлөжээ. Эцсийн зогсоол дээр Монголын анхны өвлийн хөгжмийн наадмыг хийнэ. Нутгийн хүмүүсийн халуун дотно зочломтгой байдал, өвлийн улиралд тав тухтай орчин, халуун уух зүйлс, уламжлалт монгол хоол багтсан, байгальд зохион байгуулагдаж буй арга хэмжээ гэдэг нь өвлийн аялагчдыг татах гол түлхүүр юм. Мөн Монгол үндэсний хувцас, бүжиг, дуу хуур, хоол зэрэг соёлоо багтаах ба олон улсын дуу хөгжмийг ч хослуулна.

Цаашид мөсөн урлалын тэмцээн, өвлийн спортын улсын болон олон улсын тэмцээн зохион байгуулах, өвлийн спортын байгууламж, адал явдалт үйл ажиллагааг хөгжүүлэх алсын хараатай.


Хоёрдугаар байр: Beelog 

Шийдэл: Аяллын апп - UB Guru  

Монгол Улсыг зорих хүсэлтэй аялагч нар их байдаг ч тэдэнд хэлний бэрхшээл тулгарах, нэгдсэн хайлтын систем байхгүйн улмаас олон хүндрэл учирдаг. Beelog баг уг асуудлыг шийдвэрлэх UB Guru аппыг бүтээжээ. Аялагч нарыг баталгаат эх үүсвэр бүхий мэдээллээр хангах, цаг хэмнэхэд нь туслах тус аппд Монголд аялахад тохиромжтой байршлуудыг хэрэглэгчийн сэтгэгдэл, үнэлгээтэй оруулах аж. Цаашид хөгжүүлэлт хийж олон орны хэлийг оруулснаар аялагчдын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд апп хөгжүүлэх нийт зардлыг тэд 180 мянган ам.доллар хэмээн төлөвлөжээ.


Гуравдугаар байр: Roter Fluss 

Roter Fluss баг дөрвөн дараах шийдлийг танилцуулав.

1. Монгол соёлоос суралцах аялал
Монгол ёс заншлыг сонирхолтой аргаар сурталчлан, өв соёлоо түгээх зорилготой арга хэмжээг зохион байгуулна. Нийт таван га газрыг хамарсан талбайд гэр барих, морины зүс тодорхойлох, эмээллэх гэх зэрэг арга барилуудаас заах аж. Одоогийн байдлаар урьдчилсан зардлыг 376 сая төгрөг хэмээн тооцож буй бөгөөд ашиглалтад орсны дараа жилд 475 сая төгрөгийн орлогыг олох аж.

2. Одон орны төв
Монгол орны жилийн ихэнх өдөр буюу 230–260 хоног нь цэлмэг тэнгэртэй байдаг. Элонцлогийг ашиглан одон орны төвийг нээхээр төлөвлөжээ. Үүний тулд 1.3 сая ам.долларын дуранг худалдан авч байрлуулах бөгөөд энэхүү төв рүү нэвтрэх тасалбарын үнэ нь 68 мянган төгрөг байна.

3. Дижитал арт музейУлаанбаатар хотод нийт 27 музей байдаг ч бүгд байгалийн болон түүхийн салбарынх юм. Тэд 10 мянган м.кв болон таван мянган м.кв хэмжээтэй хоёр музейг нээхээр төлөвлөжээ.

4. Шинжлэх ухааны төв
Нийт 10 мянган м.кв хэмжээтэй талбайд шинжлэх ухааны төвийг нээнэ. Нэг м.кв тутамд 1300 ам.долларыг төсөвлөөд байгаа юм.


Төгсгөлд нь  

Нэг сарын хугацаанд үргэлжилсэн Дата Дуран цуврал хакатонд давтагдсан тоогоор нийт 63 баг оролцжээ. Өөрийгөө сорьж, бусадтай хамтарч, ментороос зөвлөгөө авч, олон зүйлийг суралцсан нэг сар болж өнгөрснийг оролцогчид хэлж байлаа.