"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

2021 оны гуравдугаар сар. Хотын төвд байрлах Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн оффисын байр хүний хөлд дарагдсан байлаа. Залуучууд голдуу хамт олон зогсоо зайгүй ажиллаж, зорьж ирсэн хүмүүст аль болох хурдтай үйлчилж, зааварчлахыг хичээнэ. Үүдээр ормогц өлчир чийрэг, нүд нь хурц, эрэмгий чонын баримал харагдах нь хоёр сарын турш "Монгол HD" сувгийн дэлгэцнээ үргэлжилсэн “The Apprentice Mongolia” шоуг үзсэн үзэгчдийн хувьд тун ч танил зураглал ажээ. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн нэвтрүүлгийн 10 дугаарын турш бизнесийн төрөл бүрийн кэйсүүд дээр ажиллаж, үзэгчдэд болон Ч.Ганхуяг захиралд мэдлэг чадвар, авхаалж самбаагаа илтгэн өрсөлдөж, ялагчаар тодорсон тэрээр тун саяхан шинэхэн албаа хүлээн авчээ.

Хөнгөн шалмаг алхалж, яг л зурагтаар гардаг шигээ эелдгээр инээмсэглэх түүний “Асар шинээрээ байгаа ч асар хурдан хуучрах шаардлагатай байна шүү” хэмээн хэлсэн үгнээс ямар их ажилтай буйг нь төвөггүй ойлгож болохоор байлаа. Багагүй хугацаанд үргэлжилсэн уг нэвтрүүлгийн сүүлийн дугаар дээрх сэтгэл догдлуулсан ялалт бидний хувьд үзээд л өнгөрсөн үйл явдал боловч үнэндээ энэ бүхний ард ямар хэмжээний хичээл зүтгэл нуугдан байсныг та бүхэндээ уудлан хүргэхээр "Өртөөлөгч" булангийн ээлжит дугаартаа бид Ц.Бархасыг урьсан нь энэ билээ.



Ард Санхүүгийн Нэгдэл бол санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг компани. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэйшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтдаг бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн болох АрдКойн нь сүүлийн үед ихээхэн эрэлттэй болж, олон нийтийн мэтгэлцээний сэдэв болоод буй.

Ийм бүтэц, онцлог бүхий, сүүлийн саруудад эрчимтэй үйл ажиллагаа ба "Хүчтэй Хамтдаа" уриагаараа дуулиан тариад буй компанид нэгдсэн Ц.Бархас “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Борлуулалт, Маркетинг хариуцсан дэд захирал, “Ард Холдинг Интернейшнл” компанийн Гүйцэтгэх захирал гэсэн давхар албыг хаших болжээ.

Бум бужигнах оффисын байранд хүнгүй үлдсэн ганц өрөөг олон тухалсан бид ойр ойрхон онгойх хаалга, ар араас шахагдсан их ажилтай үед Ц.Бархасыг саатуулсандаа гэмших сэтгэл цухас төрөвч богино хугацаанд түүний үүх түүх, үзэл бодлыг хангалттай сайн яриулсан билээ.



Түүний ажлын гараа Голомт банкны Сувгийн удирдлагын газарт борлуулалтын Суваг хариуцсан менежерээр ажилд орсноор эхэлжээ. Энэ хугацаандаа банкны борлуулалтын тактик, семуляцийг боловсруулах, борлуулалтын ажилтны бүрэн гарын авлагыг бэлтгэх зэрэг маркетинг, борлуулалт чиглэлд түлхүү мэргэшин ажилласан байна. Улмаар хийсэн ажлууд нь үнэлэгдэж банкныхаа Гүйцэтгэх захирлын нарийн бичгийн даргын ажлыг хийж, дараа нь Байгууллагын банкны газарт орж ажиллажээ. Банкин дотроо корпорейт чиглэлээр ажиллах ихээхэн сонирхолтой байсан тул хэд хэдэн удаагийн ярилцлага, хүсэлтийн дараа нааштай хариу авч чадсан гэдэг.

