"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread media
Үл ялиг энгэсэгдсэн царай, шулуун тавьсан үснээс нь ажихад тэрээр эгэл даруу нэгэн гэдэг нь илт. Үргэлжлүүлэн алдаа оноогоо инээмсэглэн ярихыг нь сонсохуйд эрсдэлд дурлагч болох нь бат. Түүнтэй ярилцсан энэ ахархан хугацаанд өөрийгөө олохын төлөө би юу хийлээ гэх бодолд автсанаа нуух юун. Болохгүйгээс болох хүртэл нь сахилга баттай зүтгэсэн түүний түүх уншигч таныг ч ийн бодоход хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Түүнийг олон хүмүүс англи хэлний урт, төвөгтэй өгүүлбэрийг богино хугацаанд хэрхэн ойлгож, хэрэглээнд хэвшүүлэх тухай заадаг Инстаграм бичлэгээр нь мэднэ. Үнэхээр л монголчууд бид арван жилдээ англи хэлийг арав гаруй жил “нүдүүлсэн” хэр нь өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй, ээрч муурсаар таарах нь олонтаа. Хожим нь ч гэсэн яаж сайжрахаа мэдэхгүй буруу аргаар үзсээр, элдэв үнэтэй сургалтад мөнгө үрсээр явдаг нь нууц биш. Гэхдээ энэ нийтлэлээр түүний хамтран байгуулсан Neolingo аппыг магтах бус боловсролын салбарт технологийн бизнес эрхлэх хүртлээ тэрээр юу алдаж, юу оносныг нь ярилцсах гэсэн билээ.
ЗОРИЛГОО ОЛСОН ЗУРГААДУГААР АНГИЙН ОХИН
Нийслэл хотын унаган хүүхэд Ариука хичээлээсээ тарж ирчхээд ар гэрийн ажил, хоёр дүүгийн хичээл ном гэсээр ээжийн үүргийг тултал гүйцэтгэдэг байжээ. Ээж нь төрийн албанд ажилладаг байсан болохоор айлын том охинд ирэх хариуцлага өндөр байсан нь мэдээж. Өдрийг ийн өнгөрүүлэх зуур зурагтын зар сурталчилгааг шимтэн үзэх дуртай байжээ. Зар сурталчилгааг яаж ингэж сонирхолтой хийснийг нь гайхан ийм мэргэжилтэй хүн болох сон гэхээс мөрөөдлөө зурагласан гэдэг. Магад урлагийн үзлэгээр үргэлж шинийг санаачилж, нэгэн хэвийн зүйлийг “ингэчихвэл” болох юм биш үү гэж сэдсэн санаа бүхэн нь хүмүүсийн сэтгэлд хүрч байсан нь түүнийг бүтээлч салбарт аль эртнээс авьяастай нэгэн байсныг гэрчлэх болов уу.
“Аль зургаадугаар ангид байхдаа л маркетингийн салбарт ажиллана гэдгээ шийдчихсэн болохоор өөр хувилбар бодож ч үзээгүй. Миний туйлын зорилго бол том компанид маркетингийн чиглэрээр ажиллах байсан гэж хэлж болно. Тиймдээ ч СЭЗИС эсвэл МУИС-ийн аль нэгэнд орно гээд англи хэл, математикийн хичээлээр шалгалтдаа бэлдэж байсан.”
Ингээд СЭЗИС-д Бизнесийн удирдлага мэргэжлийн хамтарсан хөтөлбөрт элсжээ. Эхний хоёр жилийг Монголд, сүүлийн хоёр жилийг БНХАУ-д суралцах байсан тул хятад хэлийг эх орондоо маш сайн сурах хэрэгтэй болов. Аз болж хятад сургуулийн багш нь биечлэн ирж хичээлээ заасан бөгөөд тэдний анги хамгийн эртдээ оройн есөн цагт гэртээ харьдаг байж. Эхний хоёр жилд цээжлүүлсэн эхээс нэг хөг, эгшиг алдахад л жагсаалын хойно дахин очиж, чадталаа мэрийдэг байсан нь түүнд уйгагүй суралцах сэтгэлгээг суулгасан нь лавтай.
