Өглөө босоод хамгийн түрүүнд харагдаж буй зүйлээс хүн хамгийн их урам зориг авдаг гэх. Хоосон хана харах, урлагийн бүтээл харах, эсвэл уул уус, гол горхиор хүрээлсэн байгаль харах гээд цөм өөр өөр мэдрэмж төрүүлнэ. Тэгвэл гэрээ хэрхэн тохижуулбал бидний сэтгэл зүй, бүтээмжид эерэгээр нөлөөлөх вэ? Бид энэ талаар декоратор Д.Дэлгэрмаатай ярилцаж, түүний өгсөн дараах зөвлөгөөг энэхүү нийтлэлээрээ хүргэе. 

Д.Дэлгэрмаа нь 2015 оноос хойш интерьер декоратораар ажиллаж байгаа бөгөөд интерьерийн талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор 2020 оноос инстаграм хаягаа идэвхтэй хөтөлж, энэ талаар мэдээлэл түгээж буй.


Юуны түрүүнд интерьерийн нөлөөний талаар асуумаар байна. интерьер яагаад чухал байдаг вэ? сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

“Чи хэн бэ гэдэг танай гэрт ороод мэдэгдэнэ” гэдэг үг байдаг. Интерьер бол өөрийгөө илэрхийлэх нэг илэрхийлэмж. Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй байдаг. Түүнийгээ ил гаргаж, гэрээ тохижуулдаг гэсэн үг л дээ. Энэ нь хүнд яаж нөлөөлдөг вэ гэхээр, жишээ нь өглөө сэрэхэд хоосон хана угтах, эсвэл уран зураг харагдах хоёр тэс өөр мэдрэмжийг өгдөг. Ер нь хүн өглөө босоод хамгийн түрүүнд харж байгаа зүйлээсээ урам зориг авдаг юм. Тэр утгаараа гэрт байгаа урлагийн бүтээл хүнийг хөглөж байдаг.

Чамайг илэрхийлэх, чамд урам зориг, таашаал өгөх зүйлсээр орчноо бүрдүүлэх хэрэгтэй.

Тэгвэл хүссэн орчноо бүрдүүлэхэд тавилга хэр чухал байдаг вэ?

Тавилга бол хүний хэрэгцээ. Хүмүүс хэрэгцээндээ тааруулж л тавилга хийлгэдэг. Гэхдээ хоорондоо ямар ч авцалдаагүй, утга учиргүй янз бүрийн тавилга дунд амьдрах, нөгөө талаас дизайныг нь бодолцож тохижуулсан тавилга дунд амьдрах хоёр ялгаатай. Өдрийн 24 цаг гэртээ байвал, тэр дайны хугацааг тавилгуудын дунд өнгөрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр чамайг илэрхийлэх, чамд урам зориг, таашаал өгөх зүйлсээр орчноо бүрдүүлэх хэрэгтэй.

Мэргэжлийн хүнд хандалгүйгээр өөрсдөө бүгдийг төлөвлөөд гэрээ тохижуулах гэж байгаа хүмүүс юунаас эхлэх ёстой вэ? Та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хамгийн түрүүнд өөрийн “стиль”-ийг тодорхойлох хэрэгтэй. Дизайн гэдэг цаг үеийг даган өөрчлөгдөж байдаг. Харин стиль гэдэг хүнийг бусдаас ялгарах онцлог. Тэгэхээр юун түрүүнд хүн өөрийн стиль, амьдарч буй орчныхоо стилийг тодорхойлох хэрэгтэй. Тэр хамгийн чухал. Жишээ нь, модерн, классик, контемпорари гэх мэт дизайны ямар төрөлд дуртай вэ гэдгээ мэдэх нь зүйтэй. Тийнхүү өөрийгөө тодорхойлчихвол түүнийхээ дагуу байраа тохижуулахад хялбар байх болно.



Таны хэлснээр хэдий гоё зүйл авмаар байгаа ч санхүү мөнгөнөөс болоод чанартай зүйл худалдан авах боломжгүй байгаа хүмүүст та юуг зөвлөх вэ? Хуучин бараанаас худалдан авалт хийхийг дэмжих үү?