Санхүүгийн салбарт ажилласны дараагаар карьерийн дараагийн алхмаа хийж "Таван Богд" группээс тавьсан саналын дагуу бизнес хөгжлүүлэлтийн албанд нь орж ажиллав. Бүрэлдэхүүн бизнесүүдээ хүчирхэгжүүлэх, шинэ бизнесүүдийг зах зээлд таниулах, тэдгээрийг амжилттай нутагшуулах зэрэг менежментийн гарц гаргалгааг боловсруулах гэх мэт өргөн хүрээтэй ажлуудад төвлөрч байсан түүнд захирлууд нь хэсэг хугацааны дараа салбараа нарийсгаж, “фронт”-д гарч ажиллахыг санал болгожээ. Энэ нь цаашид гүйцэтгэх удирдлагын түвшинд бэлтгэх зорилготой байсных биз ээ.

Улмаар "Pizza Hut" брэндийн маркетингийг хариуцах болов. Энэ тухай ярихдаа "Сайн, хүчтэй брэндингтэй франчайз бизнес нь оруулж ирж буй газартаа, ажилтнууддаа үлэмж их мэдлэг, туршлагыг өгдөг. Ерөөсөө мэдлэгийн үйлдвэр л гэсэн үг" хэмээн тодотгосон юм.

Удалгүй "Таван Богд" компани "Little Sheep" сүлжээ рестораны франчайз эрхийг авч Монголын зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд Ц.Бархаст гүйцэтгэх захирлаар нь ажиллах санал тавин, томоохон итгэл хүлээлгэжээ. Өмнө нь бизнесийн зөвхөн нэг хэсгийг хариуцаж байсан тэрээр ийнхүү дотоодын зах зээлд орж ирээд удаагүй, маш нарийн стандарт, нүсэр зохион байгуулалт шаардлагатай франчайз бизнесийг бүхэлд нь удирдах ёстой болов. Улмаар ажлын хүндээс халиралгүй зүтгэж, хүний нөөц, санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетинг зэрэг бизнесийн нэгж бүрийг уялдаатай ажиллуулах, 300 орчим ажилтантай багаа зөв зохион байгуулахад төвлөрөн ажиллажээ. Бизнесийн үйл ажиллагааны зардал болон бүтээгдэхүүний өртгийг үлэмж хэмжээгээр бууруулах, брэндээ зах зээлд таниулах зэрэг олон ажлыг багаараа амжилттай хийсэн байна.

Ийнхүү Ц.Бархас цөөн хэдэн жилд Монголын томоохон групп компани болон олон улсын франчайз бизнесийн менежментээс сайтар суралцаж, багагүй туршлага хуримтлуулав. Яг энэ үед бизнесийн ертөнцийнхний дунд алдартай шоу Монголд анх удаа зохион байгуулагдах болсныг олж мэджээ. Амьдралынхаа туршид өөртөө шинэ зорилт, шинэ босго тавьж ирсэн тэрээр энэ боломжийг алдахыг хүссэнгүй.


"Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы "Асуудал хэзээ ч дуусахгүй, урдахаа шийдээд үргэлжлүүлээд л яв" гэсэн зөвлөгөөг байнга бодож явдаг. Асуудлын цаана асуудал гарч ирсээр байх болно гэдгийг ойлгох нь аливаад хүлээцтэй хандаж, өдрийн тутмын ажлаа тайван хийхэд тусалдаг шүү.