Хилийн чанадад өнгөрсөн их сургуулийн сүүлийн хоёр жил түүний хувьд нүд нээгдсэн цаг хугацаа байсан гэхэд хилсдэхгүй. Хятад орны боловсорын хатуу системд бэлтгэгдэхийн сацуу бие даан амьдрах гэдгийг асар ихээр ойлгожээ. Зөвхөн хичээлдээ л анхаардаг байсан түүнд шинэ ертөнцийн үүд хаалга нээгдэж, өөрийгөө танин мэдэх, сорьж үзэх олон боломж энэ үед гарсан аж.
АСУУДАЛ БЭРХШЭЭЛЭЭС ҮЛ АЙГЧ БАЙХУЙ
Түүний амьдралыг үе давдаг тоглоомтой зүйрлэж болмоор. Алдаа оноо хосолсон мөч бүхний араас ахин нэг шинэ үе эхэлдгийн адилаар их сургуулийн он жилүүд өндөрлөж, ажлын талбарт хөл тавилаа. Түүний эхний зогсоол нь Zig Zag групп байв. Брэнд менежрийн албан тушаалд томилогдон хоёр жил ажиллахдаа аливаа бүтээгдэхүүний нүдэнд үл үзэгдэх үнэ цэн, утга учрыг тодорхойлох чадварт гарамгай суралцжээ. Ийн суралцахад тус группийн шинээр эрэлхийлж байсан брэнд төлөвлөлтийн аргууд, үүнд хийгдсэн судалгаа шинжилгээний үйл явц жинтэй хувь нэмэр оруулсан ба шинэхэн төгсөгчийн хувьд эл том ажлын нэг хэсэг болсонд ихэд олзуурхдагаа ярьж байсан юм.
“Хэдийгээр анхны ажил маань надад брэнд төлөвлөлт хийхэд асар олон зүйл сурах боломж олгосон ч гүйцэтгэлийн тал дээр нэлээн дутуу дулимаг байсан. Сайтар төлөвлөсөн ч яаж амжилттай хийхээ мэдэхгүй байлаа. Жишээ нь, реклам хийхэд бүтэлгүйтээд л, зах зээлд гаргаад бодитой ажил болгоё гэхээр нэг л болохгүй байсан.”
Асуудал тулгардаг. Давж гарах гэж хичээдэг. Оролдлого хийсэн ч бүтэлгүйтэх үе ирдэг. Тэгээд бид эргэлзэж эхэлдэг. Түүнд ийм үе тохиож, чадахгүй байгаагаа анзааран цааш яах ёстойгоо бодож эхлэв. Өөрийнх нь хийж чадахгүй байгаа зүйлийг бусад компани маш бүтээлч, амжилттай хийж байгаа нь цагаан атаархлыг нь төрүүлэв. Ингэх зуур багын мөрөөдлөө нэхэн санаж, маркетингийн том компанид ажиллаж үзнэ гэсэн зорилгоо гүйцэлдүүлэхээр болжээ. Ингээд захирлынхаа өрөөний хаалгыг зоригтойхон тогшиж ороод учир байдлаа хэлэхэд тун уриалгахан хүлээн авчээ.
Дараагийн зогсоол Юнител групп. Энд л түүний хүсэмжлээд байсан маркетингийн салбарын асар том гүйцэтгэл өрнөж байлаа. Тун сонирхолтой нь тэрээр ажилд тэнцэх эсэх нь ч тодорхойгүй үед аль хэдийн өмнөх ажлаасаа гарсны сацуу тухайн үеийн нөхцөл байдалд гэр бүл нь түүний цалингүйгээр 14 хонох ч боломжгүй байсан гэдэг. Эсрдэлээс огт айлгүй, чадна гэсэн бол зориг шулууддаг тэрээр гурван шатны шалгаруулалтад орсны эцэст Юнител группт маркетингийн мэргэжилтнээр тэнцэв. Тэндээ гурван сар гаруй ажиллаад шинээр байгуулагдсан дижитал маркетингийн албанд хүч үзэхээр болж, цоо шинэ салбарт өөрийгөө сорилоо.
