HUB Инновацын төв болон Unread медиа компани хамтран Дата Дуран цуврал хакатоныг зарласан билээ. Энэхүү цуврал хакатоны гурав дахь сэдэв “Нийслэл хотын хүнсний тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” байв. Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болсон уг хакатоны сүүлийн шатанд 13 баг оролцож, боловсруулсан шийдлээрээ ширүүн өрсөлдсөн юм. Тус өрсөлдөөнөөс онцгойрч, шагналт байр эзэлсэн шилдэг гурван багийн шийдлийг энэхүү нийтлэлээр танилцуулья. 


ӨГӨГДӨЛ 

Улаанбаатар хотод 2022 оны байдлаар 18,226 ажилтантай, 620 хүнс боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 192, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 232, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 38, цэвэр ус, ундаа, жүүс үйлдвэрлэлийн 53, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэлийн 28, өндөг үйлдвэрлэлийн найм, нөөшилсөн болон бусад хүнсний үйлдвэрлэлийн 69 үйлдвэр, аж ахуйн нэгж багтана.

Шүүгчдийн бүрэлдэхүүн

  • Б.Бат-Өлзий - Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн дарга
  • Н.Энхжаргал - Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Өгөгдөл мэдээллийн газрын захирал
  • Н.Дашдэмбэрэл - “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төслийн удирдагч
  • Ө.Мөнхдаваа - Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Ерөнхий менежер
  • Б.Эрдэнэчимэг - Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

Нэгдүгээр байр: Roter Fluss 

Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Мөн Улаанбаатар хот дахийн замын хөдөлгөөний 3.7 хувийг хүнс тээвэрлэж буй автомашин эзэлж байна. Нийт хүнс тээвэрлэж буй 2,246 автомашины дийлэнх нь Porter 2, Bongo 3, Маяти маркийн автомашинууд юм.


Шийдэл: Дундын хүнс хадгалах агуулах

Улаанбаатар хотын хүн амын 50 орчим хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг буюу хотын хойд хэсгээр төвлөрдөг ч хүнс хадгалах агуулахууд хотын төв хэсгээр байрлаж байна. Roter Fluss багийн хувьд уг тоон мэдээллийг ашиглан хамгийн тохиромжит байршилд дундын хүнс хадгалах агуулахыг бий болгох шийдэл боловсруулжээ. Тэд найман агуулахын байршил санал болгосон ба Улаанбаатар хотод байрлах нийт хүнсний дэлгүүрүүдийн байршил, төмөр замтай гэрлэн дохионд тулгуурлан байршлаа сонгосон байна. Тус найман хүнсний агуулахаас хүнсний дэлгүүр рүү хүргэлт хийхдээ түгжрэлийн бус цаг болох өглөөний 4-8 цагт хөдөлгөөнд оролцох байдлаар зохицуулалт хийх аж.


Тэдний санал болгож буй дундын хүнсний агуулах 100 м.куб хэмжээтэй байх ба хүнсний стандартад нийцсэн байна. Уг агуулахын ашиглалтын зардлыг 189-250 сая төгрөг гэж урьдчилсан байдлаар тооцож буй.


Хоёрдугаар байр: Stood 

Улаанбаатар хотод үүсч буй нийт түгжрэлийн 0.8 хувийг хүнс тээвэрлэлтийн автомашинууд эзэлдэг бөгөөд автомашин бүр өдөрт дунджаар гурван удаа эргэлт хийдэг байна.

Шийдэл: Бүсчлэлд суурилсан агуулах менежментийн систем

Stood багийн танилцуулж буй бүсчлэлд суурилсан агуулах менежментийн систем үйлдвэр, дэлгүүр, агуулах гэсэн гурван талын оролцоотой. Тэдний танилцуулж буй системийг бүх талын оролцогч нар ашиглаж, нэгдсэн системтэй болох юм. Ингэснээр богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллах, цагийн зохицуулалт хийх, стандартад нийцсэн тээвэрлэлт хийх давуу талтай.