Европт хуучин барааны дэлгүүрээс тавилга авах энгийн үзэгдэл байдаг. Манайд энэ соёл тийм ч их дэлгэрээгүй. Мэдээж хуучин тавилга авна гэдэг байгаль дэлхийд ээлтэй сонголт болно. Гэхдээ хэрэв тэгмээргүй байвал мөнгөө цуглуулж байгаад чанартай тавилга авах хэрэгтэй. Эсвэл The Home of Strawberry, IKEA зэрэг дэлгүүрээс сонголт хийх нь залуу хүмүүст цааш тансаг хэрэглээтэй болох суурь болдог. Иймд дээрх дэлгүүрүүдэд байдаг олон төрлийн декор, тавилгаас сонголтоо хийгээд дуртай хэв маягаа тодорхойлсны хойно чанартай зүйл авбал зүгээр.

Хувцас загвар шиг дотоод заслын тренд гэж бий юү? Энэ жилийн тренд юу вэ?

Хоёр жилийн өмнө минимализм хүчтэй ноёрхож байсан бол энэ жилээс максимализм түрж орж ирлээ.

Хүмүүс Pinterest, Instagram зэрэг сошиал медиагаас санаа авч гэрээ тохижуулж байгаа харагддаг. Эдгээрээс өөрөөр хаанаас сэдэл авах боломжтой вэ?

Би сүүлийн үед Pinterest ашиглахаа больж байгаа. Хаашаа ч орсон Pinterest-ийн зураг шиг тохижуулсан газар харагдаад, сүүлдээ андашгүй болчихсон л доо. Би хувьдаа тэгж хуулсан биш, өөрийн нандин мэдрэмжийг шингээсэн дизайн хийхийг хүсдэг. Тиймээс хэрэв санаа сэдэл авъя гэвэл юүтүб дээр байгаа Architectural Digest тэргүүтэй сувгийг дагаж, хүмүүс гэрээ танилцуулдаг “Home tour” бичлэгүүдийг үзэхийг зөвлөмөөр байна.

Ийм төрлийн контентуудаас тухайн байрны эзэн ямар стильтэй болохыг олж харж чаддаг. Тэндээс хуулсан биш, ховор нандин зүйлс харагддаг. Жишээ нь, тэнд орсон нэг хүн аялах дуртай гэнэ л дээ. Нэг удаа Францын сүмд явж байгаад, шалыг нь хараад, гэрээ яг тийм шалтай болгохыг хүссэн тухайгаа ярьсан. Энэ мэтчилэн хүмүүсийн дотоод ертөнцтэй танилцахын сацуу санаа сэдэл авч болно. Мөн галерейд очиж, уран бүтээл сонирхохыг зөвлөе.


Эргээд тавилгын талаар асууя. Тавилга сонгохдоо бид юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

Хүн бүр өөрийн санхүүдээ тааруулж тавилга авдаг. Миний зүгээс, олон хямд зүйл цуглуулалгүйгээр, нийлүүлж байгаад нэг чанартай зүйл аваарай гэж зөвлөдөг. Учир нь залуус трэнд болж байгаа зүйлийг авах их дуртай байдаг. Гэтэл хэдхэн жилийн дараа тэр тавилга трэндээс гарна. Цаашлаад дуураймал зүйл тийм ч сайн чанартай байж чадахгүй. Түүний оронд энгийн дизайнтай атлаа чанартай тавилга авбал илүү удаан эдэлнэ, бүр үр хүүхдүүддээ өвлүүлнэ. Нөгөөтээгүүр, залуус эцэг эхээсээ өвлөгдөж ирсэн классик загвартай тавилгуудаа хэрэглэдэг байвал байгаль орчинд ч ээлтэй сонголт болно.

Жишээ нь, сүүлд би нэг айлыг тохижуулсан юм. Тэднийх хуучин тавилгуудаа бүгдийг нь солиод модерн загвартай тавилгаар гэрээ тохижуулмаар байгаагаа хэлсэн л дээ. Минийхээр дотор заслыг нь өөрчилчихвөл хуучин тавилгууд нь үнэхээр сайхан харагдахаар байсан. Тэгээд хэлсэн ёсоороо өөрчлөхөд үйлчлүүлэгчид маань “Энэ тавилгыг ийм сайхан харагдана гэж ер бодсонгүй. Уран зургийн галерейд амьдарч байгаа мэт санагдаж байна” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.


@degidecor

@degidecor


Та хамгийн сүүлд Хан Төгөл хотхоны загварын байрыг тохижуулсан байсан. Тэр ажилдаа жишээ нь ямар тавилга ашигласан бэ?

Хан Төгөл хотхоны загварын байрыг би транзишнал (transitional) буюу янз бүрийн дизайны холимог хэв маягаар тохижуулсан. Үүний зэрэгцээ контемпорари (contemporary) дизайныг мөн оруулсан.



Хэдий үзүүлэнгийн байр боловч цаашид хэн нэгэн худалдаж аваад амьдарна гэдэг утгаараа би бүх зүйлийг эко байлгахыг хүссэн. Тиймээс дизайнаа гаргаад, AGT брэндийн хавтанг сонгож, Гантиг мебель компанийнхан тавилгуудыг урласан. Туркийн AGT брэнд нь эрүүл мэндэд ээлтэйгээс гадна өнгө загварын хувьд гадуур тэр бүр байдаггүй өвөрмөц содон хавтангуудтай болохоор сонгосон.



Түүнчлэн урлаг судлаач М.Батзоригийн бүтээлийг авч тавьсан. Миний хувьд худалдааны зургуудаас илүү Монголын уран бүтээлчдээ дэмжин, тэдний бүтээлийг авч тохижуулалтдаа оруулах дуртай. Угтаа тийм урлагийн бүтээл тавилгаас ч үнэтэй байдаг. Худалдаж авсан тавилгын үнэ өснө гэж байхгүй. Харин уран бүтээлийн үнэ цэн жил ирэх тусам өссөөр байдаг. Өөрөөр хэлбэл, бодит хөрөнгө оруулалт болдог.



Улс орон бүрийн интерьерт тодорхой нийтлэг тал ажиглагддаг. Скандинавын орнуудад цайвар шаргал, модон тавилга голдуу, Японых харьцангуй минимал загвартай гэдэг ч юм уу. Монголчуудын интерьерт нийтлэг тал байдаг уу?

Монголчууд минимал амьдрахаас илүү гоё ганган зүйлд дуртай юм шиг санагддаг. Эртний эдлэл хэрэглэлүүдийг харахаар маш чамин байдаг. Тансаг хувцас өмсөж, сайхан зүйл эдэлж хэрэглэх дуртай ард түмэн. Эдгээрийг музей үзэж байхдаа харж болно. Тиймээс л би музей, галерей үзээрэй гэж зөвлөдөг юм.


@degidecor

Жижиг байрыг цайвар өнгийн тавилгаар тохижуулбал илүү цэлгэр харагдана, бас том тавилга авах хэрэггүй гэх мэт зөвлөгөө элбэг байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Заавал тэгэх алба байхгүй. Ямар нэг хайрцагт баригдалгүйгээр, өөрийнхөө стильд тулгуурлан хүссэнээрээ тохижуулж болно. Гэхдээ хэд хэдэн дүрэм бол бий. Тухайлбал, намхан таазтай, жижиг байранд том тавилга аваад хэрэггүй. Жижиг байрыг том харагдуулъя гэвэл том хивс сонговол зүгээр.

Хэрэв цайвар өнгөөр дагнах гэж байвал хэт тод өнгийн хөшигнөөс татгалзаарай гэж зөвлөе. Учир нь байрыг цэлгэр харагдуулахад хөшиг чухал байдаг. Хэрэв тод өнгөнд дуртай бол буйдан, хивс эсвэл аль нэг декортойгоо хослуулж тохижуулаарай.

Мөн цайвар өнгөөр дагнахад заавал цагаан биш цайвар ягаан, цайвар шаргал гэх мэт өнгийг туршиж үзэхийг санал болгоё.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.