Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр мөн үү?
Шулуухан хэлэхэд үгүй. Есөн сарын нэгэн гэдэг замын түгжрэл, сургуулийн хүртээмж, боловсролын чанар гээд бидний мартахыг хүссэн асуудлуудыг сөхөн гаргадаг өдөр болжээ. Гэхдээ асуудал байгаа газарт шийдэл, шийдэл байгаа газарт өртөөлөгч байдаг нь ертөнцийн жам.
“Social emotional learning” арга зүйг “Зүрх сэтгэлийн боловсрол” хэмээх нэрээр нутагшуулж, ирээдүйн Монгол Улсын хүнлэг иргэдийг бэлдэхэд манлайлан яваа Ц.Алтансор бол тэдгээр өртөөлөгчдийн нэг. Түүнийг боловсролын шимийг хүртэж, хүртсэн тэр шимээ илүү олон хүнд түгээн яваа нэгэн хэмээн тодорхойлж болно.
Энэхүү нийтлэл кино байсан бол хамгийн эхний зураг авалт нь 1990-ээд оны Увс аймагт өрнөнө. Алтансор бага насаа эмч өвөө, эмээ дээрээ өнгөрүүлжээ. Өвөө, эмээгийнхээ хязгааргүй их хайранд өссөн тэрээр зургаан настайдаа байрны найзуудыгаа даган сургуульд орохыг хүссэнээр боловсролтой холбогдсон юм.
Нас нь болоогүй хүүхдийг авахгүй гэсэн хичээлийн эрхлэгчийг эцэстээ ятгаж чадсанаар нэг сарын туршилтын хугацаанд суралцахаар болов. Гэхдээ түүнд туршилтын хугацаа хэрэг болсонгүй. Арван жилдээ онц суралцаж, тэр дундаа англи хэлийг сайтар эзэмшжээ. Англи хэлнийхээ ачаар онгоцонд сууж, алс хязгаар нутгийнхны мөрөөдөл болсон Улаанбаатар хотод хөл тавьж байсан түүх ч түүнд бий. Боловсролын үр шимийг ингэж л бага наснаасаа хүртэж эхэлжээ.
Туршилтын хугацаатай элссэн бяцхан охин 16 насандаа ахлах сургуулиа төгсөж, МУИС-ийн хуваарь авав. Хотод ирсэн, орон нутгийн шинэхэн оюутанд ажил хийх, мөнгө олох, биеэ даах даалгавар тулгарсан нь ойлгомжтой. Тэр үед арван жилдээ сурсан англи хэл нь үр шимээ ахин нэг өгч, бидний сайн мэдэх "Жэт" Англи хэлний сургуульд багшлах үүдийг нээжээ.
Боловсрол, тэр дундаа боловсролын үрийг таригч багш нар түүний хувьд ямар үнэ цэнтэй болохыг “Нэгдүгээр ангид ороход дааж авсан Цэндсүрэн багш маань хүүхдүүдийг хэзээ ч ялгаж харьцдаггүй, их сайхан багш байсан. Дунд сургуульд ороод анх муу, дунд дүн авчхаад аав, ээж дээрээ биш Цэндсүрэн багш дээрээ ирээд уйлж байснаа тод санадаг юм.
Дараа нь Англи хэлний Саруул багштайгаа учирсан. Саруул багш маань хичээлээ тун сонирхолтой байдлаар заадаг, сурагчдаа англи хэлэнд дурлуулж чаддаг багш байлаа. Багшийнхаа ачаар хотод оюутан болохоор ирсэн 16 настай Алтансор сургалтын төвд англи хэлний багшаар ажиллах боломж олдсон юм. Тэрхүү ажилд шалгаруулж авсан хүн бол миний амьдралд итгэл өгч, сайн сайханд хөтөлсөн дараагийн багш болох "Жэт" Англи хэлний сургуулийн Үүсгэн байгуулагч Чинзориг багш. Чинзориг багш 16 настай надад багшилж чадна гэх итгэлийг өгч, 24 нас хүрэхэд сургуулийнхаа захирал болгож байсан. Эдгээр багш нартаа үргэлж талархаж явдаг.” гэсэн ярианаас нь харж болно.
Монголдоо шилдэгт тооцогдох англи хэлний сургуулийн захирал болж, гадаад хэлийг нутагшуулж явсан түүний амьдралд ахин нэг том өөрчлөлтийг авчирсан үйл явдал тохиов. Тэр бол ахиад л өнөөх боловсрол. Тодруулбал, гэр бүлийн хамтаар АНУ-ыг зорьж, боловсролын удирдлагын магистрын зэргээ хамгаалах явдал байв.
Алтансор боловсролыг харах өнцгийг нь тэр чигт нь өөрчилсөн тэдгээр он жилүүдийнхээ тухай өнгөрсөн хавар өлгийдөн авсан номдоо өмнөтгөл болгон ийн бичжээ:
“Цэцэгтэй шар цамцаа өмсчхөөд охиныхоо сургууль дээр чихэр заран зогсож буй тэр л дүр, тэр л цаг хугацаандаа их хайртай байдаг юм. Зүрх сэтгэлийн боловсрол гэх зүйлийг танин мэдэж, өөрөө суралцаж, бусдад түгээж буй өнөөдрийн амьдрал маань өөрийгөө хөгжүүлэх гээд АНУ-д магистрт сурч байсан мөчтэй салшгүй холбоотой.
Охины маань сургууль дээр өдөрлөг болж надад чихэр зарах үүрэг ирлээ. Өмнө нь үргэлж л завгүй ажиллаж, охиноо гурван сар хүрэхэд нь л аав, ээждээ үлдээгээд ажилдаа орж байсан бизнес эрхлэгч бүсгүй тэр л өдөр охиныхоо аз жаргалдаа умбаж, ээжээрээ бахархаж байгааг хараад ээж хүн гэдгийг бүрэн утгаараа мэдэрсэн гэж болно. Бид хүүхдийнхээ бие махбодын хэрэгцээг л хангаад, өмсөх хувцас, идэх хоол, орох оронтой байгаагаа боллоо гэж боддог. Гэхдээ хамгийн чухал хэрэгцээ болох оюун санаа, сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж өгч чаддаг эсэхдээ эргэлзсэн л тэр үеэс хойш сэтгэл зүйн асуудлуудыг ихэд сонирхож, судалж эхэлсэн түүхтэй.”
“Зүрх сэтгэлийн боловсрол” номын хэсгээс:
Нөхөр, бид хоёр өглөө бүр охидоо цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд дараа нь би өөрөө сургууль дээрээ буудаг байсан юм. Бороо орсон нэгэн өдөр бид охидынхоо сургууль дээр нь бага зэрэг хоцроод очлоо. Яг л кинон дээр гардаг шиг эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуулийн үүдэнд буулгаад хөдөлдөг байв. Энэ удаа бид хоцроод очсон болохоор сургуулийн үүдэнд захирал, туслах багш хоёроос өөр хүн байсангүй. Бороо орж байсан болохоор арын суудал дээр сууж байсан хоёр охиндоо хандан “Буугаад сургууль руугаа хурдхан гүйгээрэй” гэв.
Охид маань ч буугаад хамаг хурдаараа гүйлээ. Тэгсэн өнөөх захирал эмэгтэй өөрөө маш өндөр атлаа өөдөөс нь гүйн ирэх охидын маань өндөрт тааруулан бөхийж, тэр хоёрыг шүхэр доороо оруулаад яг л ээж галуу дэгдээхэй нараа дагуулан цуваагаар явж байгаа аятай хаалга хүртэл явсан юм. Яагаад ч юм тэр мөч миний хувьд маш хүнд цохилт болсон. Төрүүлсэн ээж нь охидоо усан бороонд гүйлгэж байхад харь элгийн тэр хүн миний хүүхдүүдийг ингэж их хайрлаж байгаа нь үнэхээр гайхширал төрүүлсэн хэрэг. Тэрхүү жижиг үйлдэл миний охидод юу мэдрүүлж, ямар нөлөө үзүүлэхийг бодсоноор анх удаа боловсролыг өөрөөр харж эхлэв...
АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистраа амжилттай хамгаалсан Алтансор 2015 онд Монголдоо ирлээ. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирсэн тэрээр боловсролыг өөр өнцгөөс харж байв. Тэр нь зүрх сэтгэлийн боловсрол. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдгийн дагуу хүнлэг иргэн бэлдэх ажлыг бага наснаас нь эхлүүлэхийг зорьсон өдгөө түүний удирдаж яваа “Q Education Group”-ийн суурь байв.
Эцэг, эхчүүд бидний туйлын хүсэл бол үр хүүхдийн маань аз жаргалтай амьдрал билээ. Хэн ч хүүхдэдээ гуниг харуусал, уур бухимдал дүүрэн ирээдүйг хүсэхгүй. Сайхан ажил хийж, зөв хүмүүстэй нөхөрлөж, нийгэмдээ тустай амьдраасай хэмээн хүсдэг. Тэр амьдралд хөтлөхийн тулд хүүхдийнхээ идэх хоол, эзэмших боловсрол, амьдрах орчин гээд бүх л зүйлд нь санаа зовниж, чадах бүхнээ хийдэг. Гэхдээ бидний мартаж орхидог, аз жаргалтай амьдралын хамгийн чухал орц бол зүрх сэтгэлийн боловсрол юм.
Бага байхдаа цэцэрлэгээс айдаг байсан Алтансор ээж болоод ч хүүхдүүдээ сайн цэцэрлэгт явуулахын тулд цалингийнхаа ихэнхийг цэцэрлэгийн төлбөр, ойр байрлах байрны түрээсэнд зориулдаг байв. Сайн цэцэрлэг хайхын зовлонг биеэр мэдэх тэрээр охиддоо хүсдэг шиг тийм л сайхан цэцэрлэг бүтээхээр шаргуу хичээсний эцэст 2016 оны наймдугаар сард “Q Kids” сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгээ нээсэн түүхтэй.
Гэхдээ асуудал зөвхөн гоё байшин, тухтай өрөөгөөр шийдэгдсэнгүй. Монгол хүүхдүүдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох хөтөлбөр, агуулга, сурах бичиг сох дутагдаж буйг анзаарав. Ийнхүү тэдний баг Уурхан, Баяр баясгалан, Гунигхан, Хайр, Айдасхан гэсэн дүрүүд хөгжүүлж, ном, сурах бичиг зохиосон байна. Тэр ч байтугай тун удахгүй багачуудад зориулсан дуунуудтай болох гэнэ. Мөн “EQ KiddyZ” сэтгэл хөдлөлийн оюун ухааны хөтөлбөрөө гадаад хэл дээр буулгаж, олон улсаас магадлан итгэмжлэл авахаар ажиллаж буй.
Алтансор хүүхдүүдээр дамжуулан эцэг, эхчүүд ч гэсэн зүрх сэтгэлийн боловсролоо нэмэгдүүлж байгаа олон жишээг өгүүлсэн юм. Жишээ нь, Q Kids цэцэрлэгт явдаг дөрвөн настай охин ажил нь бүтэлгүйтэж гуниглаад сууж байгаа ээж дээрээ ирээд “Гунигийг чинь үргээгээд, хайрын сагсыг чинь дүүргээд өгье” гээд тэвэрчээ. Тэр ээж охиныхоо хайрыг мэдрээд, асуудлуудаа ор тас мартсан тухайгаа хожим нь хуваалцсан байна. Хүүхдээр дамжуулаад гэр бүлүүд зүрх сэтгэлийн боловсролтой болж улмаар нийгэм маань хүнлэг болбол бид ч цэнгэлийн манлайд хүрлээ л гэсэн үг.
Боловсрол гэдэг зүгээр л нэг байшин биш. Өглөө очоод, орой ирэхдээ бүрэн бүтэн л байвал болчихдог зүйл бүр ч биш.