Түүнийг асуудал бэрхшээлээс үл айгч хэмээн тодорхойлсон нь ч учиртай. 2015 онд сошиал орчин дахь маркетингийн зах зээл дөнгөж цэцэглэж байсан үе тул олон шинэ зүйл туршиж үзэх боломжтойн дээр дизайнераас эхлээд бүх ажлыг хийх нөхцөл бүрдэн алдахдаа алдаж, онохдоо онож байв. Жинхэнэ утгаараа түүний хүсдэг сорилт, бэрхшээл энэ үед тохиосон юм.
СТИВ ЖОБСЫН “НӨЛӨӨ”
Ариука зөвхөн тэр хүний хийх ёстой зүйл, бүтээх учиртай үнэ цэн байдаг гэдэгт итгэдэг. Тиймдээ ч өөрийгөө олох хүртлээ олон зүйл туршиж, бас алдахад асуудалгүй гэж боддог нэгэн. Ер нь хүн сорилт бэрхшээлтэй нүүр тулах тусам шинэ гарц гаргалгаа олж, боломжийн үүд хаалгыг нээж байдаг шүү дээ.
“Юнител группт жил хагасын хугацаанд ажиллаад гарах шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэр Стив Жобсын намтраас эхлэлтэй. Тухайн үед манай оффис дээр олон ширхэг байсан ч төдийлөн сонирхож уншаагүй юм. Гэтэл нэг удаа цайны цагаар хальт уншиж таараад 20 хоногийн дотор өдрийн хоолны цагаар барьж, тавьсаар дуусгасан. Миний амьдралын эргэлтийн цэг яг тэгэхэд тохиосон гэж хэлж болно. Хэрэв маркетингийн салбар биш бол яах билээ гэдгээ огт бодож зүрхлэхгүй байсан надад энэ ном зөв тийш чиглүүлэх луужин болсон юм.”
Тэрхүү номоос стартап бол гарцаагүй өөрийнх нь байх ёстой талбар гэдгийг ойлгожээ. Гэвч хаанаас эхлэхээ үл мэднэ. Google-ээс “Стартап гэж юу вэ?” хэмээн хайлт хийхээс эхлээд тухайн үед Монголд стартапын талаар ярьдаг байсан цөөн хэдэн хүний нэг болох Окогийн (Д.Бат-Октябрь) бүх подкаст, яриануудыг сонсжээ. Тэр ч бүү хэл стартап соёлтой компанид ажиллаж үзэх хэрэгтэй юм байна гэж шийдээд Unread медиа компанийг зорьсон байдаг. Бүр тодруулбал, Unread-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батзаяагийн Batu Digital компанид гурван сар орчим ажилласан юм. Зорин очсон зочин маань нэгэн үе манай хамт олны нэг хэсэг байсныг мэдээд улам ойр мэдрэмж сэтгүүлч надад төрсөн. Unread-ийн Гүйцэтгэх захирал А.Ундралаас түүнийг санаж байгаа эсэхийг нь асуутал “Саналгүй яах вэ. Тун амбицтай нөхөр байсан. Манайх руу түрүүлж и-мэйл бичиж байсныг нь санаж байна” хэмээн хариулсан нь хүсэл зорилгынхоо төлөө тууштай давшилж явахдаа үргэлж өөрийгөө сорьж, шинийг эрэлхийлдэг гэх түүний яриаг бататгах шиг боллоо.
“DRINK BEER HOUSE”
Түүний туйлын зорилго нь технлогийн стартап эхлүүлэх байсан ч тухайн үеийн нөхцөл байдал, нөөц боломж хангалттай бус байв. Гэсэн ч өөрийн бизнесээ эхлүүлж, хүнд үзүүлж харуулах зүйлтэй болох нь эн тэргүүний зорилго байлаа. Ингээд рестораны бизнес эхлүүлэх болов. Нэгэн хэвийн уйтгартай хэв маягийг эвдэж, басхүү маркетингийн салбарын туршлагаа ашиглан шинэлэг ресторан нээхээр төсөл бичжээ. Гэхдээ шууд хөрөнгө оруулалт авна гэдэг бараг л боломжгүй. Эхлэх хөрөнгө нь ихээс гадна дийлэнх мөнгөө тохижилт, хоол хүнсний материал зэрэг урсгал зардалдаа зарцуулах шаардлагатай. Аз болж хамт сурч байсан найзынх нь аав ээж хөрөнгө оруулахаар шийдэж, хоёр найзын бизнес тийнхүү эхэлсэн гэдэг. 200 м.кв талбайтай газрыг тохижуулахаар 100 айл руу 100 явж, нэг ширхэг сэрээнээс эхлээд хоолны цэс хүртэлх бүхий л үйл явцад гар бие оролцсон болохоор үүнээс илүү дурсамжтай, үнэ цэнтэй туршлага гэж үгүй хэмээн ярьсан юм.
Бүх зүйл төлөвлөгөөний дагуу дардан замаар явдаг бол юутай сайхан. Гэхдээ ямар нэг асуудал гарч, түүнд гарц хайсны үр дүнд ахиц дэвшил гардаг нь бичигдээгүй хууль билээ. Тэдний бизнес ч энэ зарчмаар хоёр жилийн дараа л тогтворжсон аж. Тэр болтол өдөр бүр ээлжлэн шөнийн гурван цаг хүртэл ажиллаж, хувийн амьдралаа хойш тавьсан цаг хугацаа өнгөрчээ.
“Мэдээж амар байгаагүй. Ялангуяа эмэгтэй хүнд давж гарахад бэрх байсан. Зөвхөн ажилдаа төвлөрөөд сошиал сувгуудаа огт ашиглахгүй, найз нөхөдтэйгөө ч гарч орохгүй, өөрийгөө тусгаарласан гэж хэлж болно. Уг нь эд хорин хэдэн настай байсан үе л дээ. Их хэмжээний мөнгөөр тоглож байгаа болохоор надад алдах эрх байгаагүй. Гэхдээ одоо эргээд бодоход заавал тэгж өөртөө хатуу хандах хэрэг байсан ч юм уу даа гэсэн хөнгөн харамсал төрдгийг нуухгүй ээ.”
Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжоод ирэхийн цагт өөр зүйлд анхаарал хандуулах боломж гарах нь мэдээж. Тэр үедээ гадагшаа сургуульд явах төлөвлөгөө гаргаж, IELTS-ийн оноотой болохоор англи хэлээ бэлдэж эхлэв. Түүний хувьд уншиж, сонсоод ойлгож байгаа хэр нь үгээ эвлүүлж ярих нь тун ярвигтай асуудал байсны зэрэгцээ шалгалт болтол нэг сар үлдсэн тул богино хугацаанд ярианы чадвараа сайжруулах хэрэгцээ гарчээ. Тийнхүү өөртөө тохирсон аргыг олж, ярианы шалтгалтдаа 6.5 оноо авсан байдаг. Улмаар тэр аргаа бусдад хуваалцаж, зөвлөгөө өгч эхэлснээр өнөөдрийн стартапаа эхлүүлэх үндэс сууриа тавьсан юм.
ХЭЛ СУРАХ ХЯЛБАР ШИЙДЛИЙГ ОЛОВ
2017 он. Өөртөө баталсан, бусдад хэрэгжсэн аргаа улам сайжруулсаар сургалтын төвөө нээсэн үе. Хэдийгээр боловсролын салбарын хүн биш ч гэлээ тодорхой заах арга зүйтэй болсон тэрээр рестораны бизнес хамтран эрхлэгч найзтайгаа хоёр дахь стартапаа Brighton Edtech нэртэйгээр байгууллаа. Үйл ажиллагааны гол жанжин шугамаа англи хэлний бүх түвшинг заах бус тодорхой хугацаанд англи хэл сурсан ч хүссэн хэмжээндээ ярьж чадахгүй байгаа хүмүүст зориулахаар шийдсэн аж. Ийнхүү 2019 онд хамтран үүсгэн байгуулагчийн тоогоо нэгээр нэмж, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн албан ёсны багш, сургалтын хөтөлбөртэй, салбарын идэвхтэй тоглогчдын нэг болсон юм.