Улаанбаатар хот дахь төвийн зургаан бүсийн 3516 км.кв хэмжээтэй газар нутагт 35 агуулах үйл ажиллагаа явуулах бөгөөд дэлгүүр болон үйлдвэрүүдэд уг системийг subscription (давтамжих төлбөр) хийх байдлаар ашиглах аж. Үр дүнд нь хүнс тээвэрлэлтийн автомашинуулын үүсгэж буй түгжрэлийг 71 хувь, түгээлтийн зардлыг 31 хувиар бууруулах хэмээн тооцоолоод буй.

 
Гуравдугаар байр: Beelog 

Улаанбаатар хотод хүнсний тээврийн үйлчилгээ эрхэлдэг 425 аж ахуйн нэгжээс 21-ийг нь шалгахад 210 зөрчил илэрчээ.

- Монгол Улсын хилийн 22 боомтоор жилд ойролцоогоор 270,000 тонн хүнс импортолдог байна.
- Импортоор оруулж байгаа нийт 773 нэр төрлийн бүтээгдэхүүнээс бага эрсдэлтэй 92, дунд эрсдэлтэй 226, их эрсдэлтэй 455 бүтээгдэхүүн байна.


Шийдэл: Beelog GPS

Улаанбаатар хотод хүргэлт хийж буй автомашинуудын дийлэнх нь хөргөлтийн системгүй байдаг. Үүнээс шалтгаан хүнсний аюулгүй байдлын асуудал асуудал үүсч буй. Уг асуудлыг шийдэх Beelog GPS-ийг Beelog баг санал болгожээ. Уг GPS нь температур, чийгшил мэдрэгчтэй. Тэд цаашид GPS-ээ хянах веб болон хэрэглэгчийн аппыг бүтээх аж.


Хүргэлт хийж буй тээврийн хэрэгслүүдэд GPS суурилуулснаар технологид тулгуурласан нэгдсэн экосистемийг хөгжүүлэх юм. Цаашилбал хүнсний аюулгүй байдлын чанар сайжирч бодит хяналт тавих боломж үүсэх гэнэ. Нэг GPS-ийн зардлыг ойролцоогоор 450 мянга хэмээн урьдчилан тооцжээ.

 
Бусад багийн танилцуулсан шийдлүүдээс 


DataXOXO 

Нийслэлд нийт 289 хүнсний үйдвэр бий бөгөөд тэдний 2249 тээврийн хэрэгсэл өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож, өдөрт 2 сая 882 мянга гаруй удаа зорчдог. Ихэнх хүнсний үйлдвэрүүд БГД, БЗД, ХУД, СХД, ЧД, СБД гэх гол зургаан дүүрэг рүү бараа, бүтээгдэхүүн хүргэдэг бөгөөд замын хөдөлгөөний ид ачааллын үеэр зэрэгцэн ажилладаг.

Шийдэл: DataXOXO баг захиалагч болон түгээгчийг холбох “Түгээе” аппыг танилцуулав. Түгээгч буюу жолооч захиалагчаас хүргэлтийн мэдээллээ авч аппд хадгалан хүргэлтийн маршрутаа оруулж, хурдан шуурхай харилцаа үүсгэх давуу талтай.

  • Моко2 баг: Хиймэл оюун ухаан ашиглан түгжрэлийг урьдчилсан байдлаар тооцоолох алгоритм
  • Checkmate баг: Улаанбаатар хотодбүртгэлтэй 3304 хүнсний дэлгүүрийг нэгдсэн хүргэлтийн системд холбох
  • GG12 баг: Хүнсний үйлдвэрүүдийн нэгдсэн бөөний агуулах худалдааны төв
  • Data dazzlers баг: Жолоочид зориулсан хянагч апп, температур хэмжигч багаж