Алтансор багадаа эмч болохыг мөрөөддөг байжээ. Ингээд 7-р ангидаа орох жилдээ химийн хичээлдээ догдлол дүүрэн суусан ч хичээлээ ойлгож чадаагүй гэнэ. Эмч болох мөрөөдөл нь тийнхүү замхарсан тэр үеэс хойш олон жилийн дараа дунд охин нь хими, физиктээ дур сонирхолтой болжээ. Ээжээсээ ялгаатай нь охин интернэтээр төрөл бүрийн туршилт үзээд түүнийгээ даган хийдэг тул хичээлээ ойлгодог, сайн сурдаг аж.
Хүүхдийнхээ энэ сонирхлыг дэмжих гээд судалтал Монголд энэ төрлийн тоглоом, агуулга бага байсан тул “Nutty Scientists” нэртэй шинжлэх ухааны боловсролыг сонирхолтой байдлаар олгодог сургалтын хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлжээ. Яг л энэ жишээ шиг өөрт болон өөрийн хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг шийдэх замдаа сурч мэдсэнээ бусдад түгээж буй нь “Хүчирхийлэл, дээрэлхлийн эсрэг хөтөлбөр” тэргүүтэй санаачилгуудаас нь тодхон харагдана.
Боловсролд жижиг асуудал гэж байхгүй. Жишээ нь хүнд цүнх. Том цүнх үүрчихсэн бяцхан сурагчдыг бид өхөөрдөж хардаг. Угтаа тэр хүүхэд бол хэт их даалгавар, олон ээлжээр хичээллэдэг сургууль, хэт цөөн багш, сургуулийн автобусны дутагдал, технологийн дутмаг байдал гээд манай боловсролын тогтолцоонд тулгарч буй олон асуудлын илрэл билээ.
Хэрэв уншигч та боловсролын үр шимийг хүртэж, энэ салбартаа олон жил зүтгэж яваа Алтансортой ярилцаад суувал түүнээс “Боловсролыг шинэчлэх” гэдэг үгийг олонтаа сонсоно. Боловсролыг дахин томьёолох энэ их ажил боловсролын эцсийн хэрэглэгч болох хүүхдүүд яагаад хичээлдээ дургүй байна вэ, тогтож суухгүй байна вэ, даалгавраа хийхгүй байна вэ гэдгийг бодохоос эхлэх гэнэ. Жишээ нь, хүүхдүүд яагаад монгол хэл биш англи хэлийг илүү сураад байгаа вэ? Энэ бол англи хэл дээрх агуулгууд илүү сонирхолтой, хүртээмжтэй байгаатай шууд холбоотой. Бага насны хүүхдүүд англи хэл дээрх хүүхдийн дуугаар хэлд орж байгаа нь бодит үнэн.
“Боловсролын шинэчлэл хамгийн эхлээд бидний боловсрол гэж юуг тодорхойлж байгаагаас эхэлнэ. Монголд бүх л зүйлийг, ялангуяа боловсролыг зөвхөн төр л даадаг, даах ч үүрэгтэй гэсэн ойлголт байна. Үүний хор уршиг нь боловсролын салбар дахь эцэг, эхчүүдийн дутмаг оролцоогоор илэрч байгаа юм. Хүн үнэгүй юманд яаж ханддаг билээ, яг л тэр зарчмаараа хүүхдийнхээ боловсролд хандаж байна.
Боловсролыг эрх тэгш олгох хэрэгтэй нь үнэн ч бид хэт туйлшраад боловсролыг үнэ цэнгүй болгоод байна. Ер нь өнгөн талдаа үнэгүй мэт харагдах боловсролын өртөг хэд гэдгийг тооцож гаргах ёстой. Нэмээд төрийн боловсролд зарцуулж байгаа мөнгө угтаа татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Гэтэл бид үүнийг ч бодохгүй байна. Хаа нэг газар эсвэл хэн нэгэн хүн л бидний хүүхдийг сайн санааны үүднээс үнэгүй сургаж, хооллоод байгаа мэт хандах юм.” хэмээн ярих нь нээрээ л бид боловсролыг үндсээр нь бодох, цэгцлэх, шинэчлэх ёстой болсон мэт санагдуулна.
Нийгэмд хүнлэг байдал юу юунаас илүү дутагдаж буй энэ цаг үед түүн шиг зүрх сэтгэлийн боловсролын төлөө цохилох зүрх байгаа нь нэн талархууштай.