“Хүмүүсийн нийтлэг алддаг хэсэг нь ердөө л өгүүлбэрийн бүтэц. Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц англи хэл дээр 180 градус өөрчлөгдчихдөг. Аргагүй л дээ. Бид чинь насаараа нэг л өгүүлбэрийн бүтцээр ярьсан улс болохоор яг түүнийхээ эсрэгээр ярина гэдэг цаг хугацаа шаардах нь мэдээж. Харин бид тэр асуудлыг яаж шийдсэн бэ гэвэл өгүүлбэрийн бүтцийг богино хугацаанд хүний тархинд дадал болтол нь суулгадаг арга зүй буюу тавхан блокоор өгүүлбэр бүтээх аргыг бий болгосон.”
А.Ариунтуяа
Технологийн бизнес эрхэлнэ гэсэн хүсэл түүний дотор оргилсоор байсан ч зориглож хийлгүй өдөр хоног өнгөрсөөр. Тэгтэл Ковид-19 дотоодод тархаж, нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн юм. Яалт ч үгүй бизнесийн дараагийн хувилбараа бодох ёстой болж, хөгжүүлэгчээр сурдаг байсан эрэгтэй дүүгийнхээ тусламжтайгаар вебд суурилсан хөтөлбөр боловсруулжээ. Танхимаар л суралцах ёстой гэсэн хэвшмэл ойлголт нэгэнт халагдаж, хүн бүр цахимаар сурч хөгжих арга замыг эрэлхийлсэн үетэй огтлолцон азаар ч гэх үү, хүчээр ч гэх үү технологийн бизнес болох эхлэлээ тавьсан аж. Өөрсдийн хөгжүүлсэн платформоор дамжуулан санхүүгийн нөхцөл байдал сайжирч, нэг хэсэгтээ үүдээ барихгүй болсон ч компани үүсгэн байгуулагчийн хувьд оноогдох үүрэг хариуцлага их билээ. Мөнгө санхүү, цалин хөлсний асуудлаас эхлээд санаа зовних асуудал мундахгүй. Тэр үед Сократус стартап студийн хоёр жилийн хугацаатай бойжуулах хөтөлбөрт шалгарсан ба яг л өмгөөлж хамгаалах эцэг эхтэй болсон мэт мэдрэмж авч байсан тухайгаа хуваалцсан юм.
Одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэй баг таван сарын өмнө брэнд шинэчлэл хийсэн Neolingo аппын арын фронтод ажиллаж байгаа ба уг шинэчлэлийг хийснээс хойш өмнө жилийн борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлээд буй. Тэдний цаашдын зорилго нь олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ зарах бөгөөд тэр ч утгаараа сүүлийн хагас жилийн хугацаанд дотоод гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, шаардлагатай хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа аж.
АЛС ИРЭЭДҮЙД ЗҮТГЭН ТЭМҮҮЛЭГЧ БАЙХУЙ
Монгол Улсын стартапын экосистем эд цэцэглэлтийн үе дээрээ явж буй. Хөрөнгө оруулагчид олширч, бойжуулах хөтөлбөрүүд нэмэгдэхийн хэрээр стартапууд ч төгөлдөржин тэр хэмжээгээр зах зээлд өрсөлдөөн бий болж байна. Түүний хувьд энэ цаг үед эл салбарт идэвхтэй тоглогч болж байгаадаа ихээхэн баярладаг гэдгээ хэлж байсан юм. Гэвч эмэгтэй хүний байгалийн өгөгдөл, хүлээх үүрэг нь эрчүүдээс өөр тул 100 хувь ажилдаа төвлөрч, бүх цагаа зориулна гэдэг эмэгтэй хүн бүрээс гарах зориг зүрх биш гэдгийг уншигч та гадарлаж буй биз ээ. Түүний хэлж буйгаар амжилттай явах эсэх нь тухайн хүний сэтгэлгээ хэр уян хатан байхаас шууд хамаарах бөгөөд гацалтад орсон мэт мэдэрч байгаа бол харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй гэнэ.
“Миний бодлоор эрсдэл гаргахаас айсаар байвал хэзээ ч том алхам хийж чадахгүй. Урагшилж байгаа ч цаг хугацаа их шаардана. Гагцхүү эрсдэл гаргаад тэр үр дүнг хүлээж авах чадвар хүн бүрд зайлшгүй хэрэгтэй.”
А.Ариунтуяа