Ц.Бархас

Биднийг ярилцаж байх үед "The Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг Н.Гансүх хаалга тогшин эелдгээр уучлал хүсээд, найздаа дурсгалын зүйл гардуулж амжилт хүсээд гарсан юм. Уг шоу хүндхэн даалгаврууд, хүчтэй өрсөлдөөнөөр дүүрэн байсан авч эцсийн дүндээ амьдрал дээрх сайхан нөхөрлөлийг бий болгож өгсөн аж. "Хэдийгээр камерын өмнө бид бие биедээ өндөр шаардлага тавьж, зарим тохиолдолд ширүүн маргаан өрнүүлж байсан ч энэ бол тэмцээн шүү дээ. Бид бүгд л ажлын байран дээр гараад тодорхой хугацааг өнгөрүүлсэн, тэр хэмжээгээр ажил, амьдралаа ялгаж салгаж сурсан хүмүүс. Миний шоунаас олж авсан хамгийн том олз бол карьерийн үнэтэй боломжоос гадна сайн найзууд, сайхан нөхөрлөл байсан" хэмээн ярив.

Тэмцээний дараа олон нийтээс ирж буй магтаал ба шүүмжийг зохистойгоор хүлээн авахыг, ажлын анхаарлаа сарниулахгүйг хичээж байгаагаа тэр мөн бидэнд хуваалцсан. "Тэмцээний өдрүүд их л урт санагдаж байлаа. Хором мөч бүр толгой ажиллаж, даалгавартаа бүрэн төвлөрч байсан тул нэг өдөр хоёр шиг, нэг сар бүтэн улирал шиг л санагдсан. Үнэндээ би өөрийгөө сэтгэл зүйн хувьд дажгүй сайн бэлтгэгдсэн гэж бодож байсан ч энэ тал дээр илүү их ажиллах ёстойгоо ойлгосон шүү" хэмээн ярьсан юм. Тийм ч учраас Ц.Бархас сүүлийн үед орой бүр 30 минутыг тухайн өдрийг үнэлж цэгнэх, тэмдэглэл бичихэд зориулах болжээ. Бичих нь толгой доторх бодлыг цэгцэлж, өөрийгөө зөвөөр илэрхийлэх үр дүнтэй дасгал тул энэ чадвараа ахиулахыг хичээж буй аж.



Ц.Бархасын хувьд боловсролтой болох, өөрийгөө хөгжүүлэх нь хүүхэд наснаас нь туйлын эрхэм байж иржээ. Тэр багаасаа л энд тэндхийн хэрэгтэй гэсэн сургалт, дугуйлан болгонд суухыг эрмэлзэж, дунд сургуулиа төгсөхдөө Хүүхдийн ордны шатар, даам, англи, герман хэл гээд л урлагаас бусад бүх төрлийн дугуйланг гүйцээчихсэн гэдэг. Үргэлж бусдаас суралцаж, сайн хүрээлэл дунд хөгжихийг эрмэлздэг байсан тул ЭЕШ-ын хамгийн өндөр оноотой хүүхдүүд ордог гэгддэг СЭЗДС-ийн “Бизнесийн эдийн засаг”-ийн ангид тэнцэн оржээ.

Оюутан байхдаа "Монголын Лектор төв"-ийн сургалтанд суусан нь жигтэйхэн таалагдаж, тус байгууллагад дадлага хийн, улмаар тэндээ багшилж байсан түүхтэй. Мөн үнэт цаасны зах зээлийг сонирхон "Forex"-д автаж, Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжин дампуурч, найзуудтайгаа компани байгуулан "тоглож" ч үзжээ. Гэвч энэ бүхэн түүний хувьд бүтэлгүйтэл гэхээсээ сайхан дурсамж болон үлдсэн нь хоолойны өнгө, нүдний харцнаас нь харагдаж байлаа.



Их сургуулиа төгссөний дараа тэр хэзээнээсээ л мөрөөдөж ирсэн, АНУ-д суралцах зорилгоо биелүүлэхээр шамджээ. Элчингээс хэд хэдэн удаа татгалзсан хариу авсан ч чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдсөн зүйл биелдэг нь цаг хугацааны л асуудал байдаг мэт. Ц.Бархас АНУ-ыг зорьж, “Виржиниагийн олон улсын их сургууль”-д элсэв. "AMSA" буюу "Америк дахь Монголын шилдэг оюутан, төгсөгчдийн холбоо"-нд АНУ-ын шилдэг гэсэн сургуулиудын оюутнууд байдаг гэх тул энэ хүрээллийн нэг хэсэг болох нь тийм ч амар байсангүй. Уйгагүй имэйл бичиж, хангалттай үнэ цэн өгч чадна гэдгээ илэрхийлсээр тэдний нэг болж чаджээ.

Холбоонд орсноос хойших анхны уулзалтанд нь 50 гаруй оюутан цугласан байлаа. Тэр уулзалт Ц.Бархаст АНУ-ын буюу дэлхийн топ их сургуулиудад олон монгол оюутан сурдаг болохыг, тэр бүхэн холын мөрөөдөл биш болохыг ойлгуулжээ. Улмаар тэр ирээдүйд АНУ-д суралцахаар ирэх хүүхэд залуучуудад хангалттай сайн мэдээлэл түгээхийг хүсэх болж, хэд хэдэн төсөлд идэвхийлэн оролцож, ард нь амжилттай гарсан юм. Тухайлбал, МҮОНТ-тэй хамтран АНУ-ын зүүн эргийн шилдэг сургуулиудын арваад монгол оюутныг оролцуулсан “Би монгол оюутан” цуврал нэвтрүүлгийг санаачлан хийж, тэндхийн монгол оюутнуудын дунд болдог “Надад хэлэх үг байна” уламжлалт зөвлөгөөнийг өөрийн хотод өргөн цар хүрээтэй зохион байгуулж байв.



“Надад хэлэх үг байна” форумыг зохион байгуулахдаа 5000 ам.долларын санхүүжилт босгох зорилгоор Монголын "Топ 100" татвар төлөгч компани руу имэйл илгээж, Монголын оффисын цагт тааруулан шөнө дундаас үүр цайтал ж-мобайлын дугаараасаа имэйлийнхээ хариуг лавлан утас цохиж байснаа дурсав. Моннис Группээс анхны сая төгрөгийн санхүүжилтээ авчхаад өөртөө итгэж ядан баярлахдаа үүрээр машинтайгаа гарч, өөрийн ажилладаг "Бенихана" рестораны салбарыг хэд тойрч хаазлан баярлаж байжээ. Хожим Чикаго хотод зохион байгуулагдсан Монголчуудын хөдөлмөрийн яармагийн зохион байгуулалтад туслахдаа ч энэ тактикаа дахин ашиглан 10-15 сая төгрөгийн санхүүжилт босгож, бүр Монголоос зочид, ивээн тэтгэгчдийг урьж авчирч байсан гэнэ.

Цаашлаад Жорж Мэйсон их сургуулийн эдийн засгийн докторт сурах нь түүний цаашдын төлөвлөгөө байв. Эхний хоёр жил татгалзсан хариу авсан бөгөөд гурав дахь жилдээ материалаа нямбай бэлтгэн өгсөн ч хариу нь гарахаас өмнө визний хугацаа нь дуусаж Монгол руугаа буцжээ. Гэтэл эх орондоо ирснээс долоохон хоногийн дараа тэнцсэн хариу ирэх нь тэр. Энэ үед тэр сурахаас ажиллахыг илүүд үзэж Голомт банкинд орсон юм.

“Би хэзээ ч тийм мундаг байсан гэж хэлэхгүй. Гэхдээ мундаг чадалтай хүмүүстэй ойрхон байхыг ямагт хичээдэг байсан. Угаас чадварлаг, өсөх сэтгэлгээтэй хүмүүсийн хүрээлэлд орохоор нэг байрандаа удаан байх боломжгүй болчихдог юм билээ.”

Ц.Бархас


Тэр нь ч оносон шийдвэр болсныг түүний амьдралын дараа дараагийн үйл явдлууд харуулжээ. Ц.Бархас эхнэртэйгээ Голомт банкинд танилцсан бөгөөд өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болоод буй. Их ажилладаг нөхрийнхөө ар талыг бат дааж, ар гэрээ үлгэр жишээ авч явахын зэрэгцээ үе үе бодоогүйг нь сануулж, үнэтэй ажиглалт зөвлөмж хуваалцдаг эхнэртээ тэр ихэд талархаж, амжилтынх нь талыг бүтээсэн гэж үздэг.

"The Apprentice Mongolia"-ийн үеэр "Хэлсэн л бол хийдэг" хэмээгдэж байсан түүний энэ занг өвлүүлж төлөвшүүлсэн хүн бол аав нь. Хүүдээ амласан, хэлсэн л бол хийж биелүүлдэг байсан аавынх нь үйлдлүүд бяцхан хүүгийн сэтгэлд зүгээр нэг дурсамж бус харин төлөвшил хүмүүжил болон үлджээ. Дунд сургуульд байхад нь нэг хэсэг ээж нь “Синхрон орчуулагчаа сэрээрэй, өглөө болчихлоо…” хэмээн сэрээдэг байсныг мөн дурслаа. Ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжлийг эзэмших гэсэндээ тэр ээжтэйгээ хамтарч байсан нь тэр гэнэ. Энэ мэтээр аав, ээж нь хүүгийнхээ хүсэл тэмүүллийг дэмжиж, өөрийгөө олоход нь тусалдаг байв. Өдгөө тэрээр аавынхаа амлалтандаа хүрдэг чанарыг ажилдаа ч, амьдралдаа ч хадгалж явахыг хичээж явна.



Түүний бага насны дурсамжид ээж аавтайгаа өнгөрүүлсэн цаг мөч тийм ч их биш. Тэд олон монголчуудын жишгээр харь оронд ажиллахаар явсан нь хоёр хүүхдээ хүний дайтай өсгөх гэсэн хүсэл тэмүүлэл байв. Гэвч энэ шийдвэрийн нөгөө талд хүүхдүүдийнх нь гэр бүлийн дурсамж байж таарна. Тиймээс ч Ц.Бархас гэр бүл болж, өрх тусгаарласан цагаасаа эх орондоо баталгаатай сайхан амьдрахын тулд эцэг эхчүүд нь үр хүүхдээ орхин харь орныг зорих шаардлагагүй тийм л нийгмийг нүдэндээ зураглаж, мөрөөдөж ирсэн бөгөөд үүний төлөө нийгэмдээ нөлөөлөхөөр өдийг хүртэл чадах бүхнээ зориулсаар ирсэн билээ.

Түүний энэ алсын хараатай Ард Санхүүгийн Нэгдлийн “Хөрөнгө оруулагч үндэстэн” хэмээх зөвхөн салбарын хүрээнд хязгаарлагдаагүй хэтийн зорилго яв цав нийцсэнд Ц.Бархас ихэд олзуурхан, урам зоригтой ажиллаж буй. "Хэтэрхий гэмээр хурдтай, энергитэй" хэмээн шинэ хамт олноо тодорхойлох тэрээр үеийн залуустайгаа нэгдэж, өөрт байгаагүй боломж, мэдэж чадаагүй зүйлс, харж амжаагүй өнцгөө бусдад нээн өгч, эцсийн дүнд иргэн бүр нь баян улсын иргэн болохыг зорьж байна.

Зорилгоо зоригтой тавьж, түүнийхээ төлөө зогсолтгүй тэмүүлж зүтгэвэл хүрч болдгийг, шударга үнэн хөдөлмөр, зөв тууштай хандлага хэзээд үнэ цэнтэй байдгийг Ц.Бархасын түүх илтгэн харуулнам.


Ц.Бархасын сошиал хуудас:

Фэйсбүүк
Инстаграм
Твиттер